Дэлхий ертөнцийн нэгэн хэсэг гэдгээ мэдэрч, өөрийгөө сонсож, цоо шинэ соёл иргэншилтэй танилцах нь амьдралаас мэдэрч болох хамгийн гайхалтай таашаалуудын нэг. Тиймдээ ч бид энэ удаагийн А-Я буландаа үзэсгэлэнт далайн эргүүд, баялаг түүх соёл, олон төрлийн амтат хоолоороо зочлон очсон хэн бүхний сэтгэлийг булаадаг Вьетнам улсын тухай тайлбарлахаар бэлтгэлээ. Хэрэв та энэ өвөл хайртай хүмүүстэйгээ халуун орныг зорихоор зэхэж буй бол анхаарлаа нааш хандуулаарай.
Цаг хором бүрд цоо шинийг эрэлхийлэх хүсэл зүрхэнд булгилавч ажил, амьдралын олон асуудал ар араасаа хөвөрсөөр, нэг л мэдэхэд бид аялал, адал явдлыг хойшлуулсаар байдаг нь гачлантай. Гэвч сүүлийн хоёр жилийн турш цар тахал, хөл хорионы ард өнгөрүүлсэн олон өдрүүдийн дараа бид амьдралдаа дурсамж бүтээх нь хэчнээн үнэ цэнтэй зүйл болохыг ухаарсан биз ээ. “Ажлаа зохицуулчхаад л нэг мөсөн болъё” хэмээн хойшлуулах бус дотнын хүмүүстэйгээ бүтээх мартагдашгүй дурсамжид яг одоогоос л цаг зарцуулах хэрэгтэй мэт.
а бол аялал жуулчлалын орон
Том жижиг 1000 шахам арлаас бүрдэх тус улсын нийт нутгийн 40 хувийг өндөр уулс, үлдсэн хэсгийг халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба таваас аравдугаар сар хүртэл борооны улирал үргэлжилдэг тул жуулчдын хувьд арваннэгээс дөрөвдүгээр сар хамгийн тохиромжтой сонголт юм. Энэ үед агаарын хэм дунджаар +20 орчимд хэлбэлзэх тул бүгчим цаг агаар угтан авах вий хэмээн санаа зовох шаардлагагүй.
Цар тахлаас өмнө жилдээ 18 сая гаруй жуулчин хүлээн авч, зөвхөн аялал жуулчлалын орлогоосоо ДНБ-ийнхээ дөрөв орчим хувийг бүрдүүлдэг тэдний хувьд дэлхий даяар зочломтгой, найрсаг, сайхан инээмсэглэлтэй ард түмэн гэдгээрээ алдартай. Ард иргэд нь тайван амгалан, аюулгүй байдлын хувьд ч Зүүн өмнөд азийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй аюулгүй тул гэр бүлээрээ аялахад нэн тохиромжтой.
Манай улсын хувьд 2010 оноос эхлэн Вьетнамын шууд нислэгтэй аяллыг дотоодын "Жуулчин" компани анхлан зохион байгуулснаас хойш энэ тийш зорчин аялах аялагчдын цуваа өнөөг хүртэл үргэлжилж байна. Үүнд онлайн визийн үйлчилгээ нэвтэрсэн нь ч ихээхэн нөлөөлсөн ажээ.
б бол бүгд найрамдах социалист улс (БНСВУ)
Одоогоос бараг 40 жилийн өмнө, урт хугацаагаар үргэлжилсэн дайн дуусаж, хойд, өмнөд Вьетнам нэгдэж чадсан ч улс төрийн хувьд бусдаас бүрэн тусгаарлагдсан байв. Засгийн газрынх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шийдвэрүүд дайны дараах бүтээн байгуулалтыг удаашруулж, дайны хөлд туйлдсан иргэдийнх нь аж амьдрал сайжирч чадахгүй л байлаа.
Тиймээс 1986 онд Вьетнамын Засгийн газар хатуу чиг шугамтай, эдийн засгийн бодлогоо зөөлрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дуртайяа хүлээж авах болсон нь өнөөгийн эрчимтэй өсөлт үзүүлж буй эдийн засгийн суурь болсон хэмээн судлаачид үздэг. Засаглалын хувьд ардчиллыг сонгоогүй ч гадаадын хөрөнгө оруулалт, дипломат харилцаа, бизнес эрхлэх таатай нөхцөлийг харгалзан үзвээс тэд хэдийнээ чөлөөт эдийн засгийн зам руу шилжжээ.
в бол вьетнамын дайн
Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан бөгөөд удаан үргэлжилсэн мөргөлдөөн нь Вьетнамын дайн байсан юм. Хэлэлцээр, зөвшилцөл болсон хугацаатай нийлээд 20 орчим жил үргэлжилсэн уг дайн ганц Вьетнам ч биш Лаос, Камбожын нутаг дэвсгэрийг хүртэл хамруулсан байдаг.
Өнгөн хэсэгтээ хөгжиж буй улс орны хуваагдмал дайн мэт боловч цар хүрээ, бодлого зорилгын хувьд хөгжингүй орнуудын үзэл баримтлал, засаглалын нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөх дайсагнал байснаараа хоёр Солонгосын зөрчилтэй төстэй.
