Apple компани анх AirPods хэмээх утасгүй чихэвчийг (earbuds) танилцуулж, чихэвчний оролтгүй iPhone-ууд үйлдвэрлэж эхлэх үед хэрэглэгчдийн дийлэнх нь уламжлалт чихэвчнүүдээс салж ядан, дургүйцэж, эсэргүүцэж байсан нь тун ч саяхан мэт. Би ч гэсэн үл итгэгчдийн нэг байсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Байнга цэнэглэнэ, нэлээд үнэтэй, өрөөснийг нь хаячихвал яах билээ гээд баалах зүйлс мундахгүй авч одоо утасгүй чихэвчнүүд нэгэнт бидний салшгүй хэрэглээ болж төрөл бүрийн хэмжээ, загвартайгаар үнийн хувьд ч өргөн сонголттой худалдаалагдах болжээ. Өнөөдөр танд сүүлийн үед хэрэглэж, туршиж буй, 2020 оны Red Dot Design Award шагналт, IndieGogo краудфандинг платформ дээр хөрөнгө оруулалтаа босгосон YOBYBO NOTE 20 хэмээх утасгүй чихэвчийг танилцуулж байна. Богино хугацаанд ихээхэн амжилт гаргасан уг бүтээгдэхүүнийг Lenovo шуудхан өөрийн болгож, үйлдвэрлэж эхэлжээ. 

Яагаад хэрэглэх ёстой вэ?

Одоо байгаа утасгүй чихэвчүүд дундаас хамгийн нимгэн буюу 13 мм зузаантай тул халааслаад явахад байгаа үгүй нь мэдэгдэхгүй шахуу, маш амар. Үнийн хувьд боломжийн бөгөөд дэлхийд $69, Монголд албан ёсны эрхтэйгээр 149,000 төгрөгөөр худалдаалагдаж буй. Дуугаралт, тэр дундаа басс дуугаралт тун сайн, орчны чимээг тусгаарлана. Хар, цагаан, маш өвөрмөц ногоон, улбар өнгийн сонголттойн дээр шинэлэг эргономик дизайнтай, хүн хүний толгойн хэлбэр, онцлогт тааруулж "чангалах" байдлаар эргүүлж чихэндээ зүүдэг тул тогтолт сайтай. IPx4 буюу ус, хөлс, бороо, тоос шорооны хамгаалалттай. Идэвхтэй хэрэглэхэд 5 цаг цэнэгээ барина. Мэдээж хайрцаг (кэйс) нь чихэвчээ цэнэглэдэг. USB-C оролттой бөгөөд утасгүй цэнэглэгчээр ч цэнэглэх боломжтой.

Товчхондоо үнэндээ тохирсон хамгийн сайн дуугаралт, дизайн, эргономик бүхий чихэвч бөгөөд хаясан ч түрийвчийг чинь хоослоод байхааргүй үнэлгээтэй учраас хэрэглэхэд алдах юм огт үгүй гэж үзлээ.

Яагаад алгасах ёстой вэ?

Хэрэв та iPhone-доо зөвхөн AirPods, эсвэл Samsung-даа Galaxy Buds л хэрэглэдэг төрлийн хүмүүсийн нэг бол алгасахаас өөр яах билээ. Гэвч үнэ, боломжуудыг нь хараад туршаад үзэхэд алдаад байх зүйлгүй л санагдсан.

Ямар хүмүүст тохиромжтой вэ?

Гайгүй үнээр боломжийн чихэвч авах хүсэлтэй, өрөөснийг нь хаячихвал гэж айдаг, AirPods хэтэрхий үнэтэй санагддаг агаад "хулхи" эсвэл чанаргүй чихэвч авмааргүй байгаа бүх хүмүүст тохиромжтой.

