Зуны сүүлийн сар шинэ үеийн Toyota Land Cruiser Prado-оор эхэлж, Monterey Car Week болон Lambo-ийн анхны цахилгаан хүлгээр үргэлжилж, Формула 1-ийн эргэн ирэлтээр өндөрлөв. Асар олон хүлгүүд шинээр танилцуулагдан, бишгүй олон цуурхал тархсан наймдугаар сарын автомашины ертөнц дэх онцлох үйл явдлуудыг “Автомашины ертөнцөд юу болов?” цувралын ээлжит дугаараар товчлон хүргэе.
Шинээр мэндлэв

Nissan Z Nismo
Домгийн шувуу үргээж сарын эхэнд бидний удаан хүлээсэн Nissan 400Z загварын Nismo хувилбарыг танилцуулав. Сайжруулсан хөргөлт болон очлуурын тусламжтайгаар, тус хүлгийн 3.0 литрийн V6 хөдөлгүүр нь энгийн Z-ээс 20 морины хүчээр илүүрхэх ч автомат хурдны хайрцаг, хүнд жин зэрэг шалтгааны улмаас Nismo гэр бүлийн энэхүү шинэ гишүүн автомашинд дурлагсдын хүлээлтэд хараахан хүрч чадаагүй юм.
Ямар шалтгаанаас зөвхөн автомат хурдны хайрцагтай байх нь ойлгомжгүй байгаа бол хүнд жин нь урд болон арын бүтцийн нэмэлт бэхэлгээнээс үүдэлтэй гэнэ. Энэ нь тус хүлгийг илүү тогтвортой болгох аж. Бусад өөрчлөлтүүдэд нүүрний шинэ дизайн, шинэ обуд болон дугуй, илүү “түрэмгий” аэродинамик элементүүд, Recaro спорт суудал, Nismo хянах самбар, улаан оруулга зэргийг дурдаж болно.

2024 Toyota Land Cruiser Prado
Land Cruiser-ийн “baby” хувилбар болох Land Cruiser Prado загварын J250 буюу тавдугаар үе танилцуулагдав. Эхний ээлжинд Хойд Америкийн зах зээлд Land Cruiser нэрээр гарах бөгөөд (АНУ, Канадын зах зээлд Land Cruiser 300 зарагддаггүй) дараа нь бусад зах зээл рүү Prado нэрээрээ гарах юм. 2024 оноос эхлэн үйлдвэрлэгдэх тус хүлгийн үнэ 50,000 ам.доллароос эхэлнэ.
FJ40 болон J80 цувралын Land Cruiser-үүдээс сэдэл авсан дизайны ачаар өмнөх Prado-той харьцуулахад илүү “эршүүд, хатуу” төрхтэй болсон бөгөөд 958, Land Cruiser, First Edition гэх гурван trim level буюу зэрэглэлтэй байх аж. Хөдөлгүүрийн хувьд зэрэглэл үл хамааран 2.4 литрийн дөрвөн цилиндрт, 326 морины хүч бүхий hybrid хөдөлгүүртэй байна. Явах эд анги нь Toyota-ийн сүүлийн үеийн жийпүүдтэй адил ба урд болон хойд дифференциал түгжигч, бүтэн цагийн дөрвөн дугуйн хөтлөгч зэрэг бартаат зам туулахад шаардлагатай бүх тоноглолуудаар тоноглогджээ.
Тус хүлгийн хөгжүүлэлтийн явцын хар зургуудаас сноркел, арын шат, дээврийн ачаа, бартаат замын бампер зэрэг маш олон нэмэлт байгааг харж болно. Ингээд харвал өнөө үеийн масс зах зээлд зориулан мөн чанараа алдаж, хэтэрхий тансаг зэрэглэлийн болоод байсан Land Cruiser цувралын амин сүнсийг Prado загвар цааш уламжлан авч явна гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.

