Өглөөхөн найзтайгаа ярьсан уруулын будаг цайны цагаар Facebook гүйлгэж явахад санал болгосон бүтээгдэхүүн дунд гарч ирэх... Тэгж байгаад авна даа гэж бодсон ширээний гэрлээ маргааш нь Instagram-аас олж харах... Танд ч бас энэ явдал нэг бус удаа тохиолдсон нь лавтай. Миний утас намайг сонсоод байна уу эсвэл Facebook, Instagram биднийг тагнаад байна уу? Хэрэв танд эл асуултын хариу хэрэгтэй бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

ҮНЭХЭЭР FACEBOOK, INSTAGRAM БИДНИЙГ СОНСДОГ УУ?
Хариултыг нь хэлэхээс өмнө CBS This morning нэвтрүүлгийн 2019 оны зургаадугаар сарын 25-ны дугаарт юу яригдсан талаар товчхон дурдъя. Энэ өдөр тус нэвтрүүлгийн хөтлөгч Gayle King Instagram-ийн тэргүүн Adam Mosseri-г зочноор урьж, дээрх асуултад хариулт хүсжээ.
Тэрээр “Сонирхож байгаа юм уу худалдаж авмаар байгаа зүйлийнхээ талаар хэн нэгэнтэй ярилцсаны дараа Instagram дээр тэр бүтээгдэхүүний сурталчилгаа гарч ирдэг. Огт хайлт хийгээгүй, энэ тухай хэнд ч чатаар бичээгүй. Үгүй гэж хэлэхийг чинь мэдэж байгаа ч та нар үнэхээр бидний сонсдог хэрэг үү?” хэмээн асуухад Adam Mosseri “Ийм зүйл тохиолдож болох хоёр нөхцөл бий. Нэгдүгээрт, азаар тохиолдсон байж болно. Хоёрдугаарт, сүүлийн үед та ижил төрлийн контент сонирхоод хариу үйлдэл үзүүлсэн байж болох юм. Жишээ нь, та хоолонд маш их дуртай, тэгээд Facebook, Instagram-аас ямар нэг рестораны мэдээлэл олж хараад тэр нь тун их таалагдаж л дээ. Мэдээж таалагдсан учраас толгойд чинь, магадгүй далд ухамсарт чинь үлдэнэ. Харин дараа нь ижил мэдээлэл гарч ирэхэд ийм мэдрэмж төрж болно. Түүнээс биш бид хэрэглэгчдийнхээ чатыг харах, гар утасны микрофоноор дамжуулж сонсох мэтийн үйлдэл бид хийдэггүй” гэж хариулжээ.
Тэгэхээр энэ асуултын хариулт бол “Тэд биднийг сонсдоггүй”. Ухаалаг гар утасны микрофоноор дамжуулан яриаг маань сонсоно гэдэг боломжгүй. Хууль эрх зүйн хүрээнд ч тэр хүний эрхэнд халдсан үйлдэл бөгөөд хэрэв хүн бүрийг ийнхүү чагнана гэвэл маш их хэмжээний өгөгдлийг хадгалж, түргэн хугацаанд боловсруулах шаардлагатай. Зөвхөн таны сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээг танд эргүүлэн санал болгохын тулд л ийм хэмжээний ложистикт хөрөнгө оруулах нь хэтэрхий өндөр зардалтай.
ТЭГЭЭД ЯАЖ МЭДЭЭД БАЙГАА ЮМ БЭ?
Хариулт нь тэд таны яриаг чагнахаас илүүтэй онлайн болон оффлайн үйлдлийг тань хянадаг. Өөрөөр хэлбэл, алгоритмын ид шид.
Facebook-ээс зорилтот зар сурталчилгаа үзүүлэхийн тулд байршлын мэдээлэл хянахаас эхлээд найзуудын тань хийж байгаа үйлдэл болон таны цахим зан үйлд анализ хийдэг. Жишээлбэл, та найзтайгаа гадуур зугаалж байна гэж төсөөлье. Хаана хоол идэхээ ярилцаж, найз тань Facebook-ээс япон хоолны ресторан хайн чатаар холбогдлоо гэж бодоход алгоритмын дагуу таныг ч бас сонирхож магадгүй гэх шалтгаанаар ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог. Мөн зөвхөн байршлын мэдээллээс гадна таны сонирхол, цахим орчинд хийж байгаа үйлдлүүд буюу юун дээр “like” дарах, юуг “share” хийх зэргийг ажиглаж, найзуудтай тань харьцуулж, улмаар тэдгээр өгөгдөлд суурилан яаж мэдсэн юм бол гэмээр зүйлсийг үзүүлдэг аж.
Үүнээс гадна цахим худалдааны вебсайтад Facebook хаягаараа бүртгүүлсэн тохиолдолд хайлт хийсэн, сагсандаа нэмсэн, худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүрээс өгөгдөл цуглуулж, улмаар ижил төстэйг нь санал болгодог байна. Товчхондоо, Facebook, Instagram-аар холбогдсон бусад апп, платформоос таны мэдээллийг авч ашигладаг гэж ойлгож болно.
ҮҮНИЙГ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ!
Бидний цахим орчинд хийж буй үйлдэл бүхэн бусад компанийн хувьд дараагийн сурталчилгаагаа хэрхэн хийх, хэн рүү чиглүүлэх вэ гэдгийг шийдэх гарц гаргалгаа болж байдаг. Мэдээж ийм нөхцөлд та ямар мэдээллээ хуваалцаж болох эсэхийг шийдэх бүрэн боломжтой ба доорх алхмуудыг дагаад хийгээрэй. Тухайлбал дуу хөгжим, хувцас хэрэглэл, брэнд, гоо сайхан гээд таны сонирхож буй зүйлсийг Instagram хэрхэн мэддэг вэ?



Тэгвэл Facebook дээр дараах тохиргоог хийж, зар сурталчилгааны компаниудад мэдээллээ хуваалцах эсэхээ тохируулаарай.




Сэтгэгдэл бичих

