Амьдралаа илүү цэгцтэй, үр бүтээмжтэй, зохион байгуулалттай болгоход туслах янз бүрийн арга техник, програм хангамжууд бий. Эдгээрээс монголчууд Evernote, Microsoft OneNote, Trello зэрэг апп, програмуудыг түлхүү хэрэглэж буй харагддаг. Харин бид энэ удаа та бүхэнд сүүлийн үед энэ талбарт алдаршиж буй, олон талт Notion-ийг танилцуулахаар бэлдлээ.
ХӨГЖҮҮЛЭГЧ NOTION LABS INC.-ИЙН ТУХАЙ ТОО БАРИМТУУД
- Энэхүү програм нь 2016 оны гуравдугаар сард вэб хувилбараар бүтээгдсэн бөгөөд 2018 оны зургаадугаар сар гэхэд бүхий л платформд ашиглах боломжтой болжээ.
- 2019 оны есдүгээр сард Notion Labs Inc. 1 сая хэрэглэгчтэй болсноо зарлав.
- 2020 оны дөрөвдүгээр сард 4 сая хэрэглэгч, 2 тэрбум долларын үнэлгээтэй болжээ.
- Notion Lans Inc. нь 2020 оны нэгдүгээр сард Index Ventures болон бусад хөрөнгө оруулагчдаас 50 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна.
ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Notion нь ашиглахад хялбар, уян хатан, загвар дизайны хувьд шинэлэг, бүтээмж сайжруулахад хэрэгцээтэй төрөл бүрийн функцийг дотроо агуулдаг. Notion дээр та жил, сар, долоо хоногийн төлөвлөлтүүдээ хийж болохоос гадна хичээл, хурлын тэмдэглэл, төслийн санаануудаа бичиж тэмдэглэх, дадал хэвшил болоод хувийн санхүүгээ ч хянах боломжтой. Мөн шууд татаж аваад ашиглах боломжтой олон жишээ загвар (template) байдгийг дурдах нь зүйтэй.
Тэмдэглэж, бүртгэж болох зүйлсийн жишээнүүд:
Оюутан сурагч:
- Хичээлийн тэмдэглэл, төлөвлөлт
- CV / Resume
- Дүнгийн тооцоолол
- Унших номын жагсаалт болон хичээлийн хуваарь
Хүний нөөц:
- Компанийн танилцуулга
- Шинэ ажилтны хүлээн авахтай холбоотой бүх мэдээллийг бөөгнүүлэх
Маркетинг:
- Контентын төлөвлөлт
- Шинэ бүтээгдэхүүн, брэндийн төлөвлөлт
Хувийн:
- Тэмдэглэл (өдрийн, хичээлийн, хурлын тэмдэглэл)
- Дадал хэвшлээ бүртгэх (tracker)
- Аяллын төлөвлөгөө
- Блог
Санаа авах: https://nicklafferty.com/blog/free-notion-templates/
БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ОНЦЛОХ 3 ФОРМАТ
Миний хувьд дараах гурван загварыг ажлын төлөвлөлт, зохион байгуулалтдаа ашигладаг. Судлаад үзэхэд бусад хэрэглэгчид ч түгээмэл ашигладаг шинжтэй тул та бүхэнд хуваалцвал Notion-ий талаар илүү тодорхой ойлголт авах болов уу.
1. 7 хоногийн төлөвлөлт
7 хоног болон өдөр тутмын төлөвлөлтөө гаргахдаа “Weekly Agenda” болон “Task list”-ийг ашиглахад тохиромжтой. “Weekly agenda” хэсэг нь даваагаас ням гараг хүртэлх бүх өдрийг тус тусад нь төлөвлөх боломжтой байдаг.
“Task list” нь 3 хэсгээс бүрддэг. Хийх, хийж буй, хийсэн гэх 3 хэсэгт хуваагддаг тул ашиглахад маш эвтэйхэн.
