2021 онд тавтай морил. 2021 оны анхны тоймоор уулзаж байгаадаа баяртай байна.

Ахин 12 сар, 365 хоногийн турш биднийг алмайруулж, хөөргөж, догдлуулах өдрүүд өмнө минь байна. Unread та бүхэнд энэ жил дэлхий дахинд хүлээгдэж буй хамгийн онцлох үйл явдлууд, гол сэдвүүдийг тоймлон бэлтгэлээ.

"1 гол сэдэв" хэсэгтээ агуулгын хувьд хамгийн чухал, ач холбогдолтой үйл явдлыг нь сонгон орууллаа. Харин "2 чухал тренд" хэсэгт тухайн чиглэлээрх хамгийн их анхаарал татах үйл явдлуудыг багцалсан болно. "3 том таамаг" хэсгээрээ болох хамгийн магадлал өндөртэй гэж үзсэн зүйлсээ онцлон тэмдэглэлээ. Мэдээж, энэ бүхэн асар олон хүчин зүйлсээс хамаарна гэдгийг харгалзан хүлээж авахыг эрхэм уншигч танаас хүсье.

Дүрслэл, зургийг Time, Axios, Fortune, Bloomberg-аас ашиглав.

Дэлхий

1 гол сэдэв

Хүн төрөлхтөн коронавирусыг дарж чадах уу?

Аль хэдийн 80 гаруй сая хүнд халдаж, 1.8 сая алтан амийг авч одсон өвчин дээр Дарна гэдэг үг ашиглах нь өөрөө өрөөсгөл үг байж мэднэ. Тиймдээ ч дарж биш давж, хожмоо зохицож чадах эсэх нь илүү чухал болсон талаар экспертүүд онцолсоор.

2021 он дэлхий нийтийн хувьд сэргэн мандлын жил байх учиртай. Түүхэн хурдаар бүтээгдсэн вакцины үйлдвэрлэл түргэсэж, дайнаас хойшхи хамгийн том ложистикийн сүлжээний зохион байгуулалт түүнийг дэлхийн өнцөг булан бүрд түгээх учиртай. Moderna, AstraZeneka, Oxford-ийн вакцин хууль сахиулагчдаас зөвшөөрөл авч тараагдаж эхлээд байна.

Гэхдээ үүнээс илүү муу хувилбарууд байгааг ч мартаж болохгүй. Гурав, дөрөв дэх давлагаа илүү тархдаг мутажсан хэлбэртэйгээр түгэж байгааг судлаачид илрүүлээд буй. Вакцин урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлдэг байж болохыг ч үгүйсгэж чадахгүй. Хувьсан өөрчлөгдсөн шинэ төрлийн, шинэ хэлбэрийн коронавирус ч тархаж мэднэ.

Нэг зүйл гэхдээ тодорхой. Хүн төрөлхтөн ямар ч нөхцөлд дасан зохицож чадна. Зайгаа барьдаг, гэрээсээ ажилладаг, алсаас харьцдаг, захиалгаар сонгодог амьдралын хэв маяг бидний дунд хүчтэй байр суурь нэгэнт эзэлжээ. Амьд үлдэхийн тулд бидэнд үүнээс өөр сонголт үгүй.

2 чухал тренд

Байден, Байден, Байден

АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Ж.Байден 1-р сарын 20-нд тангараг өргөнө. Түүний өмнө ковид, ялгаварлан гадуурхах үзэл, хуурамч мэдээлэлд автан хоёр туйл руу хуваагдсан нийгмээ нэгтгэх том сорил хүлээж буй. Үүнээс гадна Хятадтай харьцах бодлого, технологийн компаниудтай харилцах стратеги, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлцэлд эргэн нэгдэх зэрэг үйл явц нь жилийн турш олны анхаарлын төвд байсаар байх болно.

Уур амьсгалын өөрчлөлт

Грета Тюнберг энэ жил ч хит байсаар байна. 11-р сард Глазгод явагдах НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чуулган ач холбогдлын хувьд 2015 оны Парисын хэлэлцээрийн дараах хамгийн томд тооцогдоно. Улс орнууд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж шинэ амлалтуудаа өгөх учиртай энэ хурлаар томоохон корпорациуд ч идэвхтэй оролцож, шинэ санаачилга, төслүүдээрээ нийгмийг уриалах юм.