Hyundai Santa Fe
Hyundai Santa Fe загварынхаа шинэ үеийг албан ёсоор танилцуулж олны анхаарлын төвд оров. Өмнөх Sante Fe-ийн органик, зарим нэг талаараа максималист дизайныг халж, Mercedes-Benz G-CLass, LR Defender зэрэг автомашинуудын адилаар “дөрвөлжин” дизайнтай болсон нь автомашины хорхойтнуудыг хоёр хуваагдахад хүргэсэн юм. Ийн дүр төрхийг нь өөрчилсөн нь хэд хэдэн шалтгаантай ч хамгийн том шалтгаан нь бүхээг доторх зайг ихэсгэх хийгээд бартаат зам туулах чадварыг сайжруулах байв.
Гаднах төрхөө тэр чигээр нь өөрчилсөн ч хөдөлгүүрийн сонголтууд нь хэвээрээ үлдсэн аж. Салоны хувьд илүү цэмбэгэр болсон бөгөөд жолооны хүрд, climate control-ийн хэсэг нь Land Rover-ийг санагдуулам болсон нь анхаарлыг татав. Land Rover-тай адилтгах адилтгалууд нь дан салоноор зогсохгүй бөгөөд хэрэв сайн харвал тус хүлгийн B болон C pillar-ийн хэсгүүд нь шинэ үеийн Defender-тэй нилээд төстэйг анзаарах болно.
Шинэ Santa Fe 2024 оноос үйлдвэрлэгдэж эхлэх бөгөөд үнийн хувьд ойролцоогоор 40,000 ам.доллароос эхлэх аж.

Cadillac Escalade IQ
Эрх чөлөөний орны Land Cruiser гэж нэрлэж болох Cadillac Escalade-ийн бүрэн цахилгаан хувилбар нээлтээ хийв. Нэг цэнэглэлтээр ойролцоогоор 720 км замыг туулах ба 0-100км/ц хурдыг таван секундэд авах чадалтай. Энгийн үед хосолсон цахилгаан хөдөлгүүр нь 650 морины хүч гаргах бол Max Velocity гэх горимыг сонговол 750 морины хүч болон 1060Нм мушгих хүч үйлдвэрлэх гэнэ.
Дэлгэц гэх ганцхан үгээр тус хүлгийн салоныг илэрхийлж болох аж. Хянах самбар болон инфотэйнмент системийг багтаасан 35 инчийн, зорчигчийн 25 инчийн дэлгэцүүд дээр нэмэлтээр 11 инчийн удирдлагын дэлгэцтэй байх юм. Мөн Escalade IQ-ийн салон Cadillac-ийн уламжлал ёсоор арьс, мод, металл зэрэг сайн чанарын материал ашигласан байх аж. 2024 оны зун худалдаанд гарах тус хүлгийн үнэ 130,000 ам.доллароос эхлэх таамагтай байгаа билээ.

Alfa Romeo 33 Stradale
Alfa Romeo олон жилийн дараа “жинхэнэ” суперкараа танилцууллаа. 1967 оны 33 Stradale загвараас сэдэвлэн бүтсэн ижил нэрт тус хүлэг ердөө гучин гурван ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд дотоод шаталтын болон цахилгаан хөдөлгүүрийн сонголттой байх гэнэ. 3.0 литрийн хосолсон турбот V6 хөдөлгүүртэй хувилбар нь 620 морины хүчтэй бол гурвалсан цахилгаан хөдөлгүүрт хувилбар нь 750 морины хүчтэй байх юм. Нэгж үнэ нь 3.2 сая ам.доллар байх бөгөөд бүгд аль хэдийнээ эзэнтэй болсон ажээ.

Speedround:
Porsche 911 S/T: Porsche GT3 RS-ийн зүрхтэй GT3 Touring
Kia EV5: Kia-ийн EV гэр бүлийн шинэ гишүүн, дунд оврын SUV
Acura ZDX: Acura-ийн 60,000 ам.долларын үнэтэй анхны цахилгаан автомашин
Infiniti QX Monograph Concept: Дараа жил танилцуулагдах шинэ үеийн QX-ийг төсөөлөх нь
VW Passat 2024: Sedan-ий эрин үе дуусаж, 264 морины хүчтэй комби ирэв

Monterey Car Week 2023

Оны томоохон авто арга хэмжээнүүдийн нэг Monterey Car Week наймдугаар сарын дундуур зохион байгуулагдав. Энэ үеэр олон сор хүлгүүд нээлтээ хийж олны хүртээл болсон бөгөөд онцлох автомашинуудыг товчлон хүргэе.
Zenvo Aurora
Данийн авто брэнд Zenvo, Aurora нэртэй цоо шинэ суперкар танилцуулснаар автомашины ертөнцөд тэсрэх бөмбөг дэлбэлэв. Суперкар бүр тойрог замд зориулсан Agil, хол зам туулахад зориулсан Tur гэх хоёр хувилбартай байх бөгөөд тус бүрээс тавин ширхгийг үйлдвэрлэх аж.
Хөдөлгүүрийн хувьд 6.6 литрийн V12 хөдөлгүүртэй байх бөгөөд ганц болон хос цахилгаан хөдөлгүүрт hybrid системийн сонголттой байх юм. Одоогийн байдлаар үнийг нь зарлаагүй байгаа ч олны таамаглаж буйгаар 2 сая ам.доллароос байх магадлал өндөр байна.

