Нийгэм: Дайнд хүлэгдсэн дэлхий

2022 оны гол үйл явдл Орос, Украины дайн байсан. 2023 онд ч тийм л байх шинжтэй. Шинэ онд дайны эрч буурч, 2 тал дипломат аргаар хэлцэл хийх найдвар улам нэмэгдсээр. Гэхдээ хэн нь ч цэргийн хувьд ялалтаа зарлах хэмжээнд хүрэхгүй болов уу.

Монгол улсад харин улс төрийн нөхцөл байдал ихээхэн завгүй байх төлөвтэй байна. Оны өмнө түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн жагсаал явагдаж, засаглал-тогтолцооны томоохон өөрчлөлт хийх хүлээлт үүссэн. ҮХНӨ дахин хийгдэж, шинэ зарчмаар сонгууль ч явагдаж мэднэ. Нүүрсний гэх тодотголтой дуулиан хэрхэн үргэлжилж, шийдэгдэх нь олон үйл явдлын өнгийг тодорхойлох биз.

ОУВС-аас 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2,7 хувь байна гэж тооцоолсон. Хятад хилээ нээж, цар тахлын дараах эдийн засгийн үйл ажиллагааны сэргэлт өөдрөг хүлээлтийг бий болгосон нь гарцаагүй. Гэхдээ Өмнөд Америк, Африкийн улс төрийн тогтворгүй байдал, Европ, Америкийн сонгуулийн үр дүн, дээрээс нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн шокууд энэ таамагт сөрөг нөлөө үзүүлж магад.

Энэ жилийн COP28 АНЭУ-ын Абу Даби хотноо явагдана. Гэсэн ч гол тоглогчдын нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа санхүүжилтийн асуудал энэ жил ч гацаастай хэвээр байж, томоохон хэмжээний нөлөө гарахгүй байх төлөвтэй байгаа нь харамсалтай.

гурван таамаг

1. Дайн зогсоох хэлцэл эхлэнэ.

2. БНАСАУ-ын цөмийн туршилт явагдана

3. Монгол улс үндсэн хуульдаа ахин нэмэлт, өөрчлөлт хийнэ.

Технологи: Хиймэл оюуны түрэмгийлэл дүүрэн жил

2022 он бидэнд хиймэл оюуны хөгжил ямар өндөр түвшинд ирж, бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоход ямар ойртсон юм бэ гэдгийг мэдрүүлсэн жил байв. Текстийг зураг руу хөрвүүлэх технологи гарч, цуурч дуусаагүй байтал текстээс видео руу шилжүүлэгч хүртэл гарч амжив. Гэхдээ тэдний аль нь ч ChatGPT шиг нөлөө үзүүлж чадаагүй. Гэхдээ бүх зүйл дөнгөж одоо л эхэлж байна.

ChatGPT буюу таны асуултанд чат бичиж хариулж чадах хиймэл оюуны хэрэглээ энэ жил тэсрэх төлөвтэй. Google-ийн хайлтын давамгайллыг ч үгүй хийж чадах потенциалтай хэмээн үнэлэгдэж буй уг технологийн хэрэглээ энгийн интернет хэрэглэгчдээс эхлээд бүтээлч салбарынхан, хөгжүүлэгчид нарын ажилд онцгой нөлөө үзүүлэх учиртай.

Facebook-ийн метаверсийг эзэгнэх оролдлого тийм ч амжилттай биш байгаа ч энэ нь тэдний таамаг буруу байсан гэсэн үг огт биш. Метаверсийн хэрэглээ улам нэмэгдэж, топ брэндүүд, гол нөлөөлөгчид тэнд орон зайгаа бататгах нь цаг хугацааны л асуудал. Удтал хүлээгдэж буй Apple-ийн VR төхөөрөмж ч массын хэрэглээг улам эрчимжүүлэх боломжтой.

Өнгөрсөн жилийг мөн их халалтын жил байлаа хэмээн тодорхойлж болно. Хойд Америкийн технологийн компаниуд 2022 онд 150 мянган ажилтнаа халж, цомхотгол хийгээгүй компани бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ нь эргээд Цахиурын хөндийг, инновацын экосистемийг улам сонирхолтой болгох нь гарцаагүй. Шинэ санаа, шинэлэг инновац бүхий стартапуудын мэдээ 2023 оны турш биднийг баясгах биз ээ.

Гурван таамаг

1. Microsoft ChatGPT-д суурилсан хайлтын системээ танилцуулна

2. Метаверсд суурилсан анхны юникорн компани төрөн гарна

3. Нисдэг такси анхны арилжааны нислэгээ үйлдэнэ

Шинжлэх ухаан: Улам агуу руу тэмүүлэх амжилтаа бататгах жил

Хүн төрөлхтний сансрын уудмыг эзлэх аялал дөнгөж эхэлж байна. 2023 он ч энэ зорилгод чухал нөлөө үзүүлэх олон төслөөр дүүрэн байх болно. Европын сансрын агентлагийн Бархасбадь гарагийг судлах зорилготой төсөл 4-р сард эх дэлхийгээс хөөрөх төлөвлөгөөтэй байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд тэд тус гарагийн агаар мандлын онцлог болон хамгийн том гурван дагуулыг нь ажиглах зорилготой байгаа юм.

