Хиймэл оюуны технологийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Дүрмийг өөрчлөгч нь урьд өмнө төдийлөн сонсогдож байгаагүй DeepSeek хэмээх Хятадын стартап.Тэдний хамгийн сүүлийн үеийн R1 загвар өнгөрөгч долоо хоногт Цахиурын хөндийг доргиож, томоохон компаниудын хувьцааны ханшид мэдэгдэхүйц нөлөөлсөн юм. OpenAI, Anthropic, Google зэрэг технологийн аваргуудтай харьцуулахад DeepSeek нь салбарын тэргүүлэх загваруудын нэгийг маш бага зардлаар бүтээж, зах зээлд үнэ төлбөргүй нэвтрүүлээд байна.

OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман уг загварыг "гайхалтай" хэмээн онцолсон бол Цахиурын хөндийн хөндийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудын нэг болох Andreessen Horowitz-ийн Үүсгэн байгуулагч Марк Андриссен “Спутник хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн агшинтай дүйх үйл явдал” хэмээсэн юм. 

Тэгвэл шинээр мэндэлсэн, дуулиан шуугиант “R1” загварыг ChatGPT 4.0-тэй харьцуулсан туршлагаа энэ нийтлэлээр хүргэж байна. 

1. маргаантай сэдвийг тодруулахад 

Юун түрүүнд ойрын хугацаанд манай улсад хамгийн их хэлэлцүүлэг өрнүүлж буй сэдвийн талаар асуулаа. "Өвөл хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар хүмүүс ямар байр суурьтай байгаа вэ? Бас чи өөрийнхөө байр суурийг илэрхийлээрэй" хэмээн монгол, англиар асууж үзэв.

ChatPGT: Уралдааныг дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа хоёр талын байр суурийг товч, тодорхой илэрхийлсэн бөгөөд тус бүрийнх нь эх сурвалжийг дор дор нь холбосон байна. Мөн тухайн сэдэвтэй холбогдуулан Засгийн газраас хамгийн сүүлд ямар шийдвэр гарсан талаар ч мэдээлэл өгч байна.



DeepSeek: "Дэмжсэн" эсвэл "дэмжээгүй" хэмээн хоёр талд хуваахын оронд олон өнцгөөс харгалзан үзжээ. Өвөл, хаврын хурдан морины уралдааныг соёл уламжлал, амьтны эрх, аялал жуулчлал, эдийн засагт оруулах хувь нэмэр талаас хүмүүс хэрхэн үзэж байгааг тодотгохын сацуу цаашид үүсээд байгаа эрсдэл, боломж зэргийг дурдах замаар өөрийн дүгнэлтийг хийсэн байна.



Ялагч: Нийгмийн анхаарлыг татаад байгаа энэхүү ээдрээтэй сэдвийг тойрсон олон өнцгийг ерөнхийлөн тусгаснаараа DeepSeek давуу талтай ч эх сурвалжид үндэслэн өнөөгийн нөхцөл байдлыг товч, тодорхой, ойлгомжтой дүгнэснээрээ ChatGPT энэ удаад илүүрхлээ.

2. цахим шуудан бичүүлэхэд 

Монгол, англи хэлээр ижил нөхцөлтэй цахим шуудан бичих даалгаврыг хоёр загварт өгч шалгалаа.
Даалгаврын хүрээнд:
"Би ирэх долоо хоногийн тав дахь өдөр эгчийнхээ хуримд оролцох тул хичээл орох багшаасаа чөлөө хүсэх цахим шуудан бичих хэрэгтэй байна. Чи надад туслах уу?" гэж асуув.

ChatGPT-ийн хариу:
ChatGPT нь багшаасаа чөлөө авах тухай цахим шууданг албаны, тодорхой, шууд утгатай байдлаар боловсруулсан. Түүнчлэн, хэрэглэгч өөрчлөлт оруулах шаардлагатай бол мэдэгдэж болохыг санал болгожээ.



DeepSeek: ChatGPT-тэй харьцуулахад илүү дотночлон хандсан, эелдгээр учирласан өнгө аястай байна. Мөн нэмэлтээр анги, бүлгээ бичихийг сануулснаас гадна өгөгдсөн загварын огноог өөрчлөх, найрсаг байхыг сануулсан нь сайхан санагдав.



Ялагч: Хоёр хиймэл оюун хоёул чанартай цахим шуудан боловсруулсан ч өнгө аяс, хянуур байдлыг харгалзан DeepSeek-ийг ялагчаар тодрууллаа.

3. шийдэл хайхад 

Бидний толгойны өвчин болсон агаарын бохирдлын асуудлыг шийдэх ямар гарц гаргалгаа байгааг тус бүрээс нь тодруулж үзлээ.

ChatGPT: Нийт 5 ерөнхий арга хэмжээг санал болгосон бөгөөд тэдгээр нь хэрэгжүүлж болохуйц "бодитой" арга хэмжээ байв. Эрчим хүч, дулаалга, нийтийн тээвэр, ногоон байгууламж, хот төлөвлөлт зэрэг чухал сэдвийг хөндсөн байна.



