Самсунг 2025 оны технологийн салбарын цанг цохиж, энэ жилийн тэргүүлэх (flagship) ухаалаг утсаа танилцуулснаас хойш хоёр сар өнгөрчээ. Монгол Улсад уг загвар худалдаалагдаж эхлээд чамгүй хугацаа өнгөрсөн тул энэ удаагийн нийтлэлээр Samsung Galaxy S25 загварын хамгийн том давуу тал болох хиймэл оюуны функцүүдийг дэлгэрэнгүй тайлбарлая.
Дэлгэрүүлж унших: Unpacked 2025: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл
Хэрэв та хэдийн Galaxy S25 утсыг өөрийн болгосон бол эдгээрийг нэг бүрчлэн туршаад үзээрэй. Харин хараахан худалдан авч амжаагүй байгаа бол албан ёсны борлуулагч Мобикомоос бэлнээр болон хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.
Galaxy S25 загварын тухай
Юун түрүүнд хиймэл оюунд зориулж тусгайлан бүтээсэн Galaxy S25 загварыг эргэн нэг сануулъя. Galaxy S25 нь энгийн, Plus, Ultra гэсэн гурван хувилбартай бөгөөд нимгэн, авсаархан загвартай Edge хувилбар нь ирэх сараас худалдаанд гарах төлөвтэй байна.
Эдгээр бүх загвар Qualcomm-ийн Snapdragon 8 Elite for Galaxy загварын чиптэй. Хиймэл оюунд зориулсан хамгийн хүчирхэг чипүүдийн нэгээр тоноглогдсоноос гадна шуурхай санах ой нь 12GB болж нэмэгдсэн. Уг хослолын ачаар S25 дүрс бичлэгийн аудиог засварлах Audio Eraser-ээс эхлээд камерын хүчин чадлыг тултал нь ашиглахад туслах ProVisual Engine, хэрэглэгчийн бүх мэдээллийг төхөөрөмж дээр нь найдвартай боловсруулан хадгалах Personal Data Engine, дэлгэцийн дүрслэлийг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ProScale зэрэг технологийн дэвшлүүдийг нэг дор ашиглах боломжтой болсон юм.
Хиймэл оюуны гайхамшиг
Хэрэглээний хиймэл оюуны ширүүн өрсөлдөөнд Самсунг Google-тэй нэг тал болж, ухаалаг утаснууддаа Google-ийн Gemini AI-ийг ашиглаж буй. Үүний ачаар өнгөрсөн жил тэд дуудлага орчуулах Live Translate, зурвас бичихэд туслах Chat Assist, тэмдэглэл хураангуйлах Note Assist болон аливаа текст, зургаа зүгээр л дугуйлаад хайх боломжтой Circle to Search функцүүдийг танилцуулж байв.
S25 загвараас эхлэн Самсунгийн албан ёсны хиймэл оюун нь Google-ийн Gemini AI болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн хиймэл оюуны загварт нэмэлт мөнгө төлөхгүйгээр ухаалаг утаснаасаа шууд харилцах, ярилцах боломжтой болж буй. Үүнээс гадна Galaxy S25-ийн бүх хувилбартаа дараах шинэ функцүүдийг нэмсэн юм.
Нэг сумаар хоёр туулай: Cross App Actions
Нэг сумаар хоёр туулай: Cross App Actions
Gemini AI нь Самсунг болон Google-ийн үндсэн аппуудтай хоршин ажиллана. Жишээ нь YouTube бичлэг дээр явж байгаа дууны нэрийг мэдэхийн тулд унтраах/асаах товчоо удаан дарж Gemini AI-ийг дуудахад л хангалттай. Эсвэл нэг команд өгөөд л дуртай багийн тоглолтын хуваариа шууд Calendar руу оруулах, хайж олсон хоолны жороо Notes апп руу хуулах, ойр байрлах кофе шопын хаягийг найз руугаа зурвасаар явуулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, бид өмнө нь хиймэл оюунаас авсан мэдээллээ ахин нэг үйлдэл хийж, өөр нэг апп руу хуулж тавьдаг байсан бол одоо энэ бүгд нийлсэн гэсэн үг. Хиймэл оюун улам л хялбар болж байна даа.
