Дэлхий дээр нийт 20 гаруй мянган төрлийн криптовалют бий болжээ. Дижитал хөрөнгийн зах зээл тэлэхийн хэрээр криптовалютын төрлүүдээс гадна крипто биржүүдийг ойлгох, судлах хэрэгцээ нэмэгдэж байна. Тиймээс бид ээлжит нийтлэлээрээ крипто биржийн тухай ерөнхий ойлголт болон дэлхийн 499 крипто биржийн мэдээллийг нэгтгэсэн "CoinMarketCap" вэбсайтын талаарх таны мэдвэл зохих баримтуудыг бэлтгэн хүргэлээ. 


крипто бирж гэж юу вэ?

Крипто бирж гэдэг нь хөрөнгө оруулагчид болон арилжаачдад валют ашиглан криптовалютыг худалдан авах, зарах боломжийг бий болгож буй зуучлагч байгууллага юм. Дэлхий даяар одоогийн байдлаар нийт 600 гаруй криптовалютын бирж үйл ажиллагаа явуулж буй. Түүнчлэн 2021 оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд 1.7 тэрбум интернет хэрэглэгчид крипто биржүүдийн вебсайтаар зочилсон гэх судалгаа гаржээ. Зөвхөн дээрх судалгаанаас крипто бирж, криптовалютын талаарх мэдээллийн эрэлт хэрэгцээ хэр их байгааг харж болох.

Дээрх 600 гаруй биржээс шилж сонгоход хялбар болгохын тулд "Forbes" сэтгүүл "60 шилдэг крипто бирж"-ийг онцолжээ. Жагсаалтын эхний гуравт "Coinbase", "Kraken", "Robinhood" гэх биржүүд бичигдсэн байна. Харин бидний сайн мэдэх "Binance" крипто бирж зургаадугаарт жагссан аж.

Манай улсын хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр 12 крипто бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд "Coinhub", "Trade", "CompleX", "DAX" гэх зэрэг биржүүд багтах юм. Зах зээлийн хувьд Монгол Улсын хэмжээнд хоёр тэрбум төгрөг энэхүү салбарт эргэлдэж байна гэсэн тооцоо гаржээ. Дээрх дотоодын крипто биржүүд нь өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд "Coinhub"-ийн хувьд 30 сая ам.долларын даатгалын баталгаатай гэдгээрээ бусад биржүүдээс ялгагдах онцлогтой.



дэлхийн 495 крипто биржийн мэдээлэл нэг дор

"CoinMarketCap"(CMC) нь дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй крипто хөрөнгийн зах зээл дээрх криптовалютын эргэлт, арилжааны түүх болон өдөр тутмын ханшийг хянаж болох баталгаат мэдээллийн эх үүсвэр юм. Өдгөө "CMC"-ийг "CNBC", "Bloomberg" зэрэг томоохон нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй АНУ-ын засгийн газар зэрэг олон төрлийн байгууллагууд өөрсдийн судалгаа, тайлан мэдээллийг боловсруулахад гол дата мэдээлэл цуглуулах эх үүсвэрээ болгон ашигладаг. Тус вэбсайтын үндсэн зорилго нь хөрөнгө оруулах шийдвэр гаргахад хэрэглэгчдэд туслахын зэрэгцээ олон талын нарийвчлалтай, үнэн зөв мэдээллээр хангах замаар крипто зах зээлийг таниулахад чиглэгддэг байна.

2020 оны 4-р сард "Binancе" крипто бирж "CMC"-ийг худалдан авснаар өөрийн толгой байгууллагын нөөц дээр тулгуурлан крипто зах зээл дээрх арилжааны илүү нарийвчлалтай, олон талт мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэх томоохон давуу талыг бий болгожээ. Өнөөдрийн байдлаар тус вэбсайт нийтдээ 499 биржийн 19 мянга орчим криптовалютын мэдээллийг агуулж буй. Түүнчлэн зөвхөн криптовалютын мэдээлэл төдийгүй албан ёсны бүртгэлтэй олон улсын крипто биржүүд, NFT коллекциудын зах зээлийн үнэлгээ, борлуулалтын дүн мэдээ зэрэг харьцуулсан үзүүлэлтүүдийг цаг алдалгүй авах боломжийг олгодгоороо давуу талтай.