Уг дайнд Өмнөд Вьетнамын ард байсан АНУ-ын арми техник технологийн хувьд давуу байсан ч газар нутгаа сайтар мэдэхийн зэрэгцээ нутгийн иргэдээс тусламж авч байсан Вьетнамын үндсэрхэг үзэлтнүүд, коммунистуудад ялагдсан билээ. Дайнд Вьетнамын хоёр талаас нэг сая цэрэг эрс, дөрвөн сая жирийн иргэд амь насаа алдсан бол нөгөө талаас АНУ-ын 58 мянган цэрэг эрс үрэгджээ.
1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон руу коммунистууд довтолж эзэлснээр арван жил үргэлжилсэн дайны гал зогсож, 1976 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам нэрийн дор улсаа нэгтгэсэн түүхтэй.
Шинэ Засгийн газрын үед амь насаа алдах вий гэсэн айдастай мянга, мянган хүн завиар дүрвэсэн ч хөрш орнуудад хүрч чадалгүй живсэн харамсалтай түүх бий. Өмнөд Вьетнамаас сая орчим дүрвэгсэд эх орноо орхиж, АНУ-д суурьшсан байна.
г бол гиннесийн амжилтууд
Вьетнам улс нийт 92 гиннесийн амжилтыг эзэмшдэг. Энд дэлхийн хамгийн том агуй, дэлхийн хамгийн урт шилэн гүүр, дэлхийн хамгийн том домгийн керамик баримал гээд олон төрлийн амжилтууд бий.
Тэднээс хамгийн отгон Гиннесийн амжилтад тооцогдох "Bach Long" буюу орчуулбал "Цагаан луу" нэртэй дэлхийн хамгийн урт шилэн гүүр нь Вьетнам улсын нийслэл Ханой хотоос 200 км зайд, Сон Ла мужийн Мок Чау дүүрэгт байрладаг. Энэ гүүр 2.5 метр өргөнтэй, 633 метр урттай, 150 метрийн өндөрт оршдог, 450 хүний даацтай. 2022 оны тавдугаар сарын 28-нд нээлтээ хийхдээ БНХАУ-ын 72 метр урттай "Чинюань" гүүрний Гиннесийн амжилтыг эвдэж дэлхийн хамгийн урт шилэн гүүр болжээ.
д бол дой мой
Тус улсын Засгийн газар 1986 оны арванхоёрдугаар сард "Дой Мой" (орчуулбал шинэчлэл) бодлогыг хэрэгжүүлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт (market orientied) эдийн засагт шилжжээ. Гол зорилго нь олон салбарыг хамарсан эдийн засгийн тогтолцоог дэмжиж, эдийн засгаа сайжруулж, шинэчлэл хийх явдал байв.
Учир нь 1976 онд хоёр Вьетнам дахин нэгдсэний дараа эдийн засгийн уналт, ажилгүйдэл, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, инфляцын огцом өсөлт, өрийн асуудал газар авсан байлаа. Уг бодлогыг тууштай, тогтвортой хэрэгжүүлснээр 2000 он гэхэд Вьетнам улсын нэг хүнд ногдох ДНБ 95 ам.долларooс 390 ам.доллар болж өсжээ. Харин 2021 оны байдлаар уг тоо 3,694 ам.долларт хүрсэн нь "Дой Мой" бодлого амжилттай хэрэгжсэний үр дүн хэмээн үздэг.
е бол еээ, ингээд саятан болчихлоо гэж үү?
Вьетнам улсын үндэсний мөнгөн дэвсгэрт нь "дон". Донын ханш нэлээд сул тул 23,710 дон АНУ-ын нэг ам.доллартой тэнцдэг. Энэ нь монгол төгрөгөөс 6.7 дахин сул ханштай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, та Вьетнамд очоод 100 доллар солиулахад л хоёр сая гаруй донтой болох бөгөөд хормын дотор саятан болсон мэт мэдрэмжийг авч болох юм шүү.
Тийм ч болохоор, эдийн засгийн харилцаанд вьетнам дон болон америк долларыг хослуулан шууд ашиглаж болдог ба энэ нь ч жуулчдад заавал мөнгөө солиулахгүйгээр хурдан шуурхай үйлчилгээ авах боломж олгодог.
ё бол ёооё ямар халуун юм бэ?
Вьетнам улсын газар нутаг сунаж тогтсон байрлалтай учраас хойд хэсгээрээ сэрүүн, урд хэсгээрээ халуун уур амьсгалтай. Таваас аравдугаар сар хүртэл борооны улирал үргэлжилж, арваннэгээс дөрөвдүгээр сар хүртэл хуурай, халуун уур амьсгалтай байдаг. Тиймээс сэрүүний улиралд аялахад тохиромжтой. Хойд нутагт дунджаар агаарын температур +27-өөс 34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-ээс 28 хэм дулаан байдаг байна.
ж бол жижиг бизнесүүд
Вьетнамын амьдрал гудамжиндаа өрнөдөг гэх үг бий. Унтахаас бусад, амьдралынхаа бүх л идэвхтэй цагууддаа гудамжинд төрөл бүрийн бизнес эрхэлж өнгөрүүлдэг ард түмнийх нь эелдэг найрсаг бөгөөд юуг ч хөнгөн хялбараар сэтгэн хийдэг хөдөлмөрч занг нь дурын гудамжнаас харж болох тул ийн нэрийдэхээс ч аргагүй байсан болов уу.