NASA-ийн хувьд сарны хөтөлбөртөө анхаарч буй. Artemis-ийн хүрээнд тэд 2 ч төрлийн робот төхөөрөмжийг энэ жил илгээнэ. Мөн Psyche төслийн хүрээнд өндөр үнэлгээтэй түүхий эдийг агуулж буй гэх астеройд руу судалгааны хөлөг илгээхээ мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн оны магадгүй хамгийн дутуу үнэлэгдсэн, гэхдээ өндөр ач холбогдолтой мэдээ цөмийн нэгдэх урвалын туршилт анх удаа амжилттай хийгдсэн нь байсан биз. Тэгвэл 2023 онд First Light тэргүүтэй хувийн хэвшлийн санхүүжилттэй компаниуд илүү хүчирхэг төхөөрөмж ашиглан, илүү өгөөжтэй туршилт хийх зорилго өвөртөлж буй.

Генетикийн шинжлэх ухаан ч энэ жил их завгүй байх нь. CRISPR буюу генийн засварлалын технологи улам боловсронгуй болгохтой зэрэгцэн лабораторийн орчинд хиймлээр эрхтэн, эс үүсгэх туршилтууд хүн дээр хийгдэж эхлэх болно. Эрдэмтэд хиймэл эсийг ашиглан тодорхой өвчин, эмгэгийг үүрд устгахыг хүсэж байна.

Гурван таамаг

1. Анхны хиймэл зүрхийг шилжүүлэх туршилт амжилттай явагдана.

2. James Webb-ийн илгээсэн мэдээллүүд шинэ ойлголтуудыг нээнэ

3. Цөмийн нэгдсэн урвалын шинэ туршилт амжилттай болно.

Спорт: Их тулааны өмнөх нам гүм ноёлсон жил

2023 оны хамгийн том спортын арга хэмжээ бол Азийн наадам. Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон Ханжуогийн наадамд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. 5 жилийн өмнөх Жакартагийн наадмаас 4 алт, нийт 24 медаль хүртэж байсан манай баг энэ амжилтаа ахиулж, түүхэн рекорд тогтоох ч боломжтой.

Нөгөө талаас энэ жил 2024 оны Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээн эхлэх чухал жил. Зарим спортын хувьд бүр эрхээ тодруулж, гол тэмцээнүүдээ ч зохион байгуулах хуваарьтай байгаа. Хөнгөн атлетик, усанд сэлэлт, рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онцолъё.

Хойд Америкийн мэргэжлийн лигүүд ч өрсөлдөөн дүүрэн байна. Жил ирэх тусам багуудын хүч жигд сайжирч, таамаг дэвшүүлэх нь улам хүнд болсоор байгаа нь NBA, NHL, NFL-д шинэ аварга тодрох магадлалыг улам нэмэгдсэээр байна.

Спортын бизнесийн салбар ч гэрлийн хурдаар тэлсээр байна. К.Роналду Саудын Арабыг зорьсон нь цоо шинэ бизнесийн боломжийг үүсгэв. Саудын Арабын хөрөнгө оруулалт Европт улам нэмэгдэж, нөлөө нь ч өсөхийн цондон энэ боллоо. Стриминг платформууд ч шууд дамжуулалт руу хүч түрэн орж ирсэн нь арилжааны үнэ цэнийг өсгөж байна. 2023 онд Apple, Amazon, Google тэргүүтэй технологийн гигантууд спортын дамжуулалтын багцаа улам нэмэгдүүлэх гэж зорих нь тодорхой биз ээ.

Гурван таамаг

1. Манчестер Юнайтед, Ливерпүүл шинэ эзэдтэй болно

2. Азиийн наадмаас Монголын тамирчид 30 медаль хүртэнэ

3. Хойд Америкийн мэргэжлийн лигүүд бүгд шинэ аваргатай болно

Энтертэйнмент: Хуучин, шинэ, сэтгэл хөдөлгөм түүхүүд амилах жил

Хүн бүрийн хамгийн хайртай үлгэрийн баатрууд, тоглоомын дүрүүд эргэн дэлгэцнээ төрөх жилд тавтай морил. Little Mermaid, Barbie, Super Mario-ийн бүрэн хэмжээний кино энэ жилийн энтертэйнмент ертөнцийг өнгийг тодорхойлох болно.

Гэхдээ энэ бол 2023 оныг онцгой болгож буй хүчин зүйлсийн ердөө нэг хэсэг нь. Marvel-ийн шинэ түүх, шинэ баатруудаас гадна Creed, Fast, Transformers, Shrek, Dune-ийн шинэ ангиуд ч гэсэн бокс оффисыг завгүй байлгах нь гарцаагүй.

Видео тоглоомын салбар энэ жил оргил үедээ хүрэхийн илрэл нь Last of Us-ийн цуврал кино HBO-оор цацагдах болсон нь юм. Оны эхний хагасын хамгийн эрэлттэй бүтээл гэж ч хэлж болно. Disney+-ийн марвелын ертөнцийн бөөн түүхүүдээс гадна Paramount, HBO Max, Netflix-ийн тэрбум тэрбум долларын зардал гаргаж бүтээж буй каталог таныг огтхон ч уйдаахгүй.

Хөгжмийн ертөнцийн 2022 он Т.Свифтэд харьяалагдсан. Тэгвэл энэ жил Rihanna-ийнх байх өндөр магадлалтай. 7 жилийн турш тайзнаа гараагүй тэрээр энэ хугацаанд өөрийн брэнд, бизнесээ босгож, тэрбумтны ангилалд хүртэл багтаад амжсан. Тэгвэл Супер боулын шоунаас эхлээд шинэ цомог, шинэ аялан тоглолтоо төлөвлөж буй түүнийг дэлхий хүлээж байна.

Гурван таамаг

1. Марвелын бүх кино тэрбум долларын орлогыг давна

2. Рианнагийн шинэ цомог оныг борлуулалтаараа тэргүүлнэ

3. Элтон Жоны Glastonbury-ийн тоглолт рекорд тогтооно