Юм бүхэн нь хиймэл оюун ухаантай болж, ажилладагаасаа ажилдаггүй нь олон платформ, аппууд нээлтээ хийсэн цаг саяхан. Нэг үеэ бодоход хиймэл оюун ухааны энэ давалгаа харьцангуй намжиж “ус тос нь” ялгарчээ. Энэ дундаас Google (Bard, Gemini), OpenAI (GPT, DALL-E, Sora), Microsoft (Azure AI, Copilot) тэргүүтэй технологийн аваргууд энэ салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус бүрдээ технологийн энэ салхийг ашиглаж хурдаа нэмэх төлөвлөгөөгөө боловсруулав.
Салбар бүрд хийгдэж буй хиймэл оюун ухааны хөгжүүлэлтүүдээс бидний хувьд хамгийн танил нь OpenAI-ийн GPT моделиуд. Тэдний хүн мэт харилцан яриа өрнүүлдэг ChatGPT болон өгсөн хүсэлтийн дагуу зураг бүтээдэг DALL-E модель зөвхөн технологийн хорхойтнууд бус бүр бүх нийтийн анхаарлын төвд байв. Харин өнгөрсөн долоо хоногт тэд нүүдлээ ахиулж, өгсөн хүсэлтийн дагуу дүрс бичлэг бүтээдэг Sora моделио танилцуулсан нь контентын зах зээлээс эхлээд Холливүүдийн санааг ч зовоож дөнгөөд байна. Энэ тухай бид Sora олон нийтэд нээлттэй болмогц дэлгэрэнгүй нийтлэл оруулахаа амлая.

Харин энэ нийтлэлээр GPT моделиудыг ашиглах “нэг цонх” гэж хэлж болох ChatGPT чатботын төлбөртэй хувилбар болох ChatGPT Plus-ийг яагаад худалдан авах ёстойг тайлбарлая. Үнэгүй ашиглаж болох ChatGPT-д яагаад сарын 20 ам.доллар буюу 70 мянга орчим төгрөг төлөх ёстой гэж? Ач холбогдол, үнэ цэн нь юу гэж? Зураг бүтээх, хайлт хийх, санаа авах, и-мэйл бичүүлэхээс илүү гарах ид шид нь юу вэ?
Хиймэл оюун ухаантай, үнэ төлбөргүй чатботууд олширсон энэ үед төлбөртэй ChatGPT-д бусдад байхгүй хоёр том давуу тал бий.
1/ Илүү ухаалаг
Үнэ төлбөргүй ChatGPT-ийн тархи нь GPT-3.5 модельтой бол төлбөртэй ChatGPT Plus-ийн тархийг GPT-3.5 болон GPT-4 моделоос сонгон ашиглаж болно. Товчхондоо, төлбөр төлснөөр харилцаж болох GPT-4 модель GPT-3.5 моделиос хавьгүй их мэдлэгтэйгээс гадна мэдээлэл ойлгох, боловсруулах чадвар нь мэдэгдэхүйц өндөр байдаг. Хоёр моделийн онцлох үзүүлэлтүүдийг харьцуулбал:

GPT-4 хайдаг: GPT-4 модель зөвхөн урьдчилж сургасан мэдээллээс гадна Bing хайлтын системтэй хоршин, интернэтээс хайлт хийж чаддаг гэсэн үг. Иймээс GPT-4 моделийн мэдлэг хязгааргүй гэж хэлж болно.
Жишээ: ChatGPT-ээс “Өнөөдрийн байдлаар Монголыг дурдсан хамгийн трэндлэг мэдээ юу вэ?” гэж асуухад GPT-3.5 хариулж чадахгүй байхад GPT-4 өнгөрсөн сард болсон хийн дэлбэрэлтийн тухай хураангуйг илгээж байна. Хэдийгээр уг мэдээ нь сарын өмнөх мэдээ ч GPT-4 илүү ухаалаг гэдгийг баталж буй. Энэхүү нийтлэлд дурдагдсан зарим мэдээллийг ч GPT-4-өөс асуусан.

Google хайлт зөвхөн юу бичсэн агуулгын дагуу л хайдаг. Харин GPT-4 хайгаад зогсохгүй боловсруулж чадах учир хувийн туслахтай боллоо л гэсэн үг.
GPT-4 хардаг: GPT-4 модель хэрэглэгчийн өгсөн текстээс гадна оруулсан зургийг боловсруулж чаддаг. Вебийн хар зургийг ашиглан тухайн вебийг бүтээх суурь кодоос эхлээд хөргөгчин дэх хүнсний зургаа оруулахад л байгаа орцоор хийж болох боломжит хоолны жорыг илгээнэ гээд бод доо.
Жишээ: Монгол Улсын хүн амын тооллогын дүнг харуулсан графикийг илгээхэд GPT-4 ойлгож чаддаг. Ойлгож чадаж буй учир уг графиктай холбоотой асуулт асуух, төрөл бүрийн боловсруулалт хийх ажлыг ч хийж чадна.

