Бид яг хэзээ хайрлаж байгаагаа мэддэг вэ? Бас хайрлуулж байгаагаа яаж мэдэрдэг вэ? Магад хүн бүр өөр хариулт хэлэх байх. Мөн тэр чинээгээрээ бидний хайрын илэрхийлэмж ялгаатай гэдэг нь гарцаагүй.
“Гэгээн хайрын баяр”-ыг тохиолдуулан Unread-ийн багийн зүгээс нэгэн онцгой контентыг танд зориулж байна. Нийтлэлийн гарчигт өгүүлсэнчлэн бид хайрын тухай хөөрөлдсөн юм. Контент бэлтгэн хүргэдэг бидний хувьд контентдоо зочин болж уригдах нь тун сонирхолтой байсны сацуу албан тушаал үл харгалзан гишүүн нэг бүр өөр өөрийн өнгөөр хайрын тухай бодролоо илэрхийлсэн билээ. Уншигч танд уйдах нэг ч хором өгөхгүй баялаг контент болсон гэдэгт итгэлтэй байна.
Ташрамд дурдахад, “Гэгээн хайрын баяр”-аар хайртай нэгэндээ өгөх бэлгээ сонгож амжаагүй бол бидний санал болгож буй бэлгүүдээс санаа аваарай. Мөн нийтлэлд хамтран ажилласан Ark Studio хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье.
Ингээд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын тухай бид юу ярив?
Сэтгүүлч Э.Бөртгөлжин
Unread.media

Eternal sunshine of spotless mind
Дурлал гэдэг...
Жаргаж байгаа нарны улбар туяаг харж буй мэт чиний нүд рүү эгцлэн харах дулаахан харц
Уруул нь чиний арьсанд хүрэлцэх үед биеэр чинь нэвт гүйх цахилгаан долгион
Голын мөсөн дээр оддыг харан хэвтэхэд зөвхөн чамд л сонсогдох зүрхний чимээ
Хэн нэгнийг өөртөө дурлуулсан, түүнд дурласан дурсамжууд магадгүй биднээс алсран холдсон ч тэр мөчид мэдрэгдсэн мэдрэмжүүд хэзээ ч сарниж, хаа нэг тийшээ алга болохгүй. Ийм л болохоор бүтсэн ч бүтээгүй ч бүх л дурлал аз жаргалтайгаар төгсдөг гэдэгт би итгэдэг. Яаж төгссөн нь биш юуг мэдрүүлсэн нь илүү чухал ч байж болох.
Чи бас би ч төгс биш. Бие биендээ төгс нийцдэг, хэзээ ч нэгнээ шархлуулж үзээгүй хосууд гэж хорвоо дээр байхгүй л болов уу. Хэзээ ч тийм дулаахан мэдрэмжүүдийг хамтдаа бүтээлцээгүй мэт нэгнээ үзэн ядах, ой дурдатгалаасаа нэг мөсөн арчаад хаяхыг хүсэх үе ч бишгүй. Дурлал гэж байгаагүйсэн бол бид илүү бага алдаж, зүрхээ илүү цөөхөн шархлуулж, илүү аз жаргалтай байх байсан биз ээ. Хэчнээн их өвддөгийг бид мэдэхийн дээдээр мэдсэн хэр нь ахиад л алдахыг, шархлахыг, цөхрөхийг хүсдэг нь хорвоогийн жам. Магад хүн гэдэг амьтны амьдралаас амсаж болох хамгийн гэгээн, хамгийн сайхан зовлон нь дурлал болохоор бид ийм сонголтыг хийдэг байх…
Яг одоо хажууд чинь хэн нэгэн байхгүй байлаа ч бодох төдийд л нүүрэнд чинь инээмсэглэл тодруулдаг тийм л дулаахан мэдрэмж зүрхний чинь хаа нэгтээ хадгалаастай гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр та хоёрын туулах зам хэзээ ч дахин огтлолцохгүй байж мэдэх ч чиний дотор өөрийнхөө нэг хэсгийг үлдээсэнд нь зүгээр л түүнд талархах хэрэгтэй ч юм бил үү?
Видео продюсер Б.Мөнх-Амь
Unread.media

