Дамын наймаачдын өндөр үнэ, Pro хувилбарын хэт халалт, шинэ үйлдлийн системээс хамаарсан зарим нэгэн алдаа зэрэг сэдвүүд намжиж, товчхондоо шинэхэн iPhone 15-ийн халуурал дуусчээ. Энэ цаг үед энэхүү загварыг авах эсэхээ шийдэж чадахгүй байгаа уншигчдадаа зориулан авах найм, алгасах долоон шалтгааныг танилцуулъя.
АВАХ ШАЛТГААН
ганц залгуур
Шинэхэн iPhone 15-ийн хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг USB-C оролт. Apple 11 жилийн турш Lightning оролтыг ашиглаж байсан ч Европын холбооны шинэ дүрэмтэй холбоотойгоор ийнхүү оролтоо сольсон билээ. Энэхүү дүрэм Европын холбооны нутагт дэвсгэрт зарагдах бүх төрлийн цахилгаан хэрэгслүүд 2024 он гэхэд бүгд USB-С оролттой байхыг шаардсан юм. Ийнхүү бүх төхөөрөмж нэг залгууртай болсноор тус холбоонд хамаардаг 27 улсын хэрэглэгчдийн жил бүр хаядаг 11,000 тонн залгууртай холбоотой хог хаягдлын хэмжээ багасах ач тустай.
Товчхондоо USB-С оролттой зөөврийн компьютер, чихэвч, таблет зэргийг ашигладаг бол шинэхэн iPhone 15-ийг авснаар олон залгуур “чирж” явах шаардлагагүй болох нь. Байгаль орчин, бүтээмж, тав тух талаасаа яаж ч бодсон зөв шийдвэр шүү.
шидэт товч
iPhone 15 Pro болон Pro Max хувилбарт байх action товч нь жижиг мэт боловч ухаалаг утастай харьцах туршлагыг тэр чигт нь өөрчилж болохуйц өөрчлөлт юм. iPhone-ий дуу нээж, хаадаг жижиг товчийн оронд байх энэхүү товчийг дараад бараг л хүссэн бүх үйлдлээ хийж болно. Зураг авах, тооны машин гаргах зэрэг энгийн үйлдлээс эхлээд shortcut функцийн тусламжтай гэрийн ухаалаг төхөөрөмжүүдээ унтрааж асаахаас эхлээд олон сонирхолтой үйлдлийг тохируулах боломжтой. Мөн ямар focus mode-д байгаагаас хамааран ялгаатай үйлдлүүд ч хийж болно. Жишээлбэл, ажил дээрээ ирэх үедээ action товчийг дарахад утасны дуу хаах горим идэвхэжнэ, харин орой 20 цагаас хойш гэртээ байх үедээ action товчийг дарвал гэрийн ухаалаг гэрэл бүдгэрч болно.
байршил тогтоогч
AirPods чихэвчээ эсвэл AirTag зүүсэн зүйлээ алдаж, эд хогшил дундаасаа олох гэж зовж байсан удаа бий юу? Хэрэв тийм бол уг үйлдлийг хариуцдаг Ultra Wideband чип дөрвөн жилийн дараа шинэчлэгдэж, илүү хүчирхэг, илүү нарийвчлалтай болсныг дуулгая. Уг чипийн ачаар 60 метрийн радиус дотор хэн нэгэн эсвэл эд зүйлээ маш өндөр нарийвчлалтай олох боломжтой. Ирээдүйд уг чип AirTag, AirPods, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдэд байршсанаар алдсан зүйлсээ олоход улам хялбар болох юм.
үргэлж асаалттай
Дэлгэцийн гэрлийг бүдгэрүүлж, шинэчлэгдэх давтамж буюу refresh rate-ийг бууруулснаар цоожтой үед ч гэсэн утаснаасаа огноо, сонордуулга, цаг агаар зэрэг хэрэгтэй мэдээллийг харах боломжийг бүрдүүлдэг “Always-on display” функц iPhone 15-ийн Pro, Pro Max хувилбаруудад бий. Энэхүү функц д нэг цагт ойролцоогоор нэг хувь батарей хороодог тул цэнэг хурдан дуусна гэж санаа зовох хэрэггүй. Утаснаасаа энгийн мэдээлэл харах гэж байгаад нэг л мэдэхэд хэрэггүй аппууд руу орчихсон, цагаа үрдэг бол энэ функц гарцаагүй туслах болно.