3 том таамаг

1. Brexit-ийн дараах хямрал Их Британийг донсолгож, Борис Жонсон огцорно.

2. Трамп шинэ шоутай болно.

3. Ирэх жилийн шинэ жилээр ч хүмүүс маск зүүсэн хэвээр байна

Технологи

1 гол сэдэв

Технологийн гигантуудыг хэн зогсоох вэ?

Бид интернет, сошиал, технологийн компаниудаас ямар хараат болсныг цар тахал бэлхэнээ нотолж өгөв. Дэлхий даяар тэг зогсолт хийж, бизнесүүд ээлж дараалан дампуурлаа зарлаж байхад, технологийн гигантуудын үнэлгээ улам бүр өсөж, их наядын клубын гишүүд тасралтгүй нэмэгдсэн нь үүний баталгаа. Гэхдээ тэдний хувьд 2021 ихэд хүндхэн жил байх болно.

АНУ-ын 45 мужийн прокурорууд нэгдэн Facebook-ийг шударга өрсөлдөөний журмыг зөрчин, өрсөлдөгчдөө худалдан авах замаар "зайлуулдаг" хэмээн буруутгав. Тэд Instagram, Whatsapp-ийг үндсэн бизнесээс нь салгахыг зорьж буй. Европын Холбоо хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, өрсөлдөөний чөлөөтэй хэлбэрийг бүрэн хангаагүй технологийн компаниудыг өндөр хэмжээгээр торгох, эсвэл салгах хүртэл шийтгэх шинэ журам боловсруулснаа танилцуулаад байна.

Хятадад ч эрх баригчид гол нүүр царай болсон Alibaba, тэдний санхүүгийн үйлчилгээний нэгж Ant Financial-ийг монополийн шинжтэй хэмээн үзэж, шаардлагатай арга хэмжээ авах төлөвтэй болоод байгаа. Нөгөө талд, Америкийн засаг захиргаа Хятадын технологийн компаниудын үйл ажиллагааг хязгаарлах бодлогоо үргэлжлүүлэх бололтой. Бүр эсрэгээрээ, Apple-ийг Fortnite, Tinder, Spotify зэрэг стартапууд апп бүтээгчдийг хэт шулдаг, "шахдаг" хэмээн буруутгаж, шүүхэд өгөөд байгааг ч онцолъё.

Ирэх жилийн технологийн ертөнцийн гол анхаарал шүүхийн талбар тийш чиглэх болно.

2 чухал тренд

Жолоочгүй + Цахилгаан тээвэр

Tesla хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болохтой зэрэгцэн жолоочгүй машины технологийн төлөө бүгд өрсөлдөх боллоо. Том хотуудад жолоочгүй, гэхдээ цахилгаанаар ажилладаг машинуудыг зөвшөөрч, шинэ такси, тээврийн сонголт нэмэгдэх болно.

Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд

Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд одоо зөвхөн үнэтэй, күүл эд байхаа больсон. Бүх зүйлс интернетэд холбогдож, хоорондоо мэдээлэл солилцдог, түүгээр дамжуулан таны амьдралын алхам бүрд нэвт уусах цаг айсуй. Ухаалаг туслахууд улам сайжирч, шинэ загварын төхөөрөмжүүд хэрэглээнд нэвтрэх нь.

3 том таамаг

1. Дор хаяж нэг улсын төв банк биткойн худалдан авна

2. 5G дайн эрчээ авч, 6G-ийн анхны зарлалууд ил болно

3. Нумардаг утас анхны арилжааны амжилтаа үзүүлнэ.

Шинжлэх ухаан 

1 гол сэдэв

Ангараг гарагаас бид юу олж мэдэх вэ?

2021 оны 2-р сар тэр чигтээ сансрын мэдээгээр амьсгалсан өдрүүд байх болно. Учир нь тус сард БНХАУ, АНУ, АНЭУ-ын сансрын хөлөг ангараг гараг дээр газардах юм.