Хайр гэж юу вэ?
Хайр бол хэлж чадаагүй үгс, хийж чадаагүй үйлдэл, түүндээ харамсах шаналал. Яаж эхлэх, яаж төгсөх нь тодорхойгүй дайн. Бид биенээ хайрласнаар нэгнээ амьдруулж чаддаг бол, хайрлахаа больсноор нэгнээ мөн үгүй хийж чаддаг. Хайр бол хүн төрөлхтний нээсэн хамгийн ойлгомжгүй зэвсэг.
Сэтгүүлч Э.Цэнгэг
Unread.media

"Хэдэн жил хүлээгээд надтай суугаарай"
Урьд цагт нэгэн тосгонд нэхий эдлэлийн үйлдвэр байж гэнэ
Уур уцаар ч гэж жигтэйхэн нэгэн эмэгтэй дарга нь юмсанж
Даруухан нэгэн ажилчин залуу
Даргадаа дурлажээ гэсэн яриа
Хаа сайгүй тархсаар
Хамаг амьтанд түгсээр
Сонсож болохгүй тэр хүний
Сонорт нь хүрээд амжсан байлаа
Хэдэн өдрийн дараа хурал зарлажээ
Хэсэг тээнэгэлзсэн ч залуу танхимд оржээ
“Чи надад сайн юм уу” гэх палхийсэн асуултад
Чих нь улайн суух залуу давхийтэл цочлоо
“Харин тийм ээ” гэж залуу аяархан хариулахад
“Хэдэн жил хүлээгээд надтай суугаарай” гэх нь тэр
Залуу “хэдхэн жил хүлээгээд түүнтэй суух нь дээ” гэж баярлахад
Захирал хэдхэн хормын дараа хийсэн шоглоомоо мартжээ
Амьдралд бэлдэн залуу хүлээсээр, догдолсоор
Амьдрал зохион дарга нь баярласаар, гунигласаар
Хувьчлалд орсон үйлдвэр
Хувиа хичээсэн хуучин нөхрөөс өөр
“Хэнийгээ ч одоо дурсах вэ дээ” гэхэд хаанаас ч юм
“Хэдэн жил өнгөрчихлөө” гэх дуулдлаа
Ойртож ирэн ажилчин залуу
“Одоо надтай сууна биз дээ” гэв
Ингээд тэд анх ч гэх үү, ахин ч гэх үү
Ийм нэг байдлаар учирсан юм даа
Ингэж л би азтай ч гэх үү адтай ч гэх үү
Эрс тэс аав ээжийн охин болон мэндэлсэн юм даа
Одоо харин хэдийн олон жил өнгөрч
Охинд нь ч бас хайр ирэх цаг болж
Хэнийг нь мэдэхгүй ч үргэлж таарах тэр залууд хэлэхэд
Хэдэн жил хүлээгээд надтай суугаарай.
Санал болгох бэлэг: хайраар бялхсан хайрцаг

Жилийн хамгийн амтлаг өдөр болох гэгээн хайрын баяраар та дурлалт бүсгүйдээ сэтгэлээ илчлэхээр тэвдэн байгаа бол битгий сандар, амттанаас татгалзах эмэгтэй гэж бараг байхгүй л болов уу. Зүрхэн шоколад, гүзээлзгэнэтэй бялуу, улаан дарс бол төгс хослол. Энэ бүгдийг нэг багц болгон гэрлээр чимэглэсэн өхөөрдөм хайрцагт хийхэд л хайраар дүүргэсэн хамгийн нандин бэлэг бэлэн болох нь тэр.
Хаяг: Хүргэлтээр
Утас: 99955098
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Гэрэл зурагчин Б.Анарбаяр
Unread.media

Өөрчлөлт
Тун хачирхалтай мэдрэмж. Томьёолж, тодорхойлох боломжгүй тэр мэдрэмж. Хайртай түүнийхээ инээх, уурлах, цадахыг нь харах төдийд баяр баяслаар бялхах тэр л мөчүүд.
Түүнтэй учрахаас өмнө би өөрийгөө ч хайрлаж мэддэггүй, галзуу, дур зоргоороо нэгэн байлаа. Гэхдээ одоо бол түүнтэй арай олон жил хамт байхын төлөө өөрийгөө халамжилж, анхаардаг болчихсон. Магадгүй хүн хэн нэгний төлөө өөрчлөгддөг гэдэг нь энэ байх. (инээв)
Сэтгүүлч А.Марал
Unread.media

