Common Sense Media-ийн тайланд дурдсанаар ухаалаг утас ашиглаж буй 8-12 насны хүүхдүүд өдөрт 5.5 цаг, 13-18 насны өсвөр насныхан өдөрт 8.5 цагийг YouTube, TikTok, видео тоглоомд зарцуулж байгаа аж. Хэдий энэ төрлийн төхөөрөмж олон сөрөг талтайг эцэг эхчүүд мэдэж байгаа ч ор тас хорихоос илүүтэй хэрхэн ухаалгаар ашиглаж, боловсролдоо хөрөнгө оруулах, харилцаа холбоог амарчлах зэргээр ашиглахад хүүхдээ сургах хэрэгтэй мэт.

Бидний шинэхэн нийтлэл ч яг л энэ сэдэвтэй холбогдож буй. Тодруулбал, ухаалаг утас дөнгөж ашиглаж эхэлж буй хүүхдүүдийнхээ утсанд ямар апп суулгахаа мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд туслах зорилготой. Нийтлэлээ зөвхөн эцэг эхийн үүднээс харахгүйн үүднээс доорх таван аппыг би есөн настай охиныхоо хамт хагас сарын турш туршиж үзсэн гэдгээрээ онцлог юм шүү.

1. duolingo 

Төрөл: Гадаад хэл

Дөрвөн настай хүүхэд 10 гаруй хэлийг унаган хэл шигээ сурах боломжтой гэдгийг олон судалгаагаар нотолсон байдгийг та мэдэх үү? Хэрвээ та хүүхдээ тусгайлан хэлний дамжаанд явуулах цаг зав, санхүүгийн нөөц хомсхон байгаа бол яг одоо Duolingo-г утсанд нь суулгаарай.

Хагас тэрбум хэрэглэгчтэй Duolingo хэзээд хэрэглэхэд амар байдал, сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг. Цуглуулсан оноогоор найзуудтайгаа өрсөлдөж, "амь"-аа алдахгүйн тулд шамдан суралцах шаардлагатай гээд яг л тоглоом тоглож буй мэт өрсөлдөөнтэй мэдрэмжийг хүүхдэд төрүүлдэгээрээ онцлог. Охин бид хоёрын хувьд Duolingo дээр нэг нь Солонгос хэл, нөгөөх нь Япон хэл үзэж эхлээд 56 хоног дээр явж байна.

Хамгийн том давуу тал нь манай охины хувьд англи хэл дээр япон хэл сурч байгаа тул хоёр хэлээр хамтад нь харилцан яриа, шинэ үгсийг сурч байгаа юм. Бага насны хүүхдийн цээжлэх чадвар маш сайн тул таны төсөөлснөөс ч хурдан хугацаанд хирагана, катагана үсэг, англи үгсийг хамтад нь цээжилж чадна .

Нөгөөтээгүүр гэр бүлээрээ Duolingo-д бүртгүүлчихвэл ээж, аавтайгаа чанартай цагийг өнгөрүүлэнгээ хүүхэд давхар хэлээ сайжруулах боломжтой юм шүү. Тиймээс “Би ч шинэ хэл сурна гэж юу байхав” хэмээн бүү хойш суугаарай.

Апп: Android | iOS

2. ard kids


Төрөл: Мөнгөн шилжүүлэг, санхүүгийн үйлчилгээ

"Ард Кидс"-ийн давуу талуудаас дурдахад эцэг эх хүүхдийнхээ ямар хугацаанд, хэдий хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг тогтоож өгч болох бөгөөд уг тохиргоог хүссэн үедээ өөрчилж болно. "Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр, жил бүр" зэрэг сонголтуудаас хүүхдэдээ өдөр бүр 5000 төгрөг эсвэл долоо хоногт 20 мянган төгрөг гэх мэтээр өөрийн санхүүд тохируулан зарцуулах мөнгийг нь төлөвлөж өгөх боломжтой.

Хүүхдийн хувьд гүйлгээ хийхэд Qr код хамгийн хялбар сонголт тул дэлгүүрт ороод аппаа ашиглан, QR код уншуулаад л худалдан авалт хийж болох нь таалагдсан шүү. Түүгээр үл барам хүүхэд аав ээжээсээ аппаараа дамжуулан мөнгө хүсэж болох юм байна лээ. Юунд зориулж хэдэн төгрөг зарцуулахаа бичээд хүсэлтээ явуулахад аав ээж нь зөвшөөрөх эсвэл татгалзах эсэхээ шийднэ. Мэдээж бүх гүйлгээг нь хянах боломжтой тул хүүхдээ хаана, хэдэн төгрөг зарцуулж явна гэж санаа зовох хэрэггүй.

Сонирхуулахад, хүүхдийн баярыг угтан шинээр "Ард Кидс"-ийн бүртгэл үүсгэж байгаа хүүхэд бүхэнд Ардын зүгээс 1000 ширхэг ард койн, 3 ширхэг Ард Санхүүгийн Нэгдэлийн (ADT) хувьцаа ширхэг хувьцаа бэлэглэж буй аж.

Апп: Android | iOS

3. google family link 


Төрөл: Дэлгэцийн хэрэглээ, байршил хянах

Google Family Link нь 13-аас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан апп. Эцэг эх нь iPhone ашигладаг ч Android утастай хүүхдүүдэд хамгийн тохиромжтой. Google-ийн зүгээс 13-аас дээш насны хүүхдүүдэд өөрийн бүртгэлээ үүсгэх, Google Family Link-ээс татгалзах сонголтыг олгодог тул бага насны хүүхдэд илүү тохиромжтой хэмээн тодотгох нь зүй.