Улаан нүдэн гараг эртнээс хүмүүсийн зорихыг хамгийн их хүсдэг, яагаад ч юм хамгийн дотно, тэр хэрээрээ хамгийн их горьдлого төрүүлсэн цэг байсаар ирсэн. Тэгвэл эдгээр төслүүд шинжлэх ухааны олон асуултад хариулт аяллаа эхлүүлээд байна.

Хятадын хувьд хөрсний гадаргуу луу илүү анхаарч, ус, мөсний хуваарилалт, шинж чанарыг нь илүү судлахыг зорьж буй. Америкчууд гарагийн үүслийг мэдэх лүү илүү төвлөрч, амьдрах орчны судалгаа хийхээс гадна эртний амьдралын ул мөрийг олохыг хичээж байгаа гэнэ. Энэ жил түүхэн нислэг үйлдсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд тус гарагийн уур амьсгалын онцлогийн талаар мэдээлэл цуглуулах билээ.

Хүн төрөлхтний Ангараг гарагийг эзэмших их аялал чухам одоо эхэлж байна гэлтэй.

2 чухал тренд

Алсын огторгуй өөд

10-р сард NASA-ийн суурилуулж дуусах James Webb Space Telescope түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн том телескоп байх юм. Одон орончид уг телескопын тусламжтайгаар урд өмнө боломжгүй байсан олон үзэгдэлийг тайлж, сонирхолтой шинэ нээлтүүдийг хийнэ гэдэгтээ итгэлтэй буй. Мөн радио одон орончид шинэ аргачлалаар таталцлын долгионыг илүү үр дүнтэйгээр илрүүлж, ертөнцийн гарал үүсэл, алсын оддын тухай мэдээллийг тайлах зорилготой байгаа билээ.

Шинэ эрчим хүчний эрэлд

Сэргээгдэх бөгөөд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн 2021 онд ч эрчимжинэ. Дэлхийд хамгийн томд тооцогдох устөрөгчийн цөмийн реактор энэ жил илүү ахисан түвшинд эрчим хүч гарган авах туршилт хийхээр зэхэж буй. Түүнээс гадна илүү хэмнэлттэй, илүү үр ашигтай эрчим хүч, түүний хэрэглээ, үүн дээр суурилсан технологи улам эрчтэй урагшилна.

3 том таамаг

1. Устөрөгчийн цөмийн реакторын туршилт үсрэлт хийнэ.

2. Квант компьютерд суурилсан анхны програм гарна.

3. Уушигны хавдрын эсрэг анхны эм хэрэглээнд зөвшөөрөгдөнө.

Энтертэйнмент

1 гол сэдэв

Кино театрууд тэсэж үлдэх үү?

"The Matrix 4", "Dune", "Space Jam", "Mortal Combat", "Tom and Jerry".

Энэ бол Warner Bros-ийн 2021 оны гол найдлага тавьж буй бүтээлүүд. Бас HBO Max-ийн стриминг талбараар шууд цацагдах контентууд. Тийм. бидний мэдэх энтертэйнмент бизнесийн модель тэр чигтээ өөрчлөгдөх цаг айсуй.

Кино театруудын давамгайлалд эцэс тавьж интернет орчинд илүү давуу эрх өгөх шийдвэр Warner-ийнханд тийм амар байгаагүй. Цар тахал 2020 оны төлөвлөгөөг нь тэр чигт нь нурааж, эзгүйрч хоцорсон кино театрууд дампуурахтай зэрэгцэн тэд театрт ч, цахим орчинд ч зэрэг нээлт хийх "хүндхэн" шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө бүтээгчид тодорхой хугацааг зөвхөн театрт зориулж цацна хэмээн гэрээ байгуулдаг байв.

Энэ шийдвэр стриминг дайныг улам өрдөнө. Netflix, Disney+-ийн араас HBO Max бүр ч хүчтэй үсэрч орж ирэв. Хэрвээ хүмүүс гэрээсээ, тухтай орчинд, олуулаа бас тааваараа суугаад хүссэн киногоо үзчихдэг бол театрыг зорих шаардлага гарах болов уу?