хамгийн агуу нь хайр
1 Коринт 13:13 Эдүгээ итгэл найдвар хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь ХАЙР мөн
… Хэрхэн мэдэрч, ухаарч, таньж буйгаас шалтгаалан бид хайрыг тоймгүй олон янзаар томьёолдог юм шиг. Харин миний хувьд дээрх эшлэлд өгүүлж буйгаар ХАЙР бол хамгийн агуу хүч, урам зориг, найдвар, уучлал, нигүүлсэл… бидний хүсэн тэмүүлж олж авахыг зорьдог хамгийн гэгээн, тунгалаг сайхан зүйл. Энэрч, хайрлах уужим сэтгэл, уучлах, хүлээн зөвшөөрөх хатан зориг, хуваалцах золиослох хангалуун сэтгэл эгээ л бүгд хайраас гаралтай юм шиг.
Хүмүүс бүгд л өөрийг нь хайрлаж, халамжлан анхаарч, хачин сайхан үгээр магтаж, тэтгээсэй гэж хүсдэг. Угтаа хүн төрөлхтөн бүтээгдсэн цагаасаа эхлэн хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах хэрэгцээ, шаардлага ус агаар мэт байсаар ирж. Гэвчиг чухал нь хайрлуулсан хүн л хайрлаж чаддаг. Энэ нь үзэж харахаас, онол болгож мэдэхээс, цээжний бангаар хариулахаас даруй өөр зүйл.
Бодитоор мэдэрч, ухаарч, үйлдлээр хариу гарах зүй тогтолтой. Хувьдаа библийг судалж хайрын тухай үнэн мөн чанарыг ухаарсан гэх үү дээ. Гэр бүлийн хайр, хосын хайр, анд нөхдийн хайраас давсан жинхэнэ хайрыг өгүүлдэг. “ Иохан 3:16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа” ... Энэ хайр хэзээ ч дуусахгүй, нүүр буруулахгүй, гомдоохгүй, хохироохгүй …үргэлж халин бялхаж үерлэж байдаг.
1 Коринт 13:4-8 Хайр тэвчээртэй, энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр бардамнадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, хувиа боддоггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй…
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: нүд, сэтгэлийг зэрэг баясгах амттан

Амсах төдийд бялуурам өтгөн крем, амтат жимсний баялаг нийцэл. Яг л дөнгөж нахиалж буй хайр мэт бялхам амт. Идэхэд хүртэл хайран санагдах, хайрцгийг нь нээх агшинд л нүд хийгээд сэтгэл зэрэг баясах энэ амттан таны хайртыг баярлуулах нь гарцаагүй.
Хаяг: Хүргэлтээр
Утас: 80116474
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Редактор Д.Түшигт-Эрдэнэ
Unread.media

амьдрах = Хайрлах
Өөрөөсөө юунд хамгийн их хайртай вэ гэж асуулаа. Гэр бүл, нойр, ажил, гар утас, цай гээд л уртаас урт жагсаалт үүсэж, алийг нь хамгийн их гэж өргөмжлөхөө ч мэдэхээ болив. Тэгээд ахиад хэсэг бодлоо. Бодож, бодож хариултыг нь олов бололтой. Тэр бол амьдрал.
Миний хайрласан, хайрлаж байгаа, ирээдүйд хайрлах бүхэн амьдрал гэх он жилүүд эсвэл орон зайд багтана.
Тэгвэл би амьдралд хайраа хэрхэн илэрхийлдэг юм бол? Тун энгийн. Өглөө орноосоо босдог. Хоолоо сайн иддэг. Хэцүү санагдвал бууж өгдөг. Дуртай цувралаа олон дахин үздэг. Ядарсан үедээ унтдаг. Дасгал хийдэг. Ажиллаж мөнгө олдог. Олсон мөнгөө хэрэгтэй, хэрэггүй зүйлд зарцуулдаг. Алддаг бас онодог.
Хайрлана гэдэг нь зөвхөн кинон дээр л гардаг романтик үйлдлүүд биш байх. Өдөр бүр хийж буй уйтгартай, инстаграм дээр гоё харагдахгүй тэр л үйлдлүүд бүгд эцсийн дүндээ амьдрахын төлөө байдаг.
Тэгэхээр миний хувьд зүгээр л чадахаараа, чин сэтгэлээсээ амьдрах нь хайраа илэрхийлж байгаа “хайрын хэл” маань юм даа.
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: хээнцэр ОРШИХУЙН төгс илэрхийлэл

