Samsung Galaxy S20 Ultra-ийг зүгээр л нэг энгийн андройд утас гэж бодож байвал та эндүүрч байна. Шинэ бүтээгдэхүүн танилцуулгыг нь байдаг л нэг маркетингийн арга хэмжээ гээд алгассан бол дэндүү их зүйлээс хоцорлоо л гэсэн үг. Үргэлж шинэ технологи, шинэлэг нэмэлтүүд, өнгөлөг шийдлүүдийг бүтээгдэхүүндээ шингээсээр ирсэн Samsung энэ удаад ч хэрэглэгчдийнхээ урмыг хугалсангүй.


Өнгөрсөн 2-р сард явагдсан Unpacked 2020 арга хэмжээний үеэр тэд Samsung Galaxy S20 | S20+ | S20 Ultra загварын шинэ утаснуудаа танилцуулсан билээ. Бид эдгээрээс S20 Ultra-г онцлон тоймлон хүргэж байна.

САНАЛ БОЛГОХ: SAMSUNG-ИЙН UNPACKED ЭВЕНТЭЭС ОНЦЛОХ БҮХ ЗҮЙЛС

Unread

Камерыг туршсан нь 

Дээрх өгүүлбэрүүдийг бид сэтгэлийн хөөрлөөр биччихээгүй гэдгээ баталъя. Мэдээж хамгийн гол бөгөөд эхний онцлох зүйл бол камер. Samsung Galaxy S20 Ultra бидний мэдэх ухаалаг утасны камерын тухай ойлголтыг бүрэн эвдэж, хожмоо шинэ эринг эхлүүлсэн хэмээн онцлогдох учиртай технологиудыг шингээжээ. Манай багийнхан S20 Ultra-г туршиж үзэх болгондоо, заримдаа хэзээ ч дуусашгүй юм шиг санагдах нэмэлтүүдийг нь ашиглах бүрдээ үүнийг хүлээн зөвшөөрч байв. Android, IOS-ийн гайхалтай камертай олон утсыг бид мэднэ. Гэхдээ 108 мегапикселийн өргөн линзтэй камер, 40 мегапикселийн сельфи камераар тоноглогдсон S20 Ultra тэдгээрийг үнэхээр нэг шат ахиулж чаджээ.

Тэгвэл S20 Ultra-ийн камер юугаараа онцгой гэж?

Хамгийн эхэнд камерын сенсорын биет хэмжээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц томорсныг онцлох хэрэгтэй. Зарим сурталчилгааны тоймууд дээр уг утсыг ардаа байрлах сенсороо оруулбал таван камертай гэж онцолж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Сенсор томорсноор камер илүү их гэрэл хүлээж авах боломжтой, зурагны noise буюу бүрсгэр нөлөө багасах давуу талтай болжээ. Өмнөх утаснууд 16-аас дээш мегапикселийн камертай бол сенсортоо хэт шахагдан гэрэл бага цуглуулж, бүрсгэр зураг авах магадлалыг нэмэгдүүлдэг байв. Энэ асуудлыг тэд сенсорын хэмжээг томосгосноор шийдэж чаджээ.


Өөр нэг онцлох ёстой ялгаа бол "tetra-binning" буюу тус тусдаа байгаа пикселүүдийг бүлэглэж, илүү том бүхэл пиксел болгох үйлдэл. Энэ технологи ухаалаг утаснуудад өмнө нь бишгүй ашиглагдаж байсан ч 9 тусдаа пикселийг нийлүүлэн нэг болгож, хэмжээг нь 2.4 микронд барьсан нь өмнө нь харагдаагүй шийдэл. Ингэснээр хүчээр zoom хийх буюу зургаа татсан ч, эсвэл гэрэл муутай үед зураг авсан ч 12MP-ийн чанартай зурагтай үлдэх боломжтой боллоо гэсэн үг.

"100x Space Zoom" бол S20 Ultra-ийн нэрийн хуудас гэж хэлж болохуйц нэмэлт. Саяхныг хүртэл 30X татдаг утас "дэвшилтэт" хэмээн гайхагддаг байсан S20 Ultra "нумарсан" телефото линзээ ашиглан дүрсийг хэд дахин татах боломжийг олгожээ. Зураг авалтын үеэр ажиглахад 100Х таталтаас шууд хэрэглэгдэхүйц бус ч тухайн зүйлийн хэлбэр, дүрсийг ялгах хэмжээний зураг гаргаж байсан ч 10Х татахад л Инстаграмын чанар хангахуйц зураг гарч ирж байсныг онцолъё. Хамгийн сайн камертай гэгддэг бусад ухаалаг утсууд 4X, 8X дээр л "тараа таниулдагтай" харьцуулахад энэ бол өндөр үзүүлэлт. Яг л нэр шигээ, сансарт алсран харагдах зүйлсийг 100Х дахин татаж томруулах боломжийг олгосон мэт сэтгэгдлийг төрүүлэх энэ нэмэлт дараагийн үеийн камеруудын чиг хандлагыг тодорхойлж буй мэт.

