Unread-ийн санал болгож буй яг одоо үзэх ХХ зууны 100 монгол киноны жагсаалтад тавтай морил!
График дизайн, визуал эффект, технологийн хөгжил дэвшил дунд бүтээгдэж, тэр ч ёсоор үйл явдлын өрнөл, нүд булаах өнгө дүрслэлээрээ ширүүн тулаан өрнүүлэх болсон Марвел, Аватар тэргүүтэй ХХI зууны кино урлагийн "царайлаг" төлөөллүүдээс хэсэг зуур завсарлага авч, "энгийн" л нэгэн үйл явдалтай, нүд хужирлах юу ч үгүй ч гэлээ хүмүүний ертөнцийн олон өнгө аяс, зан байдал, аж ахуйг уран яруу агаад тун ч чадварлагаар илэрхийлэх хуучин цагийн монгол кинонуудаа үзэх нь завгүй өрнөлтэй амьдралаас бүүр түүрхэн чөлөө авч, цэнгэг агаарт дүүрэн амьсгал авахтай адил тайван мэдрэмж төрүүлдэгтэй уншигч та санал нийлэх үү?
Тэр тусмаа хэт хурдтай даяаршиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд соёл уламжлалаа биеэр мэдэрч, эргэн сэргээх боломжийг олгодог Сар шинийн өдрүүдийн амин сүнс нь яах аргагүй хуучин цагийн монгол кинонууд болдог. "Нүдээ ингэж нэг аниад л Богдын хүрээ орчихдог бол гоё оо" хэмээн их алсыг морин тэргээр туулах Бат хүү ба виртуал технологиор биентэйгээ хормын дотор холбогддог болсон Z үеийнхэн хоорондоо "Ёс өнгө өөр боловч, Зөв бурууг ялгахын агаар нэгэн" хэвээр буй. Тиймдээ ч суваг эргүүлэх тутамд хар цагаан кино гарч ирдэг жилийн энэ л ховор үеийг алдалгүй ашиглан, 4К дэлгэцээрээ өнгөрсөн цагт аялан, үр хүүхдэдээ өвөг дээдэс, үүх түүхээ тайлбарлан танилцуулахаа битгий мартаарай хэмээн бид ээлжит "100" цувралаа хуучин цагийн монгол кинонуудаар өртөөлж байна.
Энэ бол оригинал жагсаалт. Бид энэ жагсаалтыг хуулбарлаагүй, хуулаагүй. Олон өөр үнэлгээ, шүүмж, жагсаалтууд энд тэндгүй бий. Гэхдээ түүнээс илүү Монгол уншигчдад онцгойлон зориулсан баялаг жагсаалт бий болгох үүднээс бид энэхүү жагсаалтаа гаргалаа. Гэсэн ч 1936 оноос эхлэн кино урлагт "Монгол кино үйлдвэр"-ээрээ дамжуулан хөл тавьсан манай улс Ардчилсан хувьсгалыг хүртэл нэгдсэн байдлаар энэ салбарт ажилладаг байсан нь уг жагсаалтыг гаргахад ихэд ойлгомжтой, хялбар, нэг эх сурвалжтай болгож байсныг дурдах нь зөв билээ.
Ингээд жагсаалтаа таалан соёрхоно уу. Уншихдаа бидний эхэнд байрлуулсан "ИНТЕРАКТИВ ХӨТӨЧ"-тэй танилцахаа бүү мартаарай. Та кинонуудыг он, жанраар нь ангилж, дэлгэрэнгүй мэдээллүүдийг нь авах боломжтой шүү.
Амжилт хүсье!
Unread
1930-1939 он
1. Монгол хүү (1936)
Найруулагч: Трауберг И.З
Зохиолч: В.Лапин, Д.Славин, З.Л.Хацревин
Ангилал: Үлгэрийн, хайр дурлал
“Аршийн мод” хэмээх монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн "Монгол хүү" киног хэдийгээр гаднын уран бүтээлчид хийсэн ч гэлээ монгол хэл дээр, монгол жүжигчид тоглож, монгол газар нутаг, аж ахуйг харуулсан гэдэг утгаар анхны "монгол кино" хэмээх тодотголыг хүртдэг. Кинонд хөдөөгийн сайхан сэтгэлт залуу Цэвээн хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд шидэт модны эрэлд гарах бөгөөд түүний газрын холыг зорьсон их аяллынх нь адал явдал, ухаарлын талаар өгүүлдэг. Тус кино нь 1936 онд Америкийн кино академиас гадаадын 10 шилдэг киноны нэгээр тодорч байсан гэх баримт бий.
2. норжмаагийн зам (1938)
Найруулагч: Т.Нацагдорж
Зохиолч: Т.Нацагдорж
Найруулагчийн бусад кинонууд: Сүрэг чоно (1939), Тарваган тахал (1940)
Ангилал: Гэр бүл, суртал ухуулгын
Монгол уран бүтээлчдийн бүтээсэн анхны монгол кино болох "Норжмаагийн зам" бүтээл нь өрнийн эмнэлгийн үйлчилгээг тухайн үеийн ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор эмнэлэгт болон уламжлалт аргаар хүүхдээ тээн төрүүлж буй хоёр эмэгтэйг харьцуулан дүрсэлсэн ухуулгын шинжтэй, дуугүй бүтээл ажээ.
1940-1949 он
3. сүхбаатар (1942)
Найруулагч: А.Г.Зархи, И.Е.Хей
Зохиолч: Б.Лапин, А.Г.Зархи, И.Е.Хейфиц, З.Л.Хацревин
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Сүхбаатар жанжны үйл хэргийг харуулсан анхны бүтээл. Цэрэг дайны бөгөөд эр зориг, баатарлаг үйл хэрэг, эх орны сэдвийг хөндсөнөөрөө тухайн үедээ ихэд шинэлэг бүтээл болжээ.
4. цогт тайж (1945)
Найруулагч: Ю.Тарич, М.Лувсанжамц
Зохиолч: Б.Ринчен, Юрий Тарич
Найруулагчийн бусад кинонууд: Аймшиггүй эх оронч (1942), Морин цэрэг танкист (1942)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Хоёр ангиас бүрдэх тус киноны гол дүрд Монголын анхны "Ардын жүжигчин", Төрийн шагналт, Алтан үеийнхний сод төлөөлөл Ц.Цэгмид тогложээ. Монголын кино урлаг уг бүтээлээс хойш "мэргэжлийн" тодотголоор хөгжих үндэс тавигдсанаараа тун онцлог. 17 дугаар зууны үеийн эх оронч Цогт Тайжийн үйл хэргийг харуулсан цэрэг дайны сэдэвт түүхэн кино юм.
1950-1959 он
5. гэм нь урдаа (1956)
Найруулагч: Э.Оюун
Зохиолч: Ц.Зандраа
Найруулагчийн бусад кинонууд: Манай аялгуу (1956)
Ангилал: Инээдэм, гэр бүл
Монголын театрын урлагийн загалмайлсан эх, орчин цагийн сэхээтэн эмэгтэйчүүдийн анхдагч төлөөлөл МУАЖ, УГЗ Э.Оюуны тус бүтээлд наргиан цэнгээнд дурлаж, ажил хөдөлмөрийг хойш тавьснаас болж хахир өвлийн хүйтэнд хамаг малаа алдан, айл амьтнаас тусламж гуйн ичгүүрт байдалд орох эрийн түүхийг хоржоонтой байдлаар дүрслэн үзүүлжээ.
6. манай аялгуу (1956)
Найруулагч: Э.Оюун
Зохиолч: Э.Оюун, Ц.Зандраа
Найруулагчийн бусад кинонууд: Гэм нь урдаа (1956)
Ангилал: Хайр дурлал, инээдэм, дуулалт
Хайр сэтгэлийн түүхийг инээдэм, болон дуулалт хэлбэрээр илэрхийлсэн уг бүтээлд монгол нутгийн үзэсгэлэнт байгалийг ардын урлаг, уламжлалтай хослуулан харуулж чадсан.