Мотоциклынхоо ард жижиг чиргүүл зүүгээд л хөдөлгөөнт гуанз, цайны газар, кофе шоп ажиллуулж, толь тогтоогоод л таарсан газартаа үсчний үйлчилгээ үзүүлж орхино гээч. Уламжлалт бизнесүүдээс гадна чих ухахаас эхлээд сонирхолтой, содон үйлчилгээ ч бас цөөнгүй бий.
з бол зүүн өмнөд ази
Зүүн өмнөд Азийн бүс нутгийг үндсэн хоёр дэд бүс нутагт хуваан авч үздэг. Үүнд, эх газрын (Энэтхэг-Хятадын хойг), арлуудын хэсэг (Малайн арлууд) гэж хуваагддагаас Вьетнам улс эх газрын хэсэгт ордог байна.
Вьетнам улс Зүүн өмнөд Азийн далайн гол зам дээрх газар зүйн таатай байрлал болон байгаль цаг агаарын нэн таатай орчинтой учраас аялал жуулчлалын таатай бүс нутаг болдог аж. "S" үсгийг татаад сунгачихсан юм шиг хэлбэртэй учраас босоо тэнхлэгийн дагуу нэг захаас нөгөө зах руу нэг ч хот, тосгоныг алгасалгүй шулуун аялал хийх боломжтой нь аялагчдад таатай санагдах нь гарцаагүй бизээ. Хойд цэгээсээ урд цэг хүртэл 1650 км үргэлжлэх энэ улс байгалийн үзэмжээрээ алдартай.
и бол импорт, экспорт
Вьетнам улс өдгөө экспорт, импортын хэмжээгээрээ дэлхийд эхний 20 дугаарт бичигдэх томоохон үйлдвэрлэгч улс болоод буй. Өнгөрсөн онд гэхэд манай улс Вьетнам улсад 485 мянган ам.долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам улс үүнээс 165 дахин их буюу 80 гаруй сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг манай улсад импортолсон байна. Жилд 370 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолдог тус улсын хувьд энэ жил экспорт нь 9.46 хувиар өсөж, 368 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа нь тун урамтай.
Үйлдвэр, худалдааны төвүүд шинээр барьж байгуулж, чөлөөт худалдааг дэмжин, хүнс, эрчим хүчний хангамжийг дотооддоо бүрэн шийдэхэд ихээхэн анхаарснаар өдгөө импортлогч улсаас дэлхийн гуравдах том цагаан будаа экспортлогч улс болж, богино хугацаанд өндөр өсөлтийг үзүүлсээр байгаа юм. Хэдийгээр өндөр инфляц, мөнгөний ханш зэрэг нь сул тал болох ч дэлхийн худалдаа арилжааны хэлхээ болж, нөлөөллөө тасралтгүй нэмэгдүүлж байгааг онцлууштай.
к бол колоничлолын үе
Эртний вьет угсаатнуудын хувьд хоёронтаа үндэстний ондоошил, ялгаралд нь илтэд нөлөөлөхүйц эзэрхийлэлд өртөн, колоничлогдож байжээ. Азийн нутаг дэвсгэрт үүсэн бий болсон бүх л үндэстний нэгэн адилаар тэдний түүхэнд ч Хятад улс ул мөрөө тод томруунаар үлдээсэн нь эрин дамнан үргэлжилсэн 1000 гаруй жилийн колоничлол байлаа.
МЭӨ-өөс л эхэлсэн энэ эзэрхийлэл МЭ-ний Х зууныг хүртэл үргэлжилсэн нь вьет үндэстний зан заншил, хэл соёлд хятад хэв маяг хэдий хэмжээнд шингэснийг таамаглахад ч бэрхтэй болгосон нь ойлгомжтой.
Вьетнамчуудын хувьд дараагийн том колоничлолын эзэн нь ХIX зууны Франц улс байсан юм. Бараг л бүтэн зууныг дамнан үргэлжилсэн Вьетнам-Францын түүх хэдийгээр вьетнамчууд бие даасан байдлаа авч үлдсэн ялалтаар төгссөн мэт боловч энэ үеэс эхлэн үүссэн улс үндэстний хуваагдал нь дэлхий хүн төрөлхтний хар түүхийн нэг болох Вьетнамын дайны суурь шалтгааныг бий болгосон нь харамсалтай.
л бол луйвардуулахаас болгоомжил
Аялал жуулчлалаараа алдартай Зүүн Ази арилжаа наймаанд барьцгүйгээрээ ч зартай гэдгийг мартаж болохгүй. Архаг аялагчдын хувьд юуг ч худалдаачдын хэлсэн үнээр нь шууд авчихаж болохгүйг сайн мэдэх ч хангалттай хэмжээнд тохиролцож чадаагүй тохиолдлууд санаснаас ч олон бий. 30 ам.долларын үнэтэй барааг 20 болгосондоо баярлаж явахад хажуугаар тань 12 долларт авсан гээд жишим ч үгүй алхлах аялагчдыг хараад наймаа хийх, хэлэлцээр хийх чадвараа эргэн нэг үнэлж үзэхээс өөр аргагүй болох вий.