Хамгийн том давуу тал нь бүхэлдээ үнэгүй. Мэдээж энэ төрлийн бусад апптай адил хүүхдийнхээ ухаалаг утсанд зарцуулж буй хугацааг хянах, хязгаарлах сонголт бий. Түүнчлэн Google-ийн толгой компани Alphabet-ийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа YouTube, YouTube Music-ийн автоматаар видео тоглуулах цэсийг идэвхгүй болгох, видеоны агуулгыг хүүхдийн насанд тохируулан өөрчлөх, YouTube дээр үзсэн, хайсан контентын мэдээллийг хүлээн авч болно.

Downtime цагийг хүссэнээрээ тохируулах нь бас нэгэн давуу тал. Үүнийг идэвхжүүлснээр та хүүхдээ шөнөжингөө тоглоом тоглож, найзуудтайгаа чаталж байх вий хэмээн санаа зовох шаардлагагүй болно. Мөн хүүхдийнхээ утсыг аппын нүүр хэсгээс яаралтай дуудлага хийхээс бусдаар ашиглах боломжгүй болгон цоожлох цэс бий.

Хүүхдийнхээ байршлыг та Google map-ээс шууд харах боломжтой төдийгүй гэр, сургууль, дугуйлан зэрэг байнга зорчдог байршлын мэдээллийг оруулж, тухайн байршлаас гарч, орох болгонд утсанд тань сонордуулга ирнэ.

Апп: iOS | Android

4. prodigy 

Төрөл: Математик

Математикийн даалгавраа хийе гэхээр л гэдэс нь өлсөж, нойр нь хүрдэг бяцхан сурагч танайд бий юу? Арифметикийн энгийн ойлголтыг Roblox, Minecraft-ийн эрин үеийн багачуудад хэрхэн ойлгуулах уу мэдэхгүй толгойгоо маажиж байвал энэхүү тоглоомыг гэр бүлээрээ туршаад үзэхийг зөвлөж байна.

Хүүхдийн сурах хурдад тохируулан бүтээгдсэн Prodigy the Game нь математикийн хичээлийг уйтгартай хичээл гэхээсээ илүү сэтгэл хөдөлгөм аялал болгож хувиргадаг бөгөөд ур чадварт суурилсан математикийн сургалтын платформ юм. Хөгжилтэй, сонирхолтой дүрслэл, адал явдалт өгүүллэгүүдийг нэмснээр энэ тоглоом нь хүүхдийн анхаарлыг татахын зэрэгцээ математикийн чухал ур чадварыг эзэмшүүлэхэд тусалдаг.

Хэрэглэгчийн зүгээс энэхүү аппын хамгийн таалагдсан хэсэг нь хүүхдийн чадаж байгаа даалгаврыг олон дахин хийлгэж уйдаахгүйгээр, түвшин дээшлэх болгонд шинэ бодлогыг санал болгодог. Тиймээс хүүхэд нэг мэдэх нь ээ, сорилт болгоны ард гарах гэж хичээсээр түүртэх зүйлгүй олон шинэ мэдлэгийг эзэмшсэн байх болно.

Апп: iOS | Android

 5. KHAN ACADEMY KIDS


Төрөл: Математик, Логик, Унших бичих

Khan Academy бол ашгийн бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг онлайн хичээлийн хамгийн платформ. Математик, шинжлэх ухаан ба инженеринг, програм, санхүү, англи хэл зэрэг ерөнхий сэдвийн дагуу ЕБС-ын бүх түвшний хүүхдүүдэд зориулсан хичээлүүд энд байдаг тул сурагчдад зөвлөх топ платформуудын нэг. Дээр нь нэмээд бүх хичээлүүд нь үнэгүй байдаг нь Khan Academy-ийн хамгийн том давуу тал . Харин энэ удаад би охинтойгоо цуг Khan Academy-ийн дүү болох Khan Academy Kids аппыг туршиж үзсэн билээ.

Энэхүү апп нь 2-8 насны хүүхдүүдэд (СӨБ-ын бага бүлгээс ЕБС-ын хоёрдугаар анги хүртэл түвшинтэй) зориулагдсан бөгөөд математик, унших бичих, логик гэсэн үндсэн хичээлүүдтэй. Мөн хичээлүүдтэй холбогдох видеонууд, англи хэлний түвшин бүрд зориулагдсан онлайн номын сан ч бий.

Мэдээж үндсэн Khan Academy-тай адил бүх хичээлүүд нь үнэ төлбөргүй бөгөөд ямар нэгэн сурталчилгаа хичээлүүдийн дундуур гарахгүй гэдгээрээ давуу талтайг дурдая. Зорилтот бүлэг нь цэцэрлэгийн нас, бага ангийнхан тул ерөнхий UX/UI нь хүүхэд өөрөө ашиглахад ямар ч асуудалгүй, тун ойлгомжтой.

14 хоногийн хугацаанд тус аппыг туршихад охин маань нэмэх, хасах, үржих, хуваахаас эхлээд математикийн олон нэршлийг тоглоом хэлбэрээр загварчлагдсан энгийн даалгавруудыг гүйцэтгэхдээ нэг мэдэхнээ сурчихсан байсан. Мөн онлайн номын сан доторх номуудын сонголт маш арвин. Ном бүхнийг хүүхэд өөрөө унших, мэргэжлийн хүнтэй хамт унших сонголтууд бий. Анхнаасаа зөв дуудлагатай хүнээр ном уншуулах нь дуудлагийг зөв хэвшүүлэхэд тун дэмтэй мэт санагдсныг мөн онцолъё.

Апп: Android | iOS