Цаг тутам хувьсан өөрчлөгдсөөр буй медиа салбарын чиг хандлагад сэтгүүлч, редакциуд зохицож ажиллах, давтаж дуурайх, туршиж хэрэгжүүлэх олон сорилттой тулгарч буй. Ялангуяа шинэ төгсөгч, залуу сэтгүүлчид мэдээ бэлдэх, сэдвээ олох, эх сурвалжтай харьцах гээд амттай боловч амаргүй давааг туулах нь бий. Алдаж, онож, сурна гэх тайвшруулал, алдаа мадаггүй, өөгүй хий гэх зэмлэлээр гоёж яваа үе тэнгийн залуу мэргэжилтнүүддээ дуулгах сайхан мэдээтэй.
“The Media Show" подкастын санаачлагч, хөтлөгч Ж.Хулан сурагч ахуйгаасаа сонинд ажиллаж, цаашлан багшилж, редакц ахалж хэвлэл мэдээллийн салбарт янз бүрээр ажиллаж үзсэн туршлагатай нэгэн. Түүний хувьд сэтгүүлчийн ажил мэргэжлийн олон бэрхшээл, саадыг анзаарч, сонсож, мэдэрч байдаг тул үүнд бага болов ч тус хүргэхээр туршлагатай сэтгүүлчдийг урьж, мэргэжлийн байх хандлагыг түгээн дэлгэрүүлж, шаардлагатай ур чадварыг хуваалцахаар “The Media Show - Demo 2023” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг угтан илтгэгчид сэтгүүл зүйн ангийн оюутан байсан бол одооноос юу уншин судалж, сайн сэтгүүлч болохын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх тухай санаа бодлоо хуваалцсантай танилцаарай.
Арга хэмжээнд ЭНД дарж бүртгүүлээрэй.
1. Танай редакцад элсэж буй, эсвэл хамт ажиллаж буй шинэ төгсөгчдөд ямар шаардлага тавьдаг вэ, тэднээс юу хүлээдэг вэ?
2. Хэрэв та сэтгүүл зүйн ангийн оюутан байсан бол одооноос юу уншиж, юу судлах вэ? Сайн сэтгүүлч болохын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?
1. Бид ажилтнуудаа шинэ, хуучин, туршлагатай, туршлагагүй гэж ялгадаггүй. Манай редакцад одоо хоёр ч шинэ эмэгтэй сэтгүүлч ажиллаж байна. Хоёулаа сургуулиа төгсөөд анх ажилд орсон газар нь манайх. Бүх ажилтандаа тавьдаг нийтлэг хэдэн шаардлага бий. Нэн түрүүнд хөдөлмөрийн сахилга бат. Энэ нь ажилдаа цагтаа ирдэг, цагийн ажлыг цагт нь хийдэг, хийж байгаа ажлаа сайн гүйцэтгэлтэй хийхийн тулд хичээдэг, багийнхантайгаа сайн ярилцдаг, цагаа зөв, сайн ашиглаж чаддаг, удирдах, удирдуулах дэг ёсоо сахидаг, хөдөлмөрийн хууль, дотоод дүрэм журмаа мөрддөг л байхад хангалттай гэж үздэг.
Ажлын ярилцлагад ирж байгаа залуус нийтлэгээр ямар байгууллагад, юу хийхээр, яах гэж ирснээ ч бүрэн судлаагүй байдаг. Анкет ч зөв бөглөдөггүй, үг үсгийн алдаа гаргах нь бий. Хэтэрхий хайнга гэх үү дээ. Энэ байдал нь тухайн байгууллагад үл хүндэлсэн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс аливаад анхнаас нь нямбай, цэгцтэй хандаасай гэж захимаар байна.
