Хүүхэд насны нандин дурсамж гэвэл хүн бүрийн санал нэгдэх цэг нь Диснейн бүтээлүүд байна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэртээх 1923 онд үүсгэн байгуулагдаж, “Alice’s Wonderworld” бүтээлээ олны хүртээл болгосноос хойш өдгөө ид шидийн мэт 100 жил өнгөрчээ. Уолт Диснейн бүтээсэн дүрүүд дэлхий ертөнцийг өөрчилж, бусдад итгэл найдвар өгөн олон сая хүний амьдралд өнгө нэмнэ гэж тэр өөрөө ч төсөөлөөгүй болов уу.
Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ Unread-ийн баг болон кино шимтэн үзэгчдийн нандин дурсамж бүхий Диснейн бүтээлүүдийг хуваалцаж байна.

Үлгэрийн гэмээр орд харш дээгүүр ид шидийн гэмээр солонго татаад л эхэлдэг Disney-ийн энэ дүрслэл хүүхэд насны минь дурсамжид томоохон орон зай эзэлнэ. Одоо ч хүүхэд шиг догдолж үздэг хэвээр. Анх үзсэн цагаас эхлээд одоо хүртэл гоё мэдрэмж төрүүлдэг UP хүүхэлдэйн талаар хуваалцъя.
Disney-ийн гол дүр заавал гүнж эсвэл ямар нэгэн царайлаг залуухан дүр байх албагүй гэдгийг UP-аас харж болдог. Анх үзэж байхдаа ганц бие байсныг хэлэх үү, Ellie Carl хоёр шиг ирээдүйд хостой болоод хамтдаа нэг мөрөөдөлтэй болох сон, гэрээ хамтдаа тохижуулах сан гэдэг хөнгөн мөрөөдөлд автдаг байлаа. Одоо бол ингэж хөгшрөх сөн гээд л хамтдаа мөрөөдөлд автдаг болсон байна.
Мөн хосын түүхээс нь илүүтэй Carl шиг амьдралынхаа аль ч насан дээр биелүүлэхийг хүссэн мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлэх зоригтой байхыг илүүтэй хүсэж байна. Ажил, амьдрал гэсэн нэг чигийн урсгалаасаа түр амьсгаа аваад өөрийгөө хүүхэд шиг баярлуулах адал явдлыг хаймаар санагдуулдаг. Хүүхэд, томчууд гээд аль ч насныхан үзсэн уйддаггүй, нэгийг бодогдуулдагт баярлалаа, Disney.

Мулан бол хөвгүүдийн ч баатар!
“Монгол гэж ямар учиртай яадаг улс билээ?” гэж гадаадад хүнтэй танилцахад заримдаа асууна. Хариулт нь хөгжилтэйгөөр “Муланы “муу залуус” байдаг даа...” “Манай” нүүдэлчдийг дийлж байгаа “айлын” баатар, хүний өөрийн хамаг эрчүүдийг давж байгаа авхаалжтай бүсгүйн тухай кино нь Монгол залуугийн хамгийн дуртай үйл явдлын нэг байх нь нэгэн бодлын хачирхалтай эсрэгцэл. Гэхдээ Мулан амьдарч байгаа нийгэм тогтолцооныхоо бурангуй байдал болон дайн тулааны олон хүнд бэрхшээл сорилтыг ямар нэг супер хүч, ид шид эсвэл бусдад байхгүй “цаанаасаа төрчихсөн” хувь төөргийн тусламжтай биш, зөвхөн өөрийн чадал, өөрийнхөө “толгойг ажиллуулж” давж хүрдэг учраас “манай талынхан” Муланд ялагдаж байгааг үзэгчийнхээ хувьд үзэж үнэмшихэд түвэггүй, харин ч сургамжтай бас үзүүштэй санагддаг.
Хэдий сүүлд дахин хийсэн Мулан (2020) анхны киноныхоо эдгээр гол сургамжийг тэр чигээр нь орхигдуулсан ч, анхны Мулан (1998) одоо үзэхэд ч, хожим хүүхдэдээ үзүүлэхэд ч адал явдал, хөгжөөн баясал, сургамж санаагаа маш сайн хадгалж яваа үнэ цэнтэй бүтээл. Мөн “I'll Make a Man Out of You”, “A Girl Worth Fighting For” гээд Диснейн хамгийн сэтгэлд тод үлдсэн дуунууд энд бий.