DeepSeek: Улаанбаатарын утааг бууруулахад 10 шийдэл танилцуулсан бөгөөд ChatGPT-ээс ялгаатай нь хог хаягдлын менежмент сэдвийг хөнджээ. Ингэхдээ хог хаягдлын нэгдсэн системгүйгээс үүдэн хог шатаадаг талаар дурдсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын шалтгааныг нилээн “ухаж төнхсөн” болох нь харагдаж байна. Цаашлаад эдгээрийг хэрэгжүүлэхэд ямар сорилт тулгарч болох, юуг анхааран үзэх шаардлагатайг ч тусгажээ.



Ялагч: Улаанбаатарын утааг бууруулахад аль аль нь тодорхой шийдэл санал болгосон ч DeepSeek илүү өргөн зургаар харж, тодорхой зааварчилсан нь энэ хэсэгт илүүлрхэх үндэслэл боллоо.

4. шүлэг бичүүлэхэд 

Хоёр хиймэл оюуны монгол хэлний мэдлэгийг сорихын тулд "Би валентинаар хайртай хүндээ сэтгэлээ илчилнэ. Тиймээс анхны харцаар хэн нэгэнд дурлахад ямар мэдрэмж төрдөг талаар найман шад шүлэг зохиож өгнө үү" хэмээн асуулаа.

ChatGPT: Хэн нэгэн надад яг ийм шүлэг зохиож өгвөл “уярч мэдэхээр” сайн бичжээ. Толгой холболт, үгийн сонголт, шүлгийн хэмнэлээс гадна дамжуулах гэсэн санааг яг таг биелүүлсэн нь гайхалтай! Монгол хэлний бүтэц, шүлгийн нийтлэг тогтолцоог сайн “сурсан” нь эндээс харагдаж байна.



DeepSeek: Монгол хэлний түвшин нь ChatGPT-тэй харьцуулахад “балчир” байлаа. Өгсөн хариултад нь хэл зүй, найруулгын алдаа харагдаж байв. Тухайлбал шүлэгт “Анхны харцны гэнэтийн өртөө”, “чиний амьсгал минь амьдрал болсоор” гэжээ. Мөн "шад" гэдэг үгийг ойлголгүй найман "бадаг" шүлэг бичсэн байна.



Ялагч: ChatGPT үнэмлэхүй яллаа!

5. бичвэрийн гол санааг ойлгоход 

Заримдаа хэт урт, нуршсан бичвэрийг хараад "гол санааг нь л ойлгочих юм сан" гэж бодогдох үе бий. Энэ ажлыг хиймэл оюунаар гүйцэтгүүлж туршлаа. Ингэхдээ нэгэн судалгааны ажлын судлагдсан байдлын тоймоос оруулахад,

ChatGPT: Тухайн бичвэрийн гол агуулгыг маш сайн нэгтгэн дүгнэж, ойлгомжтой, оновчтой найруулан бичсэн байна.



DeepSeek: Мөн бичвэрийн голлох агуулгыг тодорхойлж, ерөнхийдөө юуны тухай болохыг нь нэгтгэн дүгнэсэн нь ChatGPT-ийн хариулттай ижил байна.



Ялагч: Хэдийгээр хоёр бичвэр хоёул сайн болсон ч найруулгын тал дээр ChatGPT илүү сайн 3ажилласан тул энэ хэсэгт тэргүүллээ!

дүгнэлт 

Нийт 5 төрлийн даалгавар өгч шалгахад ChatGPT 4.0 гурван төрөлд илүүрхсэнээр ялалт байгуулав. ChatGPT асуултад товч, тодорхой, ойлгомжтой хариулахын сацуу эх сурвалжаа дурдан, тэнцвэртэй мэдээлж байсан бол DeepSeek илүү дэлгэрэнгүй, заримдаа нуршуу гэмээр хариулт өгч байсан. Гэсэн ч эелдэг, найрсаг хандан, хэрэглэгчдээ санаа тавьж байсан нь "дотно" мэдрэмж төрүүлэв.

Монгол хэлний хувьд аль аль нь хэл зүйн алдаа гаргасан ч ChatGPT хавь илүү "монгол хэлтэй" болох нь бичсэн шүлгээс нь харагдлаа.

DeepSeek-ийн хувьд асуулт асуугаад хариултаа авахад нэлээд удаж байсан бөгөөд ар араас нь асуулт асууж буй тохиолдолд заримдаа “Сервер чөлөөгүй байна. Дахин оролдоно уу” гэсэн нь ашиглахад хүндрэл учруулж байв. Мөн ChatGPT-тэй харьцуулахад хариулт боловсруулахдаа илүү хугацаа зарцуулж байсныг дурдах нь зүйтэй.



(Хэрэглэгчийн туршлага, харагдах байдал талаасаа DeepSeek нь ChatGPT-тэй ижил тул тусгайлан үнэлээгүй болно.)