Өнөө цагт эцэг эхчүүд хүүхдэдээ багаас нь мөнгө, санхүүгийн талаарх ойлголтыг өгөхөд ихээхэн анхаардаг болсон нь ирээдүйд амьдралын чанар санхүүгийн сахилга бат, төлөвлөлтөөс ихээхэн хамаарах болсонтой холбоотой. Тэгвэл "Ард Кредит" компанийн зүгээс 
хамгийн анхны хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан "Ard Kids" цогц аппыг хөгжүүлэн гаргасан нь хүүхдээ багаас нь санхүүгийн харилцаанд зөв зохистой оролцуулж, цэгцтэй санхүүгийн боловсрол олгохыг хүссэн эцэг эхчүүдэд том тус хүргэх болов уу.  

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Саяхныг хүртэл ээж аавууд хүүхдийнхээ санхүүгийн хэрэглээг бэлэн мөнгө, ирээдүйн хөрөнгө оруулалтыг хадгаламжид тус тус даатгадаг байв. Гэвч сүүлийн хэдэн жилд санхүүгийн салбарт олон төрлийн шинэчлэл хөгжүүлэлт хийгдэж, мөнгө хөрөнгийн тухай ойлголт өөрчлөгдсөнөөр мөнгөө удирдах арга хэрэгсэл, төлөвлөгөө төсөөлөл ч хувьсаж эхэллээ. Ялангуяа эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ багаас нь санхүүгийн зарим эрх мэдлийг нь олгож, энэ төрлийн харилцаанд оролцуулан, ирээдүйд нь бэлтгэх хэрэгцээ нэн их болсныг онцлууштай. Тэгвэл "Ард Кидс" апп яг энэ хэрэгцээнээс урган гарч иржээ.

Та "Ард Кидс" аппыг ашиглан хүүхдэдээ төлбөр тооцоогоо өөрөө бие даан төлөх, өөрийн хөрөнгөө хянах (АрдКойн, хадгаламж, хувьцаа), "АрдШоп" онлайн дэлгүүрийн зөвхөн хүүхдэд зориулсан цэсээс бараа бүтээгдэхүүн худалдан авах, шаардлагатай тохиолдолд аав ээжээсээ мөнгө хүсэх, кино тасалбараа захиалж, нэгжээ өөрөө авах, хэрэгцээт газруудын хаяг, байршлын мэдээлэл авах, бүр түүнчлэн санхүүгийн боловсролд зориулсан контентуудаас хүлээн авах боломжийг нь олгож чадна. Гол давуу тал нь хүүхдийнхээ эдгээр бүх захиран зарцуулалтыг нь давхар хянаж, гүйлгээнд нь хязгаар тогтоож болохоороо онцлог.



ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ? 

Апп дээрх хамгийн эхний онцлох зүйл нь бүртгэлийн хэсэг байв. Өмнө нь бид ашиглах аппаа утсандаа татаад, бүртгэлээ үүсгэн шууд ашигладаг байсан бол энэ удаагийнх илүү өөр, онцлог тохиолдол аж. Учир нь "Ард Кидс" аппыг татахад бүртгэлийн хэсэг огт байхгүй, шууд л утасны дугаар, нууц үг бүхий нэвтрэх хэсэг л угтах нь тэр. Учир юу гэвэл, хүүхдэд зориулсан апп тул эцэг эхчүүд юун түрүүнд үндсэн "Ард" аппаа ашиглан "Үйлчилгээ" цэсэнд байрлах "Ард Кидс" хэсгээр дамжуулан хүүхдээ тус аппд бүртгүүлж, урьдчилсан холболт хийх учиртай ажээ. Ингэхдээ үндсэн апп дээрх эцэг эхийн мэдээллийн баталгаажилт 100 хувьд хүрсэн байх ёстойгоос гадна хүүхдийнхээ утасны дугаарыг ашиглан бүртгүүлдэг нь аюулгүй байдал, эргэх холбоо сайтай гэх ойлголтыг эрхгүй өгч байлаа.