Эрэгтэй хүн гэхээрээ л заавал хээгүй байх ёстой гэсэн үг биш. Эрчүүд ч гэсэн ганган, хээнцэр хувцаслаж болно. Ингэж хувцаслахад туслах газар бол яах аргагүй Premier Tailor юм шүү.
Хаяг: Шангри-Ла Маллын замын хойд талд
Утас: 77110050
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Сэтгүүлч М.Саранзаяа
Unread.media

Миний хайрын хэл бол халамж
Би нэг удаа “Би чамд хайртай гэж хэлэлгүйгээр илэрхийлэх гээд үзвэл та яах байсан бэ?” гэx асуултыг хаа нэгтэйгээс уншиж байсан юм. Энэ үеэс хойш миний хайрын хэл бол хайртай гэж хэлэх бус, хайртай гэдгээ үйлдлээрээ ойлгуулах юм байна гэдгийг тунгааж ойлгосон. Яаж юм бэ гэж үү?
Уулзаж салаад хэдэн хормын дараа гэртээ харьсан уу гэж асуух, өөрийн гараар хоол хийж өгөх, унтаж байхад нь чимээ гаргахгүй байх нь бүгд хайртай гэж хэлж байгаагаас ямар ч өөрцгүй. Үг хэдий хүчтэй ч үйлдэл биднийг хэлэхээс өмнө хайртай гэдгийг ойлгуулдаг.
Хамтын ажиллагааны менежер Б.Энхтуул
Unread.media

Хайрлах амархан
Хайрыг харах өнцөг, хайраа илэрхийлэх арга хүн бүрийнх өөр байдаг. Хайраас хүлээх хүлээлт нь ч бас ялгаатай байдгаас болж хааяа үл ойлголцол үүсдэг ч гэсэн өдрийн төгсгөлд хайр л ялдаг гэж би боддог. Миний хувьд “Gift giving” буюу хайртай хүмүүстээ жижиг том хамаагүй бэлэг өгч, хайраа илэрхийлэх хамгийн дуртай. Хайртай хүмүүсийнхээ дуртай зүйлсийг марталгүй санаж, уулзах болгондоо дуртай амттанг нь гар сунгах гээд шалтгаангүй бэлэг өгөх нь надад өөрөө бэлэг авч байгаагаас илүү аз жаргалыг мэдрүүлдэг.
Мөн act of service-үйлдлээрээ хайраа илэрхийдэг. Ихэнхдээ дуртай хоолыг нь хийж өгч, хэрэгтэй зүйлсэд нь тусалж, өдөр тутамд нь үгнээс илүү үйлдлээрээ хань болж хажууд нь байхыг хүсдэг. Халамжилж, санаа тавих нь ямар ч хүний хайраа илэрхийлэх хамгийн түгээмэл арга байдаг байх. Хүнийг хайрлах миний хувьд лав амархан санагддаг. Жаргалтай, тухтай бас тайван байлгахыг хүсдэг тэр сэтгэлээ дагаад тэр хүмүүсийнхээ төлөө хийж байгаа зүйлс ч амархан байдаг. Харин хэцүү байвал хайр биш гэж боддог доо.
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: ЧИ ЯГ УРАН ЗУРАГ ШИГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ...

Гоо сайхны бүтээгдэхүүнд дургүй эмэгтэй хүн тун цөөхөн болов уу. Канадад 1984 онд үүсгэн байгуулагдаж, Монгол улсад өнгөрсөн оноос албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн MAC cosmetics-с хайртай эмэгтэйдээ өгөх бэлгээ сонгоорой.
Хаяг: Шангри-Ла Малл 1-р давхар
Утас: 77051122
Сошиал хуудас: фэйсбүүк
Сэтгүүлч Ц.Мажигсүрэн
Unread.media