2004 оны шинэ жилийн өмнөхөн Тэнгис кино театрт анх удаагаа The Incredibles-ийг үзсэн дурсамжийг ой санамжаа алдчихгүй л бол хэзээ ч мартахгүй байх аа. Хоолны газрын сандал эгнүүлээд өрсөн Ард кино театрт хэдэн монгол кино үзсэнээс бусдаар кино театрын туршлагагүй надад The Incredibles тэр чигтээ “A whole new world” гэдэг шиг цоо шинэ ертөнц, туршлага байсан юм.
Монгол хэлний сурах бичиг дээрээс хальтхан уншиж байсан “Дуу алдам” гэх тэмдэг нэр яг энэ кинонд л тохирох юм байна даа гэж бодсон гэхээр яахын аргагүй гуравдугаар ангийн охинд айхтар гүн сэтгэгдэл үлдээсэн юм шиг ээ. Түүнээс хойш миний мөрөөдөл бүхэлдээ халаасны мөнгөө цуглуулж байгаад Тэнгист нээлтээ хийсэн кино бүрийг алдахгүй үзэх болон хувирсан.
The Incredibles-ийг хайрладаг өөр нэгэн шалтгаан гэвэл хайртай хүмүүсийнхээ төлөө бүхнийг хийх зоригтой гэр бүлийн тухай сэдэв нь. Тухайн үед эгч нараасаа тусдаа ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, хичээлээ тарж ирмэгцээ зурагтаар хань хийж суудаг бяцхан охины хувьд айлын эцэг хүн гэдэг амьдралын ямар ч бартааг даваад гарах ноён нуруутай байж, асуудал бүхнийг мөрөн дээрээ үүрээд гардаг хүн байдаг байх нь ээ гэх үлгэр жишээг Bob-ын дүрээс авч байсан юм.
Харин 14 жилийн дараа The Incredibles 2-ийг ганцаараа биш харин гэр бүлийнхээ хувьд бүхнийг чадагч Bob, дүрсгүй нь дэндсэн Jack Jack-тайгаа хамтдаа үзсэн шүү.

Disney-ийн бүтээлүүд гайхамшигтай мэдрэмжүүдийг бидэнд өгч, хэн бүхний хүүхэд насных нь үнэ цэнтэй дурсамжуудын нэг хэсэг байдагт огт эргэлзэхгүй байна. Миний хувьд нэгдүгээр ангид байхдаа өвөөгийндөө амьдардаг байлаа. Тухайн үед манайх Sony брэндийн өнгөт зурагт анх удаа авч, араас нь приставк авч билээ. Тэгээд ганцхан хуурцагтай байсан нь “Snow White and the Seven Dwarfs”. Түүнээс хойш хичээлээ тараад шууд гэр рүүгээ хар хурдаараа гүйж очдог болсон. Өнөөх л “Цасан гоо ба долоон одой”-гоо үзэх гэж тэр шүү дээ. Өдөрт хэдэн арван удаа давтаж үздэг тул бүх үзэгдэл, хэлэх үг, дуулах дуу нь цээжинд хадаастай. Одоо ч хэр нь санаж байна. Ямартаа л хүүдээ “YouTube байгаа болохоор хүссэн үедээ, хүссэн зүйлээ үзээд чи үнэхээр азтай шүү. Аав нь бол бүтэн өдөр ганц л хүүхэлдэйн киног давтаж үздэг, гэхдээ түүнээсээ огт уйддаггүй байж билээ” гэж хэлэх вэ.

