30 дахь удаагийн номын баяр болох гэж буйг тохиолдуулан есдүгээр сарын 15-ний өдөр Засгийн газрын ордонд талархлын өдөрлөг болж өнгөрлөө. “Номын баяр - бидний баяр” өдөрлөгийг Номын соёлт ертөнц ТББ-аас зохион байгуулсан бөгөөд “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-ийн тухай хуулийг санаачилсан УИХ-ын дарга болон гишүүдэд талархал илэрхийлэх зорилгоор Монголын утга зохиолын нэртэй төлөөллүүдийг хамруулсан цомхон үйл ажиллагаа болж өрнөсөн юм. Ингээд талархлын өдөрлөгт оролцсон хүндтэй хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцъя.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг энэрэн хайрлах, өрөвч нинжин сэтгэл, зүрх сэтгэлийн боловсролтой, соёл, түүх, хүмүүнийг дээдэлдэг, зөв тэгш хүмүүжилтэй буюу зүрх сэтгэлийн боловсролтой болгон хүмүүжүүлэхэд ном маш чухал үүрэгтэй гэдгийг ойлгон ухамсарлах нь Монголын ирээдүйн төлөө хийх эрхэм үйл хэрэг юм. Чухам ийм ч учраас албан ёсоор Үндэсний ном бичиг соёлын өдөртэй болгож, жилдээ хоёр удаа тэмдэглэж байхыг хуульчлах тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталлаа.
Уншдаг ард түмэн хөгждөг гэдэгт би итгэдэг. Удахгүй болох гэж буй номын баяр “Өдөр бүр уншья” уриатайгаар зохион байгуулагдах гэж буйг тохиолдуулан иргэн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг байхыг уриалж байна.



МУСГЗ, Нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо

Одоогоос 30 жилийн өмнө “Бичиг, соёлын хишиг өдөр” гэж үзэсгэлэн яармагийн төв танхимд Монголын номын сан, архив, хувийн цуглуулгад байгаа өв хөрөнгийг нийтэд анх удаа том талбай гаргаж дэлгэн үзүүлж, номын хишиг буяныг дэлгэрүүлэхийг уриалж билээ. Энэ уламжлал ном эрдэмтэй холбоотой хүмүүсийн ой тоонд явсаар, алдаг оног тэмдэглэсээр арван таван жилийн өмнөөс талбай дээр асар барьж, ном хэвлэлийнхэн болон зохиогчид оюуны бүтээлээ дэлгэж, олонтойгоо учирдаг сайхан уламжлалтай болов. Энэ ажлыг эрхэлдэг “Номын ертөнц” ТББ ч жигдрэв. Ном, соёлын хүрээ жилээс жилд өргөжин тэлсээр, уншигчдын эгнээ төсөөлж байснаас хурдтай өргөжиж байна.
Өнөөгийн ертөнцөд ном хэрэглээ төдийгүй урлаг болтлоо хөгжиж байна. Ном бол амьдралыг тэтгэгч эрчим хүч юм. Алтаар цэгнэшгүй эрдэм гэвэл ном л байна. Айл бүхэн, байгууллага болон номын сантай болж, ном бүтээгчид нь жил болгон эрдэнэ мэт номын хишиг буяны хур буулгаж байвал аятай юу.

МУСГЗ, сэтгүүлч, орчуулагч Хатагин Го.Аким

Монголчууд номд дуртай. Номыг орой дээрээ тахидаг.
“Номын баяр” гэдэг сайхан үйл явдал болдог болсоор 15 дахь жилийн нүүр үзлээ. Энэ нь мөн л номоо дээдэлж буй хэрэг гэж би бодном. Энэ нь оюуныг дээдэлж байгаа хэрэг гэж би үзнэм. Энэ нь уншигч, зохиогч хоёрын хүйн холбоо гэж баярланам.

Монголд хэдийгээр баяр нь цар тахалд цөөрч яваа хүнээсээ олон болсон боловч ном гэдэг гайхамшгийн өдөртэй байхад юу нь болохгүй гэж! Баяр баяраас илүү баяр, монгол хүний оюуны хомсдолыг арилгах баяр болно. Харин энэ баяраа амарч зугаалдаг, ууж иддэг “баяр” бус, жинхэнэ ном руу тэмүүлдэг, номд шимтдэг баяр болговол тэр шүү.



МУСГЗ До.Цэнджав

Ном гэдэг бяцхан боловч тэнд шинжлэх ухаан, ертөнц, амьдрал тэр чигтээ багтаж буй.
Энэхүү сайхан үйл ажиллагааг үргэлжилсээр буйд “Номын соёлт ертөнц” ТББ-ын хувь нэмэр их бий. Аливаа санал санаачилгыг хэрэгжүүлэхэд дээд түвшний байгууллагуудын дэмжлэг чухал байдаг. Тиймээс ч уг хуулийг санаачлан дэмжсэн УИХ-ын дарга болон гишүүдэд талархал илэрхийлье.

Номын хур буусан энэ сайхан өдрүүдийг нийтээрээ тэмдэглэж байгаасай!


Гэрэл зургийг УИХ-ын Тамгын газраас авав.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд талархал илэрхийлж, ном түгээх их үйлсэд хувь нэмрээ оруулсан байгууллага, уран бүтээлчдэд “Мэргэн ном” цомыг гардууллаа.