Энэ удаагийн нийтлэлээ бид номын их баялгийг нүдээрээ биш чихээрээ дамжуулан тархиндаа нэвчүүлдэг "аудио номын хорхойтнууддаа" зориулан бэлтгэлээ.
Платформжсон ертөнцийн уугуул иргэд бид номтой холбоотой нэгэн шинэ холбоо үгийг үүсгэсэн нь “ном сонсох”. Хаана ч, хэдийд ч хамт байх боломжтой болохоор аудио номын платформууд олон мянган хэрэглэгчийг татах болсон. Иймд бид хамгийн хэрэглээ өндөртэй дараах дөрвөн аппыг туршиж үзлээ.
ux/ui дизайн
Аппын нүүр хуудас нь цэгцтэй бөгөөд тодорхой. Дэлхийн сонгодог зохиолууд, Монголын уран зохиол, аймшиг, зөгнөлт бүтээлүүд зэрэг 16 төрлийн ангилалтай нь баялаг урын санг нь тодотгохоос гадна хэрэглэгч сонголтоо хийхэд хөтчилж буй юм. Нүүр хуудсан дахь номын постер хэсэгт тухайн бүтээлийг сонсох, унших эсвэл аль аль нь боломжтой гэдгийг баруун дээд буланд нь тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь мөн л хэрэглээний зөвлөхийн үүрэгтэй.
Хамгийн “хөөрхөн” хэсэг нь “хайх” цэс бөгөөд эндээс зохиолын төрөл, сэдэв, тэр ч бүү хэл өгүүлэгчийн нэрээр хайх боломжтойгоос гадна урам зориг, аз жаргал, тайвшрал зэрэг мэдрэмжүүдээс сонгож болно. Тухайлбал, “уйтгар гуниг” хэсэгт “Сайн уу гуниг минь", "Дүүдээ бичсэн захидлууд” зэрэг хөнгөн гуниг төрүүлэх бүтээлүүд багтана.
Sonos: Нүүр хуудсан дээр санал болгох номууд нуман хэлбэрээр (номын гол хуудсыг дэлгэсэн мэт) харагдах нь дизайны содон шийдэл байлаа. Номын төрлүүдийг сайтар багцалсан байх ба доош гүйлгэх биш зүүн тийш эргүүлэх үйлдлээр бүтээлүүдтэй танилцах тул нэг дороос олон мэдээлэл авах боломжтой. Мөн зохиолын постер хэсэгт хэрэглэгчдийн үнэлгээ харагдах тул сонголтоо хийхэд нэмэртэй.
Хэрэв ангилал, төрөл үл харгалзан бүх номын жагсаалтыг энгийнээр харъя гэвэл “номын сан” цэсийг сонгоно. Үүнд өөрийн эхлүүлсэн, таалагдсан, цуглуулсан номуудыг тус бүрчлэн харахаас гадна, урын сангийн бүх ном, зохиолчдын жагсаалттай танилцах боломжтой.

Zangia Audio: Аудио номоос гадна аудио хичээл, ZangiaTV юүтүб сувгийн контентууд, zangia.mn-ийн ажлын заруудыг нэгтгэсэн платформ юм. Иймд, нэг талаас баялаг, цогц апп боловч нөгөөтээгүүр зөвхөн ном сонсох зорилгоор ашиглах гэж байгаа хэрэглэгчдэд толгой эргэм, төвөгтэй мэдрэмж төрүүлж болохуйц. Өнгө үзэмж, функцын хувьд онцын тааламжгүй зүйл байхгүй ч хэт олон төрлийн агуулгыг нэгтгэсэн апп болохоор эмх цэгцгүй санагдлаа. Тухайлбал, нүүр хэсэгт санал болгох ном, аудио хичээл, хэрэглэгчийн сэтгэгдэл, аппын давуу тал зэрэг холбоо хамааралгүй мэдээллүүд дараалан байршсан нь ойлгомжгүй, төөрөгдүүлсэн мэдрэмж төрүүлж байна.
Бидний зорилтот цэс болох “номын сан” хэсэгт 11 бүлэгт хуваасан бүтээлүүд нэр, зохиолч, уншигчдын тоо, үнийн мэдээллийн хамт доош цуварсан байдлаар харагдана. Миний бодлоор уншигчийн тооны оронд үнэлгээг байршуулж, номын нүүр зургийг томруулах хэрэгтэй санагдлаа.
Amarnom: Интерном дэлгүүрийн цахим хувилбар. Нүүр хэсэгт “Шинээр нэмэгдсэн уран зохиолын бүтээлүүд, Онцлох аудио ном” зэрэг ангилал байх ч тэдгээр нь дизайны хувьд анхаарал татахуйц элементгүй, жижигхэн орон зайг эзэлж байгаа тул хэрэглэгч анзааралгүй өнгөрч мэдэхээр.
Бусад гурван аппын хайх хэсэг нь хэрэглэгчийг хөтлөн чиглүүлсэн баялаг бүтэцтэй байсан бол amarnom-ын хувьд зөвхөн номын нэрээ бичиж хайхаас биш сонголт хийх боломжгүй. Харин сонсохоор сонгосон номын дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт өгүүлэгчийн товч танилцуулгыг оруулснаараа онцлог байв.