S20 Ultra-гийн Rear буюу үндсэн камераар дотор, цонхны хажууд дарахад өнгө өөрөөсөө эффекттэй юм шиг харагдахуйц гарч ирсэн нь миний хувьд тун таалагдсан.

Олон хэрэглэгчийн хувьд сонирхож лавладаг тохиргоо нь "Night Mode" байдаг. Тиймээс бид энэ тохиргоог туршихдаа гурван зургийг авсан юм. 1 дугаартай зураг дээр бараг гэрэлгүй орчинд авсан нь бид ямар орчинд байснаа уншигчдадаа тодотгож харуулахыг зорьсонтой холбоотой. Харин 2 дугаартай зураг дээр камерын гэрлийг нь ашиглан дарсан юм. Орчныг маш сайн гэрэлтүүлж, зургийг өдрийн орчинд авсан юм шиг болгож байгааг та харж байгаа байх. Ерөнхийдөө гэрэл сүүдэргүй хавтгай зураг гарч байгааг анзаарч болно. Гэвч "Night Mode" тохиргоон дээр авсан 3 дугаартай зурган дээр эхний хоёр зургийн бүх асуудлыг шийдсэн мэт бидэнд санагдлаа. Оройн 22 цаг орчимд, харанхуй буюу гэрлээ асаагаагүй өрөөнд моделийн арьсны өнгийг маш бодитой гаргахын сацуу ийм noise багатай зураг гарсанд ихэд сэтгэл хангалуун үлдэв. Уг зургийг авахын тулд утсаа 8 секунд хөдөлгөөнгүй барьсан. Ер нь гэрэл сайн байх тусам барих секунд багасах учиртай. Хэрвээ энэ гурван зургаас сонгож сошиалдаа оруул гэвэл би сүүлийнхийг нь эргэлзээгүй сонгоно.


40 мегапикселийн сельфи камер бол тоглоом биш. iPhone 11 Pro-ийн үндсэн камер 12МР гэвэл та бараг итгэхгүй байх. Энэ бол таны нүүрний хамаг өө сэвийг юутай ийтэй нь шууд л "том" дэлгэцэн дээрээ гаргаад ирнэ гэсэн үг. Гэхдээ санаа зоволтгүй, Samsung өмнөх загваруудтайгаа адил арьсыг гоолиг болгох "beauty filter"-үүдээ улам боловсронгуй болгохоо мартаагүй. Сельфинд 2-оос дээш хүн орсон бол автоматаар таньж татдаг AI алгоритм шингээж өгсөн гэнэ.

"Beauty filter"-гүй, үндсэн хэмжээсээр дарсан сэльфи. "Timer"-ийн оронд гарын алгаа өргөхөд утас өөрөө сэльфи хийдэг нь тун догь.

Pro Mode-ийн тусламжтайгаар та яг л мэргэжлийн гэрэл зурагчин шиг тохиргоогоо өөрөө хийх боломжтой. Камерын автомат тохиргоонууд таны санасанд үл хүрвэл, эсвэл "хэт, хэт" болгоод байвал DSLR камерууд шиг тохиргоогоо өөрийн хүссэнээр хийж, бүр JPEG, RAW хувилбаруудаар хадгалах боломжтой болсон нь онцлууштай байв.

Pro Mode-өөр дарж, DNG хувилбарыг фотошоп, VSCO-г ашиглан зургийг янзлав. Дэлгэц нь маш том тул утсан дээрээс зураг янзлахад урамтай байлаа.

Цонхноос хол, дотор орчинд үндсэн камераар дарав. Live Focus-аар дарах оролдлого хийхэд "blur" нь бага зэрэг хиймэл харагдаж байсан ч үндсэн камерны авто фокус алдаа гаргасангүй.

S20 загвар дээрх хамгийн хэрэгцээтэй нэмэлтүүдийн нэг бол "Single Take". Энэ бол Инстаграмын эрин үед аль зураг, бичлэгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст хийх ажлыг нь хялбарчилж өгсөн шинэ тохиргоо. Нэг даралтаар 8К бичлэг хийж, түүнийг нь AI боловсруулан танд хамгийн оновчтой өнцөг, өнгө, дүрслэлтэйгээр хадгалж авахыг санал болгох болно. Нүдээ аньчихлаа, момент алдчихлаа, гоёос нь хоцорчихлоо гэсэн ойлголт одоо байхгүй гэсэн үг.