Хэрвээ та энэ мэт болзошгүй эрсдэл, мөнгөний элдэв монжоо, луйвраас сэрэмжлэх, үүнд анхаарал хандуулахгүйгээр тухтай тайван аялахыг хүсвэл хамгийн найдвартай арга нь албан ёсны аяллын компаниар дамжин явах явдал юм. Жишээ нь, "Жуулчин" компани гэхэд 1954 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй дотоодын ууган аялал жуулчлалын компани юм. Тэд аялагчдадаа үргэлж аяллын шинэ содон, аюулгүй найдвартай чиглэлийг санал болгодог бөгөөд салбараа түүчээлэн ажилладаг. Энэ өвлийн онцлох аялал болох Вьетнам улсын Дананг хот руу долоо хоног бүрийн баасан гарагт аялал гаргаж байгаа ажээ.
м бол монгол болон вьетнам улсын харилцаа
Манай улс Вьетнам улстай 1954 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын тал санаачлан БНХАУ-ын Бээжин хотноо суугаа элчин сайдаар дамжуулж дипломат харилцаа тогтоох саналыг тавьсан аж. Тийнхүү хоёр улсад нэг ижил өдөр буюу 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосныг албан ёсоор зарласан түүхтэй.
Түүхэн чухал цаг үеэс дурдахад 1975 онд Вьетнамын ард түмэн АНУ-ын цэргийн түрэмгийллээс бүрэн ангижирч, хоёр хуваагдсан улс үндэстнээ нэгтгэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болоход манай улс Вьетнамын ард түмэн, төр засагтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн хадгалж, тэдний явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллаж эхэлсэн билээ.
Тухайлбал, Вьетнам улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг шударгаар шийдвэрлэх тал дээр санал нэгтэй дэмжиж, тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд оруулах санаачилгыг гаргасан орнуудын нэг нь Монгол Улс байсан юм. Товчхондоо нийгмийн чухал шилжилтийн үеүдэд хоёр орны харилцан бие биедээ тусалж, харамгүй сэтгэлээр хандаж байсан жишээ нэг хоёроор тогтохгүй.
н бол нийслэл ба бусад хотууд
Нийслэл Ханой хотын тухайд Улаан голын эрэгт байрлалтай ба колонийн үеэс хойш маш сайн хадгалагдан үлдсэн барилга байгууламж, хуучин суварга, өвөрмөц музей зэргийг цогцлоосон дэлхийн түүхэн нийслэлүүдийн нэг юм. Түүнчлэн Вьетнам улсын хотууд улс төр, эдийн засаг, соёл урлагт хэр чухал нөлөө үзүүлж байгаагаас хамаарч гурван төрлийн статуст хуваагддаг.
Тусгай буюу нэгдүгээр зэрэглэлд Засгийн газрынхаа шууд хяналтад байдаг нийслэл Ханой, Кантхо, Хошимин, Дананг, Хайфон хотууд багтдаг бол хоёрдугаар зэрэглэлд хотын захиргаатай дагуул хотууд багтана. Одоогоор тус зэрэглэлд Хошимин хотын захиргаанд харьяатай Thủ Đức хот хамаардаг. Харин гуравдугаар зэрэглэлд аймгийн захиргаатай 63 муж хот бий.
Нийслэл хотоос гадна хамгийн алдартай хотууд гэвэл Дананг, Хошимин хотуудыг нэрлэж болох юм. Сайгон нэрээр олноо танигдсан Хошимин хотын тухайд Вьетнамын бизнес, санхүүгийн төв хэмээн нэрлэгддэг бөгөөд Францын сонгодог архитектуртай тэнгэр баганадсан барилгууд, нарийн хийцтэй сүм хийдүүдээрээ алдаршсан.
Харин Дананг хотын хувьд нийслэл Ханой болон Хошимин хотын дунд байрлалтай, цэнгэг тунгалаг далайн ус, байгалийн үзэсгэлэнт тогтцоороо төвлөрөл ихтэй бусад хотоосоо ялгардаг. Ташрамд дурдахад, далайн эргийн Дананг хот руу 3-4 дүгээр сард аялбал цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой байдаг аж.
о бол онцлох газрууд
Вьетнам улс нь байгалийн үзэсгэлэнт газар, соёлын олон янз байдлын гайхалтай хоршил билээ. Таны заавал очих учиртай газруудыг танилцуулбаас Дананг хотын “Art in Paradise” 3D арт музейгээс эхлэх болно. 4000 м.кв бүхий хоёр давхар уг музей нь есөн бүстэй бөгөөд Солонгосын 20 зураач ур чадвар, уран сэтгэмжээрээ дөрвөн сарын турш 3D зургуудыг урлан зуржээ.
Энгийн музейтэй харьцуулахад тус музей нь зорин ирсэн жуулчдад урлагийн нэг хэсэг нь болох боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн Дананг хотыг зорьсных “Ba Na Hills” кабелын машинд сууж үзэхийг санал болгож байна. Та энэхүү кабелын машинд сууснаар далайн түвшнээс дээш 1485 метрийн өндрөөс хотыг тольдох боломжтой юм.
Дараагийн онцлох газар бол төвийн бүсийн хамгийн сонирхол татахуйц газруудын нэг VinWonders Нам Хой Ан парк. Дэлхийд алдартай уг парк нь Боомтын булан, Ардын соёлын арал, Сафари гол, Адал явдалт газар, Усны ертөнц зэрэг таван хэсэгтэй бөгөөд аялагч таны зорин очих газрын нэг гарцаагүй мөн.