Бага ангийн сурагч Цэнгэгийн нэг өдөр ингэж өнгөрдөг байлаа. Өдөр хичээлээ тарж гэртээ ирээд хамгийн түрүүнд хувцсаа сольж, формоо эвхэж хураана. Дараа нь өдрийн цайгаа ууж амжив уу үгүй юу зурагтаа асаагаад цэнхэр дэлгэцийн нөхөдтэйгээ хөгжилддөг байлаа. Зургаа, долоохон настай жаахан охинд гүнжийн шаахай, шидтэний дохиуртай хүүхэлдэйн кино биш Явуулын гуанзын адал явдалт инээдэм, дуу хөгжим үл тасрах Болливүүд хайрын түүх, Амбий Бооёогийн тайзны тоглолтууд яагаад илүү таалагддаг байсан юм бол? Ямартаа ч хэн нь надад “Хүүхэлдэйн кино онц эд биш ээ” гээд хэлчихсэн юм гэмээр кино, хошин шог л өдөржин үзээд суудаг хүүхэд байлаа. Тиймдээ ч бага насандаа үзсэн цөөн хэдэн хүүхэлдэйн кинон дундаас миний сэтгэлд хамгийн тодоор үлдсэн, инээлгэж бас уйлуулж, бяцхан тархиндаа ахархан ч болов зүйлийг ойлгосон бүтээл бол “Араатны хаан арслан”.
Заан, анаашнаас эхлээд тахь, ирвэс гээд бүхий л амьтад бяцхан араатны хаанд хүндэтгэл үзүүлэн мэхийж буй эхлэл хэсгийн зураглал “Хөөх, хорвоо дээр ийм олон төрлийн амьтан байдаг байх нь ээ” гэж гайхшран сүрдэж, ам ангаймаар үзэгдэл мэт санагдаж байлаа.
Ер амьтны ертөнцтэй танилцаж, нөхөрлөл, эр зориг, гэр бүлийн тухай гайхалтай сайхан өгүүлэмжээр илэрхийлсэн нь одоо ч тодхон төсөөлөгддөг.
Хичээлийн бус цагаар гэртээ өнждөг ганцаардмал хүүхдэд найз нөхөрлөлийн холбоо, амьдралын баяр хөөрийг мэдрүүлсэн дүрүүд бол мэдээж Тимон, Пумба хоёр билээ. Тэдгээр дүрүүд л Симбаг эр зоригоор тэтгэж, өчүүхэн ч хорын сэтгэл агуулалгүй үнэнч нөхөрлөж чаддаг. Тухайн үед миний амьдрал өдөр тутмын хичээл, гэрийн даалгавраас өөр асуудал гэх зүйл байгаагүй ч бүх зүйл сайхан, амьдрал ямар ч асуудалгүй хэмээн дуулах нь цаанаа л нэг тайтгарал төрүүлдэг байсан сан.

Би нэг ахтай. Насны зөрүү бага болохоор их дотно өссөн ч үе тэнгийн эгчтэй охидод их атаархдаг байлаа. Эгчтэй байсан бол ч.. гэж их бодно. Харин "Лило Ститч 2" бол миний үзэж байсан эгч дүүсийн бодит харилцааг харуулсан анхны Диснейн хүүхэлдэйн кино байсан юм. Үзээд улам ихээр эгчтэй болохыг хүссэн үү, гэж үү? Үгүй шүү. Эсрэгээрээ ахдаа илүү хайртай болсон. Гэр бүлийн энгийн харилцаа, үл ойлголцол, бие биенээ байгаагаар нь хүлээн авахыг хамгийн хөөрхнөөр, инээдтэйгээр, ёжтойгоор харуулж чадсан гэж би боддог юм.
Нэмээд Диснейн хүүхэлдэйн дундаас хамгийн гоё дуунуудтай нь гэхэд хилсдэхгүй. Дундуур нь эгшиглэх классик, жазз, уламжлалт аянуудыг нь тогтоод нэг сонсоод үзээрэй. Миний хөгжмийн сонирхлыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэхэд бараг л буруудахгүй.

