Монголын дараагийн үеийн олон шилдэг хөгжүүлэгч, инженерийг танилцуулах талбар болсон мэдээллийн технологийн салбарынхны нэгдэн нягтрах хамгийн том платформ "DevSummit 2022" арга хэмжээ хоёр дахь удаагаа энэ сарын 19-нд амжилттай болж өнгөрлөө. 

"For Developers, By Developers" буюу "Хөгжүүлэгчдээс, Хөгжүүлэгчдэд" хэмээх уриан дор, метаверс буюу виртуал ертөнцийн шинэ эрин үеийг онцолсон энэхүү арга хэмжээнд 1200 гаруй оролцогч нэгэн дээвэр дор цугларч, мэдээллийн технологийн салбарын 60 гаруй илтгэгч, 42 сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл танилцуулж, панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм. 

Нийт 12 цагийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлыг Анридын баг хамт олон гурван сарын хугацаанд хангаж, 40 орчим сайн дурынхныг зохион байгуулалтын ажилд хамруулан, үйл ажиллагааг зохион байгууллаа. Ингээд онцлох зүйлс "дэндүү" олонтой байсан DevSummit-ийн агуулга, уур амьсгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү тоймоороо хүргэе.

Devsummit-аар дахин нэгдэхийн учир

Цэвэр технологийн яриа, хэлэлцүүлэгт төвлөрсөн "tech conference" арга хэмжээг бид Монголд анх удаа 2019 онд зохион байгуулж, технологийн салбарт түүчээлж буй топ компаниуд болон инженерүүд, хөгжүүлэгчид өөрсдийн туршлага, арга барилаа хуваалцаж, салбарын ирээдүйн чиглэл, таамаглалыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр шинэ технологи, эрин үеийг өртөөлж, салбартаа түншлэл, хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудыг эрэлхийлж буй хэн бүхэн хоорондоо танилцаж, нэгдэн нягтрах том орон зайг дүүргэж байлаа.

Энэ ч утгаар мэдээллийн технологийн салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том эвент болсон ч цар тахлын улмаас хоёр жил хойшилсны эцэст энэ сарын 19-нд "Into the Metaverse" сэдвийн дор "Corporate Convention & Hall" - д зохион байгуулсан.

DevSummit арга хэмжээг санаачлагчдын нэг А.Амарбаяр "DevSummit бол Монголын мэдээллийн технологийн салбарт сурч, ажиллаж буй, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүн бүхэн, мөн тек сонирхогч, бүтээгч хэн бүгдээр бахархах арга хэмжээ. Тиймээс ч бид анхнаасаа DevSummit-д "tech community"-ийн оролцоо нь зохион байгуулагчдын хэмжээнд эн тэнцүү байх ёстой хэмээн үзэж, олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк группүүдээр дамжуулан санал сэтгэгдлүүд авч, илтгэгчдийн бүртгэлийг нээлттэйгээр авч зохион байгуулж ирсэн" хэмээсэн юм.

Devsummit-ийн агуулгыг "базах нь"

Арга хэмжээ хагас сайны өглөө бясалгалаар эхэлж, амралтын өдрийн өглөө 1000 хүний суудалтай тайз хэдийн дүүрсэн байлаа. Өглөө эрт ирсэн хөгжүүлэгчид "Lotus Yoga" төвийн багштай хамт бясалгаж, гүнзгий амьсгал, тайвшралаар арга хэмжээг эхлүүлсэн нь тохиолдлын хэрэг биш бөгөөд бие, сэтгэл зүйн эрүүл мэнд юу юунаас илүү чухал болохыг эрхэмлэсэн явдал байв.

Ингээд "DevSummit" арга хэмжээг санаачлагчдын нэг А.Амарбаяр албан ёсоор хөтөлбөрийг нээж, энэхүү арга хэмжээний оролцогчдод өгөх үнэ цэн, ач холбогдлыг тодотгов. Тухайлбал, технологийн чухал сэдвүүдээр хэрэгцээт мэдээллийг хүргэж, тренд болж буй чиг хандлага, ирээдүйн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцах орон зай бий болгохын тулд хөтөлбөрийн агуулга, сэдэв, илтгэгчдийн жагсаалтыг гаргахдаа тун өндөр ач холбогдол өгч, нэг сарын турш олон нийтээс санал асуулга, сэтгэгдэл авсны дүнд боловсруулж гаргасныг онцолсон юм.

Тайзан дээр гарах илтгэгчдийг сонгохдоо хамгийн багадаа 30 хувь нь эмэгтэйчүүд байлгахаар зорьж, жендерийн харьцааг эрхэмлэж байв. Мөн арга хэмжээнд оролцогчдыг өргөн хүрээнд хамруулах зорилгоор мэдээллийн технологийн салбарт суралцаж буй, суралцахаар зэхэж буй сурагч болон оюутан залуусын дунд эсээ бичлэгийн тэмцээн уралдаан зохион байгуулж, арга хэмжээнд үнэгүй оролцох эрх бичгүүд өгснөөс гадна зохион байгуулалтын багт сайн дурын гишүүнээр оролцох боломжийг олгосон билээ.

DevSummit арга хэмжээний гол тайзнаа яг л гаднын томоохон эвентүүдийн адилаар цоо шинэ, сэтгэл хөдөлгөм бүтээгдэхүүн/үйлчилгээний танилцуулга болон арвин туршлагыг хуваалцсаныг энд дурдах учиртай. Монголын топ технологийн компаниудын хөгжүүлэгчид, инженерүүд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд ээлжлэн гарч, технологийн чухал сэдвүүдээр товч, тодорхой санаа бодлоо хуваалцсан юм.

