Дэлхийн хамгийн том "pre-seed accelerator" буюу анхан шатны хурдасгуур хөтөлбөр “Founder Institute” Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийн хүрээнд “Founder Institute”-ийнхэн ирээдүйтэй стартап, багуудыг шаардлагатай хөрөнгө оруулагч, менторуудтай нь холбож, тусгайлан боловсруулсан, шалгарсан аргачлалаар хөрөнгө оруулалт босгоход нь тусалдаг. Эл хөтөлбөрийн анхны элсэлтэд 322 баг бүртгүүлснээс 44 нь тэнцэж, эцсийн шатанд шилдэг дөрвөн стартап тунан үлдэж, дараагийн “Founder Lab” буюу төгсөгчдөд зориулсан, удаах шатны хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ. Ингээд дэлхийн хэмжээний уг хөтөлбөрийн хамгийн анхны төгсөгчид болох шилдэг дөрвөн стартапыг танилцуулъя.

Hello Baby: Жирэмсэн ээжийн хөтөч

Товч танилцуулга
Эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, тусламж бүхий эрүүл мэндийн үйлчилгээний апп.
Фемтек Солюшн ХХК-ийн гаргасан, эх хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн цогц аппликэйшн “Hello Baby” нь хүүхдийг хэвлийд олдсон цагаас хоёр нас хүртэлх амьдралын анхны 1000 хоногт нь эцэг эхчүүдийг залж, хүүхдээ эрүүл саруул өсгөж торниулахад туслах хөтөч юм.
“Бяцхан үрээ хэвлийдээ тээх гайхамшигт аяллын турш таны гараас хөтлөн, туслан чиглүүлэх болно” гэх уриатай Hello Baby бүх зөвлөгөө, мэдээллээ Монголын орчин нөхцөл, амьдралын хэв маягт уялдуулан гаргажээ.
Холбоосууд: hellobaby.mn (Вэб), Hello Baby (Фэйсбүүк) @hellobaby_mn (Инстаграм)
Хөтөлбөрийн талаарх тэдний сэтгэгдэлийг ЭНД дарж үзнэ үү.
MALO: Хүүхдийн аюулгүй байдлын төлөө хүн бүр

Товч танилцуулга
Гэр бүл, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой хүүхэд хамгааллын платформ.
Гадаа тоглож буй хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана гэдэг эцэг эхчүүдийн хувьд тун ч хүнд даалгавар болдог. Тэгвэл уг асуудлыг “МАЛО” апп шийдэж чадах юм.
“МАЛО” аппаар дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ хаана байгааг шууд авч болохоос гадна хүүхдийн аюулгүйн тойргийг газрын зураг дээр тэмдэглэж, тэмдэглэсэн хэсгээс гарсан тохиолдолд тусгай сонордуулга авах юм. Түүнчлэн хүүхэд ямар нэг халдлага, бэрхшээлтэй учирч, улмаар тусламж хүсэн апп-д хандсан тохиолдолд түүнд зөвхөн эцэг эхээс нь гадна хамгийн ойр байрлах хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнууд туслах боломжтойгоороо онцлог. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн хялбар, хурдан шийдлээр хангахын сацуу хүүхдийн төлөөх сайн дурын нийгмийн хүрээллийг бий болгож буй уг апп ирээдүйд олон хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах нь эргэлзээгүй.
Хөтөлбөрийн талаарх тэдний сэтгэгдлийг ЭНД дарж үзнэ үү.
EMCH: Үргэлж таны дэргэд

Товч танилцуулга
Цаг хугацаа, орон зайг үл хамааран мэргэжлийн эмчтэй холбогдож үзлэг хийлгэх, ерөнхий онош тогтоолгох, зөвлөгөө, тусламж авах эрүүл мэндийн үйлчилгээний апп.
EMCH нь зайнаас эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх эмч нарын нэгдсэн аппликэйшн юм. Тус аппаар дамжуулан өдгөө Монгол, Турк, Япон, Солонгос, Их Британид үйл ажиллагаа явуулах эрхтэй монгол мэргэжилтнүүд эрүүл мэндийн 176 төрлийн үзлэг, оношилгоог цахимаар хийж буй нь эмнэлгийн үйлчилгээ, мэргэжлийн эмчийн зөвлөгөө мэдээлэл хайж буй хэн бүхэнд томоохон боломжийг олгож байна.
Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн үйлчилгээг бага зардлаар, хүндрэлгүй авах боломжийг олгох EMCH аппын хамт олон "Founder Institute" хөтөлбөрийн хүрээнд Цахим эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн анхны монгол гишүүн болсон аж.
Холбоосууд: emch.app (Вэб), EMCH (Фэйсбүүк), @emch.app (Инстаграм)
Хөтөлбөрийн талаарх тэдний сэтгэгдэлийг ЭНД дарж үзнэ үү.
Pocketour: Аяллын хөтөлбөрийг хялбараар шийдье

Товч танилцуулга
Хормын дотор сонирхолд тань нийцэх аяллын хөтөлбөрийг санал болгох платформ.
Төлөвлөгөөнд байгаагүй, гэнэт олдсон цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах богино хугацааны буюу 3-7 цагийн аяллын хөтөлбөрийг таны сонирхолд нийцүүлэн нэг минутын дотор буюу хамгийн хялбараар санал болгох шийдэл.
ДАРААГИЙН ЭЛСЭЛТ
"Founder Institute"-ийн ирэх жилийн элсэлт нь 2021 оны аравдугаар сарын 26-аас эхэлж, “эртэч шувуухай” бүртгэл нь 12 дугаар сарын 12-нд дуусах бол бүртгэлийн эцсийн хугацаа нь 2022 оны хоёрдугаар сарын 6-нд дуусах аж. Анхны жилдээ 35 гаруй ментортой эхэлсэн энэхүү хөтөлбөрийн менторуудын тоо ирэх жил улам нэмэгдэх төлөвтэй гэнэ. Та бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай.

Сэтгэгдэл бичих

