Нийтлэлийн гарчгийг хараад танд юу бодогдож байна вэ? Монголоор "шинэ он" уу эсвэл латинаар "Shine On" гэж уншив уу? Таны харах өнцгөөс л шалтгаална ...

Бид энэ удаагийн дугаартаа "Shine On" бүтээлч кампанит ажлын тухай таны мэдвэл зохих бүх зүйлийг А-Я үсэгт тайлбарлалаа. Хүргэж буй утга агуулга, харуулж буй хийц хэлбэрээрээ хэн бүхний сэтгэлийг догдлуулж, нэгийг бодуулж амжсан энэхүү богино хэмжээний бүтээл хайртай дотнын нэгэнтэйгээ баярт мөчөө хуваалцахад орон зай, цаг хугацаа үл хамаарахыг тод томруунаар илэрхийлжээ. 


А БОЛ АНХНЫ ХОЛОГРАФ АШИГЛАСАН СУРТАЛЧИЛГАА

Сэтгэл дулаацуулах шидтэй 150 секундийн сурталчилгааг та үзэж амжсан уу? Энэ бол Монголын хамгийн анхны холограф элемент ашиглаж хийсэн видео сурталчилгаа юм.

Шинэ жилийг угтан Юнител группийн бүтээсэн уг сурталчилгааны дизайн нь бүхэлдээ гэрлийг дүрс болгон задалдаг физик бүтэц болох холограмм байлаа. Туйлын туяаг тун бодит мэт харуулсан нь хэн бүхний нүд сэтгэлийг баясгасан нь гарцаагүй биз ээ.

Б БОЛ БУГЫН БЭЛГЭДЭЛ

Шинэ жилийн баярын тухай бодох төдийд толгойд дүрслэгддэг амьтан бол цаа буга билээ. Монгол, Канад, Скандинавын орнууд зэрэг дэлхийн өнцөг булан бүрд цаа бугыг онцгойлж, шинэ жил, Санта Клаустай холбон дүрслэх нь түгээмэл. Юнител группийн бүтээсэн Хөвсгөлийн алс тайгад мэндэлж буй цаа бугын өхөөрдөм төрх бол үүний тод жишээ юм.

Сонирхолтой баримтаас дурдахад улаан хамарт цаа буга Рудольф нь 1920-иод оны үед дэлгэрсэн сурталчилгааны кампанит ажлын үр дүн бөгөөд чухам түүгээр л Сантагийн ид шид, шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдэрдэг гэлтэй.

В БОЛ ВААВ! ШИНЭ ЖИЛИЙН ЭХНИЙ БЭЛЭГ

Баярынхаа хамгийн эхний бэлгийг Юнителээс аваарай. Зөвхөн танд тусгайлан зориулсан бэлэгт дата, Upoint оноо багтсан гэнэ лээ шүү. Хэрхэн авах зааврыг “З” үсгээс олж мэдээрэй.



Г БОЛ ГЭРЭЛТ ГАЦУУР

Нийслэл хотыг өнгөлөх шинэ жилийн олон гоёл дундаас Централ Тауэрын урд сүндэрлэх Юнителийн холограф гацуур мод зөрөн өнгөрөх бүхний харцыг эрхгүй татсаар. Монгол орны алслагдсан нутгуудад 4G сүлжээг нэвтрүүлж, харилцаа холбооны иш шидийг бүтээж буй тэдний ажлыг уг гэрлэн гацуур илэрхийлжээ.

Түүнчлэн тэд “Shine On” кампанит ажлын хүрээнд шидтэй цаа буга болон туйлын туяагаар дүрсэлсэн холограф гацуурыг монгол орон даяар 75 газарт байршуулсан аж.



Д БОЛ ДЭЛХИЙН АНИРТ

Маркетингийн зах зээлд 3D холограф дүрслэлийг зар сурталчилгааны дараагийн гол тренд хэмээн тодорхойлжээ. Тэгвэл Юнител группийн уг кампанит ажлын талаарх контентууд дэлхий даяар сардаа 3.3 тэрбум гаруй хүнд хүрдэг Yahoo!, 23.5 сая үзэлттэй MarketWatch, Sina HK, Benzinga, Seeking Alpha зэрэг томоохон вэб сайтуудад нийтлэгдэж, агуулга хэлбэр, түгээж буй сэдлээрээ олны анхаарлыг татсаар байна.

