Дэлхийн хамгийн том авто үзэсгэлэнгүүдийн нэг болох Auto Shanghai өнгөрсөн сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан билээ. Гадна, дотнын 100 гаруй брэндүүд оролцсон тус үзэсгэлэн арав хоногийн хугацаанд 906 мянган зочныг цуглуулсан нь цар тахлын дэглэм суларснаас хойш БНХАУ-д зохиогдсон хамгийн өргөн, дэлгэр арга хэмжээгээр нэрлэгджээ.  

Шинэ нийтлэлээрээ автомашин сонирхогч, хорхойтнуудын хуран цугласан уг үзэсгэлэнгээс ажигласан, хамгийн чухал таван гол өнцгийг тоймлон хүргэе. 

Хятад үйлдвэрлэгчид манлайлав 

Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдэв цахилгаан автомашин байсан гэлтэй. Өнгөрсөн онд Хятадад борлуулагдсан нийт тээврийн хэрэгслийн 25 хувь нь цахилгаан болон 'hybrid' автомашин байв. Энэхүү эрэлтийг дагаад BYD, Geely, Li Auto зэрэг үндэсний брэндүүдийн борлуулалт урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрснээр Барууны үйлдвэрлэгчид амьд үлдэхийн тулд “тэмцэх” шаардлагатай болов.

Үүний нэг жишээ нь Volkswagen юм. Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг Барууны хамгийн том үйлдвэрлэгч болох тус брэнд 2020 онд зах зээлийн 19,5 хувийг эзэлж байсан бол ердөө хоёр жилийн хугацаанд уг хэмжээ 15,1 хувь болтлоо буурчээ. Ердөө арав хүрэхгүй жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн салбарын аваргуудыг дизайн, чанар, технологиороо ардаа хаясан Хятадын автомашины зах зээлийг дараагийн арван жилд юу хүлээж байгаа бол?


Шинэ од мэндлэв 

Будгийн шинэхэн үнэр нь арилаагүй BYD Seagull энэ жилийн арга хэмжээний “од” байв. Seagull BYD-ийн хамгийн жижиг загвар бөгөөд үнийн хувьд 11,000 ам.доллароос эхлэх аж. Энэхүү хямд үнийн нууц нь тус загварын цэнэг хураагууртай салшгүй холбоотой. Ихэнх цахилгаан автомашинууд lithium-ion цэнэг хураагуур ашигладаг бол BYD sodium-ion цэнэг хураагуур ашигласнаар ийнхүү хямд үнэ тогтоох боломжтой болжээ. Энэ төрлийн цэнэг хураагуур нь бусад төрөлтэй харьцуулахад бага нягттай, үйлдвэрлэхэд хялбар зэрэг давуу талтай бөгөөд үнийн хувьд 2-3 дахин хямд байдаг аж.

BYD Seagull нь 30 кВт.ц болон 40 кВт.ц багтаамжтай хоёр цэнэг хураагуурын хувилбартай бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 305-405 км туулах хүчин чадалтай. Хамгийн хямдхан гэгдэх Tesla-аас гурав дахин бага үнэтэй боловч дизайн, технологи, тав тухаараа гологдохгүй уг төмөр хүлэг ирэх жилүүдэд цахилгаан автомашины зах зээлийг хэрхэн өөрчлөх вэ?


Шинэ загварын хур буув 

Хятад тансаг зэрэглэлийн автомашины хамгийн том зах зээлийн нэгд тооцогддог. Тиймдээ ч энэ жилийн үзэсгэлэнд BMW, Mercedes-Benz, Maserati, Rolls-Royce, Porsche, Lexus зэрэг дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн брэндүүд бараг бүгд оролцов. BMW 7 series загварынхаа хамгийн хурдан хувилбар болох i7 M70 болон XM-ийн шинэ хувилбар XM Label Red-ийг, Lexus Toyota Alphard-ийн дээд зэрэглэлийн хувилбар болох LM-ийн шинэ үеийг, Porsche Cayenne-ий шинэчлэгдсэн хувилбарыг тус, тус танилцууллаа. Түүнчлэн Хятадын брэндүүд ч зүгээр суусангүй. Geely-ийн шинэ брэнд Yangwang, U9 ‘supercar’ болон U8 ‘luxury’ SUV-г, Hozon-ий EV брэнд Neta анхны ‘sportcar’ Neta GT-г, Geely болон Volvo-ийн хамтран эзэмшдэг Polestar, Polestar 4 нэртэй шинэ SUV-г тус, тус танилцуулав.


Салбарын инновацыг Хятад брэндүүд түүчээлэв

Дээр дурдсан Yangwang U9-ийн үсэрч, бүжиглэдэг, гурван дугуйн дээрээ явах боломжтой амортизаторын системээс, BYD, CATL болон Chery-ийн цэнэг хураагуурын шинэ технологиуд гээд бүхий л том инновац, дэвшлийг Хятад брэндүүд танилцуулсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох үйл явдал байв. Энэ үйл явдлаас хөрөнгө мөнгө, нөөц боломж, боловсон хүчин гээд хөгжлийн ахицыг өнгөлөх хэрэгтэй бүхэн хаана байгааг тод томруунаар харж болно.


Европыг дайлаар мордохоор зэхэв 

Zeekr, NIO, BYD, XPeng болон шинэхэн тоглогч HiPhi зэрэг Хятадын дотоодын үйлдвэрлэгч брэндүүд бүгд Европын зах зээлд шинээр орж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ зарласан юм. Европ нь цахилгаан автомашины зах зээлээрээ Хятадын араас жагсах бөгөөд АНУ-г бодвол Хятадын импортын бараанд нээлттэй ханддаг тул ийнхүү хүч түрж буй аж. Хэрэв тэд Европын зах зээлийг амжилттай эзэлж чадвал дэлхийн хамгийн том автомашины экспортлогч болох юм. Гэхдээ Европын холбоо тэдэнд тийм боломж олгох болов уу?