Жил бүр тогтмол зохион байгуулагддаг, авто ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг бол яах аргагүй Goodwood Festival of Speed билээ. 30 жилийн ойн баяраа тэмдэглэж, хоёр зуун мянган төмөр хүлгийн хорхойтнуудыг нэг дор цуглуулсан энэ жилийн арга хэмжээний онцлох үйл явдлууд болон энэ үеэр нээлтээ хийсэн шинэхэн хүлгүүдийг “Автомашины ертөнцөд юу болов?” цувралын тусгай дугаараар танилцуулж байна.
Porsche-ийн 75 жилийн ойн баяр
Goodwood тойрог зам нээгдсэний 75, Porsche-ийн 75 жилийн ойн баярууд давхцсанаар энэ жилийн “хурдны наадам”-ыг илэрхийлэх тоо 75 болов. Тиймдээ ч энэ жилийн Festival of Speed-ийн гол дүрслэл (central feature) нь Porsche-ийн сэдвийг агуулан, 911-992, 911-997 Sport Classic, 356, 962, 963, 718/2 зэрэг тус брэндийн түүхийг тодорхойлсон зургаан автомашинаас бүрдсэн байв.
Ойн баяраа үргэлжлүүлэн Porsche бүх эрин үеийн автомашинуудаараа баярын жагсаал зохиож, 718 Spyder RS загварын динамик нээлтийг хийхийн сацуу Vision 357 концепт машины Speedster хувилбарыг танилцуулав. Гэхдээ Porsche-ийн 75 жилийн ойн баяр дуусах болоогүй. Учир нь ирэх есдүгээр сард Porsche-ийн эх нутаг буюу Германы Мюнхенд зохион байгуулагдах IAA Mobility-ийн үеэр олон гэнэтийн бэлгүүд задлах төлөвтэй байгаа юм.
McLaren Solus GT болон рекордууд
“Хурдны наадам”-ын үеэр зохион байгуулагддаг гол арга хэмжээний нэг нь hill-climb билээ. Өнгөрсөн жилийн ялагч, бүх цаг үеийн рекордын эзэн McMurtry Speirling-ийн эзгүйд Марвин Кирчхофер нисгэгчтэй McLaren Solus GT, 45.34 секундэд Goodwood толгодын замыг туулснаар энэ жилийн ялагчаар тодорсон юм. Gran Turismo видео тоглоомоос амьдралаа эхэлсэн тус автомашин нь 2.5 сая фунт стерлингийн үнэтэй бөгөөд 5.2 литрийн V10 хөдөлгүүртэй аж.
Харин Solus GT ганцаараа энэ жилийн гол ярианы сэдэв байсангүй. Rimac Nevera 49.32 секундэд тус замыг туулснаар цахилгаан автомашины дээд рекордын эзэн болж түүхэнд нэрээ үлдээв.
Шинээр мэндлэв
Халуухан автомашинуудын нээлтгүйгээр Goodwood-ийг төсөөлшгүй билээ. Энэ жил олны хүртээл болсон онцлох зургаан хүлгийг товчоор танилцуулъя.
Aston Martin Valour
Энэ жил Porsche 75 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бол Aston Martin 110 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. Тус компани уламжлал ёсоор Valour гэх шинэ хүлэгтэй ойн баяраа тэмдэглэж буй. Ретро стайлингтай тус хүлэг нь Vantage-ийн суурин дээр бүтээгдсэн бөгөөд 705 морины чадалтай 5.2 литрийн V12 хөдөлгүүртэй байх аж. Түүнчлэн зургаан араатай механик хурдны хайрцагтай байх бөгөөд ердөө 110 ширхэг үйлдвэрлэгдэх тус хүлгийн үнэ 1.5 сая ам.доллароос эхлэх гэнэ.
Caterham Project V
Дөрвөн суудал, цахилгаан хөдөлгүүр, дээвэр, хаалга гээд бидний мэдэх Caterham-ийн бүх шинж чанаруудыг эвдсэн Project V нээлтээ хийв. Одоогоор концепт автомашины төлөвт байгаа ч Caterham тус хүлгийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлсэн юм. Хэдий том овортой ч (Caterham-ийн бусад загваруудтай харьцуулахад) Caterham-ийн амин сүнс болсон хөнгөн жинг хадгалах тус хүлгийг арын тэнхлэгт байрлах 268 морины чадалтай цахилгаан хөдөлгүүр болон 55 кВт.ц багтаамжтай зай хураагуурын бүрдэл хөдөлгөх аж.
