Unplug арга хэмжээний хамгийн хүндтэй хэсэг бол Unread Awards билээ. Бид 2016 оноос эхлэн Монголын гарааны бизнесийн орчинд амжилт, нөлөөллөөрөө манлайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, алдаршуулан урамшуулах зорилгоор энэхүү шагналыг гардуулж эхэлсэн юм.

Unread Awards нь энэ жил "Шилдэг стартап", "Шилдэг апп", "Шилдэг үүсгэн байгуулагч" гэсэн үндсэн төрлүүдийн хүрээнд явагдахаас гадна "Шилдэг арга хэмжээ" төрөлд хоёр дахь удаагаа шилдгийг нэрлэх болно.

Нэр дэвшигчдээс шилдгийг тодруулахдаа бид уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид болон гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй төлөөлөл бүхий нийт 30 эрхэмийн саналыг харгалзах болно. Энэ нь манай шалгаруулалтыг ил тод, нээлттэй бөгөөд шударга явагдах үндэс болно гэдэгт бид итгэдэг юм.

Түүнчлэн "Шилдэг арга хэмжээ" төрөлд оролцогчид, олон нийтийн саналыг мөн авч эхэлснийг дуулгая. Ингээд Unread Awards 2023-ийн нэр дэвшигчид, энэ жилийн гарааны бизнесийн өнгийг тодорхойлогчидтой танилцацгаая.

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

шилдэг стартап

Jet Scooter: Монголчуудыг скүүтертэй танилцуулж, амьдралын шинэ хэв маяг, тээврийн шинэ сонголтыг авчирсан Jet Scooter энэ жилийн нэгэн онцгой дүр байлаа. Түгжрээний стрессийг хөнгөвчилж, цаг хэмнэх сонголт олгосон нь тэдний гол гавьяа.

Metaforce: The Hu хамтлаг метаверст тоглолтоо хийж, дэлхийн өнцөг булан бүрд тархсан фенүүдээ баясгасан төслийн ард Metaforce-ийн залуус ажиллаж байв. Метаверс ертөнцийг бүтээж буй тэд Google For Startups хөтөлбөрт Монгол улсаас шалгарч оролцсон билээ.

Metacog: Өдрөөс өдөрт улам ширүүссээр буй хөдөлмөрийн зах зээлд технологий үзүүлэх нөлөө үлэмж нэмэгдснийг Metacog-ийн залуус баталсаар байна. Google for Startups хөтөлбөрийн шилдэг оролцогч тус компанийн хүний нөөцийн шийдлийг Казахстаны хамгийн том стартап төв Astana Hub хэдийнээ туршиж эхэлжээ.

Carepay: Эрүүл мэндийн үйлчилгээг илүү хялбаршуулж, технологийн нөлөөгөөр улам хүртээмжтэй болгох зорилготой Care-ийн залуус CarePay, GoCare үйлчилгээнүүдээрээ энэ жилийн шилдэгт нэр дэвшиж байна. Google For Startups хөтөлбөрий дараа тэд хөрөнгө оруулагчдаас 350 мянган долларын санхүүжилт татаж чаджээ.


Өмнөх жилийн шилдгүүд: Lhamour (2016), Woovoo (2017), Erxes (2018), CallPro (2019), FIBO (2022)

шилдэг апп

UB Eats: Оффисын ажилтнуудын хувьд өдрийн хоол толгойны өвчин байдаг. Тэгвэл "үүлэн галт тогооны" үйлчилгээгээрээ хялбар бөгөөд хямд, амттай бөгөөд олон сонголттой UBEats Улаанбаатарын өдрийн хоолны салбарт хувьсгал хийж байна.

Timely: Цаг бүртгэх хэзээ ч ийм амархан байгаагүй. Ажлын байрны бүтээмж, ажилтны идэвхжүүлэлтийг хөгжилтэй бөгөөд үр дүнтэй байдлаар шийдсэн тэдний апп МТҮП-ын "Digital Night 2023" арга хэмжээний шилдэг стартапаар нэрлэгджээ.

Tetgeleg: Залуус үргэлжид өөрийгөө хөгжүүлж сорих шинэ сорилт-боломжуудыг эрэлд гарсан байдаг. Тэгвэл энэ аяллыг илүү хялбаршуулж, бүх төрлийн тэтгэлэг, грант, тэмцээн уралдааныг нэг дороос авах боломжийг олгосон Tetgeleg-ийн баг мянга мянган залуусын мөрөөдлийг ойртуулж буй нь гарцаагүй.

Toki: Хүний өдөр тутмын хамгийн энгийн хэрэглээнүүдийг улам хялбаршуулж, гарт ойртуулсан нь Toki-ийн хамгийн том амжилт. Зогсоолын төлбөр, кофе захиалгаас эхлээд төлбөр тооцоо, онлайн дэлгүүр, энтертэйнмент сонголтыг багтаасан супер апп хэдийнээ болжээ.


