Намар болжээ. Ажлын цонхоор зуны халуун агаар орж ирдэг байсан бол саяхнаас сэрүүн салхи сэржигнэж эхэллээ. Салхинаас гадна автомашинууд дуут дохиогоо зогсоо зайгүй хангинуулах нь цонхоор сонсогдоно. Энэ бол намартай зэрэгцэн манай хотод нэгэн аюулт дайсан ирсний дохио. Тэр бол замын түгжрэл.
Хэрэв та энэ долоо хоногт тээврийн хэрэгслээр зорчсон бол зуны турш мартаад байсан уг дайсантай таарсан л байх. Замын түгжрэлийг бууруулах маш олон оролдлогыг төрийн болон хувийн хэвшлүүд хийж байсан, хийсээр ч байгаа. Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, хашлагуудыг буулгаж зам чөлөөлөх, төрийн зарим байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэх, гүүр барих гэх мэтээр энэ жагсаалт дуусахгүй мэт үргэлжилнэ.
Маргааш буюу наймдугаар сарын 27-ноос л гэхэд түр хугацаанд улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, хөдөлгөөнд оруулахаар болсон. Мэдээж дээрх аргууд бүгд өөрсдийн онцлогтой. Гэхдээ аль ч аргууд нь технологи гэх хүчирхэг зэвсгийг орхигдуулсан санагддаг. Тэгвэл орчин үеийн технологийн шийдлийг ашиглаж, илүү ухаалаг аргаар замын түгжрэл гэх дайснаа ялах боломж байгаа юу? Хамтдаа олж мэдье.
Ухаалаг гэрлэн дохио
Дэлхийн хамгийн анхны гэрлэн дохиог 1868 онд Английн Лондон хотноо ашиглаж эхэлжээ. Тухайн үеийн гэрлэн дохио улаан, ногоон өнгийн дэнлүү байсан бөгөөд 1914 онд шинэчлэгдэн цахилгаан болсон аж. Харин Монголын анхны гэрлийн дохио ЦУОШГ-ын уулзварт 1962 онд сүндэрлэж байжээ.
Бараг л 100 жилийн турш өөрчлөгдөөгүй гэрлэн дохио гэх замын хөдөлгөөний гол тоглогч сүүлийн жилүүдэд ухаалаг болж эхлэв. Одоогийн гэрлэн дохионууд тодорхой давтамжтайгаар өнгөө солих зарчмаар ажилладаг. Орчин үед ингэж ажиллах нь хэтэрхий модон гэж үзээд хиймэл оюун ухаан ашиглаж, ухаалаг гэрлэн дохио бүтээж буй асар олон компаниудын нэг бол "Time" сэтгүүлийн 2022 оны нөлөө бүхий 100 компанийн нэгээр шалгарсан Израйлын NoTraffic юм.
Тэдний хөгжүүлсэн технологи нь зам тээврийн ослын 40 хувь нь гардаг уулзвар дээр байрлах мэдрэгч камеруудаас эхэлнэ. Уг камераар дөрвөн талаас ирж буй автомашин, явган зорчигчдын мэдээллийг хүлээн авч боловсруулаад аль гэрлийг, хэзээ, хэр удаан асаахыг хиймэл оюуны тусламжтайгаар шийддэг байна. АНУ-ын Редланд хотод уг технологийг туршиж үзтэл уулзвар дээрх түгжрэл даруй 50 хувиар буурсан гэнэ. Үүнтэй төстэй технологийг мөн л АНУ-ын Питтсбург хотод туршихад уулзвар дээр хүлээх хугацаа 40 хувиар буурч байжээ. Түүнээс гадна энэ төрлийн хиймэл оюун ухаан хөгжих тусам түргэн тусламж, гал унтраах зэрэг тодорхой төрлийн тээврийн хэрэгслийг таньж, зорьсон газартаа илүү хурдан очиход нь туслах боломжтой болох гэнэ.
Ухаалаг гэрлэн дохиотой болсноор машин байхгүй үед улаан гэрэл дээр хүлээх шаардлагагүй болох, аль нэг урсгал бусдаасаа илт ачаалалтай үед тэр урсгалыг түлхүү явуулах зэрэг тэр дор нь харж болох үр дүнгүүд бий болох бүрэн боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хот замын хөдөлгөөнийг зохицуулж, хянадаг 150 гаруй гэрлэн дохио, 200 гаруй камераа нэгдсэн төвөөсөө удирдаж чадаж байгаа нь уг шийдлийг хэрэгжүүлэхэд дөхөм болох болов уу.