Амар амгалан
Ойрын үед шимтэн уншиж буй номон дээр маань “Амьд биетийг яагаад, ямар учраас амьд гэдгийг нь тодорхойлоход бэрх” гэсэн санааг өгүүлж байгаа юм. Нээрээ л “Амьд” гэдгийг тогтсон нэг зүйлээр тодорхойлох боломжгүй шиг хайрыг ч бас хүн бүр өөрийнхөөрөө, тэр ч байтугай ганц хүний хувьд ч олон янзаар тодорхойлогдож болмоор. Мөн үүнд зөв, буруу гэсэн хэмжүүр ч үгүй.
Тэгвэл бид хайрлагдаж байгаагаа яаж мэдэрдэг вэ? Сэтгэлийн амар тайван байдал бол миний хариулт. Ямар нэг сэтгэл түгшээх зүйлгүй байж, хайртай нэгнээсээ амар амгаланг мэдэрнэ гэдэг хэчнээн их хайр билээ дээ...
Энд зөвхөн эрэгтэй эмэгтэй хүний хайрыг ярих гээгүй юм шүү. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчид гээд бидний ач холбогдол өгч буй бүх харилцаа багтана. Танаас нэг зүйл асууя. Та хаана, хэний хажууд хамгийн тайван мэдрэмж авдаг вэ? Бас та хэн нэгний хувьд амар тайван байх тэр орон зай, цаг хугацаа нь байж чаддаг уу?
Нягтлан бодогч А.Удвал
Unread.media

Дурсамж ба сургамж
Хайр гэдэг ойлголт миний хувьд 10 жилийн өмнө хамтдаа гадуур болзох, кино үзэх, утсаар ярих, мессеж бичих, тэврэлт зэргээр л хязгаарлагддаг байжээ. Харин одоо хайр гэдэг нь ямар ч инээдтэй мангар үйлдэл хийсэн өхөөрдөм байна гэж нэгнээ эрхлүүлэх, хүсэл сонирхлыг нь ойлгон дэмжиж туслах, өвдөж ядарсан үед нь өөрийн гараар шөл хийж өгч асрах, хувийн орон зайг нь хүндлэх, бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, өөрөө ч ойлгохгүй болтлоо эрхэлж ярих, алдаа дутагдалтай байсан ч нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, амралтын өдрөөр хүүхэлдэйн кино үзэнгээ зүгээр л гэртээ болзох нь хэчнээн сайхан бэ гэдгийг тэр минь надад ойлгуулж байна даа.
Хосын харилцаанд итгэл, хүндлэл, нэг нэгэндээ хувийн орон зайг нь өгөх зэрэг нь мэдээж чухал байлгүй яах вэ. Гэхдээ бас нэгнийхээ хайрын хэлийг мэддэг болсон цагт харилцаа илүү амар болдог юм шиг ээ...
Би найз залуутайгаа есөн жилийн хугацаанд хамт байгаа болохоор бие биеийгээ нэлээн л мэддэг болчхож. Юунд дуртай дургүй, яавал уурлаж гомддог, ямар үйлдэлд баярладаг гээд л...
Уртаас урт чат, захидал бие биедээ илгээх нь бидний хувьд хамгийн чухал. Үерхлийн эхний жилүүдэд ичээд ч тэр юм уу мэдэхгүй, бид хоёр нүүр нүүрээ харж ярилцаж чаддаггүй зүйлсээ чат, захидалдаа илэн далангүй бичиж өгдөг байсан юм. Хайраа илэрхийлэхдээ, уучлалт гуйхдаа, урам өгөхдөө, чухал тэмдэглэлт өдрүүддээ гээд л. Бүх л захидлаа бид хоёр хадгалдаг. Энэ жилийн гэгээн хайрын өдрөөр бие биедээ ээлжит захидлаа өгөх гээд л хоног тоолон хүлээж сууна даа.
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: амттанаар бялхсан болзоо

Хайрын өдрөөр хостойгоо юу хийхээ хараахан товлоогүй байгаа бол Belchika Dessert амттаны ертөнцийг болзоондоо багтаагаарай. Зөвхөн та хоёрт зориулж гараа гарган урласан төрөл бүрийн дессертийг амтлангаа яг л чихэр шиг нялуун үгсийг хоёр биеийнхээ чихэнд шивнэхээ мартуузай.
Салбар 1: УИД-ийн урд байрлах Хаан буузны урд, фоунтайны баруун талд. 10.00-20.30
Салбар 2: Тэнгис кинотеатрын дотор 1 давхарт. 13.00-21.30
Салбар 3: Шангри-Ла моллын 3 давхарт. 10.00-20.30
Утас: 99020459
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Туслах нягтлан бодогч А.Цэндбаяр
Unread.media