Е БОЛ ЕРӨӨСӨӨ Л…


Амьдралаас аз жаргалыг олж харж, мэдэрнэ гэдэг ерөөсөө л энгийн. Хүн бүрийг ижил дулаанаар ээх нарнаас, инээмсэглэн зөрөх хэн нэгнээс, “Баярлалаа” гэх ганцхан үгнээс л бид өөрсдийн баяр жаргалыг мэдэрч болдог. Гагцхүү бүх зүйл таны харах өнцгөөс л шалтгаална. Гуниг зүдүүр олон тохиох ч энэ амьдралд биднийг инээмсэглүүлэх шалтгаан түүнээс ч арвин билээ.

Яг одоо дэргэдээ байгаа нэгэндээ "Чи өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байна" гэж хэлээрэй.



Ё БОЛ ЁОЛК

Ингэхэд Ёолк буюу гацуурын талаар та хэр мэдэх вэ? Яагаад Ёолк хэмээн нэрлэх болсон юм бол?

Орос хэлэнд гацуурыг “Ель” гэдэг ба шинэ жилийн баярт зориулж чимэглэсэн гацуураа “Ёлка” буюу гацуурхан хэмээдэг. Харин Ёлка нь монголд нутагшихдаа Ёолк болжээ.

Мөн Германы Страсбург хотын иргэд өвлийн цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, төрөл бүрийн ногоогоор чимдэг байсан уламжлал Европ даяар тархаж, өдгөө дэлхий нийтээр үргэлжлүүлсэн гэдэг.



Ж БОЛ ЖИНТЭЙ СЭТГЭЕ

Өрсөлдөөн дүүрэн маркетингийн зах зээлд жинтэй сэтгэх нь аль ч компанийн хувьд томоохон сорилт болсоор байна. Хэрэглэгчдэд санал болгож буй үйлчилгээ, бүтээгдэхүүний сонголт арвижиж, тэр хэмжээгээр хэрэглэгчийн туршлага нэмэгдэж байгаа одоо үед агуулга, хэлбэр дээрээ анхаарах нь зайлшгүй болжээ. Энэ л шаардлагыг контент, үйлчилгээндээ тусгаж буй жишээнүүдийн нэг нь “Shine On” богино хэмжээний кино байлаа.

З БОЛ ЗААВАР

Шинэ жилийн баярын бэлгээ авч амжаагүй юм биш биз? Тэгвэл Тoki апп руу ороод QR код уншуулж, дата болон Upoint оноотой болох боломжтой. Энэ бол Юнителийн зүгээс танд барьж буй шинэ жилийн хамгийн эхний бэлэг юм шүү. Та бэлгээ идэвхжүүлэхдээ Токигийн “Үйлчилгээ” хэсгийн “Нэгж, дата авах” цэс рүү орж, дата цэсийг сонгоход л болно.



И БОЛ ИНСТАГРАМ ФИЛЬТЕР

“Еngagement rates” буюу нэг контентоос үүсэх хандалтаараа Инстаграм нь бусад сошиал платформоос дээгүүрт бичигддэг. Тиймдээ ч тэд 2017 оноос “Augmented Reality (AR)” буюу филтерийг нэвтрүүлж эхэлсэн билээ. Өдгөө инстаграмд бүртгэлтэй нийт брэндийн 58 хувь нь маркетингдаа зориулан өөрсдийн гэсэн филтер ашигладаг бөгөөд Юнител ч “Shine on” филтүүдээрээ бэлэг барьж байна.

Ирээдүйд юу болохыг мэдмээр байвал ”2023 онд юу болох вэ” филтерийг ашиглан дуусдаггүй дата хожих эсвэл дэлхийг тойрох мөрөөдөл тань биелэх эсэхийг мэдэж болно. Харин бяцхан бугын ногоон ороолттой өхөөрдөм төрхтэй өөрийгөө харахыг хүсвэл “Shine on” филтерийг туршаад үзээрэй.

Филтер туршиж үзэх

К БОЛ КАЛЕНДАРЬТАА ТЭМДЭГЛЭСЭН ӨДӨР

“Арванхоёрдугаар сарын 30-нд ах ирнэ!”

Хэн нэгнийг тэсэн ядан хүлээхүйд календарьдаа ирэх өдрийг нь тэмдэглэдэг хүмүүс хэр их байна даа? Уулзах өдрөө хоног тоолон хүлээх тэр мэдрэмж хэчнээн догдлом, улаан дугуйд улирсан өдрөө багтаах тэр мөч хэчнээн бахдалтай. Хэрэв та эрхэм нэгэндээ уулзах амлалт өгсөн бол хэлсэндээ хүрч, заавал зорин очоорой.