Тайзны илтгэгчид өөрсдийн илтгэлээ танилцуулахдаа Google Slides, Keynote, Canva, Figma зэрэг төрөл бүрийн бүтээлч платформ ашиглан хөдөлгөөнт дүрс, видео бичлэг, дуу авиа бүхий тун сонирхолтой дүрслэлүүдийг ашигласан нь арга хэмжээнд сайтар бэлдэж, илтгэлээ боловсруулсан нь харагдаж байлаа.

Уламжлалт илтгэл танилцуулах арга барил, удаан сунжирсан ярианаас хэн бүхэн зайлсхийж, санаагаа тодорхой ойлгуулах сэдэл зорилго илтгэгч бүрээс харагдаж байсан нь технологийн салбарынхны онцлог гэж хэлж болохоор байв.

Илтгэгчид Frontend, AI/ML/DS, Blockchain, Testing, Infrastructure, Backend, Security/Privacy/Compliance, Gaming/AR/VR, Architecture гэх бүтэц, агуулгын хүрээнд нийт 30 илтгэгч өөрсдийн туршлагаа хуваалцаж, үндсэн тайзыг өдрийн турш заал дүүрэн үзэгчидтэйгээр өндөрлөсөн юм.

DevSummit арга хэмжээний хөтөлбөрийг харвал нийт 3 давхарт, 10 хэсэгт хуваагдаж, өдрийн турш оролцогчдыг уйдаах завгүй өнгөрүүлсэн гэж хэлж болно. Өмнө нь дурдсан үндсэн танхимаас гадна 3-р давхарт илтгэгчидтэй тулж уулзан сонирхсон зүйлээ асуух "Ask Me Anything” тайз оролцогчдын хувьд хамгийн эрэлтэй хэсгүүдийн нэг боллоо.

Харин хоёр давхарт байрлах тайзнаа "Women Techmakers" хэсгийн хүрээнд хоёр удаагийн хэлэлцүүлэг, зургаан илтгэл танилцуулсан нь дэлхийн чиг хандлагатай нийцсэн, эрчүүд давамгайлсан салбарт ажиллаж буй эмэгтэй хөгжүүлэгчдэд урам зориг өгсөн явдал болов.

Мөн арга хэмжээний заавал онцлох учиртай хэсэг бол "Workshop". Хөгжүүлэгчид өөрсдийн туршсан, ажиллуулсан технологийн шийдлээ бодитоор туршиж, тайзан дээр код бичиж, хамтдаа ажиллуулж үзсэн нь өөр эвентээс олж харахгүй сонирхолтой мөч байсан болов уу.

Түүнчлэн арга хэмжээний үеэр "TenGer" телевизийн баг бүтэн өдрийн турш "Media corner" хэсэгт ажиллаж, салбарын экспертүүд, хөгжүүлэгчидтэй сонирхолтой ярилцлага хийсэн юм. Харин хоёр давхрын тайзнаа "TechBaatar" подкастын шинэ дугаар хүрч, DevSummit арга хэмжээний санаачлагч А.Амарбаяр зочноор оролцон, мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн арван жилийн онцлох үйл явдал болон ирээдүйн чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн билээ.

devsummit-ийн орчин, уур амьсгал 

Жийнсэн өмд, юүдэнтэй цамц, кээт өмссөн залуус бужигнасан, ер бусын чөлөөт уур амьсгалыг бүрдүүлсэн арга хэмжээг бодолдоо ургуулах төдийд шууд л "DevSummit" нүдэнд тань төсөөлөгдөх байх. Бид 2019 онд арга хэмжээний өнгө төрх, имижийг бүрдүүлэхдээ "Back To The Future"-ээс сэдэвлэж, бүх л хөтөлбөр, идэвхжүүлэлтээ кодын форматаар хүргэж байсан бол 2022 онд "Into the Metaverse" агуулгын хүрээнд лед дэлгэцийг ашиглан виртуал ертөнцөд буй мэт өнгө төрхийг бүрдүүлэхийг хичээсэн юм.

Хоёр болон гуравдугаар давхарт гэрэл зураг даруулах ханыг олон төрлийн лед дэлгэцээр чимэглэж, нэтвөркинг хийх талбай гаргасан билээ. Мөн тавиурууд дээрх үнэгүй жигнэмэг, кофе, ус, ундаанууд болон өдрийн хоолны цагийг дурдах нь зүйтэй. Энэ үеэр "Өнгө нэм" байгууллагатай хамтран зориулалтын хогийн савнуудыг байршуулж, хог хаягдлаа нэгд нэгэнгүй ангилан ялгасан юм шүү.

Түүнчлэн технологийн салбарынхны нэвтрүүлж буй шинэ, содон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, шинэ ажлын байр, боломжууд хайх өргөн экспо бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Ямар ч арга хэмжээг спонсор, хамтрагч, дэмжигч байгууллагуудгүйгээр хийх боломжгүй байдаг тул хамтрагч, дэмжигч байгууллагууд маань үзэсгэлэнгийн танхимд цуглаж, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, шинэ ажлын байруудаа нээлттэй зарласан билээ.

"DevSummit 2022" арга хэмжээ ийнхүү хоёр дахь жилдээ 1200 гаруй хөгжүүлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, хөл хөдөлгөөн, сэтгэл хөдлөл өндөртэйгөөр өндөрлөлөө. Мэдээллийн технологийн салбарын хөгжүүлэгчид, инженерүүдэд шинэ санаа сэдэл, урам зоригийг харамгүй хүртээж чадсан болов уу хэмээн бат нот итгэлтэй байна.

Хамтдаа дараагийн үеийн олон чадварлаг хөгжүүлэгч, инженерийг төрүүлэхийн төлөө нэгдэж, ирээдүйг гэрэлтүүлье!

#DevSummit2022 #IntotheMetaverse

"DevSummit 2022" зохион байгуулалтын баг