Ухаалаг тээврийн хэрэгсэл
Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Мэдээж тээврийн хэрэгсэл олон байх тусам замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ бүх зүйлд сайн тал байдгийн адилаар энэ олон тээврийн хэрэгслээс асар их хэмжээний дата, мэдээлэл авах боломжтой.
“Vehicle to Everything” буюу V2X гэх ойлголт нь тээврийн хэрэгсэл зорчиж буй зам цаашлаад бусад дэд бүтцүүдэд мэдээллээ хуваалцахыг хэлдэг. Энэ технологийн тусламжтайгаар замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн илгээсэн мэдээллүүдийг боловсруулж, эргүүлээд тээврийн хэрэгсэл бүрд түгжрэл, зам засвар, осол, цаг агаарын нөхцөл зэрэг олон төрлийн мэдээллийг хуваалцах боломжтой.
Бидний өдөр тутамдаа хэрэглэж хэвшиж буй "Google Map" нь энэ аргаар түгжрэлийн мэдээллийг харуулдаг. Утсандаа "Google Maps" суулгасан хүмүүс байршлаа мэдээлэх тохиргоогоо асааснаар өөрсдөө замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах нэг төрлийн хэрэгсэл болж хувирдаг. Хэдий олон хүн "Google Maps"-г ашиглана, төдий чинээгээр уг апп хотын түгжрэлтэй хэсгүүдийг харуулж, зорьсон газартаа хамгийн хурдан очих замыг санал болгож чадна.
Италийн Флоренц хотод "Movyon" болон "Volkswagen Group Italy" нар хамтран тус бүр 26 км урттай хоёр ухаалаг замыг тун удахгүй ашиглалтад оруулахаар болжээ. Уг замаар явах "Volkswagen"-ий V2X технологиор тоноглогдсон автомашинууд замын түгжрэл, осол, засвар зэрэг саадгүй зорчиход саад болох мэдээллүүдийг хүлээн авах боломжтой.
Үүнтэй адилаар Италид 400 км урттай "Autostrada A2" ухаалаг зам баригдаж буй бөгөөд ашиглалтад орсноор Европын хамгийн урт ухаалаг зам болох юм. Уг замаар зорчих жолоочид гар утсан дээрээ апп суулгаад л замтайгаа “холбогдож” олон төрлийн мэдээллийг авч болох гэнэ.
Хэрэв бид өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа олон зуун мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг нэгтгэн боловсруулж чадвал тун олон асуудлыг шийдэх боломжтой. Жишээлбэл, та Зүүн дөрвөн замаас гараад Их Дэлгүүр орчимд байдаг оффис руугаа явж байлаа гэж бодъё. Магадгүй тэр өдөр халтиргаатай байсан тул Сүхбаатарын талбайн урд зам дээр осол гарч, түгжрэл үүссэн байж болно. Энэ мэдээллийг түгжрэлд зогсох жолоочдын гар утас нэгдсэн төв рүү илгээж, улмаар Багшийн дээд орчимд явж буй бүх жолоочдод мэдэгдэж болно.
Ингэвэл та болон бусад жолоочид түгжрэлийн араас орж түгжрэх, “0” зогсолтод орох биш өөр замаар тойрч яваад зорьсон газартаа саадгүй, түргэн шуурхай очих боломжтой. Энэ шийдлийн хувьд хэдий их мэдээлэл авч чадна, төдий чинээгээр үр дүнтэй дүгнэлт гаргах боломжтой тул манай хот шиг олон тээврийн хэрэгсэлтэй, ухаалаг утасны хэрэглээ өндөртэй хотод тохирох нь дамжиггүй.
Ухаалаг зогсоол
Замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслүүдийн 30 хувь нь зөвхөн зогсоол хайж явдаг гэнэ. Түүнээс гадна нийт зам тээврийн ослын 20 хувь нь зогсоолын эргэн тойронд тохиодог байна. Зөвхөн энэ хоёр тооноос зогсоол замын хөдөлгөөний ачаалалд ямар их нөлөөтэйг харж болох юм.