СУПЕР КАМЕР
Жил бүрийн шинэ iPhone-ийг шинэ камергүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ удаагийн хамгийн том өөрчлөлт бол гарцаагүй iPhone 15 Pro Max хувилбарт байх 5X татах перископ камер юм. Ийм төрлийн камераар хол байгаа зүйлийг татахад (zoom) бүрсийхгүй гэсэн үг. Зөвхөн Pro хувилбарууд ч биш энгийн болон Plus хувилбаруудын үндсэн камер шинэчлэгдэн 48MP болсноор илүү их мэдээлэл агуулсан, өндөр нягтшилтай зураг авах боломжтой болов. Хувилбар бүрийн камерын хүчин чадал, өөрчлөлтийг жагсаавал дуусашгүй урт жагсаалт болно. Товчхондоо, зураг, дүрс бичлэгийн чанараараа алдартай iPhone утасны хамгийн хүчирхэг камеруудыг ашиглахыг хүсвэл iPhone 15-ийн аль нэг хувилбарыг аваарай.
Сонирхуулахад Apple 10-р сарын арга хэмжээгээ тэр чигт нь iPhone дээр бичсэн гэсэн шүү. Итгэхгүй байвал дараах бичлэгийг үзээрэй.
ХӨДӨЛГӨӨНТ АРАЛ
Зөвхөн Apple гэлтгүй бүх л гар утас үйлдвэрлэгчид өнгөрсөн жилүүдэд нүүрний камер болон дагалдах мэдрэгчүүдийг хэрхэн “нууж”, хэрэглэгчдэдээ цэлгэр, ямар нэг сатаарах зүйлгүй дэлгэц өгөх вэ гэдэгт анхаарав. Уг өрсөлдөөнд Apple нэгэн ухаалаг арга сэдсэн нь өнгөрсөн жилийн iPhone 14 загварын Pro хувилбаруудад байх Dynamic Island билээ. Угтаа тэд камер, мэдрэгчийг агуулж буй хэсгийг ашиглаж, дэлгэц мэтээр мэдрүүлэх шийдлийг олсон нь энэ юм.
Дуудлага хийх, хөгжим тоглуулах, хугацаа харах гэх мэт олон үед хэргээ гаргадаг энэхүү “хөдөлгөөнт арал” өмнө нь зөвхөн iPhone 14 Pro хувилбаруудад байсан бол iPhone 15-ийн бүх хувилбарт бий. Ингэснээр “Pro” биш “энгийн” үнэ төлөөд энэхүү “Pro” функцийг ашиглах боломжтой болж байна.
ТОГЛООМЫн ШИНЭ ЭРИН
iPhone утсаа ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг вэ? Зураг авах, дуудлага хийх, олон нийтийн сүлжээ ороход л ашигладаг уу? Тэгвэл Apple ахин нэг хэрэглээ нэмэхийг хүссэн бололтой. Тэр бол гар утасны тоглоом. Гэхдээ бидний мэдэх Candy Crush биш шүү. Apple-ийн анхны гурван нанометр чип болох A17 Pro-ийн ачаар AAA буюу хамгийн өндөр зэрэглэлийн, зөвхөн тусгай тоглоомын консолууд дээр тоглох боломжтой байсан Resident Evil 4, Assassin's Creed Mirage тэргүүтэй шилдэг тоглоомуудыг гар утсаараа тоглох боломжтой болж байна. Уг тоглоомууд iPhone 15-ийн Pro хувилбаруудад ирэх онд гарах бөгөөд гар утасны тоглоомын үнэнхүү дараагийн түвшнийг мэдрэхийг хүссэн хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой үйл явдал билээ.
УЯН ХАТАН НӨХЦӨЛ
Дээр дурдсан орчин үеийн технологиудыг ашигламаар байгаа ч бүрэн төлөөд авахад хүндрэлтэй байна уу? Тэгвэл сүүлийн үед финтекийн зах зээл эрчимтэй хөгжсөний үр дүнд iPhone 15-ийг санхүүдээ хүндрэл учруулахгүйгээр авах боломжтой болов. Тодруулбал, энэхүү нийтлэлийн хамтрагч Аянга стор дэлгүүр цоо шинэхэн iPhone 15-ийг урьдчилгаагүй, таатай нөхцөлөөр Numur, Payon, Sono, Storepay, Netpay зэрэг хэрэгслүүдийг ашиглан худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
АЛГАСАХ ШАЛТГААН
ИРЭХ ЖИЛИЙН iphone
Өмнө нь дурдсанчлан өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд гар утас үйлдвэрлэгчид нүүрний камер болон мэдрэгчийн эзлэх талбайг багасгаж, хэрхэн цэлгэр дэлгэцтэй болох цаашлаад хэрхэн нүүрэн хэсэг нь тэр чигтээ дэлгэцтэй утас бүтээх дээр ажиллаж буй. Apple-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг олон ч удаа таамаглаж байсан нэгэн судлаач 2024 он буюу ирэх жил Apple хамгийн анхны дэлгэцэн доор камер болон мэдрэгчтэй iPhone-ий загварыг худалдаанд гарна хэмээн таамаглаад байгаа юм. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол ирэх жилийн iPhone хүн бүрийн хүлээж буй огцом өөрчлөлтийг авчирч магадгүй.