Caterham тус хүлгийг 2026 оны эхээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа ба эхлэх үнэ нь 103,000 ам. доллар байх гэнэ.
Ferrari KC23
Ferrari-ийн Тусгай Төслийн багийн ээлжит бүтээл, тойрог замд зориулсан KC23 албан ёсны нээлтээ хийв. Тус баг бусад хүлгүүдийнхээ адилаар энэ загвараас цор ганцыг бүтээхээр болжээ.
KC23-ийн арын хэсэгт байрлах хөдөлгүүр нь 488 GT3-ийн V8 хөдөлгүүр байх бөгөөд салдаг арын далавч, хөдөлдөг аэродинамик элементүүд, 488 GT3-ийн салон гээд жинхэнэ утгаараа уралдааны автомашин болж чаджээ.
Hyundai Ioniq 5N
Солонгос автомашинууд муу нэрээрээ алдартай байсан үе саяхан. Харин одоо дизайн, чанар, технологийн хувьд Японоор зогсохгүй Герман автомашинуудтай эн зэрэгцэх болж автомашины ертөнцийн трэндийг тогтоох болжээ.
Тэгвэл энэ жил Солонгосын тэргүүлэх авто үйлдвэрлэгч Hyundai performance брэнд болох N-ээрээ гангарав. Өмнө нь танилцуулагдсан N Vision 74, RN22e-ийг олны хүртээл болгохын сацуу бүрэн цахилгаан Ioniq 5 загварын N хувилбарын нээлтийг хийж автомашинд дурлагсдын сэтгэлийг догдлуулаад амжив.
Тус хүлэг нь энгийн үед 601 морины чадал үйлдвэрлэх хосолсон цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд N Grin Boost функцийн тусламжтайгаар түр хугацаанд 641 морины чадалтай болох гэнэ. Ойролцоогоор 63,000 ам.долларын үнэтэй борлуулагдах энэ загварын дотоод шаталтын хөдөлгүүртэй машины хурдны хайрцгийг дуурайх функц нь цахилгаан автомашинууд дундаа анхдагч юм.
AIM EV Sport 01
Nissan GT-R R35-ийг бүтээсэн дизайнер Широ Накамурагийн ээлжит бүтээл болох AIM EV Sport 01 албан ёсны нээлтээ хийв. AIM нь Япон улсын авто дизайны компани бөгөөд EV Sport 01 тэдний анхны загварын автомашин болсон аж. Бүрэн цахилгаан тус хүлэг нь арын тэнхлэгтээ хоёр цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд нийтдээ 600 морины хүчин чадалтай байх гэнэ.
Lamborghini SC63
WEC-ийн өрсөлдөөн улам ширүүссээр л. IMSA болон WEC-ийн LMDh ангилалд Ferrari, Porsche, Toyota болон Peugeot-той дараа жилээс эхлэн өрсөлдөх SC63 уралдааны хүлгээ Lamborghini олон нийтэд танилцуулав. Тус хүлгийн 3.8 литрийн хос турбот hybrid V8 хөдөлгүүр нь 671 морины чадалтай байх гэнэ.
Себастьян Феттель эргэн ирэв
Формула 1 бол Goodwood-ийн салшгүй нэг хэсэг билээ. Энэ жилийн хувьд Lotus, McLaren, Mercedes-Benz домогт уралдааны автомашинуудаа толилуулав. Тэгвэл уралдааны хувцсаа өлгөсөн, Формула 1-ийн дөрвөн удаагийн Дэлхийн аварга Себастьян Феттель өөрийн цуглуулга дахь Williams FW14B болон Эйртон Сеннагийн McLaren MP4/8A-ийг толгодын замаар нисгэсэн юм. Ингэхдээ тэрээр байгалд ээлтэй түлшийг ашигласан нь түүний автоспортын байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгын нэгэн илэрхийлэл байв.
Түүнчлэн Mercedes-AMG PETRONAS багийн сэлгээний нисгэгч, домогт Майкл Шумахерын хүү Мик Шумахер аавынхаа нисгэсэн Mercedes W02-ийг жолоодон хүндэтгэл үзүүлсэн нь энэ жилийн арга хэмжээний онцлох үйл явдлуудын нэг байв.