7. сэрэлт (1957)
Найруулагч: С.Гэндэн
Зохиолч: Л.Ванган, Ч.Чимэд
Ангилал: Түүхэн, инээдэм
"Хойд насандаа цөл газар хонин гүрвэл болж төрнө", "Аав аа!", "Даш ээ, чи ахыг минь" гэх мэт кинонд гардаг хэд хэдэн үгс хагас зуун жил гаруй хугацаа өнгөрсөн ч гэлээ өнөө ч бидний дунд алдартай хэвээр буй. Сайн бүтээл он цагийн урсгалд мартагдаж хуучирдаггүйн тод жишээ нь "Сэрэлт" юм.
8. ардын элч (1959)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Ч.Ойдов
Найруулагчийн бусад кинонууд: Улаанбаатарт байгаа миний аавд (1961), Үер (1966)
Ангилал: Түүхэн, гэр бүлийн
Монголын кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Д.Жигжид найруулагчийн алдартай бүтээлүүдийн нэг. Хүн чанар, эх оронч сэтгэлгээг сэтгэл хөдөлгөм үйл явдлаар харуулсан тус кинонд үүрэг хариуцлагадаа эцсээ хүртэл үнэнч байсаар дайсны талын гарт үрэгдсэн эр нөхрийнхөө эцсийн захиасыг биелүүлэхээр Сүхбаатар жанжныг зорих эх, хүү хоёрын түүхийг харуулна.
9. морьтой ч болоосой (1959)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Д.Гармаа
Найруулагчийн бусад кинонууд: Энэ хүүхнүүд үү (1963), Алтан өргөө (1961)
Ангилал: Инээдэм, хайр дурлал
"Уралдах уу? Уралдъя". Урьд өмнө эдэлж хэрэглэх нь бүү хэл харж үзээгүй шахам явсан дөрвөн дугуйт машинаас илүүтэй аргамаг хурдан хүлэгтээ итгэх Дондогийн түүх өнгөн хэсэгтээ инээдтэй боловч орчин цагийн техник технологийн хөгжлийн эхлэл хөдөөгийн ард түмэнд хэрхэн хүрч, ойлгогдож байсныг харуулдаг.
1960-1969 он
10. элбэг дээл (1960)
Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: Ж.Бунтар, Б.Жамсран
Найруулагчийн бусад кинонууд: Хөхөө гэрлэх дөхлөө (1962), Аман хуур (1963)
Ангилал: Гэр бүл, инээдэм
Хүйсийн тэнцвэртэй байдал, эхнэр нөхрийн гэр бүл доторх харилцаа, үүрэг хариуцлагын хуваарилалтыг тун ч ёжтой өнгө аясаар егөөдөн харуулсан бүтээл.
11. алтан өргөө (1961)
Найруулагч: Р.Доржпалам, Готтфрид Кольдитц
Зохиолч: К.Бортфельд, С.Эрдэнэ
Найруулагчийн бусад кинонууд: Энэ хүүхнүүд үү (1963), Тунгалаг тамир (1970-1973)
Ангилал: Үлгэрийн, гэр бүл
Монголын анхны өнгөт кино гэгдэх "Алтан өргөө" нь монголын кино урлагийн хийц, технологийн чадамжийг шинэ түвшинд гаргаж ирснээрээ онцлогтой. Учир нь ид шидийн хувирал, лусын дүрслэлийг хийхдээ хослол зургийн аргыг ихээхэн хэрэглэсэн байдаг. Байгаль эхээ хайрлах, хүн чанараа алдахгүй байхын чухлыг ид шидтэй хослуулан өгүүлэх энэ бүтээл бүх цаг үед монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг кино байсаар иржээ.
12. гологдсон хүүхэн (1961)
Найруулагч: Д.Чимэд-Осор
Зохиолч: Ц.Дамдинсүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Нүгэл буян (1963), Зэрэг нэмэхийн өмнө (1965)
Ангилал: Гэр бүл, түүхэн
Үзэгч олон МУАЖ Д.Чимэд-Осорыг өөрт оногдсон төрөл бүрийн дүрийг чадмаг амилуулдаг авьяаслаг жүжигчин гэдгийг сайн мэдэх ч бидний үзэх дуртай хэд хэдэн шидээврүүдийн ерөнхий найруулагчаар ажилласныг тэр бүр анзаардаггүй. Тэдний нэг нь "Гологдсон хүүхэн". Хамжлагат нийгмийн бурангуй үед ядуу дорой айлд төрөх бүсгүй хүүхдийн хувь заяа, үрээ энэрэх эцэг эхийн хайрыг энэ киноноос мэдэрч болно.
13. улаанбаатарт байгаа миний аавд (1961)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Д.Дожоодорж, Н.Надмид
Найруулагчийн бусад кинонууд: Үер (1966), Хүргэн хүү (1970), Хөдөөгийн баясгалан (1974)
Ангилал: Гэр бүл, хайр дурлал
Гэр бүлээс гадуурх харилцаа, залуу хүний хөнгөн хийгээд гэгэлзүүр сэтгэл хөдлөл ямар үр дүнд хүргэж болохыг харуулна. Эхнэр нөхрийн салалт, гэр бүлийн маргааны хамгийн том хохирогч хүүхэд гэдгийг ойлгууштай.
14. түмний нэг (1962)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Л.Ванган
Найруулагчийн бусад кинонууд: Үер (1966), Хүргэн хүү (1970)
Ангилал: Түүхэн, гэр бүл
Энгийн зарцаас зарлага болж, үнэнч зан чанар, аливаад нягт хариуцлагатай зан чанараараа ялгаран өөрийн хүчээр өндийн босож багш, улмаар сэхээтэн болох Чимэд багшийн дүр 1900 оны үеийн нийгмийн аж байдлын төсөөллийг үзэгчдэд бэлэн өгч чадна. Хоёрхон ангид хэтэрмээр ч юм шиг олон уналт босолт, карьерийн шилжилтүүд нь залууст урам зориг, сургамж ухаарлыг зэрэг өгөхүйц.
15. хөхөө гэрлэх дөхлөө (1962)
Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: Д.Гармаа
Найруулагчийн бусад кинонууд: Аман хуур (1963), Нийслэл хүү (1968)
Ангилал: Инээдэм, хайр дурлал
"Хөдөлмөрийн баатар" болох амархан болов уу? Атрын их аяны үед үйл явдал нь өрнөх уг кино тухайн үеийн залуусын хайр дурлал, ажил хөдөлмөрийн төлөөх цагаан өрсөлдөөнийг харуулна.
"Хайрлаж дурласан бүсгүй минь
Халх нутгийн охин доо.
Харласан бүтэлгүй толгой би
Хаа очсоныг нь мэдсэнгүй ээ.
Хаа байгаа бол доо тэр минь...
Хаа байгаа бол доо тэр минь... Хонгор минь..."
16. аман хуур (1963)
Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: Д.Дожоодорж
Найруулагчийн бусад кинонууд: Хөхөө гэрлэх дөхлөө (1962), Нийслэл хүү (1968)
Ангилал: Гэр бүл, хайр дурлал
Шинийг сурах илүү хэцүү юу? Сурснаа мартах илүү хэцүү юу?
Эцэг эхээс өвлүүлэн үлдээсэн гал голомтоо сүйтгүүлэхгүйн тулд тэмцэх Дарь авгайн гэр бүлийн асуудлаар дамжуулан социализмын үеийн их бүтээн байгуулалтын түүхийг харуулдаг.
17. нүгэл буян (1963)
Найруулагч: Д.Чимэд-Осор
Зохиолч: Д.Намдаг
Найруулагчийн бусад кинонууд: Зэрэг нэмэхийн өмнө (1965), Тамирын охин (1974), Хонины найр (1976)
Ангилал: Гэр бүл, драм
Амьдрахын эрхэнд хүсээгүй замаа сонгосон ч, гоо үзэсгэлэнгээрээ цагтаа цалгиж явсан хүрээний сайхан бүсгүй То Хуар- Насанжаргал нас дээр гарсан ч газар дээрх ганц охиноо өөр шигээ амьдралаар амьдруулахгүйн тулд "шаардлагатай" бүхнийг хийх болно.
"Өшөөтний өмнө цусаа, янагийн өмнө нулимсаа бүү үзүүл..."
