Монголын хамгийн олон хэрэглэгчтэй аппликэйшнүүдийн нэг Unitel шинэчлэгдээд удаагүй байгаа. Өнөөдрийн нийтлэлээрээ бид тус апп-д ямар шинэчлэл, боломжууд орсон тухай танилцуулъя. Зөвхөн "Юнител"-ийн хэрэглэгчид гэлтгүй "Юнивишн", "Гэр интернэт", IP77 үйлчилгээнүүдийг ашигладаг бол Unitel апп танд гарцаагүй тус болно.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Unitel апп нь "Юнител"-ийн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар хялбархан авах, салбарт очихгүйгээр олон төрлийн тохируулга хийх боломжтой юм. Бусдад үйлчилгээ авч өгөх буюу төлбөрийг нь төлөх, нэгж, дата шилжүүлэх зэрэг нь уг апп-ийг хэрэглэх бас нэг шалтгаан. Асуудал гарлаа гэхэд шууд оператортай шууд Messenger-ээр холбогдох, салбарт очих шаардлагатай боллоо гэхэд салбаруудын байршлыг газрын зурагт оруулж өгсөн гээд хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, үйлдлүүдийг ер нь нэг дор цуглуулжээ.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Апп-ийн нүүр хэсгээс та хэрэглээгээ шалгах боломжтой. Төлбөр хэд гарсан, дата хэр үлдсэн, хэдэн U-Point оноотой байгаагаа тэндээс харна. Харин дата, нэгж авах буюу бусдад шилжүүлэх, мөн төлбөр төлөх боломжууд "Үйлчилгээ" цэсэнд буй. Бүх банкны данс, QPay, SocialPay зэргийг ашиглаж болох тул төлбөр төлөхөд хялбар.

Датаны тухайд онцолж ярихад, их дататай, урт хугацаатай, энтертайнмент гэсэн гурван ангилал доторх олон төрлөөс апп дотроо харж байгаад сонгоход тун аятайхан санж. Жишээ нь LookTV-ээ идэвхжүүлэх, Gaming юм уу News, эсвэл Streaming гэх сонголтоор дата авч болно. Дата багцуудыг хугацаагаар ялгаж харах боломжтой болсон нь илүү ойлгомжтой санагдав.

U-Point урамшууллаа ашиглан дата, нэгж худалдан авах үйлдэл мэдээж бий. Үүнээс гадна U-Point оноогоо зарим дэлгүүр, үйлчилгээний газруудад ашиглах боломжтойг бид өмнө нь энд танилцуулж байсан билээ.

Сүүлийн шинэчлэлээр хийгдсэн онцлууштай зүйл гэвэл апп-ий баруун дээд талд харагдах "Урамшуулал" цэс юм. Энд "Зөвхөн танд" болон бүх хэрэглэгчдэд зориулсан урамшууллын мэдээнүүд харагдана.


Зүүн дээд талд "Үйлчилгээний тохиргоо" хэсэгт харин eBarimt-аа автоматаар холбох, төлбөрийн түүхээ харах, U-Point-той холбоотой мэдээллүүд, дуудлага шилжүүлэх болон хадгалах тохиргоо хийх, роуминг идэвхжүүлэх, давхар дуудлага авах эсэхээ шийдэх зэрэг тохиргоог хийж болох аж.

Эцэст нь энэ бүх үйлчилгээг ердөө гурван алхамд буюу гурваас илүүгүй товч даран авах боломжтойг онцолъё.

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Unitel.mn вэбээс авч болдог шинэ дугаар захиалж авах, сим карт идэвхжүүлэх зэрэг үйлчилгээг оруулж өгөх боломжийг судалж үзээсэй гэж хэрэглэгчийн хувьд бодогдсон шүү.


Апп татах:
iOS, Android