Өөр нэг бидэнд үнэхээр таалагдсан тохиргоо бол "My Filter". Уйтгартай сонсогдож магад, гэхдээ туршиж үзээд та бидэнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нэмэлтийн тусламжтайгаар та өөр апп дээр янзалсан, өөр камераар авсан өөр эффекттэй зургуудаа утас руугаа хуулан уншуулж, улмаар тус зургийн өнгө, суурийг филтер болгон хадгалах боломжтой болжээ. Мэдээж бүх тохиргоотой нь хуулж авах хэмжээний төгс биш ч ерөнхий өнгө, уур амьсгалыг нь ихэд дөхүүлсэн байна.

Өдрийн гэрэлд ямар нэгэн тохиргоогүйгээр default хэмжээгээр дарсан зураг.

Камераар зөвхөн мэргэжлийн гэрэл зураг авахаас гадна студийн чанартай бичлэг хийхийг Samsung танд санал болгож байна. Гар утсаараа л 8К нягтаршилтай видео бичиж байна гэдэг үнэхээр гайхалтай. Та 8К-аар бичсэн видеоноос олон нарийн дүрсүүдийг татаж, чанарыг нь алдагдуулалгүй салгаж авах боломжтой болж байна гэсэн үг. Та 8К бичлэгээсээ хүссэн зургаа 33MP-ээр салгаж, хадгалж авах боломжтой юм байна. Гэхдээ нягтаршил их байх тусам мэдээж таны утасны зайг их эзэлнэ. S20 Ultra-гийн багтаамж 128GB ба нэмэлт microSD картны оролттой тул багтаамжаа 1TB хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.


Samsung S20 Ultra-ийн сурталчилгааны материалууд дээр видеогоо онцлохдоо хөдөлгөөнт орчныг онцолж байсныг бид туршилтандаа дагахаар шийдсэн юм. Тиймдээ ч Монголын авьяаслаг скэйтбордчин, "Uukhai Skateboarding Association"-ийн гишүүн Ч.Анхбаярыг бичлэгэндээ урьсан билээ.


Бусад ухаалаг утсан дээр түгээмэл илэрдэг автомат фокусын асуудал нь бидний хийсэн туршилтын үед мэдэгдэхүйц том алдаа гаргасангүй. Ухаалаг утсанд камерын тооноос илүү чухалд тооцогдох үзүүлэлт гэж хэлж болохуйц 'stabilization" буюу тогтворжуулагчийн үзүүлэлт нь эрс сайжирсан байсан нь бичлэгээс шууд мэдэгдэж байв. Мөн Super Slow Motion тохиргоог ашиглан хөдөлгөөнтэй дүрсийг бичихэд нэн таатай мэдрэмж төрүүлж байв. Ард нь шууд дэвсгэр хөгжим тавигдаж байсан нь үнэхээр күүл байв. Гэхдээ гэрэлтэй үед л энэ тохиргоо тохиромжтой гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна Pro Mode-ийн тусламжтай камерын автомат үзүүлэлтүүд нь таалагдахгүй, "exposure" ихтэй санагдаж байвал өөрөө янзалж бас болно.

Шууд тусдаг өдрийн наранд хийсэн уг видеог үндсэн хэмжээ буюу 1920x1080-аар Ultra-Wide камерыг ашиглан бичсэн юм. Бичлэгийн хойд хэсэгт бага зэргийн өнгө өгсөн ч 5 секунд хүртлээ камерны өөрийн ориг өнгө байгааг анзаараарай. Гэхдээ юу хамгийн гайхалтай гээч? Бид энэ бичлэгийг хийхдээ утсаа бариад арагшаа гүйсэн нь! Ямар ч гүйлтийн чичиргээн, хөдөлгөөн ажиглагдахгүй байгаа биз?

Хөдөлгөөн удаашруулах тохиргооны харьцуулалтаас та S20 Ultra-ийн камерын өөр нэг ид шидийг мэдрэх боломжтой. Хэдий Super Slow Motion-ий чанар мэдэгдэхүйц сул боловч хэрэглээнд ашиглаж болохуйц, энгийн Slow Motion нь бүр бүх төрлийн сошиалд болон илүү хэрэглээнд чөлөөтэй ашиглагдахуйц чанартай байлаа.