18. энэ хүүхнүүд үү (1963)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Ч.Лодойдамба
Найруулагчийн бусад кинонууд: Бидэнд юу саад болж байна (1956), Гурван найз (1958)
Ангилал: Инээдэм, гэр бүл, хайр дурлал
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, тухайн үеийн удирдлагуудын байр суурийг хөгжилтэй бөгөөд тун ч ёжлолтой дүрсэлж чадсан сор бүтээлүүдийн нэг.
19. зэрэг нэмэхийн өмнө (1965)
Найруулагч: Д.Чимэд-Осор
Зохиолч: Л.Түдэв
Найруулагчийн бусад кинонууд: Тамирын охин (1974), Хонины найр (1976)
Ангилал: Инээдэм
Аль ч цаг үед үзсэн элгээ хөштөл инээх кино хэр их байдаг бол? Тэгвэл "Зэрэг нэмэхийн өмнө" бол ямар ч эргэлзээгүй тэдгээрийн нэг. Үг, үйлдэл бүр нь үзсэн хэний ч царайнд инээмсэглэл тодруулж чадна.
20. хүний мөр (1965)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Л.Ванган
Найруулагчийн бусад кинонууд: Хүргэн хүү (1970), Хөдөөгийн баясгалан (1974)
Ангилал: Түүхэн, гэр бүл
Жагсаалтын 14 дүгээрт байрлах "Түмний нэг" киноны хоёрдугаар анги. Энэ удаа Чимэд багшийн хүү Чинбатын дүрээр дамжуулан хэт их магтаал хөөргөлт, дарамт шахалт, хариуцлага залуу хүнд хэрхэн нөлөөлж болохыг харуулдаг.
21. нөмрөг хадны цуурай (1966)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Д.Хишигт
Найруулагчийн бусад кинонууд: Салхины амт (1960), Сэтгэлийн дуудлагаар (1965)
Ангилал: Драм, Хайр дурлал
Хотоос ирсэн хөгжимчин залуу, хөдөө нутгийн хоньчин бүсгүйд дурлаж, улмаар ажил хөдөлмөр, соёл заншилд суралцана.
22. төөрсөөр төрөлдөө (1966)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Б.Нямаа
Найруулагчийн бусад кинонууд: Толбот хивс (1962), Хил дээр (1967)
Ангилал: Түүхэн, дайн тулаан
Ардын хувьсгалын үеийн харц ардын амьдрал, алдаа оноог харуулсан эл кинонд хүний сувдаг шунахай сэтгэлийг шагайн чинээ алт олсноор алтны орд газар хаана буйг мэдэх болсон Балтын дүрийн адал явдлаар өгүүлдэг.
23. үер (1966)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: С.Удвал, Д.Дожоодорж
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970), Хөдөөгийн баясгалан (1974)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэх Орос, Монгол хоёр эрийн нөхөрлөл, тэмцлийн түүх. Эх орон, эрх чөлөө амар хялбар ирдэггүйг, эдгээр нь ямар олон хүний амиар золиослогдон ирдэг үнэ цэн болохыг харуулна.
24. хил дээр (1967)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Б.Сумхүү
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Түүхэн, дайн тулаан
Дэлхийн II дайны дараахнаас үйл явдал нь өрнөх уг кинонд НҮБ-д элсэх монгол үндэстний их хүсэл, түүнд хүрэхэд учрах саад тотгороос ангижрахын тулд хэрхэн тэмцэж буйг өгүүлнэ.
25. нийслэл хүү (1968)
Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: М.Жавган
Найруулагчийн бусад кинонууд: Хөхөө гэрлэх дөхлөө (1962), Аман хуур (1963)
Ангилал: Гэр бүл, инээдэм
Хөгжилтэй, хөнгөн хийцтэй бүтээлүүдээрээ танигдсан Б.Жамсран найруулагчийн нэгэн бүтээл. Үхсэн хургыг нь бариулаад нулимстай юутай хээтэй нь загинаж байгаад зураг авч орхидог хотоос ирсэн цэмбэгэр залуу Батхишиг хөдөөний амьдрал, аж ахуйтай танилцах түүх.
"...Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрыг ундраах шидтэй
Халуун янаг хүүхэн
Ингээд наддаа заяадаг байжээ
Амрагхан чи минь..."
26. өглөө (1968)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Л.Ванган, Ч.Чимэд
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Түүхэн, дайн тулаан
Их цэргийн жанжин Сүхбаатар, түүний цэргүүдийн үйл хэргийг өгүүлнэ. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг шинэхэн "Өглөө"-тэй зүйрлэсэн тус киноны зохиолын хэмнэл, бүтэц тун ч чамбай гэдэг нь дэлгэцэнд тоглогдож эхлэх үеэс л мэдрэгдэх болов уу.
27. ӨНДӨР ЭЭЖ (1968)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: С.Дашдооров, Р.Доржпалам
Найруулагчийн бусад кинонууд: Шинэ хотын гэрэл (1976), Тэмцлийн оч (1981)
Ангилал: Гэр бүл, драм
Үрээ хэмээх эхийн сэтгэл хэчнээн агуу болохыг тус киноноос мэдэрч болно. Дайнд амиа алдсан жолооч хүүгээ санаж бэтгэрсэн эхийн сэтгэл замын жолоочдыг хүүтэйгээ адилтган хайрлаж энэрснээр бага ч болов дэвтэх ажээ.
28. агуйн нууц (1969)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Д.Жамьян
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу, Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Драм, гэмт хэрэг
Ардын хувьсгалын дараа үүссэн шашин, төрийн сөргөлдөөний үед хувьсгалт соёлыг дэлгэрүүлэх нь тун ч амаргүй ажил байв. Амаргүй ажил гүйцэтгэхээр томилогдон ирсэн Төмөрийн үхэл ямар нууцыг гэрчлэх бол?
29. анхны алхам (1969)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Суварган цэнхэр уулс (1978), Зарлаагүй дайны оршил (1984)
Ангилал: Драм
Бүх л цаг үед шинэ болон хуучин үеийнхний хооронд ямар нэг хэмжээгээр үл ойлголцол гарсаар ирсэн нь үнэндээ хэвийн л үзэгдэл бөгөөд гагцхүү бие биеэ харилцан ойлгох гэсэн багахан сэтгэл, хайр энэрэл, уян хатан байдал байхад илүү том амжилтад хүрч чадах ажээ. Хотоос ирсэн агрономич охин, нутгийн хөгшчүүлтэй хадлан хураах ажилд гар нийлж, хамтран ажиллах шаардлагатай болох бөгөөд ингэх явцдаа амьдралын олон чадварт суралцах болно.
1970-1979 он
30. талын цуурай (1970)
Найруулагч: Ц.Цэрэндорж
Зохиолч: Л.Ванган, С.Дашдооров
Найруулагчийн бусад кинонууд: Цэргийн хүү (1966), Гул аранжин (1981)
Ангилал: Түүхэн, драм
Хувьсгал болно гэдэг тийм ч амар зүйл биш. Төсөөлөөгүй үйл явдлууд энэ үеэр л өрнөх бөгөөд үүний нэг нь эсрэг талын ятгалгад автаж нутгаасаа дүрвэх иргэдийн цуваа байлаа. Хувьсгалт залуус үүнийг залруулахын төлөө ажилладаг.
31. хүргэн хүү (1970)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: С.Удвал, Д.Дожоодорж
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хөдөөгийн баясгалан (1974)
Ангилал: Гэр бүл, хайр дурлал, драм
Бэлтэй айлд хүргэн орсон нь Дэмбэрэлийн хувьд өнгөн хэсэгтээ тэнгэрийн умдаг атгасан явдал мэт байвч цаг хугацааны эрхээр үгүй болох нь ойлгогдоно. Хүний эрхэнд зовохоор, өөрийн эрхэнд жарга хэмээх үгийг явцдаа ухаарч, амьдралаас ирсэн сорилт бэрхшээлийг хүлээн авч, туулж эхэлдэг.