ө бол өрнө дорнын хослол
Францын колони 26 жилийн туршид байсан тэдэнд өрнө, дорныг хослуулсан цөөнгүй соёл бий. Өөрөөр хэлбэл, Францын колоничлолын үед тархсан кофе, багет болон хот төлөвлөлт, барилга байгууламжийн дэд бүтцийн соёл өдгөө хэдийн вьетнамчуудын амьдралын нэг хэсэг болжээ.
Вьетнам кофе гэхэд хатуу эспрессо дээр молоко нэмснээр бүтдэг бол халуун үед мөс хийгээд л мөстэй кофе болгож орхидог. Барилга байгууламжийнх нь хувьд ус зайлуулах, агааржуулах систем нь Франц хэв маягтай гэдгээрээ нэлээд танигджээ. Энэ мэтчилэн өрнө дорнын хослол болсон энэ улсад өрнө зүгийн ямар ч аялагч уусан хөгжилдөж чадна.
п бол по шөл
Зөөлнөөр амталсан тэжээллэг үхрийн мах, будааны гоймонтой по шөл нь Вьетнамын хоолны соёлд харьцангуй шинэхэнд тооцогддог. Хэдий тийм ч анх бий болсон цагаасаа олны анхаарлыг хүчтэй татаж, богино хугацаанд Вьетнамын өнцөг булан бүрд зарагддаг үндэсний брэнд хоол болж чаджээ.
XX зууны эхэн үеэс Хойд Вьетнамд хийх болсон гэж үздэг ч гарал үүсэл нь бүрэн тодорхойлогдоогүй уг хоолыг зарим нь Францын үхрийн махтай ногооны шөл болох “pot-au-feu”-тэй ижил хэмээн үздэг бөгөөд “phở” гэх дуудлага нь ч төстэй юм.
Харин зарим нь Вьетнамын хойд хэсэгт суурьшсан хятадуудын зардаг байсан “гоймонтой үхрийн мах” хоолноос гаралтай гэж ярих нь ч бий. Юутай ч Хойдоос Өмнөд Вьетнам руу тархах явцдаа олон төрлийн орц, ногоонуудыг нэмж баяжуулсаар одоогийн хүн бүрийн мэддэг по шөл бий болсон байна.
По шөлний гол орц болох гоймонг будаагаар хийдэг онцлогтой. Вьетнам хоолны соёлд цагаан будаа нь голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд эртний вьетнам хэлэнд "аз жаргал" гэдэг үгийг цагаан будааны тарианы дүрс болон дөрвөлжин талбайн тэмдэгтээр бүтээж бичдэг байжээ.
Чанасан будаа, будааны зутан, хулс модны мөчирт хийн шарсан будааны саваа, наалдамхай будааны бялуу зэрэг бүх бүс нутгийн будаагаар хийсэн хоолнууд байдаг. По шөлнөөс гадна нэгэн алдартай зоог бол будаагаар хийдэг “Banh Chung” бялуу юм. Вьетнамын цагаан сарын баярын гол хоолнуудын нэг болох уг бялууг наалдамхай чанасан будаан дотор гахайн махыг амталж бэлтгэн шанз хийдэг бөгөөд гадилын навчинд ороож дөрвөлжин хэлбэрт оруулан шахаж бэлтгэдэг байна.
р бол рестораны соёл
Вьетнам хоолны өвөрмөц, зохицол сайтай амтыг бий болгох гол нууц нь тэнцвэртэй байдал буюу чихэр, давс, халуун ногоо, исгэлэн болон гашуун амт зэргийг нэг дор зохих хэмжээгээр нь хэрэглэх явдал юм. Үүнээс гадна хоолны салшгүй хэсэг болсон загасны амтлагч болон ногоон ургамлыг нь хоолны ширээ бүр дээр харах нь гарцаагүй. Хямд үнээр амттай хоол авч болдгоороо алдартай энэ газарт танд ердөө хоёр доллар байхад цадтал идэж чадна.
Уламжлалт хоолны соёлоос гадна хэн бүхний төсөөлшгүй хоолны төрлүүд ч бас бий. Нугас, галуу зэрэг амьтдын түүхий цусаар хийсэн шөл, дутуу чанаж болгосон үр хөврөл явагдаж буй өндөг, тэр ч бүү хэл могойн махаар хийсэн хоол зэрэг байхаас гадна цусыг нь будааны дарстай хольж уух ч боломжтой.
Могойн өндөгний шөл, шаржигнуур могойн арьс, могойн шарсан хавирга, шарсан могойн гэдэс, элэг зэрэг олон төрлийн сонин содон хоолтой танилцаж болно. Сануулж хэлэхэд, могойн махаар хийсэн хоол харьцангуй үнэтэй бөгөөд нэг кг могойн мах нь 50 болон түүнээс дээш ам.доллароор зарагддаг.
с бол сүрлэн малгай
Вьетнамын алдарт конус хэлбэрийн малгай нь XIII зууны үеийн Тран гүрэнд анх үүсжээ. Эрт дээр үеэс аж ахуй эрхлэхэд гол хүндрэл болдог бороо, нарны туяа, салхи шуурганаас биеэ хамгаалахын тулд навчаар олон төрлийн хамгаалах хувцас хэрэглэл хийдэг байсан нь уг малгай бий болох суурь болсон нь дамжиггүй.