Ажил эсвэл хичээлийн хүрээнд томоохон графиктай ажиллах, тэдгээрийн мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх тохиолдол цөөнгүй гардаг. Тийм тохиолдолд GPT-4 ашиг тусаа гарцаагүй хүргэнэ гээд л ойлгочих.
2/ Илүү боломжтой
Энэ оны эхээр OpenAI-ийн нээсэн нэгэн том функц бол хиймэл оюун ухаант моделиудын нэгдсэн “дэлгүүр” болох GPT Store. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгчид GPT-4 модель дээр нэмээд өөрсдийн мэдээлэл, датаг оруулж өөрийн гэсэн GPT-г (Custom GPTs) хөгжүүлж, түүнийгээ бусадтай хуваалцах боломжтой болсон гэсэн үг. Яг л Apple бүх хөгжүүлэгчдэд iPhone утаснуудад зориулсан апп хөгжүүлж, тэдгээрийгээ App Store-д байршуулах боломж олгон, ухаалаг утасны хэрэглээг тэр чигт нь өөрчилсөн шиг аугаа дэвшилтэй харьцуулж болом.
Ингэснээр төрөл бүрийн нарийвчилсан чадвартай, тэр чадвараараа ерөнхий GPT-4 моделийг давж чадах хиймэл оюун ухаанууд үүсэх боломжтой болсон юм. Мэдээж өөрийн гэсэн GPT бүтээх, түүнийгээ дэлгүүрт байршуулах, орлого олох, бусдын бүтээсэн Custom GPT-ийг ашиглахын тулд ChatGPT Plus хэрэглэгч байх ёстой.

YouTube бичлэг хураангуйлах, их сургуулийн эсээ бичиж өгөх зэргээс эхлээд олон мянган Custom GPT бий. Түүнээс гадна veed.io, Canva зэрэг бүтээлч салбарын шилдэг платформууд GPT-тэй хоршиж ажиллах болсон. Хамгийн шилдэг Custom GPT моделиудын талаарх нийтлэлийг тун удахгүй хуваалцах болно. Гэхдээ Custom GPT ашиглахаас гадна өөрөө бүтээж болно гэдэг нь асар том давуу тал.

Жишээ: Манай редакц технологийн нийтлэл хайдаг, хураангуйлдаг, монгол хэл рүү хөрвүүлдэг, таарах нүүр зураг бүтээдэг Worm AI нэртэй хиймэл оюун ухаант нийтлэлчийг хөгжүүлж буй.
Уг GPT нийтлэлчтэй адил зарчмаар ажиллах бөгөөд ухаалаг GPT-4, зураг бүтээх DALL-E моделиудаас гадна одоогоор манай редакцын зүгээс тусгайлан нэмсэн Англи-Монгол орчуулга болон монгол хэлний найруулгын дүрэм, Unread-ийн Бүтээлч багийн нийтлэлийн нүүр зураг бүтээх суурь зарчмуудыг сураад байна.

Үүний адилаар хувь хүн, албан байгууллагууд хэрэгцээ, шаардлагадаа нийцсэн GPT бүтээх, түүнийгээ өөрсдийн мэдээллээр сургах, цаашлаад үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэн, бүтээмжээ нэмэх бүрэн боломжтой. Зөвөөр ашиглаж чадвал сард төлөх 20 ам.доллароо шууд болон шууд бус байдлаар хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин эргүүлэн авч ч чадна.
ДҮГНЭЛТ
Хиймэл оюун ухаан хөөс биш байсан гэдэг нь нэгэнт батлагдсан энэ цаг үед та бидний хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол үүнийг ашиглахад суралцах явдал юм. Таны хийдэг ажил, танай байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран ChatGPT-г ашиглаж, үнэ цэнийг нь бодитоор амсах орон зай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэтгэгдэл бичих (3)


m m tuguldur 202.70.34.34
За энэ гэхдээ аж үйлдвэрийн 4р хувьсгал буюу Industry 4.0 ээ гэж. Хэдхэн жилийн дараа энэ байтугай шинэ иновацилаг зүйлс гарна гэж бодохоор л, дахиад 30 жил илүү амьдарчих юмсан над шиг 50 гарсан хүмүүс Монгол улсад удаан амьдрах баталгаа алга даа. Бид энд утаатайгаа зууралдаж байхад тэнд ЧАТЖПТ, Элон Маскын ропотууд... ГАЙХАЛТАЙ
e e. khishigsaikhan 202.70.34.34
dandaa ingej hudlaa shaahaa bolimoor ymaa joohon barimt notolgootoi batalgaatai shaamaar baina shu anduudaa. ydahdaa nom zuigee oruulldaa, iim ym hiij bsnas hiigegui n deer shu
Б Батжаргал 202.126.90.167
chatGPT тухай урьд сонсож орж юм асууж үзсэн. Харин одоо ажилдаа ашиглах талаар заавар зөвлөгөө авмаар байна. Ингэх боломжтой юү. 99050496 Фб хаяг : Oidovsambuu Batjargal