32. тунгалаг тамир (1970-1973)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Ч.Лодойдамба
Найруулагчийн бусад кинонууд: Мөнгөн буйл (1985), Харуул занги (1986)
Ангилал: Түүхэн, гэр бүл, хайр дурлал, дайн тулаан
Гурван ангиас бүрдэх уг киноны эх зохиолыг нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба бичсэн байдаг. ХХ зууны шилдэг роман болох тус зохиолд өөр хоорондоо ялгаатай олон дүр, тус бүрийн түүхийг тун ч нарийн холбон дүрсэлжээ. Хамжлагат нийгмээс Хувьсгалт нийгэмд шилжих их шилжилтийн үеийн монголчуудын ахуй амьдрал хэрхэн өрнөж байсныг уг киноноос "амтлах" болно.
33. дайсны цэргүүдээ сонсоцгоо (1971)
Найруулагч: Б.Сумхүү, Борис Ермолаев
Зохиолч: Б.Сумхүү, Борис Ермолаев
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Халхын голын ялалтын гол баатрууд нь эгэл жирийн цэрэг эрс болохыг Орос-Монголын хамтарсан отрядын байлдагчдын дүрүүдээр төлөөлөн үзүүлнэ.
34. ичээнд нь (1972)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Ш.Нацагдорж
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу, Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Түүхэн, адал явдалт
Хувьсгалын эсэргүүнүүд гэж хэн бэ? Тэд юу хийдэг вэ? Тэдэнтэй хэрхэн тэмцэж байсан бэ? Хувьсгалын үеийн түүхийг илүү мэдэхийг хүсвэл адал явдалт хэлбэрээр хийгдсэн энэ кино илүүтэй таалагдах нь лавтай.
35. баянбулагийнхан (1973)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хөдөөгийн баясгалан (1974)
Ангилал: Инээдэм, гэр бүл
Сүүний норм гэж сонсож л байсан биз дээ? Социалист нийгмийн үед сүүн тасгийнхны амьдрал хэрхэн өрнөж, хөдөө аж ахуй хэрхэн хөгжиж байсныг өгүүлнэ.
36. моторын дуу (1973)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу, Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Драм, гэр бүл, хайр дурлал
Өнөөгийн бидэнд жирийн л зүйл мэт болсон шинэ үеийн үзэл санаа, соёл бүтээл хуучин цагийнханд анх хэрхэн хүрч, түгж байсныг говийн ганц худагт моторчноор ажилладаг Ганаагийн өнцгөөс харуулна.
37. нар хиртсэн жил (1974)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: С.Дашдооров
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Гэр бүл, дайн тулаан
Дайн дажны жилүүдийг нар хиртэхтэй зүйрлэсэн тус кинонд дайны ард үлдсэн ар гэр, эцэг эх, амраг ханийн сэтгэл хэрхэн үймэрч, санаж бэтгэрэн, зовнин шаналдгийг тун ч яруугаар үзүүлдэг.
38. тамирын охин (1974)
Найруулагч: Д.Чимэд-Осор
Зохиолч: Д.Чимэд-Осор
Найруулагчийн бусад кинонууд: Гологдсон хүүхэн (1961), Хонины найр (1976)
Ангилал: Гэр бүл, дайн тулаан
Дайнд явсан аавыгаа эзгүйд ганцаар үлдсэн охин нь үеийн хүүхдүүдийн хамтаар сургуульд сурна. Хар нялхаараа бие даахад суралцсан Хорлоо охиноор төлөөлүүлэн дайны хүнд жилүүдийн аж байдал, тэр дундаа хүүхэд нялхсын сэтгэл зүй, боловсрол, нийгмийн амьдралыг харуулжээ.
39. хөдөөгийн баясгалан (1974)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Г.Бат-Очир
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Гэр бүл, хайр дурлал
Дутах гачигдах зүйлгүй өссөн хотын хүү Болд илгээлтийн эзэн болж, Ширнэн өвгөнийд мал маллахаар ирснээр амьдралын ухаанд суралцаж, соёл уламжлалтайгаа танилцаж эхэлнэ.
"...Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн..."
40. мартагдашгүй намар (1975)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: М.Жавган
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Хайр дурлал, драм
Арван жилээ төгсөж оюутан болохоор зэхэж буй залуус тариа хураах ажилд томилогдон атар газарт ирнэ. Өсвөр насныхны хайр дурлал, ирээдүйн зорилго тэмүүллийг харуулах тус киноны гол дүрийн жүжигчин бүсгүй дэлгэцээр кино нь цацагдсаны дараа үеийн залуусаас шуудай захидал авч байсан гэх яриа ч бий.
41. хань (1975)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Хайр дурлал, драм, гэр бүл
Ганцхан үгээр дэндүү ихийг өгүүлэх мэт энгийн бөгөөд агуулга дүүрэн нэртэй уг кинонд гэр бүлийн амьдрал аз жаргалтай, тогтвортой үргэлжлэхийн тулд хос хоёрын тэвчээр, нэгнээ гэх сэтгэл ямар хэмжээнд төлөвших хэрэгтэйг үзэгчдэд сануулдаг.
42. эх бүрдийн домог (1975)
Найруулагч: Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн
Зохиолч: С.Дашдооров, С.Эрдэнэ
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Анхны алхам (1969)
Ангилал: Үлгэрийн
Домог туульсын хэлбэрээр хийгдсэн тус кинонд байгаль хүн хоёрын уялдаа холбоо, эх орон, газар шороогоо хайрлах сэтгэлийн тухай атгаг хорон санаатан, харгис хэрцгий шуналтнуудын бурангуй үйлдлээр дамжуулан эмгэнэлт байдлаар дүрсэлжээ.
43. хонины найр (1976)
Найруулагч: Д.Чимэд-Осор, Ц.Цэрэндорж
Зохиолч: Х.Зандраабайдий
Найруулагчийн бусад кинонууд: Зэрэг нэмэхийн өмнө (1965), Цэргийн хүү (1966)
Ангилал: Гэр бүл, хайр дурлал
Найруулагч Д.Чимэд-Осорын өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон тус кинонд бага залуугаасаа өрсөлдсөөр ирсэн хоёр өвгөний хөгтэй бөгөөд хөдөлмөрч аж байдлыг харьцуулан харуулжээ.
44. хүний амь (1976)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Г.Жигжидсүрэн, Ё.Лувсаншарав, Т.Чимид
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Драм, гэмт хэрэг
Төлөвшил хүмүүжил нь бүрэн тогтож амжаагүй бага залуу хөвгүүдийг архинд оруулж, улмаар хулгай хийлгүүлэн захиран дарамтлах санаархал эцэстээ хүн амины хэрэг үйлдэхэд хүргэнэ. Хэргийг мөрдөн байцаах явцад хүний мөс чанар, ёс зүйн асуудлууд хурцаар тавигдах ажээ.
Трейлэр
45. хүний төлөө (1976)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Драм
Хүн зоны эрүүл мэндийн манаанд гарахаар андгай тангараг өргөсөн жирийн нэг эмч бүсгүйн хөдөө орон нутаг дахь эгэл ажил хөдөлмөрийг харуулах боловч хүний сайхан сэтгэл, ажил мэргэжилдээ өгсөн чинхүү үнэнч шударга, даруу төлөв, нягт хариуцлагатай зан байдлыг өгүүлнэ.
Танилцах
46. давааны цаана даваа (1977)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Драм, гэр бүл
Идэвх санаачилга, сэтгэл зүтгэлээрээ хамт олон, нутгийн иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгдлийн дарга Жав ба түүний хөнгөн хуумгай, залхуу зайдан хүүгийн түүхийг харуулна.
Танилцах
47. дэгдээхэй нас (1977)
Найруулагч: Н.Нямдаваа
Зохиолч: Т.Галсан, Б.Балжинням
Найруулагчийн бусад кинонууд: Уулзалт (1970), Сүхболдын яриа (1975), Хайрхан өндөр хаа байна (1978)
Ангилал: Хүүхдийн, гэр бүл
Хүүхдийн ертөнц амьд бүхнийг хайрлах хүчтэй. Тэр дундаа эцэг эхээ болон амьтан ургамлыг дэндүү гэгээнээр тэд л хайрладаг билээ. Тус киноны дуу одоо ч хамгийн эрэлттэй хүүхдийн дуу нэгд зүй ёсоор орно.
