Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 14 дэх дугаарын 8-р нүүрт анхлан нийтлэгдсэн.
Миний хувьд технологийн талаар тогтмол бичээд тав орчим жил болжээ. Энэ хугацаанд сэтгэл хөдөлгөм цөөн хэдэн үйл явдал болсны нэг нь өнөөдрийн нийтлэлийн гол дүр James Webb телескоп. 2021 онд Зул сарын баяраар хөөрсөн уг телескоп 2022 оны зунаас эхлэн сансрын уудмыг дэлхийн иргэдтэй хуваалцаж эхэлсэн юм.
Анхны өнгөт зураг нь биднээс 4.6 тэрбум гэрлийн жилийн зайд орших SMACS 0723 галактикийн бөөгнөрал байв. Эл зургийг тэр жилийн наадмын өдөр (7-р сарын 22) ил болгож байсан нь саяхан мэт санагдана. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү түүхэн зургийг нээж, хүн төрөлхтөн сансар судлалдаа асар том алхам хийснийг зарлаж байлаа.
JAMES WEBB-ийн чадал
Түүнээс хойш James Webb бидний хязгааргүй сансартай улам ойртуулж, олон гайхалтай зургуудийг эх дэлхий рүүгээ илгээн хараа мялааж байсныг уншигч та ч санаж байгаа байх. Тэдгээрээс онцолбол:

Дэлхийгээс 7,000 жилийн зайд орших Бүргэдийн мананцар (Eagle Nebula) дахь тоос болон одод бүрэлдэж буй Бүтээлийн багана (Pillars of Creation). Уг хэсгийн зургийг тэртээ 1995 онд алдарт Hubble телескоп авч, сансар судлалын нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байв. Ийнхүү 27 жилийн дараа түүнийг залгамжлагч James Webb урьд хожид байгаагүй өндөр нягтшилтай авсан нь энэ.

Харин уг зурагт харагдаж буй 30 Doradus нэртэй “од бойжуулах төв”-ийг хэлбэр, өнгөөс нь болж Тарантула мананцар (Tarantula Nebula) хэмээн нэрлэдэг. Энэхүү мананцраас асар олон тооны одод шинээр бий болж буйг харах боломжтой байдаг учир эрдэмтэд “Бид хэрхэн бий болсон бэ” гэх асуултын хариултыг эндээс л хайдаг билээ.
JAMES WEBB-ийн бүтэц
Нийт 10 тэрбум доллар, 20 орчим жилийг зарцуулсан энэхүү телескоп хэрхэн ийм гайхалтай зургуудыг авч байгаагийн нууц нь дараах үндсэн хэсгүүдтэй холбоотой.

Үндсэн толь: Юун түрүүнд James Webb-ийн үндсэн толь нь хүн төрөлхтний сансарт илгээсэн хамгийн том толь юм. 6.5 метрийн диаметртэй, нийт 18 ширхэг зургаан өнцөгтөөс бүрдэх уг толийг берилли (Be) нэртэй хөнгөн хэдий ч маш бат бөх материалаар хийж, алтаар (Au) бүржээ.
Хоёрдогч толь: Энэхүү толь нь үндсэн толинд ойх гэрлүүдийг цуглуулж урдаа байх үндсэн багаж (ISIM) руу илгээдэг. Мөн адил алтаар бүрсэн тул хэт улаан туяаны 99 хувийг буцаан ойлгодог аж.
Үндсэн багаж: Уг багаж нь ойр-хэт улаан туяаны камер “NIRCam”, түүнийг боловсруулах “NIRSpec”, дунд-хэт улаан туяаг судлах “MIRI”, телескопыг чиглүүлэх “FGS”, аливаа гараг болон галактикийг ажиглах “NIRISS” гэсэн үндсэн хэсгүүдтэй.
Нарны бамбай: Сансарын хөлгүүдийн нэг том аюул бол мэдээж хэт халуун болон хэт хүйтэн нөхцөл. James Webb-ийн хувьд Нар, Дэлхий, Сарны дулаанаас өөрийгөө хамгаалах шаардлагатай бөгөөд хүйтэн температуртай байх нь хэт улаан туяаг цуглуулахад нэн чухал. Иймд каптон нэртэй, хүний үснээс ч нимгэн, таван давхар хамгаалалт бүхий нарны бамбайтай юм. Үүний тусламжтай тус телескопын Нар луу харсан хэсэг нь 85°C халуун байхад, үндсэн тольтой нөгөө хэсэг нь -233°C юм.
Сансрын автобус: Нарны бамбайн доор байрлах энэхүү төхөөрөмж нь уг телескопыг тэжээлээр хангах, аливаа мэдээллийг илгээх болон хүлээн авах, байршил өөрчлөх зэрэг үндсэн үүргийг хариуцдаг.
JAMES WEBB-ийн ид шид
Холын дуран: Энгийнээр тайлбарлавал, James Webb бусад телескопоос илүү их гэрэл, тэр дундаа хэт улаан туяаг цуглуулах боломжтой. Ингэснээр 13.6 тэрбум гэрлийн жилийн тэртээхийг буюу манай ертөнцийн эхлэл болох Их тэсрэлт (Big Bang)-ээс даруй 200-300 сая жилийн дараах ертөнцийг харж болно. Хэрвээ одоогийн ертөнцийг 100 настай хүн гэж тооцвол бид энэ хүнийг 1-2 настай байхдаа ямар байсныг харж чадна гэсэн үг. Бид хаанаас эхэлсэн бэ, хаашаа явна вэ гэдэг асуултын хариултыг эндээс л олж мэднэ.

Оригами мэт: James Webb шиг том телескопыг задгай сансарт хүргэхийн тулд пуужинд нь хэрхэн багтаах вэ гэсэн том асуудал тулгарчээ. Үүнийг шийдсэн шийдэл нь нэн сонирхолтой. Товчхондоо тэд тус телескопыг эвхэж байгаад сансарт хүрмэгцээ дэлгэгдэхээр загварчилсан юм. Яг л оригами шиг.

Улаан туяа: Алдарт Hubble телескоп 13.4 тэрбум жилийн өмнөхийг харж чадаж ч хэт ягаан туяа болон нүдэнд харагдах гэрлийг түлхүү цуглуулдаг. Харин James Webb үүнээс цааш буюу асар бүдэг, мөн элдэв тоос, тоосонцрын цаана орших хэт улаан туяаг цуглуулдаг гэсэн үг.

Тухтай байрлал: James Webb нь Дэлхийгээс 1,5 сая орчим км зайтай, хоёр дахь Лагранжийн цэгт (Lagrange point - L2) байршдаг. Энэ цэгт Дэлхий, Нар болон бусад сансрын биетүүдийн татах хүч тэнцдэг буюу аливаа биет “тогтвортой” орших боломжтой. Түүнээс гадна энэхүү цэгээс сансрын уудмыг тольдоход саад болох ямар нэгэн зүйлгүй байдаг давуу талтай билээ. James Webb Дэлхийгээс хөөрснөөс яг нэг сарын дараа энэхүү “тухтай” цэгтээ хүрсэн юм.


Сэтгэгдэл бичих (1)


С Сансар, одон орон сонирхогч 2024.12.05 66.181.168.8
Үнэхээр гайхалтай юмаа, маш их сонирхдогийг ч хэлэх үү үнэхээр гайхалтай, гоё мэдээлэл байна. Баярлалаа