Өөрчлөлт бол зайлшгүй үйл явц. Хувь хүн, албан байгууллага, улс орон нийгмийн орчин, технологийн нөлөөгөөр тасралтгүй хувьсан өөрчлөгдөх нь жам ёсны үзэгдэл. Гэвч нийгмийн дэг журам тэр чигтээ орвонгоороо өөрчлөгдөх үед юу тохиолдох вэ? Энэ бол өнөөдөр бидний хөндөх сэдвийн үндэс.

Сураг нь сонсогдох болсоор олон хаврыг үдэж буй аж үйлдвэрийн 4-р хувьсгал бол ийм өөрчлөлт. Айсуй хувьсгалын давлагаанд бидний мэдэх нийгэм үндсээрээ өөрчлөгдөж, технологийн нөлөө бидний амьдралын алхам бүрд нэвт шингэж, тоглоомын дүрэм урьд өмнө байгаагүйгээр огцом өөрчлөгдөж мэдэх тухай төсөөлөл бидэнд бий. Ирээдүй хүн төрөлхтний ажиллах, амьдрах хэв маягийг тэр чигт нь өөрчлөн илүү ухаалаг, хоорондоо холбогдсон төхөөрөмжүүд бидний амьдралын нэг хэсэг болж, тэдгээр технологийн дэвшлийн нөлөө бидний амьдралын алхам бүхэнд шингэх учиртай.

Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үндэслэгч Клаус Шваб энэ нэршлийг анхлан томъёолж, өөрчлөлтүүдийн үзүүлэх нөлөө, далайц нь хувьсгалын хэмжээнд үнэлэгдэх тухай сануулж, бүх оролцогч талуудыг бэлтгэлтэй байхыг уриалсаар иржээ. Хувьсгалыг боломж болгон зураглаж, түүнд нөөцүүдээ бэлтгэн буй оролцогч талууд байхад ямар ч ойлголтгүй, зөнгөөрөө урагшилж яваа ч нэгэн байх. Тэгвэл танай байгууллага энэ их өөрчлөлтөнд хэрхэн бэлтгэвэл зохимжтой талаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Ажиллах хүчнээ бэлдэх

Хиймэл оюун, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологиуд хөдөлмөрийн зах зээлд тэсрэлт хийж, бидний мэдэх олон мэргэжил, ажлын байрыг үүрд үгүй болгож, төсөөлж ч амжаагүй байгаа цоо шинэ үүрэг, мэргэшлүүдийг үүсгэх төлөвтэй буй. Гэвч байгууллагуудын өмнө тулгарах гол асуудал нь хүний нөөцөө энэ өөрчлөлтөнд хэрхэн бэлдэх тухай байх болно хэмээн Deloitte үзжээ.

Дижитал ажлын платформ

Технологид ээлтэй ажлын арга барилтай, шинэ зүйлд хурдан дасан зохицдог ажилчид хамгийн үнэ цэнтэйд тооцогдоно. Тиймд байгууллагууд ч өөрсдийн брэндийн үнэ цэн, соёлын давуу талаа харуулсан дижитал платформуудыг үүсгэх нь хөдөлмөрийн зах зээлд эерэг дүр төрх үүсгэн, зөв байрших нэгэн хөшүүрэг болжээ. Ажил горилогч талаас энэ нь байгууллагын талаар нэгдсэн мэдээллийг нэг дороос авч, үлгэр авахуйц жишиг материал, баримтуудтай танилцан, бэлтгэлээ хангах боломжоор хангадаг. Харин ажил олгогч талаас энэ нь цаг хугацаа хэмнэх, зардал бууруулах, шинэ зах зээлд шуурхай хүрэх зэрэг давуу талыг үүсгэдэг. Дижитал платформуудыг ашиглан мөн тодорхой тоон өгөгдөл цуглуулж, байршил-ур чадвараас хамааран түргэн шуурхай шийдвэр гаргах, ярилцлагад дуудах, эхний шатны шалгаруулалт хийх зэрэг үйл явцыг автоматжуулах боломж ч бий. Монголын харилцаа холбооны тэргүүлэх компаниудын нэг Мобиком яг энэ зорилгын хүрээнд тусгайлсан шинэ хөтөч сайтыг нээсэн нь үүний нэг жишээ билээ. Сэтгэлгээ, арга барилын ялгаатай шинэ үеийн ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч буй энэ үед ийм төрлийн хөтөлбөрүүд давуу тал үүсгэх нь гарцаагүй.

