XXI зуунд ажлын байранд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол ажлын уян хатан цагийн хуваарь юм. Технологийн олон төрлийн арга хэрэгслүүд мэргэжилтнүүдийг ямар ч нөхцөлд орон зай, цаг хугацаанд баригдахгүйгээр ажлаа гүйцэтгэх сонголтыг олгож, нөгөө талаас албан байгууллагуудыг зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэх боломжоор хангах болжээ. Techworm өнөөдөр ажлын уян хатан цагийн хуваарь байгууллагын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлдэг талаар өгүүлэх болно. 

Бүтээмжийг нэмэгдүүлдэг

Хүн бүрийн хамгийн идэвхтэй ажилладаг арга барил, цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Зарим нь ганцаараа төвлөрөхдөө илүү бүтээлч байдаг байхад олуулаа бужигнаж, санаагаа уралдуулахад илүү толгой ажилладаг нь ч байна. Өглөө эрт сэргэг байдаг, орой гүн сууж гараасаа гаргадаг зэргээр бүгд ялгардаг.

Тийм ч учраас уян хатан ажлын хуваарь нь ажилчдын бүтээмжийг хамгийн өндөр байлгах "сонгодог" арга болоод байна. Ажилчид өөрсдөд тохирсон цагийг сонгож, бусад ажлуудаа төлөвлөн зохицуулах боломж олгодог учраас илүү үр дүн гаргаж чаддаг гэнэ. Regus-ийн судалгааны тайланд хамрагдсан компанийн дунд ба түүнээс дээш түвшний менежерүүдийн 75 хувь нь уян хатан цагийн сонголт бүтээмжийг нэмэгдүүлж байгааг онцолсон байна. Салбарын онцлог, ажлын үүрэг хуваариас хамааран энэ хувь бүр 90 хүртэл нэмэгдсэн байжээ.

Дижитал шилжилтийг түргэсгэдэг

Дижитал шилжилт компанийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болж, цаашдаа тогтвортой өсөн дэвжих гол суурь болж буй энэ үед ажлын уян хатан цагийн систем түүнийг түргэсгэх гол хөшүүрэг болж хувирчээ.

Шалтгаан нь маш энгийн. Ажилчид хэрэв цагаа сонгож, хуваариа гаргах боломжтой болбол бүх баг нэгэн дор цуглах цаг нь багасаж байна гэсэн үг. Тиймээс хоорондоо мэдээлэл солилцож, ажил үүргийн хуваариа гүйцэтгэхийн тулд дижитал хэрэгслүүдийг ашиглах шаардлагатай болох нь зүй ёсны хэрэг. Баг дижитал сэтгэлгээтэй, дижитал хэрэгслүүдийг үр ашигтай ашиглаж байж, цагийн уян хатан байдлын систем бүрэн дүүрэн ажиллана гэсэн санаа. Тиймээс ажлын уян хатан цагийн системийг ашиглаж дижитал шилжилтийг түргэсгэх боломжийг эрэлхийлж буй компаниудын тоо улам бүр нэмэгдсээр байна.

Дижитал шилжилтийг хамгийн үлгэр жишээ гүйцэтгэж байгаа компаниудын нэг “Мобиком”-ийн хамт олон ажлын байрны уян хатан цагийн хуваарийг байгууллагадаа нэвтрүүлээд чамгүй хугацааг үджээ. Нийт ажилчдын 32 хувь нь 08:00 цагаас өмнө ажлаа эхлүүлж байгаа бол 5 хувь нь 10:00 цагт ажилдаа ирэх сонголтыг хийжээ. Тэд ажилчдадаа ажлаа эхлэх цагийн сонголтыг өгсөн нь бүтээмж, сэтгэл ханамж нэмэх хүчин зүйл болоод зогсохгүй, дижитал шилжилтэд дасан зохицох өөр нэг шалтгаан болсныг онцолж байв.