"...Дэлгэр цэцэг минь
Дэлхий дүүрэн ургаарай
Анхилуун цэцэг минь
Алтан нарыг шүргээрэй..."
Танилцах
48. зуслангийн найзууд (1977)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: Х.Дамдин
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Хүүхдийн, гэр бүл
Хөгжлийн бэрхшээл, ялгаатай байдал нь үе тэнгийнхэнтэйгээ харилцан дотносоход ямар саад учруулдаг болохыг дүрсэлжээ. Зуны дэлгэр цаг ирснээр, Цэцэгээ охины гэр бүл лагерт нүүж ирснээр үйл явдал өрнөнө. Хэл ярианы бэрхшээлтэй түүнийг хүүхдүүд байгаагаар нь хүлээн авч, зуслангийн найзууд болж чадах болов уу?
Танилцах
49. хөх ногооны униар (1977)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Х.Зандраабайдий
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Гэр бүл, драм
Хот хөдөөгийн соёлын ялгаа, идээшиж дассан ахуй уламжлалыг өөрчлөх тийм ч амаргүйг нийслэлд суурьшсан Бархас болон хүүгээ бараадах шалтгаанаар хотод амьдрах хүсэлгүй байгаа түүний аав ээжийн дүрээр харуулна.
Танилцах
50. газрын жигүүр (1978)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Х.Зандраабайдий
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Драм, гэр бүл
Төмөр замын их бүтээн байгуулалтын үеийг орос, монгол ажилчдын түүхээр дамжуулан харуулжээ.
Танилцах
51. их замын эхэнд (1978)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: С.Дашдооров, Б.Сумхүү
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Үндэсний өв болсон үе дамжиж ирсэн удмын судар номоо харийн этгээгүүдээс хамгаалах тэмцлийн тухай дүрсэлсэн.
52. суварган цэнхэр уулс (1978)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: С.Пүрэв, Г.Жигжидсүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Хатанбаатар Магсаржав (1981)
Ангилал: Хайр дурлал, драм
Цэргийн заставт сурвалжилга хийхээр ирсэн сэтгүүлч бүсгүй Солонго цэрэг эрсийн ертөнцөд орж ирснээр эр хүн, эх орны тухай илүү сайн ойлгож авна.
Танилцах
53. тэнгэрийн муухай арилдаг (1978)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: С.Дашдооров
Найруулагчийн бусад кинонууд: Мөнгөн буйл (1985), Харуул занги (1986)
Ангилал: Драм
Тэнгэрийн муухай арилдаг ч хүний муухай арилдаггүй. Мод бэлтгэхээр ууланд гарсан багийнхны зан төлөв, бодол санааны зөрчил ажил хөдөлмөрийн явцад тодрон гарч ирнэ.
Танилцах
54. бушхүүгийн үлгэр (1979)
Найруулагч: П.Цогзол
Зохиолч: П.Цогзол
Ангилал: Үлгэрийн, хайр дурлал
Ядуу ард Бушхүү баян айлд бүтэн жил ажилласныхаа хөлсөнд хонь авна. Харих замдаа саяхан төрсөн эхдээ шинэ шөл хийж өгөхөөр янзага барьж явсан хүүхдүүдийг хараад тэдэнтэй тохиролцон, өнчин янзагыг хониороо солин сулладаг. Өрөвдөн хайрласан өнчин янзага нь үнэн хэрэгтээ лусын хааны бага охин байх нь тэр. Гэвч түүний түүх тийм ч хурдан "амар сайхандаа жаргах"-гүй ажээ.
Танилцах
55. газрын үнэр (1979)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: Ч.Чимэд
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Драм, гэр бүл
Байгаль эх дэлхийгээ хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Агрономич бүсгүй Должингийн ажил хөдөлмөр үеийн залууст нөлөөлж эхэлнэ.
Танилцах
56. тууврын замд (1979)
Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: М.Жавган
Найруулагчийн бусад кинонууд: Аман хуур (1963), Нийслэл хүү (1968)
Ангилал: Драм
Хүний амьдралын жирийн л нэг гэмээр энгийн түүхийг донжтой гэгч нь дэлгэцэнд буулгаж чаддаг Б.Жамсран найруулагчийн тууварчин малчдын амьдралыг харуулсан бүтээл.
Танилцах
57. хоньчин найдан (1979)
Найруулагч: Н.Нямдаваа
Зохиолч: Д.Цэвэгмид, Н.Нямдаваа
Найруулагчийн бусад кинонууд: Уулзалт (1970), Сүхболдын яриа (1975), Хайрхан өндөр хаа байна (1978)
Ангилал: Драм, хүүхдийн
Хүүхэд багачуудын хувьд дайн дажинтай, нийгмийн байдал ороо бусгаа үед төрж өсөх шиг хэцүү бэрх зүйл хаана байх билээ. Хоньчин хүү Найдангийн түүх бол хувьсгалын үеийн хүүхдүүдийн зовлон бэрхшээлийг харуулсан санаж явууштай зохиол юм.
Танилцах
1980-1989 он
58. говийн зэрэглээ (1980)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Б.Балжинням
Найруулагчийн бусад кинонууд: Мөнгөн буйл (1985), Харуул занги (1986)
Ангилал: Хайр дурлал, драм
Сумын сургуульд томилогдон ирсэн шинэхэн захирал Хашхүү холбооны ажилтан, нутгийн бүсгүй Номинд сэтгэл алдарна. Нутгийн харчуулын харцыг булаасан түүнд ойртохын сацуу шинэ газарт дасан товхинох санасан шиг амар байхгүй ажээ.
Танилцах
59. хүний сайхан сэтгэл (1980)
Найруулагч: Б.Нагнайдорж
Зохиолч: Д.Мягмар
Найруулагчийн бусад кинонууд: Солонгын таван өнгө (1978), Байлдааны даалгавар (1985)
Ангилал: Драм
Жирийн нэг завьчин өвгөний өдөр тутмын ажлаар дамжуулан хүний ертөнцийн жаргал зовлон, амьдралын мөчлөг, эргэх холбоог дэндүү уран, уянгалагаар гаргасан бүтээл. Үзээд дуусахад сэтгэлд тань нэг л тийм дүүрэн мөртлөө уйтай, харуусам мөртлөө инээмсэглэхүйц юм юм нь давхацсан жигтэй мэдрэмж төрөх нь гарцаагүй.
Танилцах
60. өнөр бүл (1980)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Д.Дожоодорж
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Хайр дурлал, гэр бүл
Үйлдвэрийн шилдэг ажилтан Гармаа сэтгэлт бүсгүй Цэрмаадаа өөрийгөө ойлгуулахын тулд төсөөлөөгүй олон саад бартааг туулах хэрэгтэй болно. Бодох завдал өгөхгүй ар араасаа тохиолдох тооцоолоогүй үйл явдлуудад "цусгүй алуулах" түүний түүх үзэгчдэд цагаан инээд бэлэглэж чаддаг.
Танилцах
61. гул аранжин (1981)
Найруулагч: Ц.Цэрэндорж
Зохиолч: Х.Зандраабайдий
Найруулагчийн бусад кинонууд: Бохир гарын нууц (1962), Цэргийн хүү (1966)
Ангилал: Гэр бүл, драм
"Зөв цагтаа, зөв газраа байхуй". Оюутан залуу Аранжингийн дүр яг л энэ үгийн утгыг илэрхийлэх мэт. Хотод эрдэм ном сурахаар ирсэн түүний байх ёстой зөв газар хаана юм бол?
Танилцах
62. говь хянганд тулалдсан нь (1981)
Найруулагч: Б.Сумхүү, В.Ордынский
Зохиолч: Вадим Трунин Василий Ордынский Л.Түдэв
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Дэлхийн II дайны үед үйл явдал өрнөнө. ЗХУ, БНМАУ-ын ахан дүүс нэгдэн Японы эзэн хааны армитай тулалдаж Монголын газар нутгаар тогтохгүй Хятадын зүүн хойд нутгийг хамгаалан чөлөөлөх байлдаанд оролцохын зэрэгцээ дайсны талын үй олноор устгах зориулалттай бактериологийн зэвсгийн туршилтын лабораторийг устгах шаардлагатай болно.