2. Шууд сэтгүүл зүйн сургуулиасаа гарч, цаашдаа ямар чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч болохоор шийдэж, тэр чиглэлийнхээ дагуу бакалавраа хамгаална. Эсвэл сэтгүүлчтэй хосолж болох өөр мэргэжил сонгоно. Тухайлбал эдийн засаг, нийгэм, улс төрийн мэдээ, сурвалжилга бэлддэг сэтгүүлч болохоор шийдвэл хууль, олон улсын харилцаа, монгол хэл, түүх, философийн ангид ч юм уу орж сурна. Тэгээд хажуугаар нь англи, хятад хэл гэх мэт хэд хэдэн хэл сурч, хэлний оноо авахын төлөө шалгалтуудад бэлдэнэ. Оюутны дөрвөн жилээ яг сурахад л зарцуулна. Тэгэхгүй бол их, дээд сургуулиа төгсөөд сурах зав гардаггүй юм билээ. Мөн стресс тайлах аргуудтай болно. Сайн сэтгүүлч манай салбарт дутагдалтай байгаа. Дээр нь хэл устай сайн сэтгүүлчдэд дэлхий өөрөө нээлттэй байдаг. Тиймээс дэлхийн хэмжээний сэтгүүлч болчихвол зөвхөн монголд ажиллана гэж харж болохгүй юм билээ. Монголчууд бид чинь дасан зохицох чадвар өндөртэй, аливааг хурдан сурдаг ард түмэн учраас зорилгоо зөвхөн монголоор хязгаарлаж болохгүй.
1. Тууштай, юм сурна, шинэ зүйлс хүлээж авна гэдгээ мэддэг, харилцахад амар байхыг хүлээдэг. Сониуч, шинэ зүйлд мэдрэг байдал бас их чухал.
2. Сонирхож буй чиглэл, салбар, сэдвээ эрт сонгож, редакцийн гал тогоонд эрт хутгалдахыг хичээнэ. Редактор, сэтгүүлчдээс байнга зөвлөгөө авч, хийж буй зүйлээ үзүүлж, шалгуулахыг эрмэлзнэ. Олон нөхцөл байдалд өөрийгөө байлгаж сурахын тулд ном унших, кино үзэхийг чухалчлан дадал болгоно.
1. Дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа шинэ төгсөгчид өмнө нь редакцид ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчээс өөр хандлага, өөр ажиллагаа шаарддаг. Шинэ төгсөгчдөд мэдээгээ нягт нямбай, алдаагүй бичих зэрэг мэргэжлийн ур чадвар зайлшгүй хэрэгтэй. Мөн тухайн хүний мэдлэг, хандлага, шударга зан, биеэ авч явах байдал, нийгэмшсэн эсэх зэрэг шинж чанарууд тэр хүн хүн цаашдаа редакцийн нэг эд эс болон төлөвшиж чадах эсэхийг шийдэх хүчин зүйлүүд болдог. Өөрөөр хэлбэл, зөвхөн мэргэжлийн дипломтой байх нь хангалтгүй.
2. Монголынхоо түүх, өв соёлоо илүү судална. Болж өгвөл хоёр гадаад хэл эзэмшихийг хичээнэ. Улс төр, эдийн засаг болон нийгмийн харилцааны үндсэн ойлголтуудыг өөр, өөр эх сурвалжаас авахыг хичээнэ. Боломж олдвол цагийн ажил хийнэ. Гэхдээ үүнийг оюутны залуу насанд ойлгож мэдэх хүн ховор. Тиймээс их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр хангалттай биш гэдгийг оюутнуудад эртнээс ойлгуулах хэрэгтэй. Ялангуяа тэр хичээлийн хөтөлбөрт нь зөвхөн тэр сургуулийнх нь багш нарын бичсэн номыг санал болгож, түүгээр дүгнэж байгаа бол өрөөсгөл гэдгийг санах хэрэгтэй.
1. Үнэнч, хариуцлагатай, санаачлагатай байх. Ур чадварыг ажлын талбар дээр гарч байж сурдаг. Тиймээс алдаж болно. Харин ёс зүй, хандлагын алдаа гаргаж болохгүй гэж үздэг.