Л БОЛ ЛОГИКТОЙ ЗОХИОЛ

Монгол цаатан айлаас дараагийн Рудольф төрж, бяцхан хүүг ахтай нь уулзуулахаар тэнгэрт дүүлэн нисэх болов уу гэх үлгэрийн хүлээлттэй байснаа нуух юун. Гэтэл эсрэгээрээ 4G сүлжээг алс холын газруудад нэвтрүүлж буй санааг бяцхан бугын шидтэй зүйрлэсэн нь зохиолын хувьд амьдралд ойр, тун логиктой санагдлаа.



М БОЛ МЕДИА ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?

Медиа бол олон нийтийн харилцааны хамгийн чухал эх сурвалж төдийгүй нийгмийн сэтгэлзүйд нэн түрүүнд хүрч, уншигч, үзэгчдийн мэдээллийн боловсролд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээ ч олон нийтэд ямар агуулга хүргэх тухайд онцгой анхаарах нь чухал юм.

Зар сурталчилгаа гэдэг нэг талаас хүлээн авагчийг цэнгүүлэх (entertain) үүрэгтэй ч нөгөө талаас үзэгчдэд зөв сэдэл өгөх, мэдээллээр хангах нь чухал. Харин та эдгээрийн тэнцвэрт байдлыг Юнителийн бэлтгэн хүргэдэг богино хэмжээний контент, видео сурталчилгаануудаас хүлээн авах боломжтой.

Н БОЛ НОГООН ЗҮРХ

Чин сэтгэлээ бусдад мэдрүүлэхэд үнэтэй бэлэг огт шаардлагагүй. Гагцхүү урмын үгтэй зурвас, утга учиртай эможи байхад л хангалттай биш гэж үү? Хэрэв та баярын өдөр дэргэдээ байхгүй эрхэм нэгэндээ сэтгэлийн үгээ холбон зурвас бичих гэж байгаа бол ногоон зүрхтэй эможиг ашиглаарай.

Сонирхуулахад Юнителийнх шиг ногоон өнгө нь эрч хүч, урам зориг, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг аж.

О БОЛ ОН СОЛИГДОХ ДӨХЛӨӨ

Ердөө ганцхан хоногийн дараа бид 2023 оны эхний хуудсыг эхлүүлэх гэж байна. Улирч буй онд болж өрнөсөн бүхнээ бодож тунгаах, айлчлан ирж буй шинэ ондоо юу хийж бүтээхээ эргэцүүлэн төлөвлөх цаг хугацааны чухал зааг. Мэдээж энэхүү сэтгэл догдлом мөчийг бусадтай хуваалцвал илүү утга учиртай шүү дээ.

Харин та датагаа бэлдсэн үү? Шинэ оноо хамтдаа гаргаж чадахгүй ч, хаа байгаа газраасаа видео дуудлага хийн дэргэдээ байгаа мэт мэдэрч болох юм.



Ө БОЛ ӨХӨӨРДӨМ БУГА

“Shine On” богино хэмжээний бүтээлийн хамгийн онцгой дүр бол мэдээж өхөөрдөм бяцхан буга. Амьтны үр төл хэзээд хүний хайрыг татдаг учраас уншигч танд ч бас эерэг мэдрэмж төрүүлсэн нь лавтай. Ид шидээр гялалзах жижигхэн эвэр, эгдүүтэй хоёр бүлтгэр нүд, тун чиг зохисон нэхмэл ногоон ороолт түүнийг үнэхээр онцгой болгожээ.



П БОЛ ПААР ШИГ ДУЛААН МЭДРЭМЖ

Хэдүүлээ энэ жил өвлийн хахир хүйтнийг үгүй хийх халаалт шиг бусдын сэтгэлд дулаан мэдрэмж өгсөн нэгэн байж чадсан болов уу? 2022 ондоо бусдын хувьд гэрэл гэгээтэй дурсамж нь болж, 2023 ондоо ч инээд хөөр бэлэглэсэн нэгэн нь болохын төлөө хамтдаа хичээцгээе!

Р БОЛ РАДИО ДОЛГИОНЫ ДАВТАМЖ БА 4G

Радио долгион нь давтамж болон зурвасаараа ялгаатай ба түүгээр дамжих 2G, 3G, 4G сүлжээнүүдийн онцлогт тааруулан ашиглагддаг. Манай улсын хувьд 4G/LTE сүлжээг 1.8MHz давтамж дээр голчлон ашигладаг байна.