үзүүлэлтүүдийг сонжсон нь

Samsung ялангуяа Galaxy S загвартаа Андройд утасны хамгийн сүүлийн үеийн чипийг суулгадаг уламжлалтай. 5G дэмждэг, дэмждэггүй хэмээн ялгаж гарган шуугиан тарьсан Exynos 990 суурилуулсан S20 Ultra таны хэрэглэж байсан хамгийн хурдан Андройд утаснуудын нэг байна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Энэ загвар 5G сүлжээг дэмжин ажиллах учир хамгийн хурднаар интернет ашиглах боломжоор хангажээ. Тэд Unpacked арга хэмжээний шууд стримингээ шинэ утсаа ашиглан цацсан нь күүл шийдэл байв.


Өөр нэг онцлох зүйл бол батарей. 5000mAh-ийн багтаамжтай батарей бол S загварын хувьд хамгийн хүчтэйд тооцогдоно. Power Management тохиргоогоор таны хэрэглээнээс суралцах AI-ийн тусламжтайгаар өөрөө батарей хадгалах горимд шилжихээс гадна та өөрөө 70 хүртэл хувиар батарейгаа хэмнэх боломжтой. Хэдий том дэлгэцтэй, чанартай дүрслэлтэй, өндөр хурдтай, бичлэг, зураг их авдаг сайн камертай үед цэнэг хурдан дуусах юм шиг санагдсан ч бид туршилтаа хийх 3 өдрийн хугацаанд ердөө 2 удаа л цэнэглэснийг онцолъё. Мөн хамгийн их ашигладаг 3-5 апп-аа сонгон "пин" хийж, хэзээ ч хаагддаггүй болгодог болсон нь цэнэг хадгалах горимд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Гэхдээ S20 | S20+-ийн 8GB болон S20 Ultra-ийн 16GB RAM-тай гэдэг нь өөрөө олон апп-ийг "гацаалгүй" зэрэг уншуулах боломжийг ихэнх ахисан түвшний хэрэглэгчдэд хангалттай олгож чадна.

Samsung Galaxy S20 Ultra магадгүй таны хэрэглэх хамгийн том дэлгэцтэй утас байх. Хар, саарал өнгөтэй худалдаанд гарч буй уг утас ардаа тэгш өнцөгт хэлбэрийн тусгаарлагчаар камер, сенсоруудаа байршуулжээ. 6.9 инчийн дэлгэц нь S20 Ultra-ийн хамгийн гол давуу талуудын нэг. Тэд царай таниулах бус хурууны хээ уншуулах технологи ашигладаг учир дэлгэцэн дээрх контентууд нүүр дүүрэн гаран, хэмжээг нь улам томосгосон мэт сэтгэгдэл төрүүлж байв. Дизайны шийдэл, хийц нь харин өмнөх загваруудтайгаа тун төстэй, том өөрчлөлтгүй хийгдсэн аж.


S20 Ultra-г бусад бүх утаснаас ялгах гол онцлог нь магадгүй дэлгэцийн чанар байж мэднэ. Refresh rate буюу дэлгэцийн дахин сэргээгдэх хурд нь 120Hz хүртэл болсон нь өмнөх загвараасаа 2 дахин өссөн, мөн өөр ямар ч Андройд утаснаас илүү гэсэн үг. Ингэснээр утсаараа видео үзэх, тоглоом тоглоход хамгийн өндөр чанартайгаар, бүх нарийн нандин зүйлсийг нь мэдэрч, мэдэж хэрэглэх боломжтой боллоо гэсэн үг. Яг л хараа муутай хүн шилээ зүүгээд эргэж тавихыг хүсдэггүйтэй адил та ч 120Hz рүү шилжүүлсэн бол буцаж бууруулахыг хүсэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Дүгнэлтийн оронд

Үнэхээр л S20 Ultra ухаалаг утасны зах зээлийн өрсөлдөөнийг нэг шат ахиулж, камерын шинэ эринг хэрэглэгчдийн гар дээр авчирчээ. Гар утасныхаа нэмэлтүүд, дэвшилтэт тохиргоонууд, онцлох апп-уудыг сайн ухаж, хэрэглээндээ хэвшүүлж чадвал бүтээмж нэмэгдүүлж, цаг хэмнэх боломжийг хангалттай олгож чадна. Туршиж хэрэглэж үзээд л Samsung энэ жил яагаад бүхэл бүтэн "9" тоог алгасаж шууд "20" хэмээн шинэ загвараа нэрлэсний учрыг ойлгох шиг боллоо. Тэд үнэхээр л үсрэлт хийж чаджээ.

Далимд дурдахад, Samsung Galaxy S20 | S20 + | S20 Ultra утаснууд Samsung-ийн Монгол дахь албан ёсны гар утасны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Samsung Store Mongolia буюу Technozone, Solar Star, Sain Electronics байгууллагуудаар худалдаалагдаж эхэлсэн байна. 1800-2555 утсаар дэлгэрэнгүй лавлах боломжтой аж.