Тус сүрлэн малгай нь далдуу модны навч, хулс гэх мэт энгийн бөгөөд бэлэн материалаар хийгддэг ба конус хэлбэрийг гаргахын тулд оёдол бүр дээр нягт нямбай ханддаг байна. Эхэн үедээ загварын хувьд овор ихтэй хийгдэж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам илүү хөнгөн, дэгжин, загварлаг болсоор байгаа билээ.
т бол тээвэр харилцаа
100 шахам сая хүн амтай Вьетнам улсад нийт 45 сая гаруй сая мопед, мотоцикл бүртгэлтэй байдаг ба нийт өрхийн 86 хувь нь мотоцикл эзэмшдэг нь тэдний амьдралд энэ төрлийн тээвэр ямар чухал болохыг илтгэх аж.
Энэ нь тус улсын соёлын нэг хэсэг бөгөөд нас, хүйс, мэргэжил харгалзахгүйгээр мотоцикл эсвэл скутерээр улс орон даяар хот дотор болон хот хооронд зорчдог. Худалдан авсан мотоциклийн тоогоор Вьетнамын дээр орох хоёр улс байдаг ба тэдгээр нь нэг тэрбумаас дээш хүн амтай Энэтхэг болон Хятад улс юм.
Вьетнамд мотоциклын өдрийн түрээс 10 доллароос эхлэх ба ихэнх жуулчид түрээслэхийн оронд оршин суух хугацаандаа мотоцикл худалдаж авдаг байна. Худалдан авах үнэ ойролцоогоор 200 ам.доллароос эхэлдэг ажээ. Вьетнамд мотоцикл унахын тулд жолооны үнэмлэх хэрэгтэй болох тул очихоосоо өмнө IDP буюу Олон улсын жолооны үнэмлэх авснаар нэмэлт жолооны үнэмлэхгүйгээр тус улсад хууль ёсны дагуу мотоцикл унах боломжтой болно.
у бол усан дээрх тосгон
Өвөг дээдсийнхээ шүтээнийг хүндэтгэн, гэр орноо хүртэл завин дээр засдаг уламжлалтай энэ оронд усан дээр хөвдөг тосгонууд ч байдаг. XIX зууны эхээр олноор байгуулагдах болсон загас агнуурын зориулалттай энэ төрлийн тосгонууд дайны дараа, цаг үеийн байдал тогтворжих үед эргэн сэргэсэн нь энэ юм.
Вьетнамын зүүн зүгийн эрэгт, Ханой хотоос 70 км зайд оршдог Халонг буланд очсоноор та уг тосгонтой илүү ойроос танилцах боломжтой. Халонг Бэй нь хадархаг чулуун тогтоц, болор цэнхэр ус, далайн амьтад, аж ахуйч иргэдээс бүрдсэн тун үзэсгэлэнтэй газар тул дэлхийн өвийн жагсаалтад орсон байдаг. Ха Лонг булангийн гол бүс болох хөвөгч модон байшинд 1800 оны эхэн үед ойролцоогоор 1700 хүнээс бүрдэх 400 өрх амьдардаг байсан гэх тоо бий.
ү бол үндэстэн ястан
Улсын нэр Вьет (Viet- үндэстэн гэх утгатай) ба Нам (Nam- өмнөд гэсэн утгатай) хоёр үеэс бүрдэх аж. Вьетнамын хүн ам 2022 оны байдлаар 99.4 сая хүнд хүрсэн бөгөөд хүн амын 35 хувийг хотын иргэд, 65 хувийг орон нутгийн иргэд эзэлж буй.
Хүйсийн харьцаа нь ч харьцангуй жигд буюу 49.8 хувь эрэгтэй, 50.2 хувь эмэгтэйчүүд байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар Вьетнам улсад 54 үндэстэн амьдарч байгаагаас Кинх (Вьет) хүмүүс нийт хүн амын 90 орчим хувийг бүрдүүлдэг бол 10 гаруй хувийг бусад үндэстэн ястан бүрдүүлдэг ажээ.
ф бол фантази арал
Аялал жуулчлалын энэ оронд заавал очихыг хүсэх хэд хэдэн газар байдгийн нэг нь Фантази парк. Нийт 21 мянга гаруй квадрат метр талбайтай Ба На уулын оройд, Ба На Хиллсийн амралтын бүсэд байрладаг бөгөөд одоогоор уулын орой дээр байрладаг дэлхийн цорын ганц цэцэрлэгт хүрээлэн юм.
Францын зохиолч Жюль Вернийн "Дэлхийн төв рүү аялах нь" болон "Тэнгисийн доорх хорин мянган бээр" хэмээх маш алдартай хоёр зохиолын санаан дээр тулгуурлан бүтээгдсэнээрээ тун онцлууштай. Энэхүү парк нь гурван хэсэгт хуваагддаг бөгөөд бүх насныханд зориулсан олон сонирхолтой тоглоомууд багтжээ.
Энд ирснээр та түүхийн алдартай баатрууд болон хувирч, адал явдал, эрэл хайгуулд оролцох боломжтой юм. Фантази паркийн бүх тоглоомууд нь дотор байрладаг тул та жилийн аль ч үед, гэр бүлээрээ ирж хөгжилдөж болох нь.