Загвар

Yobybo Note 20-ыг бүтээгчид уг чихэвчийг Post It! буюу тэмдэглэл хийх зориулалттай олон өнгийн хуудаснуудтай зүйрлэжээ. Хэмжээ нь ч ижилхэн аж. Чухам үүнээс гол консепт, дизайны чиг баримжаагаа (design language) авсан болов уу гэж хувьдаа таамаглаж байна. Тэмдэглэлийн хуудаснууд авсаархан мөртлөө мартсан зүйлсийг сануулах, төлөвлөлт хийх зэргээр бидний амьдралын үнэнч туслах болдог билээ. Yobybo Note 20 ч мөн ялгаагүй дуу хөгжмийн гайхалтай ертөнцийг таны сонорт хүргэж амьдралын тань салшгүй нэгэн туслах байхад их анхаарсан санагдсан шүү.

Боломжийн үнэтэй атлаа чанартай, үнэтэй, премуим харагдахаар хийцтэй. Сэтгэл татам өнгөнүүд, сувдан метал гадаргууний хослол тун ч хараа татам болгожээ. Залуус, эрч хүчийг илэрхийлсэн улбар өнгө, тав тухыг илэрхийлсэн ой модон ногоон өнгө, цэвэрхэн өнгөлөг харагдах сувдан цагаан өнгө, мэдээж сонгодог хар гэсэн нийт 4 өнгөний сонголт бий.

Овор хэмжээ багатай тул зүүхэд үнэхээр тухтай. Хүмүүс чихэвч зүүсэн үгүйг тань ч бараг анзаарахгүй. Ердөө 13.55 мм зузаантай бөгөөд урт хугацаагаар зүүж сонсоход чихийг өвтгөдөггүй юм билээ. Хайрцаг дээрээс нь цэнэг ямар байгаа, унтраалттай асаалттай эсэхийг харах боломжтой. Мөн маш хүчтэй соронзтой тул хайрцагнаасаа унана гэж санаа зоволтгүй юм билээ. Төгсгөлд нь хэлэхэд надад чихэндээ хийгээд боолт чангалж буй мэт эргүүлж тогтоодог нь хамгийн таалагдсан шүү. Ямартай ч бусад чихэвчнүүдээс өөр эргономик шийдэл, мэдрэмжийг өгсөн.

Дуугаралт

Мэдээж би аудио мэргэжилтэн биш. Өөрийн хэмжээнд хөгжим сонсох, видео үзэх, ажлын хэрэгцээнд ашиглах зэргээр дуугаралтыг дүгнэж буй. Надад Yobybo Note 20-ийн дуугаралт нь хэд дахин үнэтэй AirPods-той яг ижилхэн, зарим талаар илүү ч юм шиг санагдлаа. Bluetooth 5.0 холболтоор холбогдох бөгөөд орчны чимээг тусгаарлана. Басс дуугаралт маш сайн байсныг нь онцлууштай. Тэгээд элдэв пажигнах, гацах, дүрснээс хоцрох гэх мэт асуудал огт мэдрэгдсэнгүй. Мөн дуудлага хүлээн авах боломжтой бөгөөд бүх утасгүй чихэвчнүүдэд байдаг нэг товшиход дуудлага авдаг, хоёр товшиход тасалдаг үйлдлүүд нь ямар нэгэн алдаа мадаггүй ажиллаж байгаа нь их таалагдав. Сурч цөхөөд байх ч зүйл байсангүй.

Дүгнэлт

Yobybo Note 20 нь утасгүй чихэвч авах хүсэлтэй хүн бүхний хамгийн ухаалаг сонголт байх болно. Алдах зүйл үндсэндээ үгүй. Та энэхүү чихэвчийг яг одоо Techstore Mongolia-аас хамгийн таатай нөхцөлөөр худалдан авч, өөрийн болгоорой. Албан ёсны эрхтэй худалдаалж буй тул гадаадаас захиж авахаас илүү хямд үнээр (149,000₮) авах боломжтой байгаа юм шүү.