Нийгэм: Ковидтой гурав дахь жил
Цар тахлын аюул биднийг заналхийлсэн хэвээр. Хүн төрөлхтөн гэнэтийн сорилтой нүүр тулсан гурав дахь жил эхэллээ. Энэ хооронд эрдэмтэд уг өвчнийг илүү сайн танин мэдэж, ахархан хугацаанд вакцин гарган авч, түүхэн хурдаар вакцинжуулалтад хамруулсан. Дэлхийн хүн амын 48 хувь нь буюу 3.7 тэрбум хүн вакцинд хамрагдаж, нийт 8.81 тэрбум тун вакцин хийгджээ. Гэсэн ч энэ хангалттай үзүүлэлт биш. Бүх зүйл хэвийн болоход бүх хүн, бүх улс, бүх нийгэм хамгаалалттай болсон байх шаардлагатай.
Шинэ төрлийн мутажсан хувилбарууд нийгмийн амьдралыг дахин нэг сорилтод оруулж, улс төрчид эдийн засгаа аврах, ард түмнээ сэргээх олон төрлийн бодлого туршиж хэрэгжүүлсээр. "Омикрон", "Дельта" хувилбарууд ямар богино хугацаанд бүх төлөвлөгөөг нурааж байгааг бид гэрчлэв. 2022 онд ч дахиад шинэ төрлийн хувилбарууд гарч ирэхийг хэн ч таамаглаж чадахгүй.
Дэлхий даяар тулгараад буй ложистик, үйлдвэрлэлийн хямрал энэ жил ч үргэлжлэх төлөвтэй. Хятад, Франц, АНУ-д явагдах сонгуулийн үр дүн бүс нутгийн эдийн засгийн амьдралд ч нөлөөлөх шийдвэрүүдийн эхлэл болох боломжтой. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой өрнөж магадлал өндөртэй нь найдвар төрүүлж байгааг дурдах ёстой.
гурван таамаг
1. Ковидын эсрэг эм өргөн хэрэглээнд нэвтэрнэ.
2. Э.Макрон, Ш.Жинпин дахин ялалт байгуулна.
3. Гол түүхий эдийн үнэ түүхэн дээд хэмжээндээ өснө.

Технологи: Метад шумбах жил
Facebook, Microsoft тэргүүтэй технологийн гигантууд мета-ертөнц дэргэд ирснийг зарлан тунхаглалаа. Хийсвэр ертөнцөд шинэ амьдрал эхлүүлж, цоо шинэ мэдрэмж, бүр сонирхолтой үйл явдлуудыг мэдрэх боломжийг тэд амалж байна. Гэхдээ мета руу бүрэн шилжихэд бидэнд ахиад илүү хугацаа хэрэгтэй. Метад хамгийн эхэнд дасан зохицох чиглэл бол зайнаас ажиллах арга. Оффисын ажилтнууд гэрээсээ, гэхдээ метад байрлах уулзалтын өрөөнд хурлаа хийж, гэртээ төхөөрөмж зүүн ажиллах нь хэвийн үзэгдэл болох боломжтой.
Apple-ийн энэ жил танилцуулахаар зэхэж буй AR/VR төхөөрөмжүүд энэ салбарыг илүү нээлттэй болгож, хэрэглээг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх магадлалтай. Huawei, Mi зэрэг хятадын брэндүүд ч энэ зах зээлийг нийтийн болгоход чухал нөлөө үзүүлэх учиртай. Ирэх жилийн шинэ жилийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний жагсаалтыг ч VR төхөөрөмжүүд тэргүүлэхэд гайхах зүйл үгүй.
Нөгөө талд блокчэйний ирээдүйн талаар маргаан эцэс болж мэдэх юм. Өнгөрсөн жилүүдэд үргэлж л блокчэйн, криптогийн технологийн салбарт үзүүлэх нөлөөний талаар маргаан олон талд өрнөсөөр ирсэн. Харин одоо л илүү найдвартай, хялбар бөгөөд хямд технологи гэдгийг нь нийгэм хүлээн зөвшөөрч эхэлж байх шиг. Гэхдээ шинжээчид "крипто-өвөл" айсуй гэдгийг сануулсаар буй. Тэгсэн ч дижиталд суурилсан "NFT"-ийн хэрэглээ улам нэмэгдэж, шинэ төслүүд нь анхаарал татсаар байх биз ээ.
Гурван таамаг
1. VR төхөөрөмжүүд хамгийн хит бүтээгдэхүүн болно.
2. NFT-ийн үнэ цэн улам нэмэгдэнэ.
3. Зайнаас ажиллах хэв маяг улам төгөлдөршинө.

