Ажил хайж, сонирхсон газартаа анкетаа илгээх нь нэг бодлын сэтгэл догдлом үйлдэл боловч заримдаа төвөгтэй санагдах нь цөөнгүй. Цаг хугацаа зарцуулан төгс боломжийг хайсаар сүүлдээ өөрт тохирох ажил олно гэдэгтээ итгэл алдрах ч үе бий. Тэгвэл ажил горилогчоос ажилтан болох замыг тань илүү дөт болгох апп-уудыг танилцуулъя. Жагсаалтад орсон бүх апп-уудад вэб хувилбар байгааг санах нь зүйтэй. 

Zangia.mn - Монголын иргэн бүрт ажлын байр


Монголын ямар ч ажил горилогч, ажил олгогчийн толгойд хамгийн түрүүнд бууж ирдэг талбар бол “Zangia.mn” буюу хуучнаар “biznetwork.mn” гэхэд буруудахгүй биз.

Энэхүү апп-аар дамжуулан 24 салбарын ажлын байрны заруудаас хүссэн шүүлтүүрээр хайлт хийхээс гадна бүртгэлтэй бүх байгууллагын ерөнхий мэдээлэл, зарласан ажлын байрууд, холбоо барих мэдээллийг харахад нээлттэй байдаг. Мөн таны сонирхож буй салбарт зарласан ажлын байруудыг бүртгэлтэй имэйл хаягаар тань тогтмол илгээдэг учраас шинэ зартай цаг алдалгүй танилцах боломжтой.

Монгол болон дэлхийн бусад орнуудад болж буй үйл явдлын мэдээ тогтмол ордог ба өнгөрөгч гуравдугаар сард “Zangia Academy” хэмээх функцийг апп-даа нэмж өгчээ. Ингэснээр ажил горилогч нарт ажлын байрны ур чадвараа хөгжүүлэх, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах үүд хаалга нээгдэж буй юм. Сургалтаа амжилттай үзэж дуусгаад CV-дээ хавсаргах сертификаттай болно гээд бодоход л танд илүү олон ажлын боломж гарч ирэх нь ойлгомжтой биз.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

LinkedIn - Хүрээллээ тэлэх дэлхийн талбар


Олон улсад "LinkedIn"-ийг ажлын байр болон ажилтан хайх хамгийн шилдэг платформ хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхий даяар нийт 740 сая гаруй хэрэглэгчидтэй энэхүү талбарыг “мэргэжилтнүүдийн Facebook” гэж хэлэхэд ч болох мэт.

Ажил горилогч, ажил олгогч нарын уулзах цэг болохын зэрэгцээ хэрэглэгчдэд зориулсан мэргэжлийн ур чадвараа харуулах, үзэл бодлоо илэрхийлэх, танилын хүрээгээ тэлэх, эвэнт үйл ажиллагаанд оролцох, аливаа сургалт, хөтөлбөрт хамрагдах гэх мэт өргөн цар хүрээ бүхий боломжуудаар дүүрэн.

Зөвхөн монгол дахь бус олон орны ажил олгогч нартай холбоо тогтоох арга хэрэгсэл болж буй нэн давуу талтай. Ингэснээр монгол хэрэглэгчдэд зайнаас ажиллах, эсвэл ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа явуулж буй улс, хотод шилжин суурьших, тэндээ ажиллах боломж нээгдэх юм.

Түүнээс гадна таны ур чадвар, өмнөх туршлагад илүү тохирох ажлын байруудаас сонирхож үзэхийг санал болгодог. Дөрвөн түвшний нэмэлт функц бүхий "LinkedIn Premium" төлбөртэй хувилбарыг ашиглавал апп дотроос ажил олгогчид руу шууд имэйл илгээх, өөрийгөө бусад ажил горилогчидтой харьцуулах, таны хаягийг орж үзсэн хэрэглэгчдийг харах гэх мэт олон боломж нээгддэг.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

Nito - Ажил өөрөө чамайг олно


Та ажлын байрыг биш, ажлын байр таныг олно гэвэл ямар сонсогдож байна вэ? Үүний тулд та зөвхөн CV-гээ үүсгэхэд л хангалттай. Хариуд нь танд ажлын саналууд цалингийн мэдээлэлтэйгээ ирнэ гээд төсөөл дөө. Хэрэв танд таалагдаж байвал бизнес технологийн шилдгүүд цуглаж буй "Нито"-д нэгдээрэй.

