1 гол сэдэв

Юу болов?

Цар тахлын үед хэт тэлснээс үүдэлтэй ажлын байрны цомхотгол Microsoft-оор үргэлжиллээ. Эдийн засгийн таатай бус нөхцөлд технологийн гигантууд зардлаа бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авах болсон. Microsoft-ийн хувьд нийт ажиллах хүчний 5 хувьтай тэнцэх буюу 10 мянган ажилтнаа халсан юм. Энэхүү цомхотголд видео тоглоом хөгжүүлэлтийн багийнхнаас гадна AR/VR технологийн баг голцуу өртжээ.

Араас нь?

Уг мэдээтэй зэрэгцээд Google нийт 12 мянган ажилтнаа цомхотгож байгаагаа зарласан. Энэ нь нийт багийнх нь 6% гэсэн үг. Уг цомхотголд Chrome, Search, Cloud болон Андройд албаныхан голцуу хамрагдсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд машин сургалт болон хиймэл оюун хөгжүүлэлтэд ажиллаж буй Google Brain-ийн багт огт "гар хүрээгүй" аж.

Өөр?

Энэ оны эхээр Amazon 18 мянган ажилтнаа чөлөөлж байгаагаа зарлаад байсан. Өдийг хүртэл үргэлжилж буй цомхотголд тус компанийн Alexa, Prime зэрэг төхөөрөмж, үйлчилгээний нэгж голцуу багтсан гэнэ. Ташрамд дурдахад, үүнээс өмнө Meta 11 мянган ажилтнаа халж, Twitter-ийн шинэ эзэн И.Маск бараг тал ажилчдаа явуулсан бол Snap нийт ажилчдынхаа 20%-ийг чөлөөлөөд байсан билээ.

2 чухал тоо

850.000 - Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурлаа. Засгийн газрын албан ёсны тайланд дурдсанаар тус улсын хүн ам 1.41 тэрбум болж, 2022 оны төгсгөлд өнгөрсөн жилтэй харьцуулахад 850 мянгаар буурсан гэнэ. 2016 оноос алдарт нэг хүүхдийн бодлогоо цуцалж эхэлсэн тус улс дэлхийн хамгийн олон хүнтэй улсын статусаа Энэтхэгт тун удахгүй алдах төлөвтэй байгаа юм.

1.000.000 - Франц улс даяар тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна. Засгийн газраас тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр зэхэж байгаа билээ. Хамгийн сүүлийн томоохон жагсаалд 1 сая гаруй иргэн оролцжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Дэлхийн эдийн засгийн чуулган явагдлаа

- Швейцарийн Давос хотноо зохиогддог уг уулзалтын энэ жилийн сэдэв нь "Хуваагдсан дэлхий дэх хамтын ажиллагаа" байв. Нийт 130 гаруй орны 2700 төлөөлөгчийн дотор 50 орны төрийн тэргүүд байлцсан уг хурлын үеэр Украины дайн, эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал гол анхаарал татаж байв.

- Нийт 50 орны худалдааны сайд нар нэгдэж, байгальд ээлтэй худалдааны хэлцлийг үүсгэхэд олон улсын оролцоог нэмэгдүүлэх амлалт өгөв. Хятад улс цар тахлын дараа эргэн ирж, бизнесийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоо танилцуулсан. Мөн Украины тэргүүн хатагтай Олена Зеленски өөрийн биеэр Давост ирж, ардчиллын эсрэг бүгд тэмцэхийг уриаллаа.

- Нийгмийн үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж олгодог "Crystal Award"-ийг Их Британийн жүжигчин И.Элбагийн гэр бүл хүртлээ. Тэд НҮБ-ийн хүнсний хөтөлбөрийн элчээр ажилладаг билээ.


II. Netflix-ийн үүсгэн байгуулагч ажлаа хүлээлгэн өгнө.

- 25 жилийн өмнө тус компанийг үүсгэн байгуулж байсан Рийд Хастингс гүйцэтгэх албаа хүлээлгэн өгч, өдөр тутмын үйл ажиллагаанаас хөндийрч байгаагаа зарлалаа. Гэхдээ тэрээр компанийн удирдах зөвлөлийг тэргүүлсэн хэвээр байх гэнэ. Өдгөө 62 настай түүний нийт хөрөнгө 3.5 тэрбум доллараар хэмжигддэг.

- Стриминг салбарын тэргүүлэгч Netflix хоёр CEO-той ажилладаг онцлогтой. 2020 онд Р.Хастингс контент хариуцсан захирлаар ажиллаж байсан Т.Сарандосыг албан тушаал ахиулан, Co-CEO болгож байсан удаатай. Энэ удаад Р.Хастингсийн орон зайг компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Г.Питерс нөхнө.

