Монголчууд бид түүхэндээ бичиг үсгээ олон удаа сольж, шинээр зохиож байсан ард түмэн юм. Түүхийн явцад бүтээгдэж байсан тэдгээр бичиг үсгүүдээс нэр дурдвал Монгол бичиг, Али Гали үсэг, Дөрвөлжин бичиг, Соёмбо үсэг, Вагиндрагийн үсэг гэх мэтчлэн үргэлжилнэ. Өдгөө албан ёсны хэрэглээнд буй Кирилл үсгээс өмнө бид Латин цагаан толгойг ч авч хэрэглэж байсан түүхтэй. Гэвч түүхийн бүхий л цаг үед бид буцаад л Үндэсний бичиг буюу монгол бичиг рүүгээ буцсан байдаг. Өдгөө ч энэ түүх давтагдах шинжтэй.
Учир нь хэл зүйн эрдэмтийн тайлбарлаж буйгаар уг бичиг нь монгол хэлэнд хамгийн төгс төгөлдөр зохицохын зэрэгцээ монгол үгийн язгуур, утгыг эвдэлгүй хадгалдаг аж. Ёстой л Билгүүн номч Б.Ринчен гуайн хэлсэнчлэн “Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт” үсэг гэж хэлж болно. Ийм учир энэ удаагийнхаа нийтлэлээрээ монгол хүн бидний бахархал, монгол хэлний дархлаа болсон үндэсний бичгээ сурахад тань туслах 5 аппыг онцолж байна.
1. bolor toli
Гадаад хэл сурангаа үндэсний бичгийнхээ хэрэглээ, мэдлэгийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой апп. Хүмүүсийн хэдийн танил Bolor Toli нь англи, герман, солонгос, япон, хятад, орос зэрэг хэлний толь бичигтэй бөгөөд та эдгээрийн аль ч хэлнээс хайлт хийсэн бай орчуулга нь монгол бичгээр болон кирилл үсгээр давхар гарч ирнэ. Хэрвээ та уг аппыг бүхэлд нь үндэсний бичиг рүү шилжүүлбэл бүр илүү сонирхолтойн сацуу монгол бичгээ улам хурдан сайжруулахад тань үлэмж үр дүнтэй арга болно. Энэ тохиолдолд та үндэсний бичгээр уншихад хүндрэлтэй байсан ч тухайн үгээ сонсох боломжтой. Ингэснээр шинэ гадаад үг сурахын зэрэгцээ тухайн шинэ үгээ үндэсний бичгээрээ бичиж сурах давхар давуу талтай юм.
Мөн та дуу яриа боловсруулагч Чимэгэ технологийн тусламжтайгаар өөрийн дуу хоолойгоор хайлт хийх боломжтой бөгөөд энэ нь танд аливаа хайх гэж буй үгээ үндэсний бичгээр бичиж мэдэхгүй байсан ч уг аппыг 100 хувь үндэсний бичгийн тохиргоотой ашиглах боломжийг олгоно.
2. mongol bichig
Энэхүү аппыг үндэсний бичгийн аль ч түвшний мэдлэгтэй хүн хэрэглэх боломжтой. Огт уншиж бичиж чадахгүй хүнээс эхлээд үндэсний бичгээр нэлээд гарамгай сайн уншиж бичдэг нэгэн ч энэ аппыг хэрэглэж болно. Учир нь та уг аппаас үндэсний бичгийн анхан шатны хичээлүүд болох үсгийн зурлагын нэр, бүтэц, үгэнд орох байр зэргээс эхлээд гар бичмэл, хичээнгүй бичвэр, барын бичиг, үсэг эвхэх ёс, таталган бичиг гээд хүндэвтэр хийгээд эрдэм шинжилгээний судалгаанд ч тус болох мэдлэгийг үнэ төлбөргүй авах боломжтой.
