“Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэд” гэдэг дээ. Нийт 533 өдрийн турш өдөр бүр дунджаар 4 цаг ашиглаж буй нэгэн програмыг уншигч тантай хуваалцъя. 

Энэ бол интернэтээр аялах илүү дээр арга замыг бүтээх зорилготой the Browser Company-ийн хөгжүүлж буй Arc интернэт хөтөч. 


the Browser Company-ийг Tesla болон Medium-ийн дизайны боссууд, Instagram, Chrome, Snapchat, Slack, Pinterest зэрэгт ажиллаж байсан инженерүүд хамтран үүсгэн байгуулжээ. Интернэтэд холбогддог хүн бүрт хүрэх боломжтой програм хөгжүүлж буй тэдэнд Instagram, Stripe, Twitter, Zoom, Figma, LinkedIn зэрэг аваргуудын үүсгэн байгуулагч нар нийт 17 сая ам.долларын хөрөнгө оруулаад буй.


Arc хөтөч

Өдгөө дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн 65 хувь нь ашигладаг, энэ төрөлдөө үнэмлэхүй аварга Chrome хөтчийн хүмүүсийн мэддэггүй өөр нэгэн хувилбар бий. Тэр бол Chromium. Open source буюу эх код нь олон нийтэд нээлттэй уг хөтөч нь энгийнээр тайлбарлахад Chrome, Opera, Microsoft Edge, Brave зэрэг томоохон хөтчүүдийн араг яс, ард нь ажиллаж буй хөдөлгүүр нь юм. Бусад олон хөтчийн адилаар Arc ч гэсэн Chromium-ийг ашигладаг.



Үндсэн суурь нь бусад хөтчүүдтэй адил ч ажиллах зарчим, дизайн гээд байж болох бүх л талаараа өөр. Тиймээс нийтдээ 2,000 гаруй цаг ашигласан туршлага дээрээ үндэслэн хамгийн том таван давуу талыг хуваалцъя. Интернэт хөтөч гэдэг бидний цахим орчинд ашигладаг хамгийн нийтлэг програм тул хамгийн шилдгийг нь сонгох нь амьдралд олон эерэг өөрчлөлт авчирдаг билээ.


Зөв байрлал

Бараг л бүх хөтчийн хайх хэсэг (search bar) болон хуудас (tab) зэрэг нь дээд хэсэгт байдаг бол Arc-ийн хувьд энэ бүгд дэлгэцийн зүүн талд байдаг. Энэ бол Arc-ийн эвдсэн хамгийн том хэвшлэл байдал юм. Эхний хэд хоног эвгүй санагдах ч удалгүй энэ байрлалд дасах бөгөөд “Яагаад бүх хөтөч ийм байж болдоггүй юм бол” хэмээн гайхшран бодох “эрсдэлтэй”.

Бидний өдөр тутамдаа ашигладаг Outlook, Photoshop, Spotify зэрэг ихэнх програм болон вебүүдийн үндсэн цэс нь зүүн хэсэгтээ (Vertical Navigation) байдаг. Тиймээс Arc-ийн энэхүү байрлал нь нэн тухтай санагдах нь лав.



Оновчтой бүлэглэлт

Интернэт хөтчөөрөө дамжуулан зочилдог вебүүд янз бүр байдаг. Ажлын хүрээнд цахим шуудан, уулзалт, хуанли, мэдээний сайт зэргээр тогтмол зочилдог шиг сургууль соёл, амин хувийн хэрэглээнд ч өөр вебүүд рүү ордог. Ихэнх хугацаагаа интернэтэд өнгөрүүлдэг бол энэ бүх сайтуудын учрыг олох, бүлэглэх зайлшгүй шаардлагатай тулгардаг билээ. Тийм ч учраас бүх л хөтчид энэ төрлийн функц бий.

Харин Arc-ийн хувьд тэрхүү хэрэгцээг тун сайн шийдэж чадсан санагддаг юм. Хэрэглэгч өөрийн хүслээр Space буюу орон зайг үүсгэж болно. Эдгээр орон зайдаа хүссэн сайтуудаа багтааж болох бөгөөд орон зай бүрийн өнгийг өөрчилж болох нь тархинд “өөр зүйл рүү шилжиж байна шүү” гэсэн дохиог сайн өгдөг. Хамгийн тааламжтай нь орон зайнууд дундаа асар хялбар шилжиж болдог.

Миний хувьд “Мэдээ”, “Бичвэр”, “Сургууль” гэсэн гурван space-тэй бөгөөд эдгээр төрлийн вебүүд маань хэзээ ч хоорондоо холилдохгүй нь тун сайхан.



Чухлууд нь дээрээ

Асар энгийн атлаа өдөр тутамд олон удаа тусаа өгдөг нэгэн функц бол Favorite. Хамгийн их ашигладаг сайтуудаа Favorite төрөлд хамруулсан вебүүд юу ч болж байсан хөтчийн хамгийн дээд буланд гар утасны аппын айкон шиг харагдах юм. Хэдэн ч хуудаас шинээр нээсэн эдгээр вебүүд дунд нь алга болохгүй, хүссэн үедээ хялбархан хандаж болдог нь нэн тустай. Түүнээс гадна Favorite-ийн зарим вебүүд рүү орох ч шаардлагагүй чухал мэдээллүүдээ харж болно.