2. Хамгийн түрүүнд өөрийн үнэт зүйлээ олох гэж хичээнэ. Гэвч ингэхийн тулд маш олон зүйл хийж үзэх ёстой. Олон төрлийн ТББ, үйл ажиллагаа, клубт хамрагдаж, тэр болгоноос өөрт таалагдах, хүсэл эрмэлзлэл төрүүлэх зүйлсээ олох гэж хичээнэ.
Хуучны, шилэгдмэл, уран зохиолын номууд уншина. Номоор дамжуулан дэлхий, нийгэмтэй танилцана. Энэ бүгдийг хийх замд өөрийн тань үнэт зүйл бага багаар тодорч эхлэх байх. Миний хувьд оюутан байхдаа үүнийг хийж чадаагүйдээ харамсдаг. Оюутан нас бол зав, боломжтой байх сүүлчийн хугацаа гэсэн үг.
Харин мэдлэгийн хувьд хүний эрхийн мэдлэгээ тэлнэ. Хүний эрх гэдэгт иргэний, улс төрийн, эдийн засаг нийгмийн, ялгаварлан гадуурхалт гэх мэт олон сэдэв орно. Энэ талаар мэдлэгтэй болж, түүнийхээ талаар бодож тунгааж чаддаг байх нь маш том чадвар. Учир нь сэтгүүл зүй алхам бүрдээ хүний эрхтэй холбогддог.
1. Бусдын эв эеийг олох нь их чухал санагдсан. Миний хувьд телевизэд ажиллах үедээ бусадтай ажиллахад суралцсан гэх үү дээ. Бидний бэлтгэдэг мэдээ, нэвтрүүлэг бүр олон хүний хөдөлмөр, багийн бүтээл байдаг. Жолооч, зураглаач, эвлүүлэгч, график дизайнер, продюсер, найруулагч, дуу оруулагч гээд л эдгээр хүмүүс хоорондоо эвтэй байж, гар нийлсэн цагт ажил урагшилдаг. Тийм учраас багийн тоглогч байх, өөрийгөө болоод бусдыг хүндэтгэн ажлаа сайн хийх вэ гэдэг сэтгэлгээг эртнээс өөртөө суулгах хэрэгтэй.
Мөн телевизийн салбар асар хурдтай ажиллахыг шаарддаг. Өгсөн зааврыг хурдан ойлгож, алдаагаа залруулж, богино хугацаанд оновчтой асуулт бодож олох гээд нөхцөл байдлаа сайтар мэдэрч ажиллах нь чухал санагддаг. Мэдээ, нэвтрүүлэг ирэх долоо хоногийн эфирийн хуваарьт “зоогдсон” л бол тэнгэр хөмөрч, газар цөмөрсөн байсан ч гарах ёстой учраас хувийн зохион байгуулалт онцгой чухал.
2. Сэтгүүлч хүн нийгмийн баримжаатай болох ёстой буюу хаана, юу болж байгаа талаар ерөнхий төсөөлөл, ойлголттой байх хэрэгтэй. Том зургаараа энэ жил Монголд, Дэлхий нийтэд юу болсон бэ? Одоогоор манай улсад тохиогоогүй ч Израильд юу болж байгаа талаар уншиж байж, олон нийтийн сэтгэл зүйн байдал, ямар мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлэхийг ойлгоно. Түүнээс ямар мэдээлэл хүмүүст дутагдаж байна вэ, уншигч юуг мэдэхийг хүсэж байна вэ, нийгэм хааш хазайж байна вэ гэдгийг бага боловч таамагладаг болно. Сэтгүүлчид нийгмийн эрэлхийлж байгаа мэдээллийг олж хүргэхийн зэрэгцээ анхаарах чигийг нь залах учиртай. Харин тийм баримжаагүй бол өнөө, маргаашийн сэдвийг л мэдээлдэг сэтгүүлч болох юм.