Монгол орны 21 аймаг, өнцөг булан бүрээс өсвөрийн залуусыг цуглуулж, Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлуудад шийдвэр эрэлхийлж, тогтоол тунхаглал батлах зорилготой “Teen Хуралдай” чуулган энэ сарын 25-26-нд боллоо. Нийт 15-18 насны оролцогч 90 залуус есөн эртний овгуудад хуваагдаж, хулгайн ан худалдаа, УЦС-ын далан, уул уурхайн хорт бодис гэх дөрвөн асуудлуудад шийдэл хайж, тогтоолын төслүүд гаргасныг онцолж байна.

Хөтөлбөрийн тухайд 

Mонгол Экологи Төв ТББ ба Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн танилцуулгыг хөтөлбөрийн менежер Ариунзул хүргэлээ. YSC хөтөлбөрт зориулсан анхны судалгааны үр дүнд тус хөтөлбөрт мэдлэг мэдээлэл хүргэх, сурч танин мэдүүлэх, бодит үйлдэл хийхэд нөлөөлөх гэх зорилтуудыг тавьсан аж.

Харин уг чуулган нь энэ бүх зорилтуудыг нийлүүлсэн томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Хөтөлбөрийн менежер Ариунзул “Манай хөтөлбөр 21 аймагт хүрсний илрэл нь та бүхэн байлаа” хэмээн онцоллоо.


илтгэлүүд 

Асуудлуудыг шийдвэрлэх тогтоол тунхаг гаргахад дэмжлэг болох зорилгоор тогтвортой хөгжил, залуусын оролцооны тухай зочид илтгэгчид сонирхолтой илтгэл танилцуулсан юм. Уг илтгэлүүд залуусыг шийдвэр гаргалтад оролцох, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг ухамсарлан, нэгийг тунгаан хоёрыг эргэцүүлэн, ирээдүйдээ зориулан зөвөөр шийдвэр гаргахад нь нөлөөлөх том хөдөлгүүр болсон болов уу.



“Манлайллын луужин үйл ажиллагаа”

Оролцогчид овгоороо тогтоолын төсөл гаргахын тулд хамтран ажиллах шаардлагатай тул тэднийг амжилттай хамтран ажиллан, бие биеэ ойлгоход туслалцаа үзүүлсэн “Манлайллын луужин үйл ажиллагаа”-г зохион байгууллаа.

Хүүхдүүд дөрвөн төрлийн манлайллын хэлбэрийг сонсон, өөрсдийгөө альд нь хамгийн их тохирохоо сонгон дөрвөн хэсэгт хуваагдан өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралдайн эхний өдөр овгууд тогтоолын төслөө судалгаанд үндэслэн бичсэн бол хуралдайн хоёр дахь өдөр танилцуулахдаа бэлтгэв.


тогтоолын төсөл 

Чуулганы хоёр дахь өдөр багууд өөрсдийн гаргасан тогтоолын төслийг бусад багынхандаа танилцуулж, хурлыг Шихихутаг их сургуулийн багш Батнасан удирдан явууллаа. Бүх багууд тогтоолоо танилцуулсны дараа адил төстэй шийдэл гаргасан багууд нэгдэн нэг тогтоолын төсөл гаргах учиртай байв. Өдрийн хоолны үеэр багуудын ахлагчид бие биетэйгээ хэлэлцээ хийж, ингэснээр нийт хоёр тогтоолын төсөл гарч, түүнээс санал хурааж 9-өөс таван овгийн саналаар батлав.

Энэхүү тогтоолын төсөл нь хулгайн ан худалдаа, УЦС-ын далан, уул уурхай, хорт бодис, бэлчээрийн талхагдал гэх дөрвөн асуудлын хүрээнд тус бүр гурван зүйл бүхий 12 заалтыг тусгажээ. Төслийн онцлох шийдэл, заалтуудаас дурдвал:

Хулгайн ан худалдаатай холбоотой

  • Байгаль хамгаалагч мэргэжлийг залуу үед сурталчлан таниулахын тулд ахлах ангийн сурагчдыг дадлага хийлгэхээр илгээх, байгаль хамгаалагч мэргэжлээр сурахаар сонгосон болон сурч буй сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Өсвөрийн байгаль хамгаалагч клубийг идэвхжүүлэх

УЦС-ын далантай холбоотой

  • Жил бүр тухайн УСЦ-ын эргэн тойрны газар нутгийн экосистемд үнэлгээ хийж, газрын төрх байдал алдагдсан тохиолдолд хариуцан ажиллаж буй байгууллагаас нөхөн сэргээлт болох мод, ногоон ургамлыг тарих

Уул уурхай, хорт бодистой холбоотой

  • Уул уурхайгаас ялгарч буй хорт бодис нь хөрс, ургамал, амьтан, гүний болон гадаргын усыг үгүй болгож, эко системийг бүр мөсөн устгах аюултай тул биологийн аргаар нөхөн сэргээлт хийн, саармагжуулах

Бэлчээрийн талхагдалтай холбоотой

  • Малчид жил бүр харьяа аймгийн захиргаанд тус жил бэлчээрлэх газар нутгаа бүртгүүлдэг болох. Ингэснээр малын бэлчээрийн давхцал үгүй болж талхалтад өртсөн газар нутгийг тухайн жилийн бэлчээрийн тооноос хасах эрхийг тухайн орон нутгийн засаг даргад олгон, тодорхой хугацаанд нөхөн сэргээлт хийх


“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр I үеэс II үе рүү шилжихийг тохиолдуулан хөтөлбөрийн зураглал гаргах үйл ажиллагаа болсон юм. Тус үйл ажиллагаагаар залууст хэрэгцээтэй, шийдвэрлэхэд шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд YSC хөтөлбөр хэрхэн түлхэц болгож чадах талаар залуус дуу хоолойгоо хүргэсэн юм. Зураглалын үр дүнд YSC хөтөлбөрөөр дамжуулан хийх зүйлс их буйг мэдэх түлхүүр болсон билээ.

Оролцогч залуус уг хуралдайд оролцсоноор байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн тогтоол тунхаг гаргасан төдийгүй бие биетэйгээ үнэ цэнтэй нөхөрлөлийг бүтээн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрүүлсэн хэмээв.