Тэгвэл Юнител групп энэ онд монголынхоо газарзүйн онцлогт нийцүүлэн хүн амын төвлөрөл бага, алслагдсан 205 суурин газарт сүлжээгээ шинээр оруулжээ. 4G сүлжээнд холбогдсоноор 100 Mbps-1Gbps -ийн хурдаар интернэт ашиглах боломж үүсэх бөгөөд видео дуудлага, стрийминг хийх, видео тоглоом тоглох зэрэгт ямар ч асуудал үүсэхгүй гэдгээр давуу талтай.



С БОЛ СЭТГЭЛ ДУЛААЦУУЛАХ 150 СЕКУНД

Алс холын Хөвсгөлийн тайгад бяцхан буга мэндэлж, тайгын хүү түүнтэй үй зайгүй нөхөрлөж эхэлнэ. Гагцхүү хүү Улаанбаатар хотод гэр бүлийнхээ төлөө шаргуу ажиллаж буй ахыгаа шинэ жилийн баяраар хамт байгаасай хэмээн хүсэх бөгөөд бяцхан буга түүнд шинэ оны гайхамшгийг мэдрүүлэхийн тулд туйлын туяаг эврээсээ цацруулдаг. Ийнхүү алс хол суугаа ахтайгаа видео дуудлага хийж, дэргэдээ байгаа мэтээр халуун баяраа хуваалцана.

Энэ бол сэтгэл дулаацуулах 150 секундийн түүх билээ.

Т БОЛ ТУЙЛЫН ТУЯА

Тэнгэрт бүжиж буй олон өнгийн үүл мэт байгалийн гайхамшигт үзэгдэл бол туйлын туяа. Эртний Грек, Ромчууд нар, салхины бурхдын нэрийг бэлгэдэн “аврора” хэмээн нэрлэдэг байжээ. Ихэвчлэн цэнхэр, шар, ногоон өнгийн туяатай байдаг ч ховор тохиолдолд улаан, үзмэн ягаан өнгөөр дэлхийн өндөр өргөргийн бүс нутаг болох хойд, өмнөд туйлд нарны салхи, соронзон орны үйлчлэлийн нөлөөгөөр үүсдэг аж.

Энэхүү үзэсгэлэнт байгалийн үзэгдлийг та уг богино хэмжээний бүтээлээс харах боломжтой.

У БОЛ УУЛ ҮҮЛСИЙН ДУНД

Юнител групп энэ удаа үзэсгэлэн төгөлдөр Хөвсгөлийн тайгыг зураг авалтынхаа гол талбараар сонгожээ. Хөвсгөл аймгийн нийт нутгийн 35.4 хувь буюу 35.5 мянган километр квадрат талбайг ой шугуй эзэлдэг бөгөөд “Монголын Швейцар” хэмээн нэрлэгддэг билээ.

Сонирхуулахад тэд энэ онд хамгийн баруун захын аймаг болох Хөвсгөлийн 24 сумаас 22 сумд нь 4G сүлжээг амжилттай нэвтрүүлсэн аж.



Ү БОЛ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙХ БОЛОМЖ

Ажил алба, алс холын зайнаас үүдэн хайртай дотнын хүмүүстэйгээ үргэлж холбоотой байх нь бидний хувьд бэрх даваа болсон мэт. Гэвч техник технологийн хөгжил дэвшлийн ачаар бид хүссэн үедээ байгаа газраасаа видео дуудлага хийхэд л хангалттай болжээ. Алс хязгаар аймгуудад 4G сүлжээ нэвтэрч буй нь видео дуудлага гацах, тасалдах зэрэг асуудлыг үгүй хийж, баярт мөчүүдээ хамтдаа хуваалцах боломжийг олгож буй.

Ф БОЛ ФИЛОСОФИ БА МАРКЕТИНГ

Өдгөө 4G сүлжээг ашиглан хаанаас ч харилцаа холбоо, интернэт сүлжээнд нэвтэрч буй нь эрин цагийн ололт. Юнител групп Монгол орны 21 аймаг, 330 сумдад 100 хувь сүлжээгээ хүргэж, энэ жил алслагдмал сум суурин, байгаль түүхийн дурсгалт газар, хот хоорондын зам нийлсэн байршлуудад сүлжээний өргөтгөл хийжээ. Харин энэхүү нүсэр ажлын үнэ цэнийг “Shine On” кампанит ажил илэрхийлж байна.

Хүн ам цөөнтэй, алслагдсан байршилд сүлжээ оруулах нь бизнесийн ач холбогдол багатай ч Монгол орны хаанаас ч, орон зай үл хамааран хэн бүхэн мэдээ мэдээлэлтэй ойр байж, дэлхий нийттэй холбогдох, сурч боловсрох, шаардлагатай тусламж үйлчилгээг авч чаддаг байх нь тэдний эрхэм зорилго юм.

