Үзэсгэлэн гоо BMW Z8, эрхэмсэг Aston Martin DB9, зоримог Tesla Model S зэрэг автомашинуудыг анх цаасан дээр буулгасан Данийн нэрт дизайнер Хенрик Фискерийн үүсгэн байгуулсан, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Fisker Inc. Ирээдүйн бүтээгдэхүүний дизайн, технологио танилцуулах Product Vision Day арга хэмжээгээ энэ сарын дөрөвний өдөр зохион байгуулав. Тэгвэл Tesla-аар манлайлуулсан цахилгаан автомашины зах зээлд шинэ салхи сэвэлзүүлж, богинохон хугацаанд чамлахааргүй амжилтыг үзүүлээд буй Fisker-ийн шинэ төлөвлөгөө, шинэхэн амлалтуудыг багцалсан тус арга хэмжээг тоймловол:
Fisker Huntington Beach хэмээх компанийн шинэхэн төвд зохион байгуулагдсан тус арга хэмжээ Fisker-ийн Энтертайнмент Хамтрал хариуцсан захирал Эндрю Жэймесонийн танилцуулгаар нээлтээ хийсэн юм. Тэрбээр ‘Corporate’ арга хэмжээний уламжлал ёсоор өөрсдийн алсын хараа, хэтийн зорилгыг бид бүхэнд дахин нэг сануулснаас нэг өгүүлбэр тод ялгарсан нь “Бидний цор ганц зорилго бол дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хийгээд байгальд ээлтэй цахилгаан автомашиныг бүтээх явдал.” байв.
Үүний дараа Хенрик Фискер саяхан үйлдвэрлэл нь эхэлж, эхнээсээ эздийнх нь гарт түлхүүрийг нь атгуулж буй Ocean загварын бартаат замын хувилбар Force E-г танилцуулснаар жинхэнэ ‘зугаа цэнгэл’ эхлэх нь тэр. Шинээр танилцуулсан технологийн шинэ шийдлүүдийг жагсаавал: Fisker-ийн автомашинуудын тархи болсон Blade гэх супер компьютер, мянган морины хүчтэй ‘convertible’ Fisker Ronin, жижиг хэмжээтэй ч саруулхан салонтой Fisker Pear болон олон янзаар хувирах боломжтой ачааны жийп Fisker Alaska байв. Эдгээрийг товчлон хүргэе.
Fisker Ocean Force E
‘Дэлхийн хамгийн байгалд ээлтэй 4x4 бартаат замын хүлэг’
Шинэ төрлийн бартаат замын автомашин. Хенрик Фискерийн хэлснээр тус автомашин нь адал явдалд дуртай ч дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаараа эх дэлхийгээ бохирдуулахыг хүсдэггүй хүмүүст тохирох аж. Энгийн Ocean-аас том дугуй, доод хэсгийн нэмэлт хамгаалалт, өргөсгөсөн крыло (fender) гээд олон нэмэлт тоногоороо ялгаатай. Сонирхуулахад, Force E нь тусдаа загвар бус харин энгийн Ocean дээр нэмэлтээр авах боломжтой багц байхаараа онцлогтой. Тэгэхээр хэрэв хүсвэл үйлчлүүлэгч өмнө нь авчихсан Ocean-оо Fisker лүү илгээж, Force E багцаар тоноглуулж болно. 2024 онд худалдаанд гарах тус багцын үнийн мэдээлэл одоогоор зарлагдаагүй байна.
Fisker Ronin
‘Дэлхийн анхны 4 хаалгат задгай дээвэрт автомашин’
Урт хамар, эсрэг тийш онгойх арын хаалга, таван суудал, задгай дээвэр гээд тус хүлэг уламжлалт ‘convertible’-ийн бүх дүрмийг эвдсэнээр зогсохгүй шаланд байрлах зай хураагуураас гадна эх биеийн конструкцад зай хураагууруудыг шигтгэсэн нь тус хүлгийн нэг цэнэглэлтээр туулах замыг өнөөдрийн стандартын дэргэд нүсэр гэж хэлж болохоор 965 км.-т хүргэсэн аж. Түүнчлэн гурвалсан хөдөлгүүрийн ачаар 1000 морины хүч үйлдвэрлэх гэнэ. 2025 оноос үйлдвэрлэх тус хүлгийн үнэ 385 мянган ам. доллароос эхэлнэ.
Fisker Pear
‘Personal Electric Automotive Revolution'
Зургаан хүнийг чөлөөтэй багтааж чадах ‘hatchback’ байдаг гэвэл та итгэх үү? Тийм ээ, Pear хэмээх тус автомашин нь зургаан суудалтайгаас гадна Houdini гэх шинэ төрлийн тээшний хаалгатай байх гэнэ. Тус хаалга нь уламжлалт хаалга шиг дээш сөхөгдөж нээгдэхгүй, харин автомашины хаалганы шил мэт доош урсан арын бампер луу орсноор тээшний хэсгийг ил гаргах болно. Урд болон хойд ‘вандан’ суудал, аль ч суудалд таарах гарын тавиур зэрэг олон ухаалаг дизайны шийдлийн сацуу SLV1 гэх илүү энгийн, үйлдвэрлэхэд хямд платформ дээр суурилсан нь тус автомашины эхлэх үнийг ердөө 23мянган ам. доллар хүртэл буулгаж чаджээ. Түүнчлэн Ronin-ий адилаар 2025 оноос эхлэн худалдаанд гарна.
Fisker Alaska
‘Дэлхийн хамгийн хөнгөн бөгөөд байгалд ээлтэй цахилгаан ачааны жийп’
Fisker-ийн үйлдвэрлэлд орсон анхны загвар болох Ocean дээр суурилсан Alaska гэх тус ‘pickup’ нь Хенрик Фискерийн үгээр “Дэлхийн хамгийн анхны байгаль орчинд ээлтэй хийгээд хамгийн хөнгөхөн бүрэн цахилгаан ачааны жийп” байх гэнэ. Сунгах боломжтой тээшний хэсэг, бүхээгийн буудаг арын хана зэрэг олон сонирхолтой шийдлүүдийг танилцуулсан тус автомашин нь нэг цэнэглэлтээр 370-аас 550 км. замыг туулах бөгөөд үнийн хувьд 45 мянган ам. доллароос эхэлнэ.