Трейлэр
63. гэрлэж амжаагүй явна (1981)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Драм, хайр дурлал
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарыг илүү ойроос танилцуулж, сэхээтнүүдээр дүүрэн шинжлэх ухааны салбарт ч ашиг сонирхлын зөрчилдөөн гарч байдгийг залуусын ажил хөдөлмөр, хайр дурлалтай хослуулан дүрсэлсэн.
Танилцах
64. хатанбаатар магсаржав (1981)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: С.Удвал, Г.Жигжидсүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Түүхэн, дайн тулаан, драм
Эх орон, төрөлх нутаг усныхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлээс тодрон гарсан үндэсний баатар Хатанбаатар Магсаржав жанжны амьдралд тулгуурлан хийсэн түүх хувьсгалын сэдэвтэй туульс бүтээл юм.
Танилцах
65. жаргал даахгүйн зовлон (1982)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: С.Эрдэнэ
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Драм, гэр бүл
Сайн ханьтай учирсан ч сайхан амьдарч чадаагүй золгүй түүхүүд цөөн биш. Самдангийн түүх бол түүний нэг жишээ. Өөрт байгаа бүхнээ үнэлж чадалгүй архинд толгойгоо мэдүүлсэн нь түүнийг жаргал даахгүйн зовлонд унагах аж.
Танилцах
66. гарын таван хуруу (1983)
Найруулагч: Б.Балжинням, И.Нямгаваа
Зохиолч: И.Нямгаваа
Найруулагчийн бусад кинонууд: Сүүдэр (1986), Нандин эрдэнэ (1986)
Ангилал: Драм, гэр бүл
Зохиол, найруулга, хийц, текст, зураглал гээд бүхий л талаараа өнөө хүртэл үзэгчдийн алга ташилтыг, магадгүй бүр зэвүү дургүйг хүргэсээр л буй дотоодын сор бүтээлүүдийн нэг бол яах аргагүй "Гарын таван хуруу". Тавын таван хүүхдээ орхиод, залуу эхнэр даган эргэж харалгүй яван одох Шагдарын түүх өмнөх нийгмийн үед үзсэн хүн бүрийнхээ үзэн ядалтыг төрүүлж, гол дүрийн жүжигчнээ гудамжаар явахын эцэсгүй болтол хүндхэн байдалд оруулж байсан бол өдгөө судалгаа, зохиолын жишиг материал болоод байна.
Танилцах
67. гарьд магнай (1983)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Д.Хишигт, Ш.Сүрэнжав
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Драм, гэр бүл
Дэлхийд ганцхан эрийн гурван наадмын сэдэвтэй гурвал бүтээлийн эхний цуврал. Монгол бөхийн үүх түүх, дэг жаяг, бэлтгэл сургуулилтыг тухайн үеийн ард олны амьдрал ахуйтай холбон харуулсан уг бүтээл мөн л Монголын соруудын нэг. Цуврал "Цэц магнай", "Тод магнай" гэх тусдаа түүх бүхий ангиудаар үргэлжлэх бөгөөд нийлээд наадмын тухай цогц бүтээл болдог.
Танилцах
68. ингэх гээд байсан юм (1983)
Найруулагч: Б.Жамрсан
Зохиолч: М.Тогмид
Найруулагчийн бусад кинонууд: Үүрээр (1961), Тулалдааны өмнө (1972)
Ангилал: Инээдэм
Бүтэлгүй тэгсэн мөртлөө буруу санаатай байвал сайн юм болохгүй нь лавтай. Хулгайн ан, байгаль эх дэлхийгээ үл хүндлэхийн горыг гурван бүтэлгүй эрийн үйл явдлаар хоржоонтой харуулна.
Танилцах
69. үүр цайхын өмнө (1983)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: Д.Хорлоо
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Түүхэн, драм
"Цагаан дээлт" Дамдины хүү болох хожмын их жанжин Сүх (Сүхбаатар) болон түүний үе тэнгийнхэн ядуу зүдүүгийн зовлон, амьдралын хатуу бэрхийг туулж өснө. Гэсэн ч сайн сайханд тэмүүлэх тэдний сэтгэл мохохгүй.
Танилцах
70. ард аюуш (1984)
Найруулагч: Д.Жигжид
Зохиолч: Б.Соном
Найруулагчийн бусад кинонууд: Түмний нэг (1962), Хүргэн хүү (1970)
Ангилал: Түүхэн, драм
Олны дундаас тодрон гарч ирсэн Ардын хөдөлгөөний тэмцэгч Аюушийн түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. "Би есөн эрүүтэйгээ, ноён та есөн ембүүтэйгээ эрлэгийн үүдэнд уулзах цаг ирнэ" хэмээн хатуу бэрхийг туулсан ч хатан зориг нь үл мохон хэлэх түүний түүх эр зориг, эх оронч байдлын бахархалт жишээ юм.
Танилцах
71. загийн алим (1984)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: С.Пүрэв, Х.Дамдин
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Драм, хайр дурлал
Малчин болохоор хөдөө нутгийг зорин ирэх хотын залуус тэнд очсоноор ажил амьдралд суралцахын сацуу хүсэл мөрөөдлөө олж, хайр дурлалтай учирна.
Танилцах
72. зарлаагүй дайны оршил (1984)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Ц.Нацагдорж
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Дархан хил хэмээх ойлголт хэр чухал зүйл вэ? Өнөө бид үүний жинхэнэ үнэ цэнийг ухан ойлгож чадаж байгаа болов уу? 1939 оны дайны үеэр монголын цэргүүд Японы армийн цэргүүдтэй тулалдан, дархан хилээ хамгаалах зарлаагүй дайнд орох болно.
Танилцах
73. санаж яваарай (1984)
Найруулагч: Ж.Сэлэнгэсүрэн
Зохиолч: Ч.Энхээ, Я.Энхээ
Найруулагчийн бусад кинонууд: Эхлэл (1980), Санаж яваарай (1984)
Ангилал: Драм, гэр бүл
Ажил хөдөлмөр эрхлэхгүй, ерөөс ямар нэг тэмцэл үгүйгээр тэгэсхийгээд амьдрах сонирхолтой залуус аль ч цаг үед байх аж. Жаахан л түлхвэл амьдралд тэр чигтээ хөл алдаж мэдэх тэднийг сайн сайхан гэр бүл, хамт олон, тогтолцоо нийгмийн хүчээр л бурууг нь ухааруулж дийлэх аж. "Холын бодолгүй, хэтийн зорилгогүй явах юунд ч хүргэж мэднэ. Санаж яваарай, залуус аа."
Танилцах
74. тань руу нүүж явна (1984)
Найруулагч: Б.Балжинням
Зохиолч: С.Оюун
Найруулагчийн бусад кинонууд: Сүүдэр (1986), Хачин хүн (1989)
Ангилал: Драм, гэр бүл
Хүн хүнээрээ л дутдаг хорвоод газар дээрх ганц хүүгээ цаг бусаар алдсан эх хүний гансрал, харуусал, хүслэн болсон удам залгах хүүгээ угтаж авсан залуу хосын баяр хөөртэй огтлолцоно. Дэндүү яруу уг бүтээлд хүн хүнээ хайрлан энэрэх сэтгэлийг харуулжээ.
Танилцах
75. ацаг шүдний зөрөө (1985)
Найруулагч: Б.Балжинням
Зохиолч: М.Рэнчин, Д.Мягмарсүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Сүүдэр (1986), Хачин хүн (1989)
Ангилал: Түүхэн, гэмт хэрэг
Энэ хорвоо дээрх магад хамгийн хүнд хэцүү, хүсэмгүй мэргэжил тагнуул байж мэдэх юм. Ямар нэг нэр алдар хүсэх нь бүү хэл чанд нууцлал дор, хамгийн аюултай нөхцөлд хийдэг тэдний ажил эх орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдалтай шууд холбогдох ажээ.