"CMC" дээр бүртгэлтэй анхны монгол бирж

Тэгвэл "Coinhub" бирж нь тус вэбсайтад албан ёсоор бүртгүүлсэн анхны монгол крипто бирж болж байгаа аж. 2022 оны дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн "Coinhub" нь Монгол Улсаас анх удаа өөрийн бирж дээрх криптовалютын ханш, арилжааны түүх, зах зээлийн багтаамжийг олон улсад мэдээлж эхлэх юм. Энэхүү үйл явдалтай холбогдуулан "Coinhub"-ийн Олон улс хариуцсан захирал Э.Нинжбадамтай (Nika.E) ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.



“CMC”-д бүртгүүлэхэд хэр өндөр шалгууртай байсан бэ?

- Шалгуурын хувьд тухайн биржийн хөрвөх чадвар, аюулгүй байдал, үйл ажиллагааны чанар, систем, бизнес модел болон хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүн нь ямар үр өгөөжтэй гэх мэтчилэн цаад үндсэн үзүүлэлтүүдийг авч үздэг. Үүнийг бид нар хангаж чадсан учраас шаардлагад нь нийцсэн гэж хэлж болно.

“CMC” дээр гарснаар дотоодын харилцагчдад ямар шинэ боломж нээгдэж байгаа вэ?

- "Coinhub" маань “CMC” дээр бүртгэлтэй дэлхийн 499 биржийн нэг болж байна. Дотоодын токенууд "CMC" дээр мэдээллээ гаргахын тулд заавал "CMC" дээр бүртгэлтэй бирж дээр гарах ёстой байдаг. Анх удаа монгол бирж гарч байгаагийн давуу тал нь дотоодын токенууд манай бирж дээр гарчихсан байхад "CMC" дээр арилжааны хэмжээ, ханшын өөрчлөлт, зах зээлийн үнэлгээ зэрэг мэдээллээ оруулах боломжтой болно гэсэн үг.

“CoinHub”-н дараагийн зогсоолыг хаана гэж харж байгаа вэ?

- Бид Төв Азидаа шилдэг гурван биржийн нэг болох зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд тун удахгүй манай бирж олон улсын харилцагч нарыг бүртгэж эхэлнэ. Үүнд бид олон улсын харилцагчдыг шүүж бүртгэдэг “Onfido” гэх байгууллагатай хамтрахаар ажлаа эхлүүлчихсэн явж байгаа. Олон улсын харилцагчид хэтэвчээ хэрхэн цэнэглэх вэ гэж олон хүмүүс сонирхож байгаа байх. Үүн дээр бид Солонгосын шилдэг дөрвөн "payment gateway" байгууллагуудын нэг болох "KSNET"-тэй хамтарч байна. Ингэснээр дэлхийн хаана ч байгаа хүн Visa болон MasterCard-аараа “CoinHub”-ынхаа хэтэвчийг цэнэглэх боломжтой болох юм. Цаашлаад бид зорилтот зах зээлээ тодорхойлон үйл ажиллагаагаа эхлүүлэх улсуудаа сонгочихсон ажиллаж байна. Дүгнээд хэлбэл олон улсад тэлэх бүх үйл ажиллагаа маань төлөвлөгөөнийхөө дагуу явж байна даа.

Зорилтот зах зээлд нь орж байгаа улсууд зөвхөн Төв Азийн улсууд уу?

- Тийм ээ. Ерөнхийдөө манай баг Монголтой газарзүйн байршил болон соёлын хувьд ойролцоо, криптовалютын зах зээл хурдацтай хөгжиж байгаа, холбогдох хууль журам нь батлагдсан орнуудыг сонгон авсан.

Крипто зах зээлийн харилцагчдын тоо цаашид хэр их өсөх хандлагатай байна вэ?

- Крипто зах зээлийн харилцагчдын тоо 2021 оны долдугаар сарын үед 230 сая байсан бол нэг сарын дотор 33 саяар нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Харин 2022 оны сүүлээр нэг тэрбум харилцагч хүрэх таамаглал гарчихаад байгаа.

Дотоодын бусад биржүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

- Та бүхний сайн мэдэж байгаачлан манайх даатгагдсан бирж. Энэ хүрээнд янз бүрийн гаднын халдлагад өртвөл даатгал маань шууд ажиллаад эхэлнэ гэсэн үг. Хамгийн том онцлог нь манайх Liquidity буюу хөрвөх чадвар сайтай. Крипто биржийн хувьд зарах тал болон авах талын үнийн хооронд зөрүү бага байх тусмаа хөрвөх чадвар сайтай гэж үздэг юм. Манай хөрвөх чадвар дотооддоо хамгийн сайн нь гэж хэлж болно.