Зогсоолын илүү ухаалаг, энгийн шийдэл бол мэдээж хотын төвийн зогсоолуудыг цахим болгож, урьдчилж зогсоолоо захиалах, сул зогсоолын тоог цахимаар хардаг болгох юм. Ийм шийдлүүд Монголд цөөнгүй гарч байсан ч одоогоор олны хэрэглээнд нэвтрээгүй л байна.
Тэгвэл асуудлыг арай өөр өнцгөөс хараад үзье. Улаанбаатар хотод 650 мянган тээврийн хэрэгсэл байдаг ч ердөө 70 мянга гаруй авто зогсоолтой. Харин АНУ-д 800 саяас 2 тэрбум орчим зогсоол байдаг бөгөөд энэ нь нэг тээврийн хэрэгсэлд гурваас найман зогсоол ноогддог гэсэн үг.
Гэтэл манай хотод энэ байдал яг эсрэгээрээ буюу найман тээврийн хэрэгсэл тутмын зөвхөн нэг нь л зориулалтын зогсоолд зогсох боломжтой. Харин үлдсэн 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл нь зогсоолгүйн улмаас зам дагуу, явган хүний зам дээр, орон сууцны үүдэнд тавих гэх мэтээр дүрэм зөрчиж, улмаар замын түгжрэлийн томоохон эх үүсвэр болдог байх нь.
Populus нэртэй стартап дэлхий дахинаа 100 гаруй хотын тээврийн хэрэгслүүдийн GPS-ийн тусламжтайгаар хаана, ямар хугацаагаар зогсож байгааг бүртгэн боловсруулж, хотын захиргаанд нь хаана, ямар зогсоол байгуулах ёстойг хэлж өгдөг гэнэ.
Бас Vade нэртэй нэгэн стартап нар, салхины энергиэр ажилладаг камерууд байршуулж, зогсоол ашиглалтын мэдээллийг цуглуулдаг байна. Тэд Флорида мужийн Сарасота хотын төвд байх түр зогсох цэгийг 24 өдрийн турш 16 камераар хянасны үр дүнд тус түр зогсоолд ихэнх тээврийн хэрэгслүүд хугацаа хэтрүүлэн зогсож байсныг илрүүлжээ. Ийнхүү тухайн байршлыг зориулалтын зогсоол болгож эдийн засгийн хувьд ашигтай байх боломжийг олж илрүүлсэн байна.
Дээрх жишээнээс харвал, одоо байгаа зогсоолуудыг ухаалаг болгохоос илүү хаана, ямар зогсоол байгуулах нь хавьгүй чухал шийдвэр бөгөөд уг шийдвэрийг бодит мэдээлэл дээр үндэслэн гаргах хэрэгтэй байгаа юм. Ингэж чадвал зогсоол хайн замын түгжрэлийг нэмэгдүүлж байгаа автомашинууд багасах, зогсоолоос илүү их орлого олох, түүнийгээ эргүүлэн уг асуудалд хөрөнгө оруулах боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын түгжрэл нийгмийн асар том асуудал болсон учир Засгийн газар 2021 оноос эхлэн жил бүр 420 тэрбум төгрөгийг уг асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон билээ. Энэ санхүүжилтийн тодорхой хувийг дээр дурдсан технологийн шийдлүүдэд зарцуулбал замын түгжрэлийг ухаалгаар бууруулах боломж бүрэн байгааг бид гурван жишээгээр харлаа. Түгжрэл бол орчин үеийн асуудал. Орчин үеийн асуудалд орчин үеийн шийдэл л хэрэгтэй.
Уг нийтлэлд замын түгжрэлийг бууруулж болох олон төрлийн технологийн шийдэл, боломжуудаас хэрэгжүүлэхэд хамгийн ойр гурвыг нь онцоллоо. “Технологи ба Монгол” цуврал нийтлэлийн дараагийн дугаарт нийгэмд тулгамдаад буй өөр нэгэн асуудлыг технологийн тусламжтай хэрхэн шийдэж болох тал дээр орчин үеийн санаа, туршлагуудыг хуваалцах болно.
T Techfan 2022.08.26 202.21.112.226
Ёстой хэрэгтэй нийтлэл болжээ. Бусад улсын жишээ, орчин үеийн технологийн шийдлүүдийг ийм ойлгомжтой байдлаар хүргэсэнд баярлалаа. <3