Ажлын талбарт давшиж яваа залуу мэргэжилтнүүд үр бүтээмжтэй ажиллахад нь төвлөрөх, тунгаах, хэмнэх зайлшгүй хэрэгцээ тулгарч буй. Ажлын орчинд, ялангуяа интернэт ертөнцөд бүтээмжээ нэмэхэд тань туслах Google Chrome хөтөчдөө заавал суулгах хэрэгтэй 10 Extension буюу нэмэлтийг танилцуулъя.


СУРТАЛЧИЛГАА ХЯЗГААРЛАГЧ: UBLOCK ORIGIN

Интернэтээс хайлт хийх эсвэл бичлэг үзэхэд энд тэнд зар сурталчилгаа, ёс бус агуулагтай зургууд гарч ирэх нь төвөгтэй. Харин uBlock Origin-ийг ашигласнаар зар сурталчилгааг хязгаарлахаас гадна хайлтын хувийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж, олон төрлийн вирусээс сэргийлнэ. Уг нэмэлтийг ашиглахад үнэ төлбөргүй бөгөөд Chrome, Microsoft Edge, Opera, Firefox зэрэг өргөн хэрэглээний хөтчүүдэд ашиглах боломжтой.

Суулгах



ХЯМД ҮНЭ МЭДЭЭЛЭГЧ: HONEY

Цаг заваа хэмнэж цахим дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн захиалан сагсандаа хиймэгц, төлбөр төлөхөөс урьтаж хамгийн боломжит хямд үнийг Honey санал болгодог. Өдгөө 17 сая гаруй хэрэглэгчтэй энэхүү нэмэлтийг ашигласнаар жилд дунджаар 126 ам.долларыг хэмнэх боломжтой гэнэ. Түүнчлэн таалагдсан бараагаа дараа авахаар хадгалаад хямдралын мэдээллийг цахим шуудандаа хүлээн авч болно. Компьютерийн интернэт хөтчөөс гадна ухаалаг утсанд зориулсан апп ч бий. Мөн сайтаар нь зочлон урамшууллын купон, бэлэн мөнгө буцаан авах санал, хямдралуудтай танилцаарай.

Суулгах



БИЧГИЙН ТУСЛАГЧ: COMPOSE AI

Судалгаагаар 100 мянган ам.доллароос дээш орлоготой хүмүүс ажлын өдрүүдийн 87 хувийг зөвхөн бичихэд зарцуулдаг гэжээ. Compose AI бол таны бичих цагийг 40 хувь багасгах хувийн, үнэгүй туслах юм. Интернэт хайлтад зориулсан санаа гаргах, ажлын байрны тодорхойлолт, зар сурталчилгаа, маркетингийн сонирхолтой материалууд бэлдэхээс эхлээд ямар ч сэдэв агуулгаар зохиомжлон бичиж чадна. Хүсвэл цахим шуудандаа хэрхэн хариулахаа ч даатгаж болно. Гол онцлог нь хэрэглэгчийн бичгийн өнгө аясыг дуурайн тохирсон үг хэллэг, найруулгыг ашиглан бичих давуу талтай.

Суулгах



Интернэт орлогч: Google Docs Offline

Олон төрлийн баримт бичиг үүсгэж, бусадтай хуваалцаж болдог Google Docs олон залуу мэргэжилтний өдөр тутмын туслах болж чаддаг. Тус платформыг илүү хүртээмжтэй хэрэглэе гэвэл Google Docs Offline нэмэлтийг суулган интернэтгүй үедээ ч гэсэн хөтөч дээрээ Docs, Slides, Sheets-ийг ашиглаарай. Эдгээр файлууд дээр интернэтгүй үед хийсэн засвар өөрчлөлтүүд хадгалагдаж, интернэтэд холбогдох үед эргэн үргэлжлүүлэн ажиллаж болно.

Суулгах



Хуудас зохицуулагч: Tab Wrangler

Google Chrome дээр олон цонх нээх нь компьютерийн шуурхай санах ойг ачааллуулж, гацаадаг. Уг асуудлыг шийдэх Tab Wrangler нь тодорхой хугацааны давтамжтайгаар идэвхгүй цонхнуудыг автоматаар хаана. Түүнчлэн хамгийн сүүлд нээсэн 100 цонхыг санах ба тэдгээрийг хүссэн үедээ нээж, устгаж болно.

Суулгах



Нууц үг санагч: 1Password

Цахим ертөнцийн хамгийн чухал зүйл бол найдвартай нууц үг. 1Password нь шинээр үүсгэж буй нууц үг сул эсвэл давхардсан эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд шинийг санал болгодог. Энэ төрлийн үнэ төлбөргүй нэмэлтүүд байдагч шилдэг нь болох 1Password сарын 2.99 долларын үнэтэй. Хэрэв хүсвэл 14 хоног үнэгүй туршиж болно.

Суулгах



зураг хуулагч: Screenshot YouTube

YouTube-ээс бичлэг үзэх үед хадгалж авмаар, дараа нь ашиглахаар дүрс, зураг бишгүй харагддаг. Тэгвэл компьютерийн дэлгэцээ бүхэлд нь бус яг л авахыг хүссэн агшнаа тохирсон хэмжээгээр цэвэрхэн скрийншот хийх уг нэмэлт таны ажлыг гарцаагүй хөнгөвчилнө.

Суулгах



Хуудас хадгалагч: Pocket

BuzzFeed-ийн мэдээ, The New York Times-ийн нийтлэл, Pinterest-ээс харсан жороо мартахгүйн тулд Pocket-д хадгалуулаарай. Хадгалсан контент, хэрэгтэй вэб сайтдаа интернэтгүй үед ч зочилж болохоос гадна элдэв сурталчилгаагүй үзэж болдог. Мөн өөрийн хадгалсан түүхээ бусад суваг руу хялбар хуваалцахын зэрэгцээ Pocket дээрх өөр олон мянган хэрэглэгчийн хадгалж, тэмдэглэсэн сонирхолтой контентуудтай танилцах боломжтой.

Суулгах



Бүтээмж нэмэгч: StayFocused

Ажил эхлэхэд өнөөдрийг ч эрч хүчтэй өнгөрүүлнэ дээ гэж компьютерийн ард суудаг ч цахим шуудангаа шалгаж, фэйсбүүк статусаа шинэчилж, инстаграм, X гүйлгэсээр хоолны цагтай золгодог нь нууц биш. StayFocus нь цагаа үрдэг вэб сайтуудыг хязгаарлаж, ажилдаа төвлөрөн, үр бүтээмжтэй ажиллахад туслах нэмэлт юм. Өөрийн зочилдог вэб сайтуудын зөвшөөрөгдөх цагаа тааруулж, бүр хүсвэл зураг, бичлэгийг ч хязгаарлаж болдог давуу талтай.

Суулгах



Шуудангийн тагнуулч: Mail Track

Энэхүү нэмэлт нь илгээсэн цахим шууданг хэзээ хүлээн авсан эсэх, хэдэн удаа уншиж танилцсаныг болон давтан шалгаж уншсан эсэхийг ч мэдэгддэг. Мөн эдгээр мэдээллийг цахим шуудангаараа бүлэглэн авах боломжтой учраас хувь хувьсгалын хэрэгцээнд тус болох нь гарцаагүй.

Суулгах


Уншигч та ч мөн өөрийн ашигладаг бүтээмж нэмэгдүүлэх нэмэлтүүдээ хуваалцаарай.