Би кино театрт киноноос илүү хүүхэлдэйн кино, анимейшн үзэх дуртай. Амралтын өдрүүдээр ч алгасахгүй үзнэ. Хөнгөн, хөөрхөн, хайр татам, баярлуулам, бодолд автуулам, уйлуулж уяраамаар үйл явдлуудаас нь хүний олон өнгийн мэдрэмжийг олж авдаг. Цэцэрлэгээсээ тарж ирээд л видео тоглуулагчаар Бяцхан лусын дагина, Үзэсгэлэнт гүнж ба Жонон хоёр, Том Жэрриг үзээд суучихдаг байв. Одоо ч тэр хуурцгууд манайд бий бөгөөд миний хамгийн хайртай бага насны дурсамжуудыг минь хадгалдаг.
Энэ дундаас Бяцхан лусын дагинад хамгийн их хайртай. Ариэлийн аав нь манай өвөөтэй их адилхан болохоор сэтгэлд дотно санагддаг юм. Үүний зэрэгцээ хүсэл зорилгынхоо төлөө тэмцэгч байдаг түүний зан чанараас суралцах зүйл олон. Амьдралдаа хэдэн ч удаа үзсэн хэзээ ч уйдахгүй хайртай хүүхэлдэйн кино минь байх болно.

Намайг бага байхад телевизийн хөтөлбөрийг сонин дээр хэвлэдэг байв. Харин ах бид хоёр хүүхэлдэйн кино гарах суваг, цагуудыг тодруулагчаар зурчхаад ямар хүүхэлдэй гарахыг нь ч үл мэдэн хүлээн суудаг байлаа. Тэгж яваад “Treasure Planet” хүүхэлдэйн киног үзэж, одон орон, харь гараг, робот, далайн дээрэмчдэд дурлах болсон. Одоо ч тэр хааяа үзэхэд эргээд хүүхэд насандаа очоод ах нартайгаа уулзаж байгаа юм шиг мэдрэмж өгдөг тийм л дотно анимейшн.

Монгол хэлнээ “Бодлын ертөнц” нэрээр нээлтээ хийж байсан уг хүүхэлдэйн киног өсвөр насны балчир охин байхдаа үзэж байлаа. Гэхдээ гол дүрийн охиноос насаар арай эгч байсан юм даг. Тухайн үед бидний толгойд ийм удирдлагын төв байгаад мэдрэмжийг маань зохицуулаад суудаг нөхдүүд үнэхээр байдаг юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байсан сан. Магадгүй үйл явдлын логик, амьдралд ойр асуудлуудыг багтаасан болохоор тэгж итгэхэд хүргэсэн байж ч мэдэх.
Эл бүтээлээс хамгийн сэтгэлд хүрсэн санаа нь баяр баясал, уйтгар гунигт мэдрэмжүүд хоорондоо ойлголцож, бие биенээ хүлээн зөвшөөрч буй тэр хэсэг. Эндээс аз жаргалтай, уй гунигтай мэдрэмж хоршиж байж эргэн дурсахад үнэ цэн, утга утгатай дурсамжууд бий болдгийг ойлгож байсан.
Бидний амьдралын хамгийн хэврэг бөгөөд нандин үе болсон өсвөр насыг хүн бүр тойрч биш дайрч гараад “том хүн” болдгийг, тэр бүх ойлгомжгүй мэдрэмжүүд огт асуудал биш гэдгийг, хэчнээн нас биед хүрлээ ч асуудал дуусдаггүйг Inside Out анимейшн үнэнхүү ойлгуулж чадсан билээ.

