Нэг жилийн өмнө Монголд бараг л хүн бүр койн, токен ярьж байжээ. Түүнээс хойш юу болсныг уншигч та сайн мэдэж байгаа. Мэдээж криптовалютаас болж олон хүн санхүү болон сэтгэл зүйгээр хохирсон. Гэхдээ блокчэйнийг ашиг олох хэрэгсэл бус технологи гэдэг талаас нь харвал тасралтгүй сайжирч, шинэ ололт амжилтууд гарсаар байгаа билээ. 

Хэрэв уншигч та сүүлийн үед крипто салбарын мэдээлэлтэй ойрхон байсан бол Ethereum 2.0, ETH 2.0, Ethereum Merge гэсэн үгтэй хаа нэгтээ тааралдсан л байх. Тэгвэл уг сайжруулалтын талаар мэдвэл зохих бүх зүйлсийг товчоор хүргэе.

Ethereum гэж яг юу билээ?

Канадын программист Виталик Бутерин 2013 онд 19 настай байхдаа санааг нь олж, хөгжүүлж эхэлснээр 2015 онд Ethereum нэртэй, төвлөрсөн бус (decentralized), нээлттэй сантай (open-source) блокчэйн албан ёсоор үүсэж байжээ. Ethereum-ээс өмнө блокчэйн технологи түлхүү үнэ цэн хадгалах үүрэгтэй байсан бол Ethereum гарч ирснээр хөгжүүлэгчид уг блокчэйн дээр dApps буюу төвлөрсөн бус аппуудыг, цаашлаад криптовалютууд, NFT-г ч үүсгэх боломжтой болсон.

Өдгөө Ethereum зах зээлийн хэмжээгээрээ криптовалютуудын загалмайлсан эцэг Bitcoin-ий дараа бичигдэж, dApps, NFT зэрэгт хамгийн нийтлэг ашиглагддаг блокчэйн болоод байна. Уг блокчэйний хөгжүүлэлтийг Ethereum Foundation нэртэй ашгийн төлөө бус сан хариуцдаг.

ЯАГААД САЙЖРУУЛНА ГЭЖ?

Ethereum хэдий өндөр хэрэглээтэй байгаа ч байгаль орчинд ээлгүй, гүйлгээний шимтгэл өндөр, гүйлгээ хийхэд удаан зэрэг хэд хэдэн сул талтай.

Энэ удаагийн “Ethereum Merge” нэртэй сайжруулалтаар тэд байгаль орчинд ээлгүй гэх сул талаа засах зорилготой. Үүний тулд блокчэйн дээрх зөвшилцлийн аргачлалаа Proof of Work (PoW) байсныг Proof of Staking (PoS) болгож өөрчлөх юм.

Эх сурвалж: Ethereum Foundation

PoW, PoS юугаараа ялгаатай вэ?

Consensus Mechanism буюу зөвшилцлийн аргачлал гэдэг нь төвлөрсөн удирдлагагүй блокчэйний амин сүнс бөгөөд тухайн блокчэйнд оролцож буй талуудыг хамтдаа ажиллаж, ашгаа шударга хувааж буй арга замыг хэлнэ.

Proof of Work

Proof of Work зөвшилцлийн аргачлалыг Bitcoin тэргүүтэй олон блокчэйн ашигладаг. Энгийнээр тайлбарлавал, тухайн блокчэйн дээр шинэ блок бүртгэхийн тулд олон тооны өндөр хүчин чадалтай компьютерүүд уралдаж, блокчэйний зүгээс үүсгэсэн hash буюу үсэг, тоо нийлсэн “кодыг” таах юм. Мэдээж зөв таасан нь криптовалютаар шагнал авна. Bitcoin-ий хувьд ингэж hash үүсгэхдээ SHA-256 нэртэй алгоритмыг ашигладаг. Уг алгоритмын онцлог нь тухайн таах тоглоомд оролцож буй оролцогчдын тоо, хүчин чадлаас хамаарч хэр хүнд код таалгахаа шийдэж чаддаг.

Ингэж таалгаж, олон компьютер ажиллуулснаар тухайн блокчэйн илүү аюулгүй, төвлөрсөн бус болох бөгөөд хэн нэгэн этгээд блокчэйний мэдээллийг өөрчлөхийг хүсвэл тус блокчэйний ард ажиллаж байгаа компьютеруудын 51-ээс дээш хувийг нь удирдах хэрэгтэй болно. Гэхдээ ийм хэмжээний хувь эзлэхийн тулд үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө, эрчим хүч шаардагдана.