Ford Mustang GTD
Тэд зуны эхэнд Ford WEC уралдааны цувралын GT3 ангилалд уралдана гэдгээ зарласан бол зуны төгсгөлд GT3 ангиллын уралдааны машиныхаа нийтийн замд унаж болох (street legal) хувилбарыг танилцууллаа. GTD нэртэй тус хүлэг нь 800 морины хүчтэй 5.2 литрийн V8 хөдөлгүүртэй байх бөгөөд active аэродинамик элементүүдтэй байх аж. Үүний ачаар Nurburgring-ийг долоон минутаас богино хугацаанд тойрох хүлээлттэй байгаа бөгөөд үнэ нь 300,000 ам.доллароос эхлэх гэнэ.

Lamborghini Lanzador Concept
Бид хэдхэн жилийн өмнө Lamborghini-г дөрвөн хаалга, дөрвөн суудалтай, бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэхэд итгэх байтугай бодохыг ч хүсэхгүй байсан биз. Тэгвэл юу гээч. Тэд 2028 оноос эхлэн яг ийм автомашиныг үйлдвэрлэхээр болоод буй. Lanzador гэх тус хүлэг нь одоогийн байдлаар концептийн төлөвт байгаа ч үйлдвэрлэлд орох эцсийн хувилбар нь бараг ялгаагүй байх болов уу. Одоогоор Lamborghini-ийн зүгээс тус хүлгийн техникийн үзүүлэлтүүдийг ил болгоогүй байна.

Mercedes-AMG GT
AMG GT-ийн шинэ үе нээлтээ хийж тус хүлгийн түүхэнд шинэ хуудсыг нээв. Хэдий өмнөх үеэсээ бүх хэмжээсээрээ илүүрхэх ч GT-ийн нэрийн хуудас болсон “экстра” урт хамраа алдаж, ардаа хоёр суудалтай болжээ. Гэсэн хэдий ч явах эд ангийн хувьд GT маань GT-ээрээ үлдэв. Энэхүү шинэ загвар GT 55, GT 63 гэх хоёр хувилбартай байх бөгөөд хоёул 4.0 литрийн хосолсон турбот V8 хөдөлгүүртэй байх юм. Үүн дээр есөн араат автомат хурдны хайрцагтай байх ба эдгээр хувилбарууд 496 болон 577 морины хүчтэй байх гэнэ.

Speedround:
Pininfarina B95: Rimac-ийн суурьтай, 1877 морины хүчтэй цахилгаан speedster
Aston Martin DB12 Volante: DB12-ийн задгай дээвэрт хувилбар
Rolls Royce Droptail: Бидний худалдан авч чадахгүй автомашин
Maserati MCXtrema: Maserati-ийн тойрог замын “мангас”
Hennessey Venom F5 Revolution Roadster: 3 сая ам.долларын үнэтэй задгай дээвэрт Hennessey
Lotus Type 66: Нэг жарны дараа дахин амилсан Can-Am уралдааны автомашин
Bugatti Chiron Golden Era: Дөрвөн дугуйт урлагийн бүтээл

Сонин хачин

Fisker-ийн шинэ ирээдүй
Сарын эхээр автомашины нэрт дизайнер Хенрик Фискерын үүсгэн байгуулсан Fisker анхны томоохон арга хэмжээгээ зохион байгуулсныг бид тоймлон хүргэсэн билээ. Товчхондоо бүрэн цахилгаан автомашины зах зээлийн шинэхэн тоглогч тэд хэтийн төлөвлөгөөгөө танилцуулахын сацуу Ronin, Pear, Alaska нэртэй гурван шинэ хүлгийг танилцуулсан юм.

Toyota ба жолоочгүй автомашины технологи
Toyota болон Toyota-ийн Хятад дахь хамтрагч GAC, жолоочгүй автомашины технологи хөгжүүлэгч Pony.ai тай хамтран жолоочгүй таксины зах зээлд хүч үзэхээр болжээ. Эхний байдлаар дээрх гурван компани шинэ компанидаа нийт 140 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар зах зээлд гарах хугацаа, нийлүүлэх таксины тоо нь тодорхой болоогүй ч Pony.ai-ийн туршлагаас харвал тийм ч их хугацаа орохгүй болов уу.