Хайрын тодорхойлолт
Хайрыг бид өөр өөрийнхөөрөө бодож, тодорхойлдог ч хэн нэгэнд ямар нэг шалтгаан, нөхцөлгүйгээр татагдахыг хайр гэж хэлбэл нэг их хол зөрөхгүй болов уу. Хайрлаж байгаа хүн чинь хэн байх, ямар байхаас үл хамаарч түүний бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх чинь л хайр шүү дээ. Хайртай хүнээ хараад шалтгаангүйгээр догдолж түүнтэйгээ аль болох удаан хамт байхын тулд өөрийн үнэтэй зүйлээ ч золиослосон харамсахааргүй тийм л мэдрэмж төрөхийг Цэндбаярын зүгээс хайр гэнэ.
Хайрыг хүмүүс хоорондын харилцаанд гүнзгийрэн дотноссон хэлбэр гэж би ойлгодог. Чиний хайртай хүн дэргэд чинь байх боломжгүй болсон үед л ямар их хайртайгаа улам ихээр мэдрэх нь хүн төрөлхтөнд бурхнаас үлдээсэн байгалийн зан юм болов уу гэж бодож байна. Тиймээс хайртай хүнээ хажуудаа байхад хайрлаж, гомдоохгүй байхын төлөө хичээж амьдарцгаая.
График дизайнер С.Мөнх-Эрдэнэ
Unread.media

сохОР ГЭРэл
/сохОР ГЭРэл/
Хүлээлт бүхэн гунигтай биш
Хүсэл бүхэн гайхамшигтай биш
Төгс зүйлд би итгэхгүй
Үнэн зүйлд би шунахгүй
Нар мандана…..
Жамаараа
Харин дараа нь?
Нар эргэж ирэх болов уу?
Түүнд очих өөр газар байгаа болов уу?
Аль эсвэл би байнга нарыг дагадаг юм болов уу?
Тэгж таарлаа…
Нарны шоронд байгаа мэт мэдрэгдэх
Би зүгээр…
Надад бодох эрх байвч
Хэлэх эрх байхгүй мэт
Нүдэндээ хүртэл итгэх хэцүү юм
Нар гэж бодсон ч тэр зүгээр л гэрэл байж
Би түүний дулааныг л мэдрэх төдий
Би түүний хоолойг л сонсох төдий
Сохорсоор ... бага багаар
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: сэтгэлийн үгсээ дайх цэцгийн баглаа

Эрт цагт хайр, гоо үзэсгэлэнгийн бурхан Афродитагийн амраг Адонис үхлийн шарх авах үед түүний цус, нулимс холилдсон газраас час улаан сарнай цэцэг дэлгэрсэн домогтой. Өнө эртнээс авхуулаад орчин цаг хүртэл хайртдаа цэцэг илгээх нь түүнийг гэх чин сэтгэлээ илэрхийлж буй нэгэн хэлбэр байсаар ирсэн билээ. Энэ жил Tiffany-ийн цэцгийн баглаагаар дамжуулан үгээр илэрхийлж боломгүй хайрын үгсээ цор ганц түүндээ дайхыг танд санал болгоё.
Хаяг: Улсын Их Дэлгүүрийн зүүн талд Гандирсын хойно зам дагуу
Утас: 99062952,91995548
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Видео эдитор Б.Будрагчаа
Unread.media

Миний мэдрэмж
Танихгүй хэрнээ мэддэг ч юм шиг, огт уулзаж үзээгүй мөртлөө байнга хамт байсан юм шиг, хэчнээн хол байсан ч дэргэд байгаа мэт мэдрэмж.
САНАЛ БОЛГОХ БЭЛЭГ: хамтдаа бүтээх нандин дурсамж

Баярын бэлэг гэхээр заавал биет зүйл байх албагүй. Хамтдаа олон жилийн турш дурсах, утга учир бүхий нандин дурсамжийг бүтээх нь үнэлж боломгүй үнэ цэнтэй бэлэг болно гэдгийг санаарай. Хамтдаа хос хувцас өмсөөд гэрэл зургийн студид зургаа авхуулж ч болох. Бидний зүгээс Ark Studio-ийн Валентины баярыг тохиолдуулан хосуудад зориулан гаргасан коллаж багцыг санал болгож байна.
Хаяг: 10-р хороолол Стелла төвийн зүүн хойно 1 давхарт
Утас: 8972-7700
Сошиал хуудас: фэйсбүүк, инстаграм
Контент менежер Г.Оюунлхам
Unread.media