Танилцах
76. би чамд хайртай (1985)
Найруулагч: Б.Балжинням
Зохиолч: И.Нямгаваа
Найруулагчийн бусад кинонууд: Сүүдэр (1986), Хачин хүн (1989)
Ангилал: Хайр дурлал, драм
Нээлтээ хийсэн даруйдаа залуусыг утгаар нь байлдан дагуулсан энэ кино тухайн үедээ л байгаагүй зохиол, хийцлэлтэй байлаа. Өсвөр үеийнхний хайр дурлалыг дэлгэцэнд шууд л харуулж орхисон энэ бүтээл одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр, дуу нь тайзан дээр дуулагдсан хэвээр сонгодгуудын нэг билээ.
"Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаа байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү.
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ..."
Танилцах
77. бид мартахгүй (1985)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: Д.Дожоодорж
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Дайн тулаан, түүхэн
Ердөө 23-хан насандаа Японы армийн цэргүүдээс эх орноо хамгаалан Чуулалт хаалгын даваанд байгуулсан бэхлэлтийг нь эзлэн авах даалгаврыг амжилттай биелүүлсэн Л.Аюушийн гэгээн дурсгалд зориулан бүтээсэн кино юм. Залуу эрсийнхээ зоригт үйлсийг хойч үе нь мартах учиргүй.
Танилцах
78. их замын тоос (1985)
Найруулагч: Ж.Сэлэнгэсүрэн
Зохиолч: Ч.Гомбо
Найруулагчийн бусад кинонууд: Эхлэл (1980), Санаж яваарай (1984)
Ангилал: Гэр бүл, драм
Тээврийн жолоочдын ажил амьдрал, гэр бүлийн харилцааны тухай харуулна.
Танилцах
79. мөнгөн буйл (1985)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Т.Галсан
Найруулагчийн бусад кинонууд: Харуул занги (1986)
Ангилал: Гэр бүл, инээдэм
Амар хялбар аргаар хурдан бөгөөд эрсдэлтэй замаар явах уу? Үнэнч шударга аргаар удаан ч гэлээ эрсдэлгүй зорчих уу? Хөгжилтэй бөгөөд хөнгөн зохиолоор уг асуултын хариуг өгч чадах бүтээл.
Танилцах
80. ирж яваа цаг (1986)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Д.Төрбат
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Хайр дурлал, гэр бүл
Цэрэгт явсан дурлалт залуугаа хүлээх зуур хөгшин аавыгаа асрах Маралмаа болон түүний эргэн тойрны хүмүүсийн дүрээр дамжуулан тухайн үеийн ард олны зарим нэг хандлага, суртахууныг донжтой шүүмжлээд авдаг ч сайхан хайрын түүх гэдгийг нь мартаж болохгүй.
Танилцах
81. намар нахиалсан мод (1986)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Ө.Баасанжав, Г.Жигжидсүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Драм, түүхэн
Ардын хувьсгалын дараах он жилүүд. Шашны үзэл сурталд бүрэн автсан ард олныг нэгэнт бугшсан итгэл бишрэлээс нь салгана гэдэг амаргүй даваа болох нь тодорхой. Тэгвэл бүр сүм хийдэд шавилан суудаг байсан лам нарын хувьд энэ нь ямар байх бол? Тэд ямар золиос гаргах бол?
82. нандин эрдэнэ (1986)
Найруулагч: И.Нямгаваа
Зохиолч: Д.Мягмар, И.Нямгаваа
Найруулагчийн бусад кинонууд: Догшин хутагтын сахиус (1997)
Ангилал: Драм
Залуу хосын амьдралаар дамжуулан гэр бүл хоорондын асуудал, шунал хүслийн талаарх сэдвийг хүчтэй хөндсөн кино. Ёс зүй, хүнлэг чанар, хүмүүжил төлөвшил хүний амьдралд хэчнээн чухал болохыг мэдрүүлдэг.
Танилцах
83. харуул занги (1986)
Найруулагч: Р.Доржпалам
Зохиолч: Д.Намдаг, Р.Доржпалам
Найруулагчийн бусад кинонууд: Бидэнд юу саад болж байна (1956), Гурван найз (1958)
Ангилал: Драм, түүхэн
Эх орныхоо төлөө эргэшгүй сэтгэлээр зүтгэх түшмэлийн ухаант үйл, уран үгсээс сурах зүйл олон байх нь гарцаагүй.
Танилцах
84. би нисэх дуртай (1987)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: И.Нямгаваа
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу, Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Драм
Монголын кино урлагт жендэрийн сэдвийг хөндсөн, часхийсэн уран бүтээлүүд цөөнгүй байдгийн нэг нь "Би нисэх дуртай" кино юм. Цэрэг хүчний салбар тэр дундаа бүр нисэхийн салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй бүсгүйн түүх энд өрнөнө.
Танилцах
85. илүү сартай зун (1987)
Найруулагч: Ж.Сэлэнгэсүрэн
Зохиолч: Б.Балжинням, С.Жаргалсайхан
Найруулагчийн бусад кинонууд: Эхлэл (1980), Санаж яваарай (1984)
Ангилал: Хайр дурлал, драм
Хөвсгөл нуурын эргийн нэгэн зун. Гол дүр болох Галаа хэдий сайхан сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй хүн боловч ашиг хонжоо, шунал хүсэлд баригдсан эргэн тойрныхноосоо болоод гаднаа инээвч дотроо ганцаардах ажээ. Энэ үедээ тэрээр хөл дээрээ алхаж чадахгүй болсон Ариунаа охинтой танилцах бөгөөд өдөр хоног өнгөрөхийн хэрээр бие биедээ сэтгэл татагдавч, түүнийгээ үл мэдэгдэхийг хичээнэ.
Танилцах
86. ховор хүмүүс (1987)
Найруулагч: Н.Нямдаваа
Зохиолч: Ш.Цэнд-Аюуш
Найруулагчийн бусад кинонууд: Уулзалт (1970), Сүхболдын яриа (1975), Хайрхан өндөр хаа байна (1978)
Ангилал: Инээдэм, гэр бүл
"Шинэхэн халадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ дэвсээрэй" хэмээн төлөөлөгчийн бараа хармагцаа шаагилдан гүйлдэцгээх нэгдлийн хамт олноор дамжуулан аливаа ажлыг зөвхөн бусдад харагдахын тулд хийдэг өнгөц хөнгөн занг инээдмийн аргаар шүүмжлэх ажээ. Хором ч уйдаахгүй энэ кинонд өөр өөрийн өнгө аястай олон дүр багтсан байдаг нь бүтээлийг улам ч баялаг, сонирхолтой болгодог.
Танилцах
87. амьдралын нахиа (1988)
Найруулагч: Х.Дамдин
Зохиолч: Х.Дамдин
Найруулагчийн бусад кинонууд: Улаан дарцаг (1971), Нэг ангийн хоёр (1974)
Ангилал: Драм
Баяр хөөрөөр дүүрэн эхэлсэн залуу хосын амьдрал нэг л мэдэхэд зовлон гуниг, нулимс, цөхрөлөөр дүүрчээ. Анх айл гэр болохдоо хамтдаа тарьсан модоо эргээд өөрсдийн гараар цавчин унагаадаг айхтар метафортой уг кинонд архины хор уршгийг тод харуулж өгдөг.
Танилцах
88. мандухай сэцэн хатан (1988)
Найруулагч: Б.Балжинням
Зохиолч: Ш.Нацагдорж
Найруулагчийн бусад кинонууд: Сүүдэр (1986), Хачин хүн (1989)
Ангилал: Түүхэн
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, домогт хатан Мандухай сэцний түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино Монголын кино урлагт тод мөртэй түүчээ нь юм. Хэд ч үзээд уйдамгүй энэ киноноос бүсгүй хүний хатуу хувь тавилан, мэргэн оюун, тэсвэр тэвчээр, хүч чадал эрхгүй мэдрэгдэх бөгөөд эх орныхоо төлөө эцсийн амьсгалаа хүртэл тэмцсэн түүний алдар гавьяаг эгнэгт санаж явах учиртайг тус бүтээл ойлгуулж чадна.