2. Тэмдэглэл хөтлөх
Бүтээмжид нөлөөлөх нэг чухал зүйл бол бүтээлч санаа бодлоо марталгүй хадгалах, хийе хэрэгжүүлье гэж санасан зүйлээ цэгцтэй тэмдэглэх байдаг. Ямар ч ой санамж сайтай хүн хэт их мэдээлэл, хэт их ачаалал дунд чухал зүйлсээ мартдаг. Тиймээс тэмдэглэл хөтлөх нь хэзээд хамгийн шалгарсан арга байдаг билээ. Та Notion дээр төрөл бүрээр тэмдэглэл хөтөлж болно. Өдрийн тэмдэглэл, зүгээр л шинэ санаануудын жагсаалт гээд л ямар ч арга хэлбэрээр тэмдэглэж болох шүү дээ.
3. Дадал хэвшил болон хувийн санхүүгээ хянах
Хүсүүштэй дадал хэвшлийг өөриймшүүлнэ гэдэг амаргүй. Шинээр дадал эхлүүлэхдээ хүн бүр эрч хүчтэй, өөдрөг байдаг ч түүнийг тогтвортой үргэлжлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй болдог. Сайн дадлыг хэвшүүлэхэд нөлөөлдөг нэг чухал зүйл бол гаргаж буй ахицаа харах, хэр удаан үргэлжлүүлж байгаагаа байнга санах байдаг. Тэгвэл Notion танд энэ боломжийг олгоно. Дадал хэвшлээ хэрхэн үргэлжлүүлж буйг танд цэгцтэй, ойлгомжтой харуулж, удаан хугацаанд хийж хэрэгжүүлэх сэдлийг өгнө. Мэдээж дадал хэвшлүүдийг тань сонордуулгаар (notification) мэдэгдэх болно.
Хувийн санхүүгийн функц нь ашиглахад хялбар, зардлуудаа шууд ангилах, тэмдэглэл бичиж үлдээх, сар болон жил бүрээр нь хэсэгчлэн харж болдог давуу талтай. Зохих хэсгүүдийг бөглөсөн байхад таны хувийн төсвийг ойлгомжтойгоор нэгтгэн харуулах болно.
ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?
Notion нь дотроо Personal, Personal Pro, Team, Enterprise гэсэн 4 хувилбартай. Миний хувьд Personal буюу үнэгүй хувилбарыг ашигладаг. Энэ хувилбар нь хязгааргүй хуудас ашиглах, багаар ажиллах үед 5 хүртэлх зочин урих боломжтой ба оруулж буй файлынх нь хэмжээ 5MB-ээр хязгаарлагддаг.
Харин үнэтэй хувилбарууд нь илүү олон боломжийг санал болгох ба Evernote, Trello зэрэг алдартай аппуудтай харьцуулахад үнийн хувьд арай хямд.
Түүнчлэн ижил төрлийн бусад апп, програмуудаас ялгарах онцлогууд гэвэл:
- Ашиглаж болох хуудасны тоо хязгааргүй + 200гаруй бэлэн загварууд;
- Bullet journal (төлөвлөгч дэвтэр) шиг ашиглах боломжтой. Notion дээр төлөвлөлтийн маш олон загвар байдаг гэж дээр дурдсан билээ. Бужо дэвтэр дээр хийдэг сар, долоо хоногийн төлөвлөлт, дадал болон нойр мөшгөгч зэргийг Notion рүү хөрвүүлэн ашиглах бүрэн боломжтой.
- Төслийн удирдлагын програмын зориулалтаар ашиглаж ажлын хамт олонтойгоо цуг төлөвлөлт хийх, хийж буй ажлуудаа хянаад явах боломжтой.
Н Нараа 2021.12.15 202.9.47.47
Эн аппыг танилцуулсанд баярлалаа. Хэрэглэж үзээд яг хайж байсан аппаа олсондоо маш их баяртай байгаа. Хэрэглэхэд хялбар, гол нь яг хэрэгтэй зүйлүүд багтсан апп байна лээ.