Ялагч: Өнгө үзэмж, ашиглалтын ойлгомжтой, хялбар байдлаас нь харвал Mbook гарцаагүй нэгт.
сонсголон
Нийтлэг тал: Өгүүлэгчийг сонгохдоо зохиолын үйл явдал, дүрүүдтэй уялдуулах гэж хичээсэн бололтой. Тухайлбал, “Хүүхдээ хэрхэн ойлгох вэ?, Арын ордны нууц” зэрэг эмэгтэйчүүд илүү сонирхож уншихуйц эсвэл эмэгтэй дүрүүд олонтой зохиолыг эмэгтэй өгүүлэгч уншжээ. Харин “Форрест Гамп, Юмжаагийн Цэдэнбал” зэрэг бүтээлийг эрэгтэй өгүүлэгч уншсан байна. Эдгээр дөрвөн аппын бүх зохиол дээр мэргэжлийн дуу оруулагч, өгүүлэгч нар ажилласан тул хоолойны өнгө аяс, сонсголонгийн хувьд шүүмжлэх зүйл байсангүй. Иймд зарим ялгаатай санагдсан зүйлсийг онцлон танилцуулъя.
Mbook: Тухайн зохиолын төрөл, мэдрэмжид тулгуурлан дэвсэх аялгууг сонгосон бололтой. Юун түрүүнд зохиолчийн нэр, зохиолын нэр, орчуулагч, өгүүлэгчийг дурдаж, аажмаар зохиол руугаа орж буй нь сэтгэл санааг уужруулахын сацуу зохиолдоо бүрэн автах боломж олгох шиг санагдлаа.
Sonos: Ая дэвсээгүй тул уйтгартай, тулгамдуу сонсогдож магадгүй. Харин олон таван үггүй, элдэв өмнөтгөлгүй, шууд гол зохиолоо сонсохыг хүсдэг хүмүүст таатай санагдаж болох юм.

Zangia Audio: Бусад аппуудад “сонсож үзэх” сонголт байдаг бол уг аппд “танилцуулга сонсох” гэх сонголт бий. Арын аялгуу нь огт сонсогдохооргүй аяархан биш, өгүүлэгчийн хоолойг дарахаар чанга ч биш, ерөнхийдөө намуухан эгшиглэх тул зохиолын уур амьсгалыг бүрдүүлэхэд тус болно.
Amarnom: 15 секундээр урагш, хойш гүйлгэх боломжтой ч хурдыг нь тохируулах боломжгүй тул "2x" товчинд дуртай сонсогчдод залхуутай мэдрэмж төрүүлэх магадлалтай.