Rimac Nevera автомашин Nurburgring тойрог замын рекордыг эвдлээ
Мартин Кодричийн нисгэсэн Rimac Nevera автомашин Nurburgring тойрог замыг 7:05.298 минутад туулснаар бүрэн цахилгаан автомашины рекордыг эвдэв. Хэдий downforce-ийн хэмжээ бага, hyper GT маягийн автомашин ч гэсэн Кодричийн ур чадвар болон тус хүлгийн 1853 морины хүчний ачаар өмнөх рекордыг ийн эвдсэн юм.

Speedround:
Тун удахгүй: Volvo-ийн анхны minivan
Ferrari-ийн борлуулалтын 43 хувийг hybrid-ууд эзэлжээ
Баяртай: BMW 6 Series Gran Turismo
Цуурхал

Land Rover: Defender-ийн жижиг хувилбар тун удахгүй
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Land Rover 2027 он гэхэд Defender-ийн жижигрүүлсэн хувилбарыг Defender Sport нэрээр танилцуулах гэнэ. Тус шинэ хүлэг нь Evoque, Discovery Sport загваруудын адилаар Land Rover-ийн EMA буюу цахилгаан платформ дээр суурилах аж.

Ford: Дараагийн Mustang хосолсон хөдөлгүүртэй болно
Chevrolet Camaro-ийн үйлдвэрлэл зогсож, Dodge Challenger цахилгаанжуулалтын аянгад ниргүүлсэн эдгээр өдрүүдэд Ford Mustang л Америкийн жинхэнэ “булчин” хүлгүүдийн бамбарыг бадрааж буй. Тэгвэл Ford-ийн Гүйцэтгэх захирал Жим Фарли Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “Дараагийн Mustang купе бүрэн цахилгаан байх уу? Бараг л үгүй байх. Харин хагас цахилгаанжсан байж болох уу гэвэл тийм” гэсэн нь олны анхаарлыг татсан юм. Одоогоор Ford-ийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч дотоод шаталтын хөдөлгүүртэй Mustang (Mach-E-г эс тооцвол) мөхөх болоогүй бололтой.

Dodge: "Күүл” цахилгаан автомашинууд айсуй
Ford-оос ялгаатай нь Dodge өөрсдийн ирээдүйгээ цахилгаан хөдөлгүүрийн технологид зуун хувь даатгаад буй. Dodge-ийн Гүйцэтгэх захирал Тим Кунискис Motor Authority-д өгсөн ярилцлагадаа компанийхаа цахилгаан ирээдүйг дурдахын сацуу EV технологийн давуу талуудыг бүрэн ашиглаж жолоодлогын таашаалыг дээд зэргээр мэдрүүлэх автомашинуудыг үйлдвэрлэхээ амалсан юм. Түүнчлэн V8 хөдөлгүүрт автомашинуудаа 2024 оныг дуустал үйлдвэрлэнэ гэдгээ ч мэдэгдээд амжив.

Speedround:
Zenvo: Харьцагуй хямд суперкарууд айсуй, гэхдээ цахилгаан биш
Nissan: Дараагийн Frontier бүрэн цахилгаан болно
VW: GTI брэндийг цахилгаан ирээдүй хүлээж байна
Формула 1-ийн эргэн тойронд

Гурван долоо хоног үргэлжилсэн зуны амралтын дараа Формула 1 эргэн ирэв. Alpine-ий нисгэгч шагналын тавцан дээр зогсож, Риккардо хүндхэн бэртэл авч, эвдэх боломжгүй мэт байсан рекорд давтагдсан Нидерландын Гран Пригийн үеэр чухам юу болов?
Магнуссен, Хюлькенберг нар HAAS-тай шинэ гэрээгээ үзэглэлээ.
Гран Пригийн долоо хоногийн эхээр HAAS-ийн нисгэгчид шинэ гэрээгээ үзэглэв. Ингэснээр Кевин Магнуссен, Нико Хюлькенберг нар Формула 1-ийн 2024 оны улиралд HAAS-ийн суудалд үлдэхээр болов. Ямартай ч энэ улирлын турш хангалттай сайн үзүүлэлт гаргаагүй Магнуссены гэрээг сунгахгүй гэх цуурхал худлаа болж таарав.
2020, 2021 онуудад HAAS-ийн санхүүгийн байдал тийм ч сайн биш байсан ба үүнээс үүдэн чадваргүй төлбөрт нисгэгчийг гэрээлж байсан. Энэ нь ч чамгүй асуудал тарьсан юм. Тэгвэл энэ удаа тэд хоёр туршлагатай жолоочоо авч үлдсэн нь тус багийн санхүүгийн байдал өмнөх жилүүдээс хавьгүй илүү болсны илрэл болж буй.