Халаасанд багтах камер бас компьютер: Editing tools
Халаасанд багтах камер бас компьютер: Editing tools
Дүрс бичлэг дээрх салхи, хөгжим, эргэн тойрон, олон нийтийн зэрэг дуу чимээг хүссэнээрээ намсгах, чангалах боломжтой. Чухал мөчийг бичиж авсан ч хожим нь хүсээгүй дуу чимээнээс болоод ашиглаж чадахгүй байх асуудал гардаг бол энэ функц ач тусаа өгөх болно.
Түүнчлэн өмнөх загваруудад байсан гэрэл зургаас хүсээгүй хэсгийг хасах, өөр зүйлээр орлуулах чадамж нь улам сайжрав. Нэг зургаас нөгөө зураг руу аль нэг хэсгийг нь “дамжуулах”, дэлгэц дээрээ зураад л шинэ дүрс нэмэх, дуртай зургийн өнгөнөөсөө фильтер үүсгэх боломж ч бий.
Сонирхуулахад, Galaxy S25 Ultra загварын хэт өргөн өнцгийн камер нь 50MP болж сайжирснаас гадна мэргэжлийн камерууд шиг Log тохиргоотой дүрс бичлэг авах боломжтой болсон юм. Товчхондоо, зураг авах, бичлэг бичих чадвараас гадна дараа нь хүссэн байдлаараа засаж янзлах боломжтой болж, таны бүтээх контент зөвхөн таны бүтээлч сэтгэлгээгээр л хязгаарлагдах нь.
Нэг цонхны үйлчилгээ: Now Brief
Ухаалаг хэрэглээгээ илүү энгийн болгоход туслах функц бол хэрэгтэй бүхнийг нэг дор багтаасан Now Brief. Нойрны чанар, цаг агаар, ирсэн дуудлага болон зурвас, товлосон уулзалт зэргээс сонгон идэвхжүүлж болно. Хамгийн сонирхолтой нь өдрийн аль хэсэгт уг функцийг ашиглахаас хамаараад ямар мэдээллүүдийг багтаахаа ч сонгож болох юм. Жишээ нь, өглөө цаг агаарыг хамгийн түрүүнд харах ч орой нь маргаашийн төлөвлөгөөгөө хамгийн түрүүнд гарч ирэхээр тохируулах боломжтой гэсэн үг.
Мөн Now Bar буюу утсаа нээлгүйгээр одоо болж байгаа үйл явдлуудыг (таксины байршил, спортын тоглолтын явц, тоглуулж буй дуу) харах боломжтой хэсгийг онцлон дурдъя.
Хувийн мэдээллийг хамгаалагч: Personal Data Engine
Хиймэл оюунтай холбоотой нийтлэг шүүмж бол хувийн мэдээллийн аюулгүй байдал. Аливаа хиймэл оюуны функцийг ашиглахад хэрэглэгчийн өгөгдлийг хаашаа дамжуулж, хэрхэн боловсруулж, эцэст нь хаана хадгалж байна вэ гэдэг нэн чухал. Жишээ нь, хувийн зурвас бичихдээ хиймэл оюунаас тусламж авсан бол тухайн зурвас дээрх мэдээллийг гуравдагч талтай хуваалцахыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой.
Түүнээс гадна хиймэл оюун төгс ажиллахын тулд их хэмжээний өгөгдөл шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн ухаалаг утсаараа дамжуулан хийж буй үйлдэл бүрээс хэрэгтэй мэдээллээ авч, тэдгээрийгээ боловсруулах хэрэгтэй.
Энэ бүгдийг цогцоор шийдсэн мэдээллийг бүрэн цуглуулах, аюулгүй хадгалах, ухаалгаар боловсруулах систем бол Personal Data Engine. Хамгийн гол нь дээрх функц бүр зөвхөн таны утсан дээр явагдахаас гадна таны төхөөрөмж л тайлж чадахаар шифрээр (encryption) хамгаалагдах юм. Ийнхүү таны утас тухайн өдрийн түгжрэлээс хамааран таныг хэдэн цагт сэрээхээ шийдэхээс эхлээд амьдралыг тань хөнгөвчлөх олон үйлдлийг ухаалгаар, гол нь хувийн мэдээллийг тань задруулахгүй хийж чадах билээ.