Ташрамд хэлэхэд, дээр дурдсан "Жуулчин" компанийн аяллын хөтөлбөрт тус парк багтаж байгаа юм.
х бол хо чи мин ерөнхийлөгч
Олны хөл тасардаггүй Вьетнамын хамгийн том хот болох Хо Ши Минийн нэршил угтаа бодит хүний нэр гэдгийг та мэдэх үү? Хо Ши Мин бол Вьетнамын дайны үед ард олны дундаас тодрон гарч ирсэн хувьсгалын удирдагч юм.
Тэртээ XVII зуунд Вьетнамчууд ирж суурьшихаас өмнө Фунан, Ченла, Камбожийн эзэнт гүрний хүн ам багатай хэсэг байсан энэ газар өдгөө их удирдагчийн нэрээр нэрлэгдсэн том хот болсон нь энэ. Хот байгуулах ажил 1623-1698 он хүртэл эрчтэй явагдаж, 1862 онд Вьетнамын сүүлчийн хаант улс Францад шилжсэний дараа Сайгон хэмээх нэрийг авч, хөгжиж байжээ.
Ингэж явсаар Вьетнамын дайны үед буюу 1969 оны есдүгээр сарын 2-нд тухайн үед ихээхэн нэр нөлөөтэй байсан Хойд Вьетнамын 79 настай удирдагч Хо Ши Мин зүрхний дутагдлын улмаас Ханойд насан эцэслэжээ.
Хо Ши Минийн Хойд Вьетнамд үзүүлэх нөлөө маш их байсан тул 1975 оны дөрөвдүгээр сард Сайгоны өмнөд нийслэл сүйрэхэд Хойд Вьетнамын олон цэргүүд түүний зурагт хуудас, хүндэтгэлийн зүйлүүдийг авч ирэн Сайгон хотыг 1976 онд албан ёсоор Хо Ши Мин хот гэж нэрлэсэн юм. Вьетнамд Хо Ши Минийг өнөөг хүртэл хүндэтгэж түүний дүр төрхийг үндэсний мөнгөн тэмдэгт, анги танхим, олон нийтийн барилга байгууламжид дүрслэн мөнхөлж үлдээсэн байдаг.
ц бол цаг уур
Халуун орны уур амьсгалтай Вьетнам орны дундаж чийгшил нь 78-82 хувь бол температур нь 28 хэм байдаг. Тиймээс цаг уурын хувьд жилийн турш аялахад таатай. Дөрөвдүгээр сард +40 хэм хүртэл халж байсан бол хамгийн бага температур нэгдүгээр сард +13.8 хэмд хүрч байжээ.
Вьетнамын хойд хэсэгт зочлоход хамгийн тохиромжтой улирал бол хавар болон намар (дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар) юм. Учир нь, өдөртөө дулаан, нарлаг, хамгийн бага бороо ордог үе юм. Монголын аялал жуулчлалын улиралтай яг л зөрж таардаг тул бидний хувьд өвөл аялахад тун тохиромжтой. Жишээ нь, Дананг хот нь хур тунадас бага, ихэвчлэн нарлаг тэнгэртэй байдаг тул далайн эргээр аялахад хамгийн тохиромжтой, олон жуулчид аялдаг газар юм.
ч бол чо дуурь, чуан хо ардын дуу
Уламжлалт хөгжим буюу ардын хөгжим нь Вьетнамын ард түмэн, соёл, зан заншил, газарзүй гэх мэт өвөрмөц онцлогийг өөртөө тусган шингээсэн үндэстний түүхийг хадгалсан үнэт өв юм. XX зуунаас хойш Вьетнамын хөгжимд гадаадын хөгжмийн хэв маяг ихээхэн нөлөөлсөн боловч уламжлалт хөгжим, хөгжмийн зэмсэг нь өдийг хүртэл өвөрмөц гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байна.
Үүнд, бүүвэйн дууны аялгуу, хүүхдийн дуу, оршуулгын ёслол, хөгжмийг тахих зан үйлийн арга хэмжээ болон дууны уралдаан, туульс, Жонгүгчдийн Амтат Дуу, “Дон Ca Tai Tu” (Өмнөдийн ард түмний уламжлалт хөгжим), уламжлалт дуурь зэрэг багтжээ.
Жишээ нь, Чогийн тайзны урлаг нь X зуунаас өнөөг хүртэл урт удаан түүхийг туулж, Вьетнамын нийгмийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн урлагийн нэг төрөл зүйл юм. Ард түмнийхээ үндэсний онцлогийг бүх талаас нь тусгаж, эх орноо хамгаалахын төлөө түрэмгийлэгчдийн эсрэг тууштай тэмцэж буй үйл явдлыг харуулжээ.
Мөн Ка трю үзүүлбэр нь 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад багтсан.
ш бол шашин шүтлэг
Вьетнамчууд даоизм, буддизм, күнз гэх гурван шашны урсгалыг голчлон шүтдэг. Мөн үндэстний ялгарлаас хамааран онгод шүтэх, өвөг дээдсээ тахих ёс заншил, зан үйл нэмэгдэнэ. Буддизм нь тус улсын тэргүүлэх шашин бөгөөд нийт иргэдийн 55 хувь нь буддын шашинтай.
Энэтхэгээс гаралтай хамгийн эртний Махаяна буддизм нь бусдад гэгээрэлд хүрэх замд нь туслахын зэрэгцээ ёс суртахуун, “Бодьсадва’’-ын үзэл санааг онцолдог.