Proof of Work маш их эрчим хүч зарцуулдаг бөгөөд Bitcoin-г олборлоход зарцуулж буй эрчим хүч дэлхийн зарим улсынхаас ч өндөр байдаг.

Эх сурвалж: The New York Times

Proof of Stake

Харин Proof of Stake нь аливаа гүйлгээг блокчэйн дээр stake хийсэн буюу түгжсэн койнуудын тусламжтай баталгаажуулдаг. Дэлгэрүүлбэл, шинэ блок үүсгэхдээ койноо блокчэйн дээр түгжсэн оролцогчдоос санамсаргүй байдлаар сонгодог. Иймээс хэр их хэмжээний койн түгжинэ, төдий чинээгээр олон сонгогдож, өндөр урамшуулал авах боломжтой. Validator буюу баталгаажуулагч оролцогч болохын тулд 32 ETH түгжих шаардлагатай. Гэхдээ үүнээс бага хэмжээний ETH-тэй ч гэсэн бирж болон бусад үйлчилгээгээр дамжуулж ETH-ээ stake хийгээд ашиг хүртэж болно.

Сайжруулахад хэр их хугацаа орсон бэ?

Аливаа блокчэйн аргачлалаа солино гэдэг нь түлшээр ажилладаг байсан автомашин цахилгаан хөдөлгүүртэй болох шиг тун чухал үйл явдал. Ethereum үүсгэн байгуулагдсан 2015 оноос хойш уг сайжруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2020 оны өвөл Beacon Chain нэртэй Proof of Stake ашигласан туршилтын блокчэйнээ эхлүүлсэн билээ. Уг блокчэйн ч тун амжилттай болж хагас сая гаруй баталгаажуулагчид өнөөдрийн ханшаар 200 тэрбум ам.долларын үнэ бүхий 13.4 сая ETH-г түгжээд байна. Merge буюу нийлүүлнэ гэдэг нь уг туршилтын блокчэйнийг Etheruem-тэй нийлүүлэхийг хэлж байгаа юм.

Ямар үр дүн гарах вэ?

Эрчим хүчний зарцуулалт буурна

Юун түрүүнд өмнө нь дурдсан эрчим хүчний зарцуулалт даруй 99.5 хувиар буурна. Энэ бол бүх салбар байгальд ээлтэй тал руугаа хөгжиж буй орчин үед ETH гэлтгүй нийт криптовалютуудын хувьд маш том сайн мэдээ юм.

Гүйлгээний шимтгэл буурахгүй

Ethereum зөвшилцөлд хүрэх аргачлалаа сольж байгаа болохоос сүлжээний хүчин чадлаа нэмээгүй тул гүйлгээний шимтгэл буурахгүй. Гэхдээ уг сайжруулалт ирээдүйд гүйлгээний шимтгэл бууруулах ажлын суурь болно.

Гүйлгээ хурдан болохгүй

Одоогоор Ethereum блокчэйн дээр 13.3 секунд бүрд шинэ блок үүсэж байгаа бол удахгүй нийлэх Beacon Chain дээр 12 секунд бүрд шинэ блок үүсдэг. Тиймээс гүйлгээний хурд мэдэгдэхүйц хэмжээнд өөрчлөгдөхгүй.

Эх сурвалж: Cointelegraph

ETH эзэмшигчид ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй юу?

Хэрэв уншигч та ETH эзэмшдэг бол ямар ч үйлдэл хийх хэрэггүй. Уг сайжруулалт есдүгээр сарын 10-20 хооронд болохоор товлогдсон бөгөөд хөгжүүлэгчид Ethereum блокчэйнд ямар нэг доголдол үүсгэхгүй байх тал дээр ихэд анхааран ажиллаж байгаа юм. Гэхдээ сайжруулалт хийгдэх үеэр тус блокчэйний гүйлгээнүүд богино хугацаанд зогсох магадлалтай.

Харин ETH олборлодог бол уг сайжруулалтын дараа ахин олборлох боломжгүй бөгөөд Proof of Work аргачлал ашигладаг өөр криптовалют руу шилжих хэрэгтэй болох нь.


Энэхүү нийтлэл нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх бус яг юу болоод байгаа талаар мэдээлэл өгөх зорилготой болно.