Тийм, бас үгүй. Аль нь давамгайлахыг, бусад кино бүтээгчид тэдний араас замнах эсэхийг бид 2021 онд олж мэднэ.

2 чухал тренд

Марвел монополчлол

Энэ жилийн бокс оффисын хамгийн өндөр орлоготой киноны дийлэнх нь Marvel-ийнх байхад гайхах зүйл үгүй. Анхны ази супер баатар Shang-Chi, хамгийн их фентэй дүр Spider-Man, хамгийн хайртай баатар Black Widow, Том Хардигийн бүтээх Venom-ийн шинэ ангиудаар шинэ хэсэг эхэлж буй. Disney+ дээр ч уйдаах завгүй шинэ түүхүүд үргэлжилсээр. Тэд хэдийнээ дэлгэц эзэгнэсэн монополь болж чаджээ.

Нэгдэл ба хуваагдал

Сүүлийн жилүүдэд энтертэйнмент ертөнцийн гол тренд байсаар буй нэгдэх, хуваагдах, худалдан авах үйл явц энэ жил ч улам эрчтэй өрнөнө. AT&T үүрэн телефоны гол бизнес рүүгээ төвлөрч, Time Warner-аас зарим нэгжүүдийг зарах магадлалтай. Нөгөө талд Comcast, NBCUniversal-ийг ч ижил хувь заяа хүлээж байж магад. Аль ч тохиолдолд Apple TV+, Amazon Prime гол худалдан авагч нь байж биднийг гайхашруулж мэднэ шүү.

3 том таамаг

1. The Hu хамтлаг ахин биллборд жагсаалтыг тэргүүлнэ

2. Disney+-ийн хэрэглэгч Netflix-ийг гүйцнэ.

3. 11-р сард цацагдах Friends-ийн шинэ анги байж болох бүх үзэлтийн рекордыг эвдэнэ.

Спорт

1 гол сэдэв

Токио 2021: Явагдах уу, эс явагдах уу?

Энх цагт анх удаа хойшилсон Олимпийн наадам хуваарь ёсоор 7-р сарын 23-нд Токио хотноо ээхлэх учиртай. Гэсэн ч маш олон асуултын тэмдэг тэмцээний эргэн тойронд хөвөрсөөр. Орон нутгийн иргэд коронавирусын хямралын үед ийм том хэмжээний наадам хүлээн авахыг таашаахгүй байгаа ч Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпийн Хороонд буцах зам үгүй болсон мэт. Токиогийн Олимпийн зардал 22 хувиар өсөж, 15.4 тэрбум долларт хүрчихсэн байгааг л онцолж дурдъя.

Үзэгчгүй заал, өдөр бүрийн шинжилгээ, цомхон нээлт зэрэг энэ наадмын гол дүр байх төлөвтэй. Тиймээс телевизийн шууд дамжуулалтын нөлөө энэ жил эрс өсөх учиртай. Нөгөө талаас элит тамирчдын бэлтгэл сургуулилалтын түвшин хөл хорионы улмаас харилцан адилгүй болсон учраас гэнэтийн ялагчид, санаанд оромгүй үр дүнгээр дүүрэн наадам болох магадлалтай. Эцсийн эцэст энэ л фанатуудад сонирхолтой байдаг биш гэж үү?

2 чухал тренд 

Цахим спорт

Уйтгартай сонсогдож магад. Гэхдээ хөл хорионы нөхцөл байдал цахим спортын хөгжлийг бүр ч илүү хурдасгаж орхив. Илүү олон тэмцээн, илүү олон тоглогч, илүү олон тоглоом. 2021 он цахим спортыг нийтээрээ хүлээн зөвшөөрч, "үндсэн спорт"-ын зэрэглэлд багтаах болно.


3 том таамаг

1. Леброн Жэймс, Лос Анжелес Лэйкэрс NBA-ийн аварга цолоо хамгаална.

2. Монгол улс Олимпийн наадмаас дор хаяж 1 алтан медаль хүртэнэ.

3. Лионель Месси Барселонаг 20 жилийн дараа орхино.