Ялагч: Zangia Audio, Mbook.
үнэ
Mbook: Сиддхарта (аудио хувилбар) - 15,000₮, (унших хувилбар) - 12,000₮, (биет ном) - 22,000₮
Вавилоны хамгийн баян хүн (аудио хувилбар) - 15,000₮, (унших хувилбар) - 13,000₮, (биет ном) - 18,000₮
Жишээ болгон дээрх хоёр номын цахим хувилбарыг биет номын үнэтэй харьцуулж үзлээ. Үүнээс харахад, биет ном худалдан авахаас 16-46 хувийн санхүүгийн хэмнэлттэй байна. Мөн промо код ашиглах, ном бэлэглэх, нэг хэрэглэгч гурван төхөөрөмжөөс зэрэг хандах боломжтой.
Subscription үйлчилгээг нэг удаа идэвхжүүлэх үнэ 14,900₮. Харин картаа холбож сар бүр тогтмол идэвхжүүлэх үнэ 9,900₮. Subscription үйлчилгээг идэвхжүүлснээр 350 гаруй номыг унших, сонсох боломжтой ба нэмэлтээр сар бүр нэг кредит олгогддог. Тухайн кредитээр бестселлер номуудаас нэмэлтээр нэгийг сонгон унших, сонсох боломжтой.
Юнителийн дараа төлбөрт хэрэглэгчид дугаараа бүртгүүлээд сард 6,000₮ төлөх бол (30,000₮ болон түүнээс дээш багцын хэрэглэгчид зургаан сар үнэгүй ашиглах эрхтэй) урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дугаараа бүртгүүлээд 200 нэгжээр 24 цагийн турш Subscription үйлчилгээг идэвхжүүлж болох юм.
Sonos: Зөвхөн Subscription үйлчилгээтэй бөгөөд нэг сарын эрх нь 25,500₮. Гэхдээ нэг хэрэглэгч дөрвөн төхөөрөмжөөс зэрэг хандах боломжтой. Мөн сонссон номын минут тутамдаа оноо цуглуулж, урамшуулал, хямдралыг авахаас гадна промо код ашиглах боломжтой. Тухайлбал, арваас дээш минут сонсвол нэг хоногийн эрх, таваас дээш цаг сонсвол хоёр хоногийн эрх бэлэглэнэ.

Zangia Audio: Нийт номын 90 орчим хувийг үнэгүй сонсох боломжтой.
Amarnom: Сиддхарта (аудио хувилбар) - 15,000₮, (унших хувилбар) - 12,000₮, (биет ном) - 22,000₮
Вавилоны хамгийн баян хүн (аудио хувилбар) - 15,000₮, (унших хувилбар) - 13,000₮, (биет ном) - 18,000₮
Үүнээс харахад, биет ном худалдан авахаас 16-46 хувийн хэмнэлттэй.

Ялагч: Апп болгон өөрийн гэсэн онцлогтой тул та хэрэглээнээсээ шалтгаалан хамгийн боломжит хувилбарыг туршаад үзээрэй.
урын сан
Mbook: 850 гаруй аудио ном, 1,200 гаруй цахим ном, 250 гаруй товч ном, 100 гаруй үнэгүй ном, 7,000 гаруй подкасттай.
Sonos: 130 орчим зохиол, мөн тооны зохиолчтой.
Zangia Audio: 400 гаруй аудио номтой. Мөн 50 аудио хичээл, 14 танин мэдэхүйн контенттой.
Amarnom: 30 мянга гаруй ном, сэтгүүлтэй internom.mn вебсайтаас худалдан авсан номуудаа цахим хэлбэрээр унших, сонсох боломжтой.
Ялагч: Amarnom


дүгнэлт
UX/UI дизайн, сонсголон, үнэ, урын сан гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээс Mbook гурав, Zangia Audio нэг, Amarnom нэг ялалт тус тус авлаа. Sonos апп ч мөн бүх шалгуур үзүүлэлтэд нийцсэн, тун давгүй апп болохыг тухай бүрийн тайлбараас уншсан биз ээ.
Дээрх шалгуур үзүүлэлтүүдээс UX/UI дизайн, сонсголон гэх шалгуурууд нь субьектив шинж чанартай тул өөрийн биеэр туршиж үзсэний үндсэн дээр байнгын хэрэглээндээ нэвтрүүлэх аппаа сонгохыг зөвлөж байна.
Апп татах:
Mbook - iOS | Android
Sonos - iOS | Android
Zangia Audio - iOS | Android
Amarnom - iOS | Android

Сэтгэгдэл бичих

