Энэхүү нийтлэл нь Unread Today долоо хоног тутмын сонины 2024/09/02-ны дугаарын 8-р нүүрт хэвлэгдсэн болно

Apple-ийн ээлжит танилцуулах арга хэмжээ Монголын цагаар есдүгээр сарын 10 буюу мягмар гарагийн шөнийн 1 цагт эхэлнэ. Энэ үеэр тэд iPhone утас, Apple Watch цаг, AirPods чихэвчнийхээ шинэ загваруудыг танилцуулах юм. Арга хэмжээгээрээ тэд ямар ямар шинэчлэлтийг зарлаж, технологийн салбар цаашлаад бидний амьдралын хэв маягт өөрчлөлт авчрах бол? Хамгийн бодитой байж болох таамгуудтай танилцъя.

Арга хэмжээний тоймыг маргааш өглөө 10 цаг 30 минутаас ТэнГэр ТВ-ээр хүлээн авч үзээрэй


iPhone 16

Шинэхэн iPhone 16-ийн энгийн болон Plus хувилбар iPhone 15-аас ерөнхий дизайны хувьд бараг л өөрчлөгдөхгүй. Товчхондоо, хоёр товч нэмэгдэнэ гэж ойлгож болно. iPhone 15-ийн Pro хувилбаруудад байдаг “Action Button” зөвхөн Pro загвараар хязгаарлагдахаа больж, бүх iPhone-уудад байх гэнэ. Ингэснээр хэрэглэгч дуу нэмж, хасах удирдлагын дээр байх уг товчийг камераа нээх, чийдэн тусгах зэрэгт ашиглаж болох юм. Нэмэгдэх өндөр магадлалтай байгаа өөр нэг товч бол “Capture Button”. Энэхүү олон үйлдэлт товч нь зураг авах, бичлэг хийх үед фокусаа тааруулах, дүрсийг татах зэрэг үйлдлийг хөнгөвчлөх гэнэ.

Хэт өргөн камерын харанхуйд зураг авах чадамж нэмэгдэхээс бусдаар камер нь төдийлөн өөрчлөгдөхгүй ч өнгөний хувьд ногоон, бүдэг ягаан, цэнхэр, цагаан, хар гэсэн сонголттой байх бололтой.



iPhone 16 Pro

Жилээс жилд Pro болон Pro Max хувилбаар хамгийн хүчирхэг нь байж, дараагийн загвар гартлаа дэлхийн гар утасны салбарын өнгийг тодорхойлдог жамтай. Уг загваруудад өмнө нь дурдсан “Capture Button” байх бөгөөд өөрөөр дизайны хувьд төдийлөн өөрчлөлт орохгүй. Ер нь ч ухаалаг утаснууд бүгд л төгс хэмжээгээ олсон гэлтэй. Брэндээс үл хамааран сүүлийн үеийн ихэнх гар утаснууд адилхан байгаа нь тохиолдол биш.

Зөвхөн iPhone 15 Pro Max-д байсан 5х татах камер энэ жил Pro болон Pro Max хувилбарт байх гэнэ. Түүнчлэн эдгээр утаснууд 4К нягтаршилтай бичлэгийг 120 fps-ээр хийх чадамжтай болох тухай салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Apple 8K бичлэг хийх боломж болон бичлэг хийж байхдаа түр зогсоогоод дахин эхлүүлэх функцыг ч туршиж байгаа аж. Гэхдээ энэ жил зарлах эсэх нь тодорхойгүй хэвээр.

Pro хувилбарууд цэнэг бага зарцуулдаг шинэ төрлийн OLED дэлгэцтэй байх бололтой. Мөн дэлгэцийн хүрээ өмнөх хувилбаруудаас илүү багасаж буйтай холбогдуулан дэлгэцийн хэмжээ ч өмнөх загвараас 0.2 инчээр томрох гэнэ. Энэ бол iPhone 12-оос хойш дэлгэцийн хэмжээг томруулж буй анхны тохиолдол. Энгийнээр бид хамгийн том iPhone-ийг гартаа барих боломжтой болж байна.

Энэ жилийн онцлох өнгө нь хүрэн алтлаг байх гэнэ. Мэдээж үндсэн хар, цагаан, саарал өнгүүд бий.



A18 чип

Жил бүрийн iPhone шинэ чипээр хүчирхэгждэг уламжлалтай. Энэ жилийн A18 чип нь TSMC-ийн гурван нанометрийн технологийг ашигласан, өмнөх загвараасаа цэнэг ашиглалт багатай, хамгийн гол нь “Apple Intelligence” хиймэл оюун ухааны функцуудыг ажиллуулж чадах хүчтэй байх юм.

Apple Watch

2024 он бол Apple Watch-ийн 10 жилийн ой. Ойн баяраа тохиолдуулсан том шинэчлэлт байгаа талаар таамгууд бий. Гэхдээ худалдаанд гарч эхэлсэн он нь 2015 он тул энэ жил биш дараа жил бүхнийг шинэчилж магадгүй.

Ямар ч байсан энэ жил тэд дэлгэцийн хүрээг илүү нарийн, үндсэн их биеийг илүү том болгосноор 41mm, 45mm байсан хувилбаруудыг 45mm, 49mm болгох гэнэ. Өөрөөр дизайны хувьд том шинэчлэлт байхгүй.

Түүнчлэн энгийн загвараас гадна Apple Watch Ultra 3, Apple Watch SE 3 гэсэн шинэ загварууд хэрэглэгчдийн гарт очих төлөвтэй байна. Арван жилийн ойн бэлгээ л задлахгүй бол энэ жилийн Apple Watch-ууд шинэ чип, зарим нэгэн эрүүл мэндийн функцээс бусдаар өмнөх загваруудтайгаа адил байх бололтой.



AirPods 4

Apple-ийн хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэг AirPods ч мөн шинэчлэгдэнэ. Ингэхдээ энгийн AirPods-ийн 4-р үеийг танилцуулж, өмнө нь зөвхөн Pro хувилбарт байсан Active Noise Cancellation буюу гаднын дуу чимээг тусгаарлах чадамжтай болох аж. Мөн гэр нь шинэ дизайнтай болж, өөр дээрээ спикертэй буюу алга болсон үед Find My функцын тусламжтай дуу гаргадаг болох таамаг байна.



Шинэ үйлдлийн систем

Мэдээж дээрх бүх төхөөрөмжүүд шинэ үйлдлийн системтэй болно. ‌iOS 18‌, iPadOS 18, macOS Sequoia, tvOS 18, watchOS 11, visionOS 2 гэсэн үйлдлийн системүүд өдгөө туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хэзээ олон нийтэд нээлттэй болгохоо арга хэмжээний үеэр зарлах юм.

Хүслийн жагсаалт

Дээрх төхөөрөмжүүдээс гадна AirPods Max, iPad mini, iPad зэрэгт шинэчлэл хийгдэх магадлалтай байгаа ч уламжлалаас харвал аравдугаар сарын танилцуулах арга хэмжээгээр л зарлах болов уу.

Технологитой холбоотой бүх л төрлийн мэдээллийг хамгийн шуурхай, найдвартай эх сурвалжаас авахыг хүсвэл сошиал сувгууд дээрээ @techworm.mn хаягийг дагаж, techworm.mn вебээр зочлоорой.