Хорин насыг дайрч өнгөрөөд гучин насны бараа харагдаж байгаа учир “бидний үе, одооны хүүхдүүд, юм өөр болжээ” зэрэг үгсийг ашиглах эрх нээгдэв бололтой. Үнэхээр л бидний үед одоогийнх шиг хүссэн киногоо хүссэн үедээ хүссэн төхөөрөмжөөрөө хүссэн хэлээрээ үзэх боломж байсангүй. Тэгж болно гэдэг зүүдэнд ч ороогүй байсан үе. Тиймээс зурагтаар ховорхон гарах, монгол дуу оруулгатай хүүхэлдэйн киног алдахгүй үзнэ. Үзэх үзэхдээ шимтэн орж, даган баярлаж, зэрэгцэн уйлж үзнэ дээ. Тэр үед сэтгэлд хамгийн их хүрч байсан кинонуудыг нэг бол өдгөө 20 жилийн ой нь тохиож буй, 2003 оны Brother Bear. Ан амьтныг хайрлах, байгалийн шүтэн барилдлагыг хүндэтгэх гээд энэ киноноос ухаарсан зүйлсээ дурдаад байвал урт жагсаалт гарах биз.
Сайн бодвол тэдгээр ухаарал, бодлууд явсаар өнөөдрийн миний амьдралд нөлөөлжээ. Ингэж хэлэхийн учир нь тус киноны дуу, үйл явдал, ертөнцөөс нь санаа авч саяхан “Маанай” нэртэй хүүхдийн ном дээр ажилласан явдал юм. Мөн энэ киноноос л туйлын туяа гэгч зүйл байдгийг олж мэдээд хожим нь Исландад очих үедээ харахыг хичээсэн боловч аз дутаж байлаа.
Хүүхэд насыг минь гэрэлтүүлж, идэр насыг минь чиглүүлж буй Disney-дээ баярлалаа.

Бага ангийн бяцхан сурагч байх үедээ би Диснейн хүүхэлдэйнүүдийг бүтнээр нь үзэх мөрөөдөлтэй байв. Учир нь тэр үеийн хүүхдийн нэвтрүүлгүүдээр янз бүрийн амьтны баг, үлгэрийн баатрын хувцастай жүжигчдийн төрөл бүрийн яриа, туршилтууд гарахаас биш бүрэн хэмжээний хүүхдийн кино, хүүхэлдэй барагтай бол гарахгүй. Гаргалаа гэж бодоход гэр бүлийн бүх энтертайнмент хэрэгцээг дангаараа хариуцдаг байсан зурагт гэдэг нийтийн өмч над мэтэд 90-120 минут оногдоно гэдэг нь үгүй. Хүүхдийн зурагтын норм, телевизүүдийн гаралтын давтамжинд төгс таарсан Том Жерри, Ну погоди, Ералашаа цээжилтэл үзсэн манай үеийнхэн арай өөр түвшний контент буюу Диснейн хүүхэлдэйнүүдийг үзье гэвэл ТВ5-ын 17 цагийн хүүхдийн хөтөлбөр болох Kids time-г л хүлээхээс өөр сонголтгүй. Авууштай нь яг л хүсдэг контентыг минь гаргах ч, харамсалтай нь өдөрт 15-20 минутаар нь хуваадаг тул нэг хүүхэлдэйг бараг л долоо хоног үзнэ. Хөөрхий намайг хөөрхөн тарчлаадаг "зэвүүн" шийдэл хүүхэд насанд нь минь ерөөс тэр л байлаа. Диснейн хүүхэлдэйг бүтнээр нь ханатал үзэх мөрөөдөл минь контентын хүртээмж нэмэгдэхийн хэрээр он оноор багассаар, харин одоо өөрөө л хүсвэл хаанаас ч хүүхэд насны энэ мөрөөдлөөсөө хариугаа авах боломжтой болсон нь 20 жилийн өмнөх Оюугийн хувьд бол итгэмээргүй гайхалтай үйл явдал билээ. 1937 оноос эхлэн хүүхэд багачуудын төсөөллийн ертөнцийг тэлэхэд үлэмж нөлөөлсөн Диснейг хүмүүс ихэвчлэн анимейшн бүтээлээр нь тодорхойлдог. Миний хувьд ч тэдний бүтээсэн бүх л анимейшнийг гоцлон сонгох зүйлгүй бүгдийнх нь шимтэн үзэгч хэвээр тул энэ удаа зүгээр л Дисней кино контентоороо нэгэн үеийг "хооллож" явсныг сануулахаар "The Parent Trap"-ийг онцолж байна. "Princess Diaries", "Санта Клаус", "Дэлхийг 80 өдөрт тойрсон нь" зэрэг адал явдал, эр зориг, сайхан сэтгэл гээд олон янзын сэдвийг хүүхдэд ойлгомжтой, хөгжилтэйгөөр хүргэсээр ирсэн тэд бүхэл зууны турш хүүхдийн ертөнцийг баатрууд болсоор ирсэнтэй маргах хүн үгүй.