Ажил амьдралын тэнцвэрт нөлөөлдөг

Ажлын цагийг өөрт тохиромжтой байдлаар сонгох хамгийн гол шалтгаан нь гэр бүл, хувийн амьдралтай холбоотой гэнэ. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, ар гэрийн ажлаа зохицуулах, ажлаас гадуурх сонирхол, хоббидоо илүү анхаарал хандуулах зэрэг нь амьдралын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс.

Ийм сонголтыг ажилчдада өгнө гэдэг ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хангах боломж олгож байна гэсэн үг. Ингэснээр ажилчдын стресс буурч, ажилдаа илүү төвлөрдөг. FlexJobs-ийн судалгааны хамгийн анхаарууштай үр дүн гэвэл, нийт ажилчдын 81 хувь нь уян хатан цагийн хуваарийн ачаар илүү сайн эхнэр, нөхөр, эцэг, эх болсон гэж хариулжээ.

Эрүүл мэндийг тэтгэдэг

Эрүүл мэндийн асуудал бол хүн бүрийн хувьд хамгийн чухалд тооцож, анхаарал хандуулах учиртай зүйл. Тэгвэл, ажлын байрны уян хатан хуваарь ч эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэнэ.

Стэнфордын их сургуулиас уян хатан цагийн хуваарьтай ажилчдын өвчний улмаас ажил цалгардуулах, чөлөө авах магадлал чанга цагийн хуваарьтай ажилчдаас бага байдгийг батлан харуулжээ. Тэдэнд өөрийгөө чагнах, эмнэлэгт үзүүлэх, эмчтэй зөвлөлдөх цаг гардаг учир бусад ажилчдад өвчин тараах эрсдэл ч буурдаг аж. FlexJobs-ийн судалгаанд дурдсанаар, хатуу цагийн хуваарийн улмаас нийт ажилчдын 75 хувь нь эмнэлэгт үзүүлж чаддаггүй бөгөөд 89 хувь нь цагаа зохицуулах боломж олдвол эмнэлгийн үйлчилгээ авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ. Энэ нь нөгөө талаас байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах давуу талтай гэдгийг бодууштай.

сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

Ажлын уян хатан цаг нь ажилдаа эергээр хандах, сэтгэл ханамжтай ажиллах гол нөхцөл болдог гэх дүгнэлт бүхий олон судалгаа бий. Staples-ийн тайланд дурдсанаар 90 хувь, Zenefits-ийн судалгаанд хамрагдагсдын 73 хувь нь уян хатан ажлын хуваарь сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлсэн хэмээн дүгнэжээ.

Ажлын байрны сэтгэл ханамж бол хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд маш чухал үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр байх тусам тухайн ажилтны, цаашлаад компанийн бүтээмж нэмэгддэг. Компанийн соёл ч түүнийг дагаад сайжирч, ажилчдын ажилдаа үлдэх, сэтгэл хангалуун байх, өөрийгөө дайчлах сэдэл нэмэгддэг гэнэ.

АвьяаС чадварыг татдаг

Залуу мэргэжилтнүүдийн 42 хувь нь илүү уян хатан цагийн хуваарийг эрэлхийлж, одоогийн ажлын байраа солих сонирхолтой байгааг Yoh-ийн судалгаа харуулжээ. Энэ нь орчин цагт ажил горилогч авьяас чадвартай залуусын хувьд ажлын байрны уян хатан цагийн хуваарь ямар чухал хүчин зүйл болсныг илтгэх нэг үзүүлэлт юм.

Zenefits-ээр үйлчлүүлсэн мэргэжилтнүүдийн 77 хувь нь ажлын байр хайхдаа цагийн уян хатан байдал гэсэн үзүүлэлтийг голчлон анхаардаг гэжээ. Ялангуяа хөдөлмөрийн зах зээл дээр Z үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ үед энэ асуудлыг хүний нөөцийн мэргэжилтэн бүр бодууштай. Таатай нөхцөлүүд санал болгож гэмээнэ чадварлаг мэргэжилтнүүдийг багтаа элсүүлэх билээ.