Тасралтгүй сургалтын систем

Гэвч байгууллага бүр үргэлж хамгийн шилдэг авьяастануудыг эгнээндээ элсүүлж, бэлэн бэлтгэгдсэн нөөцийг татах боломжгүй. Одоогийн ажилчдаа сургаж, хөгжүүлэх нь ч байгууллагын бэлтгэлийн гол хүчин зүйл мөн. Шинэ өөрчлөлтөд дасан зохицох нь уламжлалт арга барилаар суралцаж бэлтгэгдсэн хүмүүсээс ихээхэн хүчин чармайлт шаардана. Гэсэн ч онлайн сургалт, шинэлэг хэлбэрийн воркшоп зэргийг тогтмол системтэйгээр нэвтрүүлж, ажилчдыг тасралтгүй урамшуулан, хөгжүүлснээр өөрчлөлтийн салхинд тэсч үлдэх боломж нэмэгдэнэ. Starbucks компани л гэхэд Аризонагийн Их сургуультай хамтран ажилчдадаа онлайнаар бакалаврын зэрэг олгох боломж олгосон нь ихээхэн эрэлттэй хөтөлбөр болсон билээ. AT&T ажлын байраа автоматжуулалтын нөлөөгөөр алдаж буй ажилчдадаа шинэ ур чадвар олгох шилжилтийн хөтөлбөртөө 1 тэрбум доллар зарцуулна гэдгээ мэдэгдсэн нь ч ихээхэн талархлыг хүлээсэн үйл явдал болсон юм.

Дэд бүтцээ бэлдэх

Технологийн хурдацтай өөрчлөлт жил, сараар бус өдөр, цагаар хэмжигдэх болсон энэ үед түүнд хангалттай хариу үйлдэл үзүүлэх нь байгууллагын өрсөлдөх чадвартай шууд холбоотой зүйл болжээ. Орон зай, цаг хугацааны тухай ойлголт олон бизнесүүдийн давуу талыг үгүйсгэж, технологийн хэрэглээ улам бүр нэмэгдсэнтэй холбогдуулан түүнтэй холбоотой харьцангуй давуу тал дийлэнх салбаруудад тийм ч хамааралтай биш болоод байна. Асар их нөөц зарцуулж, урт хугацааны хөгжүүлэлт хийж буй томоохон пүүсүүдийг эс тооцвол технологийн үр ашгийг хамгийн жижиг болон шинэ бизнесүүд хүртэл ашиглах боломжтой болжээ. Тиймээс байгууллагын технологийн дэд бүтцийг бэлдэх нь ач холбогдлын хувьд хамгийн эхэн хэсэгт анхаарах ёстой зүйлсийн нэг мөн.

Суурь дэд бүтцийг бэлтгэх

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хамгийн энгийн мэт боловч хамгийн чухал нөлөө бол оролцогч талуудын хоорондох мэдээлэл солилцох үйл явц төгөлдөрших нь юм. Зөвхөн бизнесийн байгууллагууд гэлтгүй төрийн үйлчилгээ ч үүнд хамрагдаж эцсийн хэрэглэгчдэд хожил авчрах дүр зураг ажиглагдаж буй. Монголбанкны Зээлийн Мэдээллийн Сан, ХУР систем зэрэг тоон өгөгдлийг нээлттэй болгож буй төслүүд үүний нэг илрэл. Бизнесийн байгууллагууд энэ системтэй холбогдож, тодорхой мэдээллийг нэгтгэж чадснаар хэрэглэгчдийг илүү оновчтойгоор тодорхойлох, тэдэнд илүү үр ашигтайгаар буюу зардал багатайгаар хүрэх нөхцөл үүсэх учиртай билээ. Үүнээс гадна бизнесийн байгууллагууд дата мэдээллээ бие биедээ хуваалцаж, "win-win" нөхцлийг үүсгэх бодит боломж энэ үед үүсэж байна. Илүү үнэ цэн үүсгэхийн тулд байгууллагууд бусад байгууллагатай холбогдох, дата солилцох-хуваалцан ажиллах явцыг түргэшүүлэх нь зүйтэй. Төлбөр тооцооны системийн асуудлаа шийдэж амжаагүй байгууллагууд Монголын анхны цахим мөнгө Candy-тэй холбогдож, платформын үр өгөөж, дата мэдээллээс үүсэх давуу талыг өөртөө болон хэрэглэгчдэдээ мөн түншүүддээ олгох (дэлгэрэнгүйг эндээс) нь үүний нэг жишээ юм. Өдгөө Candy Pay аппликэйшнд Cafe Bene, Urgoo, Internom зэрэг төрөл бүрийн үйлчилгээний байгууллагууд холбогдож, хамтын үнэ цэнээ бүтээж байна.