Х БОЛ ХАМТДАА ГЭРЭЛТЭХ ШИНЭ ОН

Брэнд бүтээж түүнийгээ зах зээлд урт хугацаанд тогтвортой барихын тулд үйлдэлд хөтлөх уриа үгс тун чухал. Just do it, Live young, Got Milk зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн алдартай үгс бий. Тиймээс бизнес эрхлэгч болон маркетерууд зах зээлд шинээр брэнд бий болгохдоо уриа үгэнд онцгой анхаардаг. Харин “Shine On” кампанит ажлын “Хамтдаа гэрэлтэх шинэ он” хэмээх уриа үг нь тэдний бүтээсэн ажил, зорьж буй алсын харааг оновчтой, цэгцтэй илэрхийлжээ.

Ташрамд дурдахад, Юнител групп энэ онд өөрсдийн дүр төрх, философидоо өөрчлөлт хийж “Түрүүлж алхана” гэх уриа үгээ “Хамтдаа түрүүлж алхана” хэмээн өөрчилсөн билээ.



Ц БОЛ ЦААТАН АХУЙ

“Shine On” богино хэмжээний бүтээлийн үндсэн дүр төрхийг бүрдүүлж буй чухал хэсэг нь цаатан ахуйг харуулсан явдал байлаа.

Талд бороо орж байхад тайгад цас ордог. Хөвсгөлийн алс тайгад жилийн дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэн аж төрдөг иргэдийг Цаатнууд хэмээн нэрлэдэг билээ. Түүхчид тэднийг Тувагаас нүүдэллэн ирж, Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж үздэг бөгөөд тэд өөрсийн гэсэн хэл аялгуу, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх хэсэг юм.



Ч БОЛ ЧУХАЛ ЦАГ МӨЧ

Он солигдох торгон цаг мөч хаяанд ирлээ. Өөр нэгэн 12 сар, 365 хоног, шинэ дурсамж, шинэ туршлага, тааварлашгүй гэнэтийн олон сайхан зүйлс биднийг хүлээсээр. Энэхүү шинэ эхлэл, шинэ өөрчлөлтийн чухал цагт өөртэйгөө чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх аргад суралцахыг зөвлөе.

Нэрт сэтгэл зүйч Карл Рожерс "Өөрийгөө яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч гэмээнэ өөрийгөө үнэхээр өөрчилж чадна” гэжээ. Шинэ он бол гарцаагүй бид бүхний хувьд чухал цаг мөч билээ.

Ш БОЛ “SHINE ON” ДУУ

Дуу хөгжим, хөг аялгуу гэдэг хэзээд аливаа утга санааны илэрхийлэмжийг тодотгож, чимдэг. Тэгвэл “Shine On” богино хэмжээний кино одоогоос 14 жилийн өмнө "A Sound" хамтлагийн бүтээсэн “Shine On” дууг сонгож, залуу уран бүтээлч Б.Алунгоо шинэчилсэн найруулгаар дуулжээ. Ингээд л бидэнд танил сонсогдсон юм байна шүү дээ.



Э БОЛ ЭРГЭЭД ДУРСЪЯ

“Shine On” бол Юнителийн шинэ жилийн баярт зориулан бэлтгэсэн анхны богино хэмжээний кино биш юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол тэд 2019 онд “Цасхан” нэртэй бүтээлийг гаргаж байсан билээ. Шинэ жил бол хайртай дотнын, хамгийн эрхэм хүмүүстэйгээ аз жаргалаа хуваалцах баяр. Хүн бүр л ганц тохиох шинэ жилийн баяраар хэзээ ч мартагдашгүй, гэнэтийн учралаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсдэг шүү дээ.

Ю БОЛ ЮНИТЕЛИЙН “ШИНЭ ОН”

Хүн бүрийн сэтгэлд баяр бэлэглэхээр хичээн ажиллаж буй Юнителийнхэн шинэ оноо хэрхэн угтаж буй бол? Монгол орны алслагдсан 205 газарт 4G сүлжээг амжилттай нэвтрүүлсэн тэд хээнцэр тансаг шинэ жилийн үдэшлэгээс илүүтэй эгэл даруу оффисын баяр болгон тэмдэглэж буй.

Шинэ жилийн баяр гэдэг гэр бүлийн, найз нөхдийн, хамт олны баяр тул бүгд хамтдаа байх нь чухал билээ.

Я БОЛ ЯГ ОДОО ЗАЛГААРАЙ

Дулаахан үгтэй дуудлага бүр тань бусдын сэтгэлд гэрэл түгээх шидтэй. Яг одоо залгаарай.