Танилцах
89. Мартагдсан дууль (1989)
Найруулагч: Ж.Сэлэнгэсүрэн
Зохиолч: С.Пүрэв
Найруулагчийн бусад кинонууд: Эхлэл (1980), Санаж яваарай (1984)
Ангилал: Драм
"Санги ахаа, Санги ахаа" хэмээн уйлан дуудах охины хоолой чихэнд тод сонсогдоно. Ухаан орохоосоо эхлэн аавын орон зайг мэдрэлгүй өсөж буй бяцхан охины хувьд ээжийгээ ажилдаа явсан хойгуур нь өдрийг гэртээ ганцаар өнгөрүүлнэ. Уйдаж ядсан түүний хувьд усны хоолой шалгахаар хааяа нэг орж ирдэг сайхан сэтгэлт сантехникч Санги л хамаг хань нь, найз нь болдог байв. Гэвч үүнд ээж нь дургүйцэх ажээ.
Танилцах
90. сэрүүн дуганы мөхөл (1989)
Найруулагч: Б.Дамчаа
Зохиолч: С.Эрдэнэ
Ангилал: Түүхэн, драм
Алдарт жүжигчин МУАЖ Б.Дамчаа агсан жүжигчний карьерынхаа туршид нэгэнтээ кино найруулагчаар ажилласан байдаг нь уг бүтээл юм. Их хэлмэгдлийн үеэр монголын зарим зан заншил, сүм хийдийн ховор нандин эд хэрэглэлүүд хэрхэн харамсалтайгаар устан үгүй болж буйг буриад зон олны түүхтэй холбон харуулжээ.
Танилцах
1990-1999 он
91. бүлээн нурам (1990)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Б.Лхагвасүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Драм, уран зөгнөл
Уран зөгнөлөөс урган гарсан энэ зохиол тухайн үедээ багагүй шүүмжлэл дагуулж байв. Хэрвээ ертөнц мөхлийн ирмэгт ирж, хорвоо дээр халуун бүлээрээ л үлдчихвэл үр удмаа үргэлжлүүлэхийн тулд юу хийх байсан бэ?
Танилцах
92. ОДОД ОРЧИХ хязГААР (1990)
Найруулагч: Б.Сумхүү
Зохиолч: Р.Ганбат
Найруулагчийн бусад кинонууд: Сахиус уу Сахиул уу (1983), Эцгийн голомт (1991)
Ангилал: Драм
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар манай улсад хэрхэн хөгжиж, үндэс сууриа тавьж байсныг уг киноноос тольдож болно.
Танилцах
93. тод магнай (1990)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Ш.Сүрэнжав, Д.Хишигт
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Драм
Аргамаг хурдан хүлэг, Монголын уламжлалт морин уралдааны тухай өгүүлэх энэ кино Эрийн гурван наадмын гурвал бүтээлийн нэг нь бөгөөд "Гарьд магнай"-аас хойш гарсан цувралын хоёр дахь кино юм.
Танилцах
94. хүн чулууны нулимс (1990)
Найруулагч: Г.Жигжидсүрэн
Зохиолч: Б.Лхагвасүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Анхны алхам (1969), Суварган цэнхэр уулс (1978)
Ангилал: Драм
Тун ч хүнд сэдэв агуулгатай уг киноны зохиолыг манай нэрт яруу найрагчдын нэг Б.Лхагвасүрэн агсан бичжээ. 1930-аад онд өрнөсөн их хэлмэгдлийн бараан сүүдэр хүн ардын сэтгэл зүйд хэрхэн хүндээр тусаж байсныг Цэвэл эмэгтэйн дүрээр дүрслэн харуулсан байна.
Трейлэр
95. мөнх тэнгэрийн хүчин дор (1992)
Найруулагч: Б.Балжинням
Зохиолч: Д.Маам, С.Эрдэнэ, Д.Батбаяр
Найруулагчийн бусад кинонууд: Би чамд хайртай (1985), Мандухай сэцэн хатан (1988)
Ангилал: Түүхэн
Нэрт найруулагч Б.Балжиннямын хамгийн том бүтээлүүдийн нэг. "Мандухай сэцэн хатан" киноны их амжилтын дараа хийгдэж эхэлсэн уг кинонд их эзэн Чингис хааны түүхийг уран сайхны үйл явдал, дүрүүдтэй уялдуулан хийсэн байдаг.
Танилцах
96. еэ еэ шар буд...аа (1994)
Найруулагч: Ш.Цэцэг
Зохиолч: Б.Лхагвасүрэн
Найруулагчийн бусад кинонууд: Ам цагаан хулгана (1993)
Ангилал: Хүүхдийн, гэр бүл
Ардчилсан хувьсгалын дараах он жилүүд. Ээж аав нь амьдралынхаа төлөө арга буюу ганзагын наймаанд явах тул Буд хүү хөгшин эмээтэйгээ гэртээ үлдэнэ. Өсөж яваа хүүгийн хувьд түүнд эргэн тойрныхонтойгоо ойлголцох, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх нь хамгийн сонирхолтой бас бартаатай сорилт нь болдог.
97. цэц магнай (1995)
Найруулагч: Ж.Бунтар
Зохиолч: Ш.Сүрэнжав, Д.Хишигт
Найруулагчийн бусад кинонууд: Төгсгөл (1967), Далайд дусал нэмэр (1970)
Ангилал: Драм, домог туульсын
Алдарт гурвалын сүүлийн цуврал болох нум сум, мэргэн харвааны тухай өгүүлэх уг киног найруулагч Ж.Бунтар амьдралынхаа сүүлийн жилүүдэд хийж дуусгасан байдаг.
Танилцах
98. цагаан дуганы гэгээ (1995)
Найруулагч: Д.Содном
Зохиолч: П.Батсайхан
Найруулагчийн бусад кинонууд: Өвлийн ойд (1974), Цацал (1985)
Ангилал: Түүхэн
Нийгэм, цаг үеийн хавчлагын улмаас арга буюу Америк тивийг зорьж, тэнд суурьшсан анхны гурван монголын нэг болох Монголын тусгаар тогтнолын нэрт зүтгэлтэн Дилова хутагт Б.Жамсранжавын намтар түүхэнд үндэслэн хийсэн бүтээл юм. 1991 оны хувьсгалаас хойш уран бүтээлчид шашин төрийн сэдэвтэй киног ямар нэг хязгаарлалтгүй хийх боломжтой болсноор насан эцэслэтлээ эх орныхоо төлөө зүтгэсэн энэхүү түүхэн хүмүүний дүрийг дэлгэцэнд мөнхлөн үлдээжээ.
Танилцах
99. догшин хутагтын сахиус (1997)
Найруулагч: И.Нямгаваа
Зохиолч: Б.Догмид
Найруулагчийн бусад кинонууд: Нандин эрдэнэ (1986)
Ангилал: Түүхэн
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн түүхээс сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино. Гол дүрд Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам тоглосон нь үзэгчдэд ихээхэн хүрчээ.
Танилцах
100. шинэ үсгийн багш (1998)
Найруулагч: Б.Бадрууган
Зохиолч: Б.Жамбалдорж
Найруулагчийн бусад кинонууд: Ертөнцийн сүүлчийн чулуу (1995), Уулын хөх сүүдэр (2000)
Ангилал: Инээдэм, гэр бүл
Соёлын үрийг тарих ажилд татагдан орсон удахгүй дунд сургуульд дэвшин суралцах Тулга хүү хот айл дундаа боловсролтойд тооцогдоно. Сүү сааль, үхэр мал, цөцгий тараг гэх мэтээр өдөр тутмын ахуйгаасаа илүү гарч чаддаггүй айл саахалтын ах эгч нартаа бичиг үсэг заах амаргүй аялал нь тэдний хувьд ч, үзэгчдийн хувьд ч мартагдашгүй нэг зуныг бэлэглэх ажээ.
Танилцах
Уншигч та ч бас бидэнтэй дуртай киногоо хуваалцаарай.
З Зочин 2023.02.26 192.82.73.174
Маш сайхан жагсаалт байна ийм урын сантай гэдгээ анзаараагүй явжээ дараа нь бүгдийг нь нөхөж үзнэээ .
B BAT 2023.02.22 197.211.53.56
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)