Шинжлэх ухаан: өнгөрсөн рүү өнгийх жил
2021 онтой адил 2022 он тэр чигтээ сансрын технологийн хөгжил, сансрыг эзэмших өрсөлдөөний жил байх болно. NASA-ийн илгээсэн James Webb телескоп анхны мэдээллүүдээ илгээж, их тэсрэлтийн дараах тэрбум тэрбум жилийн өмнөх үйл явдлуудыг бидний өмнө дэлгэх учиртай. Энэ мэдээллүүд бидний орчлон ертөнцийн талаарх ойлголтыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ боломжуудыг үүсгэх боломжтой билээ.
Өмнө нь сансар огторгуйг цөөн хэдэн том гүрнүүд л эзэмших боломжтойд тооцогдож байв. Олон улсын сансрын станцад очно гэдэг асар өндөр зардалтай, урт хугацааны ажил болдог байлаа. Гэтэл одоо хувийн компани-стартапууд энэ салбарыг түйвээж, тогтсон хэв маягийг тэр чигт нь эвдэж орхив. Хятадын сансрын станцаас гадна NASA-ийн дэмжлэгтэй гурван ч хувийн компани төрөл бүрийн зориулалттай сансрын станц байгуулж байгааг сануулъя. Сансар луу гарна гэдэг "Тэрэлж" ороод ирэхтэй ижил болох цаг айсуй.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон төрлийн санаачлагууд хүчээ авсаар. 2030 он гэхэд хүрсэн байх зорилгуудаа дүгнэхэд цаг улам бага үлдсээр. Гэсэн ч хангалттай ажил хийгдэхгүй хэвээр байгааг активистууд сануулсаар байгаа. Ковид тэдний эрчийг сулруулсан байж мэднэ. Гэхдээ хамгийн том цуглаан, эсэргүүцэл, шаардлагын тэмцэл өрнөх цаг аль хэдийн болсон гэлтэй.
1. James Webb-ийн илгээх мэдээ хамгийн эрэлттэй сэдэв болно.
2. Сансрын жуулчлалын шинэ эрин эхэлнэ.
3. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн том цуглаан явагдана

спорт: бойкоттой олимпын жил
"Бээжин 2022" өвлийн олимп Хятадын сүр хүч, яруу алдрын гол илэрхийлэл болох учиртай байв. Ердөө 14 жилийн дотор өвөл, зуны наадмыг аль алиныг нь зохион байгуулсан хот байхгүй. Тэд бүх нийтийг спортоор дамжуулан нэгтгэж, нийгмийнхээ итгэл үнэмшил, алсын хараатай уях амбицтай байлаа. Гэсэн ч хүний эрхийн асуудлууд, ковидын хямрал тэдний төлөвлөгөөг "бүтэлгүйтүүлж" орхив. АНУ, Канад, Их Британи зэрэг улсууд дипломат бойкот хийхээр зарласан нь үүний илрэл. Гэхдээ улс төр, спорт-олимпизм үргэлж салангид явах зарчимтай байдгийг энд сануулъя.
Хөлбөмбөг сонирхогчид өвөл анх удаа ДАШТ-ээ үзэх нь. Катарт арай дулаахан байх үе нь клубүүдийн улирлын ид дунд давхцаж байгаа нь санхүү, ложистик, хуваарийн олон асуудлыг дагуулна. Зохион байгуулагч улсыг тойрсон асуудлууд ч мундахгүй. Гэхдээ олимптой адил улс төржихгүй байх гэсэн найдвар бүгдэд бий.
Цахим спортын үсрэнгүй хөгжил ч 2022 онд үргэлжилнэ. Топ тэмцээнүүдийн санхүүжилт улам нэмэгдэж, шагналын сан түүхэн үзүүлэлтээ давах нь гарцаагүй. Азийн наадамд ч 8 спорт албан ёсоор багтсан нь тэдэнд олимпын дэвжээ ямар ойрхон ирснийг илтгэнэ.
1. Өвлийн олимпын медалийн хүснэгтийн Норвеги тэргүүлнэ.
2. Франц хөлбөмбөгийн ДАШТ-д аваргаа хамгаалж чадахгүй.
3. Хойд Америкийн мэргэжлийн лигүүд бүгд шинэ аваргатай болно.

энтертэйнмент: их нэгдлийн жил
2022 он стриминг дайн оргил үедээ хүрэх жил байх болно. Энэ бол зөвхөн Netflix, Disney+-ийн хооронд өрнөж буй дайн биш. Peacock, HBO Max, Paramount+-аас эхлээд бүс нутгийн платформууд, контент бүтээгчдийн өрсөлдөөн болж хувирчээ. Энэ дайны эхний хохирогчид тодорч, худалдан авах үйл ажилагаа өрнөж, шинэ нэгдэл үүсэх нь цаг хугацааны асуудал болсон гэлтэй.
ТВ цувралын зах зээлд хүлээлт дагуулсан хэд хэдэн нэрс үзэгдэнэ. Эхнийх нь алдарт Ж.Толкиенийн "Lord Of The Rings". Amazon-ийн хамгийн үнэтэй буюу бараг хагас тэрбум доллар зарцуулж бүтээж буй цуврал хүлээлтэд хүрэхгүй байх магадлал тун өндөр. Том түүхүүдийг дэлгэцнээ буулгах үргэлж том сорил байдаг. Гэхдээ нөгөө талд үүнийг эсрэгээр нь баталж харуулсан "Game of Throne"-ийн шинэ түүх HBO-оор цацагдана. Аль хэдийн фен сууриа үүсгэсэн цувралын амжилт олон хүний сонирхлыг татаж буй нь гарцаагүй.
Хөгжмийн зах зээлд уран бүтээлчийн оюуны өмчид хөрөнгө оруулж, каталог эзэмших сонирхол улам нэмэгдэнэ. Стриминг платформуудын тэсрэлт энэ үнэ цэнийг улам нэмэгдүүлж орхив. Б.Спрингстинийн каталог хагас тэрбум доллараар үнэлэгдсэнг тооцвол анхны тэрбум долларын уран бүтээлч гарах цаг удахгүй ирэх биз ээ.
1. Д.Трампын медиа анхны контентоо цацна.
2. Анхны тэрбум долларын каталог гарна.
3. Lord Of The Rings-ийн цуврал бүтэлгүйтнэ.


Сэтгэгдэл бичих (1)


М Мөнгөнтулга 2022.01.08 103.229.120.86
Бөгжний эзэн-н цуврал бүтэлгүйтэхгүй байгаасай гэж найдаж байна итгэл алдалгүй олон улирал гарч шүтэн бишрэгчидээ баярлуулаасай