Өмнөх жилийн шилдгүүд: Taxidyoo (2016), Lendmn (2017), Mplus (2018), Insur (2019), Blindcare (2022)

шилдэг үүсгэн байгуулагч

Э.Орчлон: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том тэмцэл өрнөж буй энэ үед карбон кредитийн зах зээлд Монгол стартап тэсрэлт хийж байна. Э.Орчлонгийн удирдсан Ureca дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн инновацыг бүтээж, хүн төрөлхтний хамгийн том гэрийн даалгаврыг гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулж буй нь энэ.

А.Ариунтуяа: Боловсролын салбарт инновацын галыг бадрааж яваа А.Ариунтуяа бол BrightOn, Neolingo-ийн үүсгэн байгуулагч. Технологиор дамжуулан гадаад хэл сурах үйл явцыг эрчимжүүлэх түүний багийн нийгэмд үзүүлж буй нөлөөг тоогоор хэмжих нь өрөөсгөл биз ээ.

Н.Хангал: Дэлхийн санхүүгийн салбарт эрчимтэй хөгжиж буй "Buy Now Pay Later" буюу "Одоо аваад дараа төл" загварыг хамгийн эхэнд, хамгийн амжилттай нутагшуулсан StorePay-ийг Н.Хангал удирддаг. Түүний баг өдгөө зах зээлд хамгийн танигдсан, булан тохой бүрд лого нь хадагдсан, мянга мянган залууст шинэ боломж нээсэн шийдлээ улам төгөлдөржүүлсээр байна.

Б.Солонго: 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой эхлүүлсэн Mongol Made хэдийнээ зах зээлд танигдаж байр сууриа эзэлсэн топ брэнд болжээ. Гэр ахуй, гоо сайхны 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг бүтээж, хөгжүүлж буй Б.Солонго өнөө цагийн гарааны бизнесийн салбарын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогдоно.


Өмнөх жилийн шилдгүүд: С.Бадрал (2016), Д.Хулан (2017), Ч.Анар (2018), Х.Эрдэнэбаяр (2019), Б.Мэндбаяр (2022)

шилдэг арга хэмжээ

MEF YOUTH: Төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын нэг дор цуглардаг хамгийн том арга хэмжээ Монголын Эдийн Засгийн Чуулган энэ жил анх удаа залууст чиглэсэн арга хэмжээтэй зохиогдлоо. 2 өдрийн турш 2000 гаруй залуус MEF Youth-д нэгдэж, алсын хараа, үнэт зүйлс, мөрөөдлийнхөө тухай харилцан яриа өрнүүлснийг бид онцолж байна.

ICT EXPO: Монголын технологийн салбарын хамгийн арга хэмжээ ICT Expo энэ жил шинэ өнгө төрх, шинэ концепцтойгоор эргэн ирлээ. Дотоодын болон гадаадын тэргүүлэх компани, брэндүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт инновац, технологийг танилцуулсан нь олны анхаарлыг татсан билээ.

Scicon: Шинжлэх ухааны комьюнити нэг дор нэгдэж, Scicon 2023-т хүн төрөлхтний хамгийн алсын мөрөөдлүүд, хамгийн галуу санаанууд, хамгийн агуу нээлтүүдийн тухай ярилцав. Гадаадын топ их сургуулиуд, тэргүүлэх лабораториудад ажиллаж буй монгол мэргэжилтнүүд, доктор профессоруудын илтгэл олон залуусын итгэлийн галыг бадраалаа.

Update: Залууст зориулсан гадаа талбайн хамгийн том арга хэмжээ Update-д мянга мянган залуус нэгдэж, залуусын үнэт зүйлс, хүсэл мөрөөдөл, ондоошлын тухай ирмүүн яриаг өрнүүллээ. Урлаг соёлын арга хэмжээ, тогтвортой хөгжлийн чиг хандлага, бүтээлч санааны үзэсгэлэнгээрээ энэ зуны гол өнгүүдийн нэг байв.

NAS Summit: Дэлхийн хамгийн алдартай нөлөөлөгчид Монголд цугларч, сошиал медиа платформуудын ашиглан контент бүтээн түүгээрээ өөр өөрийн салбартаа нөлөөлөл үзүүлэх зах хязгааргүй боломжийн тухай тэд ярилцав. Сая сая дагагчтай эдгээр нөлөөлөгчид Монголын тал нутгаар аялж, төрсөн сэтгэгдэл, мэдрэмж, туршлагаа хуваалцсан нь олон улсын хэмжээний томоохон сурталчилгаа болсон билээ.

SMART: Монголын маркетингийн салбарын хамгийн том цугларалт SMART энэ жил олон улсын хэмжээнд цар хүрээгээ тэлж, дэлхийн шилдэг спикер, экспертүүдийг нэгтгэснийг бид онцолж байна. Энд хамгийн бүтээлч санаа, хамгийн нөлөөтэй кампанит ажлууд, сүүлийн үеийн чиг хандлага, бүтээлч түйвээлтийн тухай яриа өрнөсөн нь зах зээлд олон шинэ өнцөг нэмэгдэх сэдэл болсон нь лавтай.


Өмнөх шилдгүүд: TEDxUlaanbaatar: Айсуй Давлагаа (2017)

Шилдэг арга хэмжээнд саналаа өгөх

Unplug 2023