"гэрлэж амжаагүй явна"
Мэдэхгүй юм, цаг хугацаа өнгөрөх тусам л “Хайр” гэдэг энэ үгнээс илүү ихийг мэдэрч, тэр чинээгээрээ ойлгохоо больж байх шиг. Магад бага балчир байхдаа л өөртөө итгэлтэйгээр, ам дүүрнээр “Хайр бол …. юм.” гээд тодорхойлж хэлж чаддаг байсан байх. Харин одоо бол үгүй ээ. Хамгийн тодорхой мэт хэр нь хамгийн ойлгомжгүй зүйл миний хувьд хайр болчхоод байна.
Хорвоо дэлхий дээрх тоолж баршгүй олон төрлийн хайрын дотроос романтик хайрын бэлгэдэл болсон Валентины өдөрт зориулсан контент тул өөрт минь хайр дурлалыг хамгийн сайхнаар мэдрүүлдэг нэгэн дууг боломж олдсон дээр нь задлан тайлбарлахыг хүслээ.
Сайхан хайрын дуу сонсох бүрд уярч хайлахын сацуу цагаан атаархал төрдөг. Ийм сайхан хайр байдагт, тийм сайхан хайрлуулсанд нь, түүний дотор юу юунаас илүүтэй тийм нандин хайраа ийм яруугаар мөнхөлж чадахуйц дурлалт хүнтэй байсных нь төлөө тэдгээр уран бүтээлийн үүдэл болсон эздэд нь атаархдаг.
Миний хувьд энэ мэдрэмжийг тултал төрүүлж өгдөг дуу бол 1981 онд бүтээгдсэн “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу. Найруулагч Ж.Бунтар гуайн кинондоо зориулж бичсэн шүлгийг З.Хангал гуай дэндүү сайхан мэдэрсэн нь энэ дууг утгаар нь амьдруулж өгчээ. Эмэгтэй хүн амьдралдаа ийм л “хайр”-ыг хүсэж явдаг болов уу даа гэж боддог. Бага балчир байхад кинон дээр гардаг гал шиг халуун дурлал л хамгийн хүсэмжит зүйл шиг санагддаг байсан бол одоо дурлалаас илүү тогтмол үргэлжлэх хайр л сонин санагдах болсны илрэл нь энэ ч байж болох. Өдөрт хэдэн ч удаа сонсож чадах уг дууны эзэн нь хэрвээ би байсан бол сонсох бүрдээ хайртай хүнээ бодож, нүдэнд баярын нулимс цийлгэнэж, нүүрэнд хайрын мишээл үргэлж тодрох нь гарцаагүй. Тийм л хүчтэй мэдрэмж авдаг билээ. Доор тайлбарлах гэж оролдъё:
Гэрлэж амжаагүй явна
Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ
Эмэгтэй хүнийг төрсөн нутаг, төрүүлсэн ээжтэй нь холбон магтаж байгаа энэ хэсэг үнэхээр нандин. Гарал угсааг нь хүлээн зөвшөөрч, гэр бүлийг нь хамтад нь хайрлахаа илэрхийлжээ. Магадгүй гэр бүлсэг шинжтэй дорнын хайр, зөрчил дүүрэн нөхцөлд өшөөтнийхөө охинд дурлан амьсгал хураадаг өрнийн дурлалын оргил зохиолуудаас үүгээрээ ялгардаг байж мэднэ. Хайр бол зөвхөн тэр хүнээ бус харин түүнтэйгээ холбоотой бүхий л зүйлсийг ялангуяа гэр бүл, хүмүүжил төлөвшлийг нь хүлээн зөвшөөрч, хайрлахын нэр биш гэж үү?
Харах тусам нүдэнд өөриймсөөд
Хайрлах тусам зүрхэнд хоногшино
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа
Анхны харцаар дурладаг сэтгэл хөдлөл дүүрэн ч гэлээ хэдий хугацаанд үргэлжлэх нь тун ч эргэлзээтэй гал халуун дурлалаас илүү өдөр тутамдаа нэгэн хэвийн мэт хэрнээ хэзээд үнэнч байх хайрыг би “жинхэнэ” гэж үзнэ. Харах тусам нүдэнд өөриймсөж, хамт байх тусам залхдаг биш зүрхэнд нь хоногших ажээ. Чухамдаа тэр үед л үнэн хайртай болсноо мэдэж, сая л нэг хүлээн зөвшөөрч байгаа нь үнэхээр эрүүл бөгөөд ул суурьтай хандлага биш гэж үү? “Хайртай шүү, хайраа” гэх