Тэртээ 1900 оноос хойш жил бүр зохиогдож буй, Хойд америкийн анхны авто шоу бол "New York International Auto Show". Уг шоунд жил бүр нэг сая гаруй оролцогч оролцдог бөгөөд олон арван автомашин үйлдвэрлэгч шинэ бүтээлээ танилцуулдаг уламжлалтай. 2018 оны энэхүү шоуны үеэр алдарт Toyota нэгэн бэлэг барьсан нь өнөөдрийн танилцуулах 5-р үеийн Toyota RAV4.
Уг загвар 2019 онд л гэхэд АНУ-д non-pickup төрөлд хамгийн өндөр борлуулалттай загвараар шалгарч байв. Ингээд 2020 оны байдлаар дэлхийн 170 гаруй оронд нийт 10 сая гаруй хувь борлуулагдсан, итгэл даах хүчирхэг RAV4 тэр дундаа 5-р үеийн RAV4-өөс онцлох таван шинж чанартай танилцъя.

Түүнээс өмнө багахан түүх сонирхуулахад, нэгдүгээр үеийн RAV4 1994 онд анхлан Япон болон Европт танилцуулагдаж, хоёр жилийн дараа АНУ-ын зах зээлд нэвтэрч байжээ. Ингэхдээ “compact crossover SUV” буюу хотын хэрэглээнд тохирсон, авсаархан бөгөөд тухлаг “Compact” атлаа "SUV" шиг бартаат замыг ажрахгүй туулах хүчирхэг загварын давлагааг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл RAV4 бол бидний мэдэх Corolla Cross, Toyota C-HR зэрэг "есөн шид нь бүрдсэн" төмөр хүлгүүдийн “загалмайлсан эцэг” билээ.

Хамгийн найдвартай хүлэг
Тавдугаар үеийн RAV4 нь Camry, Highlander, Lexus ES тэргүүтэй олон шилдэг загварын ашигладаг, Toyota New Global Architecture буюу TNGA платформ/кузов дээр суурилжээ. Уг платформ нь тав тух, аюулгүй найдвартай байдлаараа ямагт салбарын стандарт болдог билээ. Нам хүндийн төв, донсолгоо гаргах дэвшилтэт технологи, бат бөх их биеийн тусламжтайгаар тавдугаар үеийн RAV4 илүү тогтвортой, зөөлөн явдалтайгаас гадна салоны дуу чимээ багатай болсон юм.
Дээр дурдсан давуу талуудаас шалтгаалж, дэлхийн өнцөг булан бүрд байх аюулгүй байдлын мэргэжилтнүүд RAV4 загварт байж болох хамгийн өндөр оноог өгсөөр байна. Жишээлбэл, уг загвар АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба, Австрали болон Европын шинэ автомашины үнэлгээнээс тус тус таван од буюу хамгийн өндөр оноог авчээ.

Хэмнэлт, хүчийг хослуулагч
RAV4-ийн суурилсан TNGA платформ нь ухаалаг жингийн хуваарилттай тул бензин зарцуулалт багатай. 2019 оны RAV4 Hybrid загвар гэхэд л 131kW хүчтэй хүчирхэг цахилгаан хөдөлгүүртэй гэдгээрээ төрөлдөө шилдэгт тооцогддог билээ.

ТУУЛАХ ЧАДВАРЫН ШИЛДЭГ
RAV4 хотын засмал, хөдөөгийн бартаат замын алинд нь ч алзахгүй. Засмал зам дээр тав тухыг мэдрүүлэхээс гадна түлш зарцуулалт багатай. Харин цас болон мөсөөр хучигдсан гадаргуу дээр дөрвөн дугуйн хөтлөгч болон тогтворжуулагч системийнхээ ачаар хальтаргаа, гулгааг хамгийн бага байлгадаг. Мөн шороон, бартаат замыг ч хүчирхэг хөдөлгүүр, дөрвөн дугуйн хөтлөгч, дунджаас өндөр их биеийнхээ тусламжтай ажрахгүй давж чадах төмөр хүлэг билээ.

Тав тухыг бэлэглэгч
SUV загварын хурд, хүчийг седан төрлийн тав тухтай хослуулсан нь RAV4-ийн хамгийн том давуу тал. Дотор салон нь зай талбай ихтэй, тээшний том хэсэгтэй, орчин үеийн бүх л ухаалаг технологиор тоноглогдсон бөгөөд ямар ч замаар явсан тав тухыг мэдрэх болно. Дотор тал нь тав тухыг илтгэх ч гадна тал нь бартаат замд зориулсан, хүчирхэг бөгөөд эрэмгий байдлыг бүрдүүлсэн.

Аюулгүй байдлын аварга
Toyota бол бүх л цаг үед найдвартай байдлаараа ялгарсаар ирсэн үйлдвэрлэгч. Тэдний олон арван жилийн туршлага, олон зуун инженерийн ур ухаанаа хослуулан бүтээсэн аюулгүй байдлын систем нь RAV4-ийн аюулгүй байдлыг батлан дааж буй. Онцлох функцүүдээс дурдвал:
- Автомашин тэнцвэржүүлэлтийн систем (Enhanced Vehicle Stability Control VSC)
- 3 төрлийн жолоодлогын систем (Eco, Normal, Sport)
- ISOFIX хүүхдийн суудлын бэхэлгээ
Тавдугаар үеийн RAV4-ийг Тоёотагийн албан ёсны дилерүүд дээр гурван жил, 100,000 км-ийн баталгаат хугацаатай, олон өнгөний сонголттой борлуулж байгааг дуулгая.

Сэтгэгдэл бичих

