Ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан өөрт хэрэгцээтэй бүхий л мэдээллийг авах боломжийг технологийн дэвшил бидэнд олгохын зэрэгцээ уламжлалт контентийн бизнесийг бүхэлд нь шинэчилж буй. Стрийминг үйлчилгээ, цахим номын төхөөрөмж эхнээсээ бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, хэрэглэгчдийг дижитал соёлд хөтөллөө.  
Бүтэн зууны баялаг түүхтэй дэлхийн шилдэг сэтгүүлүүд ч дээрх дижитал шуургаас хоцролгүй, интерактив хэлбэрт шилжиж буйг гярхай уншигчид хэдийнэ анзаарсан болов уу. Тиймдээ ч бид Соронз” сэтгүүлийн будаг нь ханхалсан шинэ аппликэйшнийг энэ удаагийн дугаартаа онцоллоо. 


Яагаад хэрэглэх хэрэгтэй гэж?

Цаасан сэтгүүлийн зах зээлд тасралтгүй 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Соронз” сэтгүүлийн тухай сонсоогүй, аль нэг дугаарыг нь нээж үзээгүй хүн гэж бараг л үгүй болов уу. Папараци сэтгүүлийн төрлийг монголчуудад анхлан танилцуулсан тус сэтгүүл “WorldPlus”-тай хамтран өөрсдийн аппликэйшнийг энэ долоо хоногоос нийтэд хүргэж эхэлжээ.

Урьд нь бид супермаркетаас хүнс цуглуулах үедээ л эгнүүлж өрсөн сэтгүүлийг халти гарчиглаж, сонголтоо хийдэг байсан бол тус аппын тусламжтай хүссэн цагтаа дуртай нийтлэлээ уншиж, шинэ дугаарыг урьдчилан захиалах боломжтой болж буйгаараа онцлог. Уламжлалт сэтгүүлийн хэв маягийг эвдэж, уншигчдыг шинэ соёлд сургаж байгаа "Worldplus" компанийн гүйцэтгэсэн апп тул олон шинэлэг, интерактив шийдлийг багтаажээ. Хэвлэмэл сэтгүүлтэй харьцуулахад дурын зургийг томруулах, текстийг хүссэнээрээ удирдах, видео үзэх гээд нүд баясгах зүйл ихтэй, хэрэглэхэд тун хялбар апп болсныг дурдах нь зүйтэй биз ээ.


Ямар онцлог, давуу талтай вэ?

Апп нь нүүр хэсэг, онцлох нийтлэл, хайлт болон хувийн сан гэх хэсгүүдээс бүрдэх бөгөөд тун энгийн, толгой эргүүлэхээргүй хялбар дизайны шийдэлтэй. Одоогоор сэтгүүлийн сангаас нь “Соронз”-ын сүүлийн үеийн болон хамгийн анхны дугаарыг унших боломжтой ба цаашид өнгөрсөн хугацаанд хэвлэгдэн гарсан нийт 240 гаруй дугаарууд бүгд орох аж. Үнийн хувьд гэвэл сүүлийн дугаарууд нь хэвлэмэл сэтгүүлтэй адил 5000 төгрөгийн үнэтэй бол арай хуучны дугаарыг 3000 төгрөгөөр худалдан авч болно. Хэрэв та тус сэтгүүлийн үнэнч уншигч бол аппаар дамжуулан сэтгүүлээ урьдчилан захиалж, мөнгөө хэмнэх боломжтой. Улирал, хагас жил, жилээр төлбөрөө хийвэл 15-25 хувь хүртэл хямдрал эдлэх юм.

Жирийн уншигчийн хувьд аппын хамгийн аятайхан функц нь “турших” хэсэг байлаа. Дэлгүүрт зарагдаж байгаа дийлэнх сэтгүүлүүд гадуураа гялгар ууттай байдгаас доторх агуулгатай нь танилцаж чаддаггүй сул талтай байдаг, харин “Соронз” сэтгүүлийн шинэ дугаарыг худалдаж авахаасаа өмнө хэд хэдэн нийтлэлийг нь үнэгүй уншиж болно. Мөн түүнчлэн хайлтын хэсэгт дурын алдартан, олны танил хүний нэрийг бичээд л тухайн хүнтэй холбоотой нийтлэлийн холбоос гарч ирж буй нь тун догь санагдав.


САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Дижитал бүтээгдэхүүн гэдэг утгаараа хуучин дугааруудыг багц хэлбэрээр хямдралтай худалдаалбал богино хугацаанд олон уншигчтай болж чадах болов уу. Дээр нь нэмээд уншиж байгаа хуудсаа тэмдэглэх, сэтгүүлээ дахин нээхэд өмнө нь уншиж байсан хуудаснаас шууд ачаалах, шөнийн цагт уншихад тохиромжтой “dark mode” тохиргоотой болох гэх мэтчилэн технологийн хувьд илүү хялбар шийдэлтэй байх боломжтой мэт.

Апп татах:

- iOS

-Android

Соронз