Зүүн өмнөд Азийн ард түмэнд нийтлэг байдаг уугуул уламжлалууд нь хөдөө орон нутагт хийдэг тотемизм, анимизм, шивээс хийлгэх, шүд харлуулах, гэрлэх зан үйл гэх мэт багтдаг байна. Мөн хойд Вьетнамын зарим иргэд амьдралын мөчлөгтэй аливаа зүйлсийг (ургамал, амьтан, хүн) хүндэтгэн мөргөлийн зан үйлийг хийдэг ажээ.
Мөн Вьетнам улсад зочилсноор Ази тив дэх хамгийн том Есүсийг дүрсэлсэн хөшөөг сонирхох боломжтой. Вунг Тау католик сүм нь 1974 онд хөшөөг барьж, 1994 оны арванхоёрдугаар сарын 2-нд сүмийг барьж дуусгажээ.
э бол эдийн засаг
Цар тахлын үед эдийн засгийн өсөлтийг хоёр хувьд барьж чадсан цөөн улсын нэг нь Вьетнам юм. Тэд ДНБ-ий дүнгээр дэлхийд 41, худалдан авах чадвараар 29 дүгээр байранд жагсдаг. Нийт 58 мужид 100 шахам сая хүн аж төрдөг энэ улсын эдийн засгийн салбар 2022 онд 7.5 хувь өссөн нь Зүүн Өмнөд Азидаа тэргүүлэх үзүүлэлт юм. Эдийн засгийн тогтвортой өсөлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татаж, аялал жуулчлалын салбар идэвхтэй хөгжиж байна.
ю бол юнескод бүртгэгдсэн өвүүд
Вьетнам нь 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцод нэгдэж, байгалийн болон соёлын дурсгалт газруудаа жагсаалтад оруулах эрхтэй болжээ. Соёлын дурсгалт газар тав, байгалийн дурсгалт газар хоёр, холимог төрлийн үзэсгэлэнт газрыг дэлхийн өвд бүртгүүлсэн нь Зүүн Өмнөд Азидаа Индонезийн дараа эрэмбэлэгдэх тоо юм.
Дотоод, гадаадын олон сая жуулчдыг татдаг үзэсгэлэнт газруудын нэг нь Хой Ан гэх эртний хот. XV-XIX зууны үед Зүүн Өмнөд Азийн орнууд болон дэлхийн бусад орнуудтай худалдаа наймаа хийж байсан боомтын унаган төрх хадгалагдан үлдсэн тул ЮНЕСКО-гоос 1999 онд дэлхийн өвөөр бүртгэжээ. Шөнөдөө лааны дэнлүүний дулаан хув өнгөөр гэрэлтдэг уг хотыг "Мянган дэнлүүний хотхон" хэмээн нэрийднэ.
Уугуул болон Хятад, Япон, Европын гаднын соёл барилга, үзмэр, гадаах орчинд хосолсон нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг. XVIII зуунд баригдсан Японы тагттай гүүр, 200 орчим жилийн өмнө баригдсан Тан Ки гэр бүлийн байшин зэрэг нь хотын хамгийн алдартай үзмэрүүд юм. Аялагч та уг байшингаас Вьетнам, Япон, Хятад зэрэг гурван соёлын архитектурын хослолыг харах ба худалдаа, үйлчилгээ төвлөрсөн боомт хотод эрт үеийн худалдаачид хэрхэн аж төрж амьдарч байсныг бодитоор мэдрэх боломжтой.
я бол яаж аялах вэ?
Вьетнамд онгоцоор нисэхэд хамгийн тохиромжтой, хялбар арга юм. Ханой дахь Ной Бай болон Хо Ши Мин хотын Тан Сон Нхат нисэх онгоцны буудал нь Вьетнамын олон улсын хамгийн том нисэх онгоцны буудлууд юм. Архаг жуулчид үнэ хямдыг тооцож, Бангкок, Сингапур эсвэл Хонг Конгоор дамжих шууд бус нислэгийг сонгодог ба эдгээр хотуудад байснаар аяллын цагийн хуваарьт ямар нэгэн илүү зардал гарахгүй.
Хэдий газраар дамжиж үүргэвчтэй аялах нь төсөрхөн боловч замын маршрут, аяллын зардал, даатгал зэргийг нэг бүрчлэн судалж бэлдэх шаардлагатай. Харин аяллын компанийн цогц хөтөлбөрт хамрагдсанаар бодит аяллыг тухлан мэдрэх боломжтой юм. "Жуулчин" компанийн долоо болон 14 хоногийн хөтөлбөртэй чөлөөт аяллуудаас сонгон аялах боломжтой ба хэрэв хувиараа аялахыг хүсвэл Улаанбаатар - Дананг чиглэлийн нислэгийн тийз захиалах боломжтой.
Вьетнам улсын өв соёлтой илүү сайн танилцаж, халуун орны уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл "Жуулчин" компанийн Дананг хотын аяллыг сонгохыг зөвлөе. Хүйтнээс зугтах аялал долоо хоног бүрийн БААСАН гараг болгонд гарч байна.
Тэдэнтэй холбогдох:
- Вэбсайт
- Фэйсбүүк хуудас
- 99062761, 99094375, 99062751