үгс хэдхэн болзооны дараа хээв нэг хэлэгдэх болсон өнөө үед хайрын тухай ойлголтыг, хайр гэдэг үгийн үнэ цэнийг ахин бодоход хүргэдэг бадаг. Учир нь энд харц зуурын дурлал биш цаг хугацаанд шалгарч буй хайрыг дүрсэлсэн болохоор тэр. Ирээдүйд ирэх ямар ч бартааг хамтдаа туулахад бэлэн болсон мэт л. Бадгийн төгсгөлд “Надтай гэрлээч, эхнэр минь болооч, хоёулаа сууя” гэх мэт хаана л бол хаана сонсогддог түгээмэл үг биш, харин “Ханийн жаргал хайрлаач наддаа” гэсэн нь монгол хэлний баялаг санг мэдрүүлдэг. Хань минь болох сонголт чинь л надад жаргал бэлэглэнэ гэдэг давхар утга илэрхий дайгджээ.
Онгон зүрхний чинь хайрыг амтлах гээд
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ
Хэн хэндээ ариун очиж буйг тодотгосон энэ бадагт өнөө бидний ярих болсон “Soulmate” буюу заяаны хань гэх ойлголтыг тун ч уран яруу бичсэн байгаа юм. Хос хоёр хэн хэнийхээ анхных байх албагүйг өнөө цагт ухаж ойлгуулдаг болсонтой энэ тал нь зөрчилдөж магадгүй ч гэлээ тэр үеийн хайрын стандарт ийм байсныг өнөө үгүйсгэх нь учир дутагдалтай. Үүнээс үл хамааран бие биедээ зориулагдсан гэмээр хүмүүс учрах шиг жаргал хаана байх билээ. Үүнд л төвлөрье.
Жаргал амтлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоог хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая
Өгсөн хайранд нь эрхгүй жаргаж буй хайрт бүсгүйнхээ энэ л төрхийг насан туршдаа сэвтээхгүй байхаа амласан нь юутай атаархам. Ийм богинохон хоёр мөр дотор эр хүний итгэл, хайр, халамж, сэтгэл, үнэнч байдал, ноён нуруу, хариуцлагыг цөмийг нь нэгтгээд нэвт шингээсэн бичгийн чадвар нь гайхалтай. Бүсгүйчүүд бид ийм л сэтгэлтэй хүнийг “эр хүн” хэмээдэггүй гэж үү. Хайртай бүсгүйгээ дууны төгсгөлд “Ханийн түшиг” хэмээн онцолжээ. Дууны эхэнд ханийн жаргал хүсэж байсан бол дууны төгсгөлд тэд хувь тавилангаа хэдийн холбосныг үүгээр илтгэнэ. Нөгөө талаас нөхөр толгойлох ёстой эсвэл хэзээд эхнэрийн зөв гэхчлэн заавал хэн нэгнийг нь илүү, давамгай байлгах гэсэн маргаантай бөгөөд, жендэрийн мэдрэмжгүй хандлагад “Ханийн түшиг” хэмээх үг дэндүү тодорхой хариулт болох мэт. Арга билиг шиг нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй энэ л хосоор туулах хувьтай амьдралд нэг нэгийнхээ дээр гарах гэлгүйгээр бие биеэ ижил хэмжээнд түших нь гэр бүлийн эрхэм шинж билээ. Хэн хэнийхээ нүднээс жаргал мэлтэртэл хайрладаг хосууд, гэр бүлүүд хэчнээн сайхан.
Зөв хүнтэйгээ, зөв цагтаа учирснаа бүрэн мэдрэх тэр өдөр ирэх хүртэл бие биеэ олж чадсан азтай хосуудад жаргалыг хүсэж байгаарай. Гэрлэж амжаагүй яваа л болохоос гарцаагүй сайхан хайртай учрах хүн бүрд хосоороо өнгөрүүлэх ирэх олон жилийн Валентины мэндийг урьдчилан хүргэе.
- Чи бид хоёрын зам ийш нэг нийлэх юмаа даа?
- Очих газар нэг биз дээ...
"Гэрлэж амжаагүй явна"

Сэтгэгдэл бичих (1)


S Sun 2023.02.13 64.119.31.21
Контент менежер Г.Оюунлхам нийтлэл маш их таалагдлаа. Мэдрэмж дүүрэн байлаа. Баярлалаа. Бүүр олон нийтлэл уншмаар боллоо