Заавал үзнэ гэж бодож байгаад өмнө зун гэртээ үзсэн. Wall-E бол бүхэл киноны турш бараг ямар ч яриагүй кино. Гол дүрийн робот болох Wall-E-ийн 700 жилийн ганцаардал бүхий амьдрал Eve гэх роботтой учирснаар хэчнээн их утга төгөлдөр болж байгаа нь гайхалтай дүрслэгдсэн. Зөвхөн үйлдэл, нүдний хөдөлгөөн, роботын дуу чимээний өнгө аясаар амь үгүй роботыг үзээд ингэж их сэтгэл хөдөлнө гэж санаагүй. Магад шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн кино болох Interstellar дээрх Dr. Brand-ийн хэлсэн “Love is the one thing we're capable of perceiving that transcends dimensions of time and space.” гэх үг Wall-E киноны сэтгэгдлийг илэрхийлэх хамгийн тохиромжтой үг болов уу.

2006 онд “Cars” хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги цацагдаж, аймгийн төвийн “Соёмбо” CD-ний дэлгүүрээс А5-ийн хэмжээтэй, нимгэхэн хавтастай “Цахилгаан Mакүйн” хэмээн орчуулсан хоёр CD-г худалдан авсан юм. Зөвхөн гүнжтэй хүүхэлдэйн кинонууд үзэж, барби цуглуулах хоббитой миний хувьд автомашин гэдэг тэс ондоо ертөнцийн хаалга ингэж нээгдэв.
Автомашины ертөнцөд өрнөх уг хүүхэлдэйн киноны гол дүр Lightning McQueen бол том хотын нэр хүндтэй уралдааны автомашин. Тэрээр бүх реклам сурталчилгаанд тоглож, тансаг хүлээн авалтуудад уригдаx нь одоогийнхоор бол инфлюнсер гэлтэй. Нэг л өглөө энэ бүх амьдрал нь замхарч Radiator Springs гэх алсын тосгонд төөрч очоод ухаан алдан сэрнэ. Тансаг зэрэглэлийн уралдааны автомашин McQueen өөрийгөө хөдөөгийн, тостой автомашинуудаас илүүд үзэн тэднийг доромжилж, хот руу хүргэж өгөхийг шаарддаг. Гэхдээ тэр Radiator Springs тосгонд хэн ч биш. Бусдын л адил нэгэн. Ингээд гадаад ертөнцөөс хол, бөглүү энэ тосгоноос явж чадалгүй гацан амьдарснаар алдар нэр бус хөршөө хүндлэх, найзалж нөхөрлөх, настнаа сонсох нь илүү чухал гэдгийг ойлгодог. Эргээд хотдоо очиход нь түүнийг бүгд мартсан байдаг нь энэ санааг улам ч батлах мэт.
Авсан цагаасаа эхлээд өдөр бүр “Cars” хүүхэлдэйн киноны хоёр CD-г ээлжлэн тоглуулсаар сүүлдээ зурагдаж гацаад үзэх аргагүй болсон. CD ч хэрэглээнээс халагдаж, энэ хүүхэлдэйн кино ч мартагдсан. Харин саяхан бага насны минь дурсамжтай салшгүй холбоотой уг хүүхэлдэйн киног удаан хугацааны дараа дахин үзлээ. Багадаа төдийлөн анзаараагүй санаануудыг ойлгож, амьдралд минь том орон зай эзэлж байсныг эргэн санагалзаж нулимс дуслуулсан.
Хүмүүсийн харилцааг автомашинуудаар төлөөлүүлэн харуулсан уг хүүхэлдэйн кино барби хүүхэлдэйнд дуртай намайг автомашинтай танилцуулж өгсөн юм. Одоо бодоход 18 хүрээд л жолооны сургалтад сууж, автомашин барьдаг болсон минь энэ хүүхэлдэйн кинотой ч холбогдож болох.

