Технологийн эрин зуунд нийгмийн харилцааны бүхий л шат дамжлага цахим хэлбэрт шилжиж, бидний амьдралын алхам бүр илүү хялбар, бас хурдтай болсоор байна. Цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн шийдэл асар олон асуудлыг шийдвэрлэж байгаа нь хувь хүмүүст төдийгүй нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байгаа билээ. Techworm энэ удаад тэдгээр шийдлүүдийн нэг болох тоон гарын үсгийн технологийг танилцуулахаар бэлдлээ.

Тоон гарын үсгийн тухай

Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Үүнд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг, тухайн файлд гарын үсэг зурагдсанаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ бол тоон гарын үсэг юм.

Хүртээмжтэй, үр дүнтэй харилцаа

Мэдээллийн үнэ цэн өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ цаг үед тогтсон хэв маяг болох тамга, гарын үсэгтэй цаасан баримт бичгээс хэт хамаарах нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмж буурах, үр ашиггүй цаг үрэх нөхцөл болж байна. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр чухам энэ асуудлыг шийдвэрлэж, хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжтой болох учиртай.

Төрийн болон хувийн байгууллагын бүхий л албан харилцаа цаасаар явагдсаар байгаа нь нийгмийн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа талаар судалгаа ч бий. Бичиг баримт баталгаажуулах, холбогдох хүмүүсээс баталгаа авах, шаардлагатай мэдээллийг цуглуулах нь дундаж оффисын ажилтны ажлын цагаас "хороож", бүтээмжийг нь бууруулдаг.

Тоон гарын үсэг маш найдвартай учир ажил хэргийн харилцаанд орогсдын хооронд итгэлцэл тогтож, цаг, мөнгө, хөдөлмөр зэрэг үнэт нөөцийг үрдэг, биет харилцааг халах, цаашлаад онлайн орчинд гэрээ байгуулах, цахим гүйлгээ, төлбөр тооцоо зэргийг хийх боломжтой. Манай улсын хувьд одоогийн байдлаар Улсын бүртгэлийн газрын бүх үйлчилгээг тоон гарын үсгээрээ авах нөхцөл бүрдээд буй. Цаашлаад, банк санхүү, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

хялбар - хэмнэлттэй үйл ажиллагаа

Тоон гарын үсгийг хэрэглэх маш хялбар. Хэдий цаана нь маш өндөр нууцлал бүхий, нарийн технологийн суурь бүтэц ажиллаж байгаа ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэн нь давуу тал. Олон улсад түгээмэл хэрэглэгдэж буй жишгээр тоон гарын үсгийг эзэмшигч болохын тулд флаш дискний хэмжээтэй тээгч эсвэл сим карттай байх хэрэгтэй болно. Уг тээгчид зөвхөн танд зориулан бүтээгдсэн дахин давтагдашгүй, 2048 тэмдэгтээс бүрдэх түлхүүрийг хадгалах учиртай юм. Хэрэглэгч өөрөө тусгай ПИН код үүсгэх ба шаардлагатай үед хаана ч, хэзээ ч ашиглана.

Нөгөө талаас тоон гарын үсгийн хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмнэх учиртай. Эхнийх нь цаасгүй харилцаа. Бүх төрлийн харилцаанд асар их цаас хэрэглэгдэж, түүнийг дагаад хадгалах, арчлах зардал үүсдэг. Албан байгууллагууд тоон гарын үсэгтэй болсноор албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалт, тайлан өргөдөл гаргалт зэрэг үйл явцыг байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой болох билээ.

Сангийн яамны мэдээлснээр Монгол улсын төрийн байгууллагууд зөвхөн цаас, хор, шуудангийн зардалд жил бүр 50 - 60 тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ. Харин Европын Холбоо 2009 оноос тоон гарын үсгийг нэвтрүүлснээр жил бүр 280 тэрбум евро, 8 тонн цаас хэмнэх болсноо тайлагнажээ. Энэ бол тоон гарын үсгийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний зөвхөн нэг жишээ.

хуулиар баталгаажсан, аюулгүй хэрэглээ

Монгол Улс 2011 онд "Цахим гарын үсгийн тухай хууль"-ийг баталсан нь цахим шилжилтийг орон даяар хийх, ялангуяа төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх алхам болжээ. 2016 онд цахим гарын үсгийн систем ашиглалтад орсон бөгөөд энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд дотоод системдээ шууд ашиглах боломж бүрдсэн юм. Үүнээс гадна Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагаас зээлийн мэдээллийн санд хандахад, төв банкны үнэт цаас болон валютын арилжаа, банк хоорондын цахим арилжааны системүүдэд ашиглахаар бэлтгэж байгаа гэнэ.

Дижитал шилжилтийн нөлөөгөөр бидний өдөр тутмын хэрэглээ улам бүр цахимжиж байгаа энэ үед хувь хүний мэдээллийн аюулгүй байдал зайлшгүй анхаарах сэдэв болоод байгаа билээ. Цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн байдаг учир хамгийн баталгаатай бас найдвартай хэрэгсэл аж. Ийм ч учраас баримт бичгээ баталгаажуулах, онлайнаар материал илгээх, гэрээ байгуулах зэрэгт таныг болон танай байгууллагыг "мөн" эсэхийг тоон гарын үсэг найдвартай батална.

Гар утсанд суурилсан тоон гарын үсгийн тухай

"Мобиком" корпораци болон “Тридум Кэй” компани хамтран өнгөрсөн жил гар утсанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг "MSign" нэртэйгээр нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн явдал болсон юм.

Гар утсанд суурилсан, тоон гарын үсгийн үйлчилгээний одоо ашиглагдаж буй болон шинээр нэвтрүүлэхээр хүлээгдэж буй хэрэглээ, ашиглалтын талаар мэдээллийг хүргэе. Үүнд:

- Финтек үйлчилгээ: Хамгийн анх Monpay апп ашиглан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ" болон "Цахим мөнгөний гэрээ" байгуулах боломжийг нээсэн.

- Банкны үйлчилгээ: "Голомт" банкны интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах боломжтой болсон.

- Төрийн үйлчилгээ: E-Mongolia аппликэйшнд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах боломж удахгүй нээгдэнэ.

- Түүнчлэн байгууллагын ERP системд нэвтрүүлэхээр хэд хэдэн газартай хамтран ажиллаж байгаа аж.

Хэрэглэгч өндөр нууцлал бүхий тоон гарын үсгийн сим картыг эзэмшсэнээр энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллагаас үйлчилгээ авах, шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх зэрэгтээ тухайн байгууллагад биечлэн очих шаардлагагүй болох юм. Хэрэглэгч байгаа газраасаа өөрийгөө таниулан, гэрээнд гарын үсэг зуран хүчин төгөлдөр гэрээ үйлдэх боломжтой. Тоон гарын үсгийн үйлчилгээ мэдээллийн өндөр нууцлалтай, хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай.

Гар утсанд суурилсан тоон гарын үсгийг ашиглахын тулд юуны түрүүнд “Тоон гарын үсэг”-ийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий тусгай сим картыг "Мобиком"-ын үндсэн салбаруудаас худалдан авч, одоо ашиглаж буй гар утасны сим картаа солиулах шаардлагатай. Энэ дагуу нэг жилийн хугацаанд хүчинтэй гэрчилгээ авч, түүнийгээ жил бүр сунгуулан үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах юм. Ташрамд дуулгахад, одоо салбарууд дээр сим карт болон гэрчилгээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа гэнэ.