Хэдийгээр уг апп нь танд үндэсний бичгийн бүрэн цогц мэдэгдэхүүн өгөх ч аппын UI-ын хувьд бага зэрэг уйтгартай санагдаж магадгүй. Гэсэн ч монгол бичгээ сурч эхлэхээр эсвэл улам өнгөлж тордохоор нэгэнт шийдээд буй бол таны заавал мэдэх ёстой бүх мэдэгдэхүүнийг нэг дор хураасан уг аппыг гар утсандаа заавал суулгаарай.
3. mongol toli
Одоогоор бидэнд цахим хэлбэрээр буй бараг л цор ганц монгол хэлний их тайлбар толь. Энэ толиос та эх хэлнийхээ хамгийн өргөн хэрэглээний 80 000 орчим үгсийн тайлбар, эш зүүлт, хоршоо, холбоо үгсийг нь мэдэх боломжтойн дээр хамгийн гол нь тухайн үгийнхээ монгол бичгийн хувилбарыг нь харах боломжтой.
Судалгаагаар дундаж төрөлх хэлтэн ойролцоогоор эх хэлнийхээ 15000-20000 үгийн бүл (гүйх, гүйлт, гүйх харайх, гүйн явах зэрэг нь нэг бүлийн үгс юм)-ийг мэддэг гэдэг. Гэтэл монгол хэл нь хамгийн багадаа нэг сая гаруй үгтэй баялаг хэл билээ. Тиймээс эх хэлнийхээ уудам сан хөмрөгөөс сурах, эрэл хайгуулд гарах, мөн хамгийн гол нь үндэсний бичгээ сурахад түшиг тулгуур, хань нөхөр тань Монгол толь болж чадна гэдэгт итгэлтэй байна.
4. үндэсний бичиг
Энэ апп нь дээр дурдсан Mongol Bichig апптай зориулалт, агуулгын хувьд ижил. Харин аппын дотоод загвар (visual)-ын хувьд дээрх аппаас арай илүү сонирхолтой бөгөөд анхаарал татам.
Үндэсний бичиг апп нь видео хичээлүүд, дэлгэцдээ цагаан толгойн үсгүүдийг бичих дасгал, тулгуур ойлголт бүхий 100 үзүүлэн хичээлүүд болон өөрийгөө сорих сорил гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд бие даан суралцахаар зорьсон хэн бүхний заавал татах аппын нэг билээ.
Уг аппын Mongol Bichig аппаас ялгарах өөр нэгэн онцлог нь гар бичмэл, хичээнгүй бичвэр, барын бичиг, үсэг эвхэх ёс, таталган бичиг зэрэг илүү ахисан түвшний сэдвийг тайлбарласан хичээлгүй бөгөөд түлхүү үндэсний бичгийн хэрэглээнд голчлон анхаарсан шийдэлтэй.
5. tungaamal toli
Тунгаамал толь нь дээр дурдагдсан Чимэгэ хэмээх монгол хэлний дуу, яриа боловсруулагч технологийн тусламжтай таны хэлсэн үгийг танин, тухайн үгийн салаа утгуудыг үндэсний бичгийн хувилбартай нь харуулдаг анхны монгол дуу авиагаар хайлт хийдэг толь бичиг юм.
Гадуур алхаж явахдаа, цайны цагаараа, эсвэл хичээлийн завсарлагаагаараа гэнэт ямар нэгэн үг үндэсний бичгээр хайх шаардлагатай болбол Тунгаамал толь хамгийн тохиромжтой сонголт. Түүнчлэн монгол бичиг дөнгөж сурч эхэлж байхдаа, эсвэл өвөрмөц, уламжлалт бичлэгтэй үгсийг тогтоож байхдаа уг аппаа ашиглаад л өөрийгөө зөв бичсэн эсэхээ тэр дор нь шалгах боломжтой.
Үндэсний бичгээ сурахаар, сэргээн санахаар, улам ахиулан танихаар шийдсэн уншигч таны эрдмийн зам мөр дардан байг ээ.