Хэрэгслүүдийг бэлтгэх

Технологийн боломж, дэвшлийг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх нь дараагийн чухал алхам. Үүнд ажилчдын бүтээмжийг нэмэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх олон төрлийн програм, апп-ууд багтана. Мобиком корпорацийн хувьд үүлэн системийг үйл ажиллагаандаа дэс дараалалтай хэрэгжүүлж байгаагаа онцолж байв.

САНАЛ БОЛГОХ: "АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ" НОМЫН ТУХАЙ

Unread

үйл явцыг бэлдэх

Аливаа бизнесийн байгууллагын зах зээл дээр оршин тогтнох хамгийн чухал хүчин зүйл бол өрсөлдөх чадвар билээ. Бусад өрсөлдөгчдөөс илүү гарах ялгарлууд, хэрэглэгчдэд нэмж өгөх онцлог давуу талууд бүгд өрсөлдөх чадварыг бүтээж, урт хугацаанд компанийг үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулахад түлхэц болж өгдөг.

Үйл явц автоматжуулах нь байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх онцгой нөлөөтэй ажил. Сүүлийн жилүүдэд "Robotics Process Automation" хэмээх ойлголт хүчтэй түгэх болсон нь ч үүний баталгаа. Тогтмол давтамжтай, их хэмжээгээр хийгддэг үйлдлүүдийг автоматжуулснаар байгууллагууд зардлаа 20 хүртэлх хувиар бууруулж байгааг Deloitte онцолжээ. 2019 оны судалгаагаар тэдний дижитал ажиллах хүчний судалгаанд хамрагдсан байгууллагуудын 53 хувь нь "робот туслахуудыг" ашиглаж байгаа бол 72 хувь нь дараагийн 2 жилд шинээр технологи нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан байна. Мобиком корпораци л гэхэд RPA ашиглан 19 төрлийн процесыг автоматжуулах ажил эхлүүлсэн бөгөөд санхүүгийн газарт тун амжилттай хэрэгжиж байгаа аж. Тэдний хувьд өдөр бүр олон давтамжтай хийдэг, тэр дундаа олон төрлийн эх үүсвэрээс ирж буй дата мэдээллийгтулгаж боловсруулах ажлыг автоматжуулснаар бүтээмжийг нэмж, цаг хэмнэх давуу талыг авчирсан гэнэ. Төсөл бүрэн хэрэгжсэний дараагаар энэ туршлагаа Монголын бусад байгууллагад үр ашгийг нь хүртэх боломжийг нээх үүднээс тусдаа үйлчилгээ болон хөгжүүлж, улмаар бусад байгууллагуудтай туршлагаа хуваалцах боломж ч нээгдэх юм байна.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал бидэнд асар их давуу тал, үнэ цэн, нэмэлт боломжуудыг авчирч байгаа ч нөгөө талаас тодорхойгүй эрсдэл, хүнд сорилуудтай нүүр тулахад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй. Төхөөрөмжүүд бүгд холбогдсон, оролцогч талуудын хамтын ажиллагаа төгсөд ойртсон үед аюулгүй байдлын асуудал хамгийн эхэнд хөндөгддөг. Мөн нэгдэлжилтийн үед зөрүүтэй байдал үүсгэхгүйн тулд нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартчлал зайлшгүй шаардлагатай болох билээ. Энэ мэт хүндрэл бэрхшээл, сорилтуудыг бид цувралаар хөндөж, бизнесийн байгууллагуудад ирээдүйгээ төлөвлөж, стратегиа бэлтгэх зөвлөмжүүдээ хүргэх болно.