Багадаа Hercules хүүхэлдэйн киног орос хэл дээр байнга үздэг байлаа. Үйл явдлыг нь төдийлөн нарийн санадаггүй ч сэтгэлд дотно тийм л анимейшн. Миний хамгийн дуртай дүр нь Мегара. Тэр Геркулесийг ямар ч үед хайрласан хэвээр, түүнийг гэсэн сэтгэлдээ үнэнч үлддэг нь гүн сэтгэгдэл үлдээсэн. Мөн цэнхэр галан толгойт Hades маань аав ээж, эргэн тойрны хүмүүстээ хайрлагдаж өссөн бол тэгтлээ хорон санаатай болохгүй байсан даа гэж бодогддог байв. Тийм ч болохоор түүний талд зогсмоор санагддаг байлаа.
Ер нь би дийлэнх хүний гоё гэж хардаг зүйлсийг зүгээр нэг өнгөц харахаас илүүтэй түүнийг юу ингэтлээ гоё болгож байгааг нь мэдэхийг хүсдэг зантай. Үүний адилаар бусдын үзэн ядаж, дургүйлхэж байгаа хүнийг ингэтэл нь эвдрэхэд юу нөлөөлсөн бэ гэдгийг ч олж харахыг хичээдэг. Магадгүй ийм шалтгаанаар энэ хүүхэлдэйн кино надад ойр санагддаг болов уу.

Гоёмсог торгон даашинз, гялалзсан бошинзоор гоёж, сүрлэг өндөр орд харшид сэтгэлт ханхүүтэйгээ аз жаргалтай, амар тайван аж төрөхийг төсөөлөн мөрөөддөггүй охин гэж үгүй л болов уу. Амьдралаас алсхан боловч Диснейн гайхалтай бүтээлүүд бидэнд хүсэл мөрөөдөлдөө амьдрах боломжийг олгожээ.
Өсвөр насны жаахан охин байхдаа “Араатан ба Гоо үзэсгэлэн” киног үзэж жинхэнэ хайр гэдэг үзээрийн араатныг ч үзэсгэлэн төгөлдөр ханхүү болгодог шидтэй эд юм байна хэмээн хайрын тухай эргэцүүлж байлаа.
Араатан Бэллаг ном унших дуртай гэдгийг мэдээд шилтгээний номын сандаа оруулж энэ бүгд чинийх гэж хэлэхдээ түүнээс ч илүүтэй хөөрөн догдолж буй хэсэг гардаг даа. Авиргүй зантай, зөрүүд тэр араатан Бэллагийн төлөө өөрийгөө өөрчилж, түүнийг баярлуулж, зөвхөн түүний аз жаргалын төлөө хичээх нь хайр илүүчилдэг биш бүхнээ өгдөг гэдгийг харуулдаг. Бид хэн нэгнийг хайрлавал хамт байхыг, ханатлаа сайхан зүйл хийж өгч баярлуулахыг хүсдэг. Тиймээс л хайр авдаг биш өгдөг, эргэлддэг биш асгарч урсдаг зүйл юм шиг.
1991 онд гарсан уг кино тухайн жилдээ хамгийн их ашиг олсон гурван киноны нэгээр шалгарч, 2017 онд бүтсэн орчин үеийн хувилбар нь Оскарын шилдэг кинонд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино болж байв. Хүн бүр сайхан хайрын түүхийг хүсдэг учраас одоог хүртэл олон үзэгчдийн сэтгэлд нандин санагддаг болов уу.
Бидний хүүхэд насыг гэрэлтүүлж өгсөнд баярлалаа, Walt Disney!

Сэтгэгдэл бичих