iPhone 16
Энэ жилийн iPhone 15-ийг алгасаж дараа жилийн iPhone 16-г хүлээх хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь Wi-Fi 7 буюу дараагийн үеийн утасгүй сүлжээ. Хэдхэн жилийн өмнө 5G сүлжээг дэмждэг утаснууд шил дараалан гарч байсан шиг тун удахгүй хөгжүүлэлт нь дуусах, одоогийн стандартаас дөрөв дахин хурдтай Wi-Fi 7 стандартыг дэмжих анхны утас нь iPhone 16 байх магадлалтай. Түүнчлэн iPhone 16 solid state буюу iPhone 7 загварын home шиг биет бус товчтой болно гэсэн таамаг бий. Ингэснээр тус загварын ус, тоосны хамгаалалт нэмэгдэж, бат бөх байдал нь ч мэдэгдэхүйц сайжрах юм. Мөн ирэх жил Pro, Pro Max хувилбаруудын дэлгэцийн хэмжээ томрох таамаг байгааг бүү мартаатай.
ULTRA хувилбар
Хамгийн сүүлд iPhone 13 загварт mini гэх хувилбар байсан бөгөөд хангалтгүй борлуулалтаас үүдэн уг хувилбарыг ахиж худалдаанд гаргаагүй юм. Тэгвэл Apple ирэх жил хамгийн үнэтэй, хамгийн хүчирхэг iPhone 16 Ultra хэмээх загварыг худалдана хэмээн салбарын хэд хэдэн эх сурвалж таамаглажээ. 2022 онд Apple Watch-ийн хамгийн дэвшилтэт хувилбар болох Apple Watch Ultra гарсны адилаар iPhone Ultra загвар ч мөн бидний мэдэх iPhone-ийг олон шат ахиулах хүлээлттэй байна.
ХАНГАЛТГҮЙ БАТАРЕЙ
Сүүлийн жилүүдэд iPhone утасны батарейнд төдийлөн томоохон өөрчлөлт ороогүй ч ирэх жилээс технологийн шинэ шийдлийг ашиглах өндөр магадлалтай байгаа юм. Энэхүү технологи нь цахилгаан автомашинд ашиглагддаг учир гар утасны батарейг илүү өндөр багтаамж, удаан хэрэглээтэй болгох нь дамжиггүй. Тиймээс гар утсаа их ашигладаг, хэрэгтэй үед цэнэг дуусах асуудал нийтлэг тулгардаг бол ахин нэг жил хүлээхийг зөвлөх байна.
өрсөлдөгчид
Мэдээж Apple-ийн бүтээгдэхүүн бүр чанар, эдэлгээ, ашиглахад хялбар байдлаараа ялгардаг ч технологийн салбарын өрсөлдөөн ширүүсэх тусам iPhone-ийг орлох ухаалаг утаснууд бий болсоор л байна. Тиймээс өөрийн хэрэгцээнд тохируулж Samsung, Xiaomi, Oppo, Huawei, Google гэсэн брэндүүдээс сонголтоо хийж болох юм шүү.
iphone se
Хэрэв үнэхэээр iPhone авмаар байгаа ч iPhone 15 загвар хэт үнэтэй байвал 2022 оны, гуравдугаар үеийн iPhone SE-г санал болгож байна. iPhone 15-ийн тал үнээр авч болох уг загварын бие жижиг ч, ялангуяа бага насны хүүхэд болон өндөр настангуудын өдөр тутмын хэрэгцээнд төгс нийцэх юм.
"шунал"
Үнэнийг хэлэхэд, ухаалаг утсаа өдөр тутмын энгийн хэрэгцээндээ ихэвчлэн ашигладаг бол заавал сайжруулж, сүүлийн үеийн загварыг авах хэрэггүй. Ялангуяа iPhone утас бат бөх байдлаараа нэртэй тул дунджаар таван жилд нэг удаа солиход хангалттай. Тиймээс iPhone 11 болон 12-оос хойш загварын утастай бол iPhone 15 болголоо гээд тэнгэр, газар шиг ялгаа гарахгүй л болов уу. Шинэ утасны ид шидийг нь гаргаж чадахгүй бол хайран зардал л болно шүү дээ.
Ийнхүү iPhone 15-ийг авах эсвэл алгасах шийдвэр гаргахад туслах 15 шалтгааныг танилцууллаа. Уншигч таны сонголт мэргэн байг.