Ном ёсны дагуу бүртгэлээ хийлгэх явцад "Ард Кидс"-ийн давуу талуудын зах зухаас мэдэрч эхэлсэн нь хүүхдийнхээ ямар хугацаанд, хэдий хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг эцэг эхчүүд нь тогтоож өгөх хэсэг байлаа. Уг тохиргоог хүссэн үедээ өөрчилж болох аж. "Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр, жил бүр" зэрэг сонголтуудаас хүүхдэдээ өдөр бүр 5000 төгрөг эсвэл долоо хоногт 20 мянган төгрөг гэх мэтээр өөрийн санхүүд тохируулан зарцуулах мөнгийг нь төлөвлөж өгөх боломжтой. Хүүхэд уг эрхийнхээ хүрээнд утасны дугаараар мөнгө шилжүүлэх, банк хооронд гүйлгээ хийх, утсандаа нэгж авах, QR код уншуулан бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой. Хүүхдэд QPay үйлчилгээ хамгийн хялбар санагддаг тул дэлгүүрт ороод аппаа ашиглан, QR код уншуулаад л худалдан авалтаа хийж болох нь таалагдлаа. Мөн хэрэглэгч хүүхэд "Цуглуулга" цэснээс өөрийн төгрөгийн болон хувьцааны данс, хадгаламж, АрдКойныг захиран зарцуулахгүй ч, хянах боломжтой нь шинэлэг. Түүгээр үл барам хүүхэд аав ээжээсээ аппаараа дамжуулан мөнгө хүсэж болох юм байна. Юунд зориулж хэдэн төгрөг зарцуулахаа бичээд хүсэлтээ явуулахад аав ээж нь зөвшөөрөх эсвэл татгалзах эсэхээ шийднэ. Мэдээж бүх гүйлгээг нь хянах боломжтой тул хүүхдээ хаана, хэдэн төгрөг зарцуулж явна гэж санаа зовох хэрэггүй.

Өдгөө АрдКойноор худалдан авалт хийдэг, "Монгол Шуудан"-гаар хүссэн газартаа хүргүүлэн авдаг гээд "АрдШоп"-ыг мэдэхгүй хүн ховор байх. "АрдШоп"-ын зүгээс хүүхдэд зориулсан чанартай бараа бүтээгдэхүүнтэй хүүхдийн онлайн дэлгүүрийг "Ард Кидс" аппд зориулж тусгайлан хөгжүүлсэн ажээ. Түүнчлэн хүүхэд багаасаа санхүүгийн талаар ойлголттой болж, санхүүгийн мэдлэгтэй бие хүн болон төлөвшихөд "Ард Кидс" аппын "Ард Академи" цэс туслах юм байна. Энд хүүхдэд зориулсан санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой сургалт, нийтлэлүүдийг тэдэнд ойлгох хялбар үг хэллэг, бодит түүхүүдээр дамжуулан долоо хоног бүр хүргэнэ гэжээ.



САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС 

Хүүхдүүдэд зориулсан анхны санхүүгийн апп мэндэлсэн нь өөрөө л тун мэдрэмжтэй, хэрэгцээтэй үйлчилгээ байсан тул бидний зүгээс эхний ээлжинд харьцангуй таних, шохоорхох сэдлээр уг апптай танилцсанаа дурдъя. Мэдээж уг апп хөгжүүлэлтийн анхны хувилбар тул "Ард"-ынхан цаашид ашиглахад улам сонирхолтой болгох талаас тасралтгүй ажиллах болов уу.

Бидний зүгээс хүүхдийн хэрэглээг урьдчилан таамаглаж, эцэг эх-хүүхдийн санхүүгийн харилцааг сайжруулж болох зүйлсийг төсөөллөөр дүгнэхээс илүүтэй туршилт, судалгаанд найдах нь зөв гэж энэ удаа үзлээ. Хэрвээ та аппыг хэрэглэж үзсэн бол бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцаж, апп хөгжүүлэлтийн багт санал шүүмж хүргээрэй. Төгсгөлд нь, "Ард Кидс" апп хүүхдийн тань санхүүгийн аялалд гараас нь хөтлөн чиглүүлж чадах хөтөч болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.