Хиймэл оюун ухаан

Сүүлийн үеийн шилдэг цахим хэрэгслүүд бүгд л ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаан ашиглаж буй. Arc ч эл давалгаанаас хойш суусангүй. Arc Max нэрийн дор зангидсан хиймэл оюун ухааны функцуудээс миний хувьд хамгийн өгөөжтэй байдаг хэдийг нь хуваалцъя. Бусдыг нь уншигч та өөрөө туршиж үзээрэй.



Tidy downloads: Интернэтээс татсан файлуудын нэр ихэнхдээ тухайн файлыг бүрэн илэрхийлдэггүй шүү дээ. Татсан файл бүрийнхээ нэрийг тэр дор нь солиод байх цаг зав ч хомс. Харин уг функцыг идэвхжүүлснээр татсан файлуудын нэр автоматаар өөрчлөгдөж, тохирсон нэртэй болох юм. Download доторх есөн шидийн нэртэй, хэдэн зуун файлаасаа хүссэн файлаа олох гэж зовох үедээ энэ функцын ач тусыг бүрэн мэдрэх болно.



Tidy tabs: Хэдэн арван хуудас (tab) нээгээд эцэстээ тэр дундаа төөрөх, чухал хуудсаа санаандгүй хаах зэрэг асуудлууд нийтлэг. Тэгвэл энэхүү функцыг ашиглаж ганц товч дарснаар хэдэн зуун хуудас байсан ч хамаагүй, агуулгын хүрээнд бүгдийг нь цэгцэлж, тус бүрийн хавтас үүсгэдэг. Галзуурахад ганц хуруу дутуу байх үед гарцаагүй авардаг эд дээ.



Instant Links: Хэдхэн долоо хоногийн өмнө танилцуулсан уг функцыг төдийлөн тогтмол ашигладаггүй ч тун их сонирхол татаж буй. Учир нь энэхүү функцын тусламжтай хэрэглэгч хайлтын системийг алгасааад шууд хүссэн веб рүүгээ орж болно. Интернэт хөтөч нь өөрөө хайлтын системийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.

Жишээлбэл, Юүтүбээс нэг дуу сонсохыг хүслээ гэж бодъё. Үүний тулд эхлээд youtube.com орно, дараа нь хайх хэсэгт нь дууны нэрээ бичнэ, тэгээд гарч ирсэн сонголтуудаас сонсох дуугаа сонгоно. Хүссэн дуугаа сонсохын тулд ийнхүү гурван үйлдэл хийж буй. Харин Instant Links-ийн тусламжтай ердөө ганц үйлдлээр хүссэн үр дүндээ хүрч болно. Ингэхийн тулд тус хөтчийн хайх хэсэгт дууны нэрээ бичээд shift + enter дарахад шууд л өнөөх дууны Юүтүб хуудсыг гаргаж ирэх юм.



Интернэтийг эвд

Arc хөтчийн нэгэн уриа нь “Интернэт дэх өөрийн гэрээ бүтээ”. Үүний дагуу тэд хэрэглэгчдээ хүссэн вебээ “эвдэх” боломж өгч буй. Boost нэртэй уг функцыг ашиглан сошиал платформоос рийл бичлэгүүдийг хасах, мэдээний сайтын фонтыг солих, банкны сайтын өнгийг өөрчлөх зэргээр хүссэн бүхнээ хийх боломжтой. Интернэт дэх ертөнцөө ямар байлгах нь таны бүтээлч байдал, дизайны таашаал л хамаарна гэсэн үг.



Дүгнэлт

Arc интернэт хөтөч гэх зүйлийг цоо шинээр зохион бүтээгээгүй. Гэхдээ “угаасаа л ийм байдаг” гэсэн тогтсон хэв шинжүүдийг эвдэж, уламжлалт функцуудыг бодит байдал, хэрэглэгчийн зөн төлөвт тааруулан нэн хялбар болгон шинэчилж чадсан юм.

Шинээр хэрэглэгчдийн хувьд дасахад багагүй хугацаа орох байх. Гэхдээ тогтмол хэрэглэвэл хэдхэн өдөрт л учрыг нь олоод ажил, амьдралаа үлэмж хөнгөвчлөх боломжтой.

Бонус

Arc-ийг хөгжүүлэгч the Browser Company-ийн бүтээгдэхүүнээ хөгжүүлж буй байдал, шинэ хөгжүүлэлтээ зарлах маркетингийн арга нь нэн сонирхолтой. Тиймээс стартап, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд сонирхолтой уншигчдадаа тэдний сошиал хуудсуудаар зочилж үзэхийг санал болгоё. Шинэ санаа авна гэдэгт эргэлзэхгүй байна.