Риккардогийн Бэртэл + Ловсоны боломж
Нисгэгчийн бүхээгт эргэн ирээд удаагүй, Alpha Tauri багийн нисгэгч Даниель Риккардо FP1-ийн үеэр осолдсоноор зүүн бугуйн ясаа хугалав. Тодруулбал, McLaren-ий нисгэгч Оскар Пиастри Зандвоорт тойрог замын гуравдугаар эргэлт дээр жолоодлого алдан хашилт мөргөж зогссоноор араас нь явж байсан Риккардо Пиастритай мөргөлдөхөөс зайлсхийн мөн хашилт мөргөн зогссоноор бугуйн ясаа хугалсан юм.
Одоогийн байдлаар Риккардогийн мэс засал амжилттай болсон ч уралдаандаа хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний суудлыг түр хугацаанд Формула 2-ийн нисгэгч Лиам Ловсон орлохоор болов.

Рекорд давтагдав + Aston Martin эргэн ирэв + Гэнэтийн подиум
Сүүлийн хоёр улирлын турш арван багийн доод хагаст багтсан багуудын нэг бол Alpine билээ. Гэвч Нидерландад тэд аянга мэт хурдан байв. Хэдий энэ нь Зандвоорт тойрог замын үзүүлэлтүүд тэдний автомашинд таатай байснаас болсон хэдий ч тэдний нисгэгч Пьер Гэзли гуравдугаар байрыг эзэлсэн юм. Харин сүүлийн хэдэн уралдааны турш сүүл мушгиад байсан Aston Martin Фернандо Алонзогийн ачаар хоёрдугаар байранд оров.
Тус уралдааны хамгийн том ярианы сэдэв юу байв? Мэдээж Улаан Бухнууд. Red Bull-ийн нисгэгч асан Себастьян Феттелийн нэг аравны турш цор ганцаараа эзэмшсэн рекорд (есөн удаагийн дараалсан ялалт) Макс Ферстаппен Нидерландын Гран Приг ялснаар давтагдав. Тэгвэл тэр энэхүү рекордыг Италийн Гран Пригийн үеэр эвдэж чадсан болов уу? (Спойлер: аль хэдийнээ эвдчихсэн) Энэ жил Red Bull-ийг хэн ч, юу ч зогсоож чадахгүй бололтой.

Энэ сарын онцлох

Унших: Долоодугаар сарын дугаар дээр дурдсанчлан энэ жил Германы алдарт брэнд Porsche-ийн 75 жилийн ойн баяр тохиож буй. Энэхүү 75 жилийн баялаг түүхийг эхнээс нь дуустал маш дэлгэрэнгүй хийгээд сонирхолтой байдлаар хүргэснийг доорх холбоосоор хүлээн авч уншина уу.
Нийтлэл: Porsche-ийн 75 жилийн түүх
Сонсох: Формула 1-ийн хоёр удаагийн аварга, Aston Martin Aramco Cognizant багийн нисгэгч Фернандо Алонзо High Performance подкастад оролцжээ. Тэр болгон подкаст, нэвтрүүлэгт оролцоод байдаггүй тэрээр юу ярьсан бол?
Үзэх: Уралдааны машины видео тоглоомууд Gran Turismo шиг амжилт гаргах нь ховор. Тэгвэл тус тоглоомтой холбоотой бодит үйл явдлаас сэдэвлэсэн Gran Turismo өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийв. Адреналиныг харамгүй хайрлах тус киног кино театруудаас буухаас нь өмнө амжиж үзээрэй.
Турших: Өнгөрсөн жил Формула 1-ийн хөшигний ард юу болж өнгөрдгийг нэг бүрчлэн мэдрүүлэх F1 Manager видео тоглоом гарсан билээ. Уг тоглоомын 2023 оны хувилбар өнгөрсөн сард 55 ам.долларын үнэтэй худалдаанд гарав. Steam-ээс худалдан авбал 15 хувийн хямдралтай байгаа гэнэ шүү.
Steam: Formula 1 Manager 2023
Дагах: Goodwood-ийн үнэн түүх, Toyota-ийн нууц жор, Хамгийн аюултай уралдаан зэрэг автомашины ертөнцийн олон чанартай бичлэгийг үзэхийг хүсвэл Albon-ийг дагаарай.
Холбоосууд:
Youtube: @albonfilms
Instagram: @albonfilms
X / Twitter: @albonfilms
Facebook: @ALBONFilms
Вэб хуудас: albonfilms.com