Өөрийн мэдээллээ оруулсны дараагаар шууд л “Чамд тохирсон” хэмээх хэсэгт ажлын байрууд зурайна. Мөн “Сүүлд нэмэгдсэн”, “Эрэлттэй компаниуд”, “Өндөр үнэлгээтэй” гэх мэт хэсгүүдээс өөрт тохирсон хэлбэрээр хайлт хийх боломжтой.

Дээрээс нь ажиллаж буй, ажиллаж байсан байгууллагаа үнэлэх функцтэй тул ажил горилогчид тухайн компанийн талаар дотор нь ажиллаж буй хүнээс мэдээлэл авч байгаагаас ялгаагүй. Харин ажиллагсдын хувьд компанийнхаа хүний нөөцийн бодлого, ирээдүйн үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

Worki - Карьерын шинэ орон зай


Танд шинэхэн монгол апп "Worki"-г танилцуулъя. "Нито"-той адилаар компаниа үнэлж болдог ба тухайн долоо хоногийн топ үнэлгээтэй компаниуд нүүр хуудаснаа тод харагдана.

Ажлын байран дээр нэн шаардлагатай зөвлөгөөг хүргэдэг нь ажил горилогчдод нэн тустай. Таны туршлага, CV дээр үндэслээд зарлагдсан ажлын байр тантай хэдэн хувь тохирохыг харуулдаг функц нь болзооны апп-уудыг санагдуулсныг нуух юун. Нэмэлтээр тухайн ажлын байранд ажилтан шалгаруулах процесс ямар дарааллаар явагдахыг харах боломжтой учир ажил горилогчдод “Дараа нь яах бол?” гэж толгой гашилгахгүй.

Холбоос: Вэб хуудас

Татаж авах: iOS | Android

anket.work - анкет бөглөх амархан


Бусад апп-уудыг бодвол харьцангуй энгийн, минималист хэв маяг бүхий энэ апп-аар дамжуулан сонингийн заруудыг давхар харах боломжтойгоороо онцлог. Түүнээс гадна ажлын зар болгон QR кодтой тул ажил хайж буй танилуудадаа ч мэдээлэл дамжуулахад илүү хялбар. Бусад апп-уудтай харьцуулахад ажлын байрны зарын тоо цөөн байгаа юм.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

Ajly - Үнэлэмжээ өсгө


"Ajly" бол чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хэн бүхний утсандаа суулгах апп юм. Байршлын мэдээлэл дээр үндэслэн танд ойр буй цагийн ажлын боломжуудыг харуулдагаараа давуу талтай.

Тухайн ажлын хуваарь, байршил, цагийн үнэлгээ, өдөрт авах нийт хөлс гэх мэт мэдээллийг нэг дороос харах боломжтой. Төлбөр тооцоог апп-аар дамжуулан гүйцэтгэх тул ажил олгогч, гүйцэтгэгч хоёр талдаа санхүүгийн баталгаа болно.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

OnedayJOB - Дуртай ажлаа хүссэн цагтаа


Үндсэн болон өдрийн бүх төрлийн ажлын нэгдсэн платформ болж буй "OnedayJOB" апп нь ашиглалтад ороод хоёр жил болох гэж буй. Та ажиллахыг хүсэж буй хэдэн ч салбарт бүртгүүлэх боломжтой ба тухайн салбартаа ажилласан жилийн туршлагаа дурдах хэсэгтэй тул бусдаас ялгарах онцлог тань болж мэдэх юм.

Өнөөдрийн байдлаар идэвхтэй ажлын зар байхгүй байгаа ч нийт 328 байгууллага, 10,488 анкет бүртгэлтэй байгаа тул ирээдүйн боломжуудыг алдахгүйн тулд бүртгүүлсэн байхад гэмгүй.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

TaskMN - Аз жаргалтайгаар хөдөлмөрлө


Нээлтээ хийгээд нэг жил болох гэж буй "TaskMN" апп-ын бусдаас ялгарах онцлог бол захиалагчдын санал болгож буй ажлуудаас сонголт хийж, тухайн ажлыг хийх саналаа хүргүүлэх боломж юм. Апп дээр бэлэн гэрээний загвартай, дээрээс нь ажлын гүйцэтгэл дуусах хүртэл ажлын хөлс дундын дансанд байрших учраас санхүүгийн баталгааг хангах давуу талтай.

Захиалагчид ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгөх функцтэй тул ажлын чанар, түргэн шуурхай байдал зэргээрээ бусдаас ялгарахад тань туслах нь гарцаагүй. Одоогоор нийт 3,300 гаруй хэрэглэгч бүртгэлтэй ба тус талбараар дамжуулан 300 гаруй ажил хийгджээ.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

HireUp - Монголын анхны фрийлансерийн цогц платформ


"HireUp"-д нэгдсэнээр чадварлаг фрийлансер уран бүтээлчид болон мэргэжилтнүүд цахим орчинд, хурдан шуурхай ажил гүйцэтгэх үүд хаалга нээгдэж буй. Нийт найман ангилал бүхий үйлчилгээний төрлөөс та өөрийн хамгийн сайн хийж чадах ажлаа гүйцэтгэх хугацаа, үнийн санал, бусад мэдээлийн хамт нийтлэх юм. Та энгийн, стандарт, супер гэсэн гурван багц үйлчилгээг өөрийн тогтоосон ханшаар санал болгох эрхтэй.

Захиалагчтай чатлах, файлуудаа хуваалцах, цаг тогтоох зэрэг ажлуудыг апп-аараа дамжуулан гүйцэтгэх боломжоор хангаж хэрэглэгчдийнхээ ажлыг хөнгөвчилсөн нь сайшаалтай. Харин төлбөрийн аюулгүй байдлыг хангахын тулд ажлын хөлс дундын дансанд байрших ба таны апп дээрх дансны үлдэгдэл 50,000 төгрөгт хүрсэн үед хувийн данс руугаа татан авах нөхцөл бүрдэх юм.

Холбоос: Вэб хуудас
Апп татах: iOS | Android

Fiverr - дэлхийн фрийлансер болох орон зай


Хэлний мэдлэгтэй, гадны захиалагчидтай хамтран ажиллаж туршлага хуримтлуулах, чадвараа хөгжүүлэх хүсэлтэй фрийлансерууд маань тоолж барамгүй олон гадаад платформуудын сонголттой нүүр тулдаг.

Тэдний дундаас "Fiverr"-ийг онцлон энэхүү жагсаалтдаа оруулсан учир нь ижил төрлийн гадаад апп-уудаас илүү жижиг сажиг ажлууд гүйцэтгэх боломжтой байдгаараа давуу талтай. Түүнчлэн захиалагчдын хүсэлт хэсэгт бүртгүүлэх, ажил гүйцэтгэх санал хүргүүлэх функц нь үнэгүй учир танд илүү их боломж нээгдэнэ.

Эсрэгээрээ орон орны олон хэрэглэгчтэйн хэрээр өндөр өрсөлдөөнтэй, төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уддаг гэмтэй. Дээрээс нь ажил гүйцэтгэж дууссаны дараа ч захиалагчийн саналд хүрэхгүй бол төлбөр буцаах эрсдэлтэй байдаг тул чанарын шаардлага өндөртэй.

Холбоос: Вэб хуудас
Татаж авах: iOS | Android

төгсгөлд нь

Үргэлж өөрийгөө дайчилж, аливаа шинэ боломжуудыг цаг алдалгүй барьж авах нь өнөө цагийн мэргэжилтнүүдийн нэн тэргүүний шаардлага мэт. Бидний гаргасан жагсаалт таны хөдөлмөрийн эрэл хайгуулыг илүү хялбарчилж өгсөн гэж найдаж байна. Танд амжилт хүсье.