- Netflix энэ долоо хоногт тайлангаа зарлаж, 223 сая төлбөр төлдөг хэрэглэгчтэй болсноо зарласан. Өдгөө зөвхөн контент түгээхээс гадна бүтээдэг машин болж хувирсан тэд саяхнаас нууц үг хуваалцахын эсрэг функцээ дэлхий даяар нэвтрүүлээд байгаа билээ. Netflix энэ жил контент хөгжүүлэлтэд 17 тэрбум доллар зарцуулах юм.


III. Apple шинэ загварын MacBook Pro-г танилцууллаа.

- Энэ жилийн загварын гол онцлог нь M2 Pro болон M2 Max чип байв. Apple-ийн өөрсдийн хөгжүүлж буй уг чипүүд MacBook Pro-д нэвтэрснээр үзүүлэлтүүд үлэмж хүчирхэгжиж байгаа гэсэн үг. M2 Pro-ийн хувьд өмнөх M2-оос 2 дахин хурдтай болсон бол M2 Max нь өмнөх хувилбараасаа 30 хувиар хурдан гэнэ.

- Apple-ийн хувьд 22 цагийн турш батарейгаа барьдаг 16 инчийн хувилбараа "түүхэн дэх хамгийн удаан цэнэгээ барьдаг" хэмээн тодотгосон. 14 инчийн MacBook Pro зах зээл дээр 1999 доллараар борлуулагдах бол 16 инчийн загварын эхлэлийн үнэ 2499 доллар байх ажээ.

- Үүнтэй зэрэгцэн Apple хэд хэдэн шинэ ухаалаг төхөөрөмж хөгжүүлж байгаа мэдээлэл цацагдлаа. Эдгээрээс хамгийн онцлох нь iPad-тай төстэй ухаалаг дэлгэц байх гэнэ. HomePod-ийн бусад төхөөрөмжүүдтэй шууд нийцэн ажиллах уг дэлгэц нь Amazon-ийн Echo Show, Google-ийн Nest Hub-тай шууд өрсөлдөгч болох учиртай юм.

4 мэдүүштэй зүйл

Чухал хориг: Англи улс энэ оны аравдугаар сараас эхлэн бүх төрлийн пластик хоолны хэрэгслийг хориглолоо. Уг хоригт ресторан, олон нийтийн газарт ашиглагддаг нэг удаагийн сав, аяга, халбага, савх, уут зэрэг багтаж байгаа юм.

Шүүхийн маргаан: Нэр бүхий гурван уран бүтээлч MidJourney, DeviantArt, Stability AI зэрэг AI ашиглан зураг бүтээгч платформуудыг оюуны өмч зөрчсөн хэмээн шүүхэд өглөө. Эдгээр платформууд нь интернет дэх тэрбум тэрбум зургийн датаг машинд сургаж, улмаар хэрэглэгчдийн оноосон түлхүүр үг, тайлбарт нийцүүлэн шинэ зураг гаргадаг технологид суурилдаг. Шүүхээс үүнийг оюуны хулгай хийсэн гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна.

Шинэ онгоц: NASA байгальд ээлтэй шинэ үеийн нисэх онгоц хөгжүүлэх болсноо зарлалаа. Тэд Boeing-той хамтран түлшинд хэмнэлттэй болон нүүрсхүчлийн ялгаруулалт багатай технологи дээр ажиллана. Уг онгоцоо тэд 2028 он гэхэд агаарт хөөргөх зорилго тавьжээ.

Ажилчин робот: Хүн дүрст робот хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Boston Dynamics ээлжит видеогоо цацаж, хөгжүүлэлтийн явцаа хуваалцлаа. Atlas нэртэй робот барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, төрөл бүрийн ачаа зөөх, хадаас хадах, материал байршуулах зэрэг үүрэг гүйцэтгэх чадвартай болжээ.

5 сонин хачин

1. "Avatar 2" хоёр тэрбум долларын борлуулалтыг давсан түүхэн дэх 6 дахь бүтээл боллоо. Найруулагч Ж.Камероны "Titanic", "Avatar 1" бүтээлүүд нь энэ жагсаалтад багтдаг. Мөн гол дүрийн жүжигчин З.Салданагийн хувьд эдгээрээс 4-т нь тоглосон ховорхон амжилтын эзэн боллоо. Тэрээр "Avatar"-аас гадна "Avengers"-ийн цувралд тоглосон билээ. Уг киноны нийт өртөг 460 сая доллар болсон нь мөн л түүхэнд бичигдэх үзүүлэлт болсон юм.

2. Twitter саяхан нэвтрүүлсэн жиргээний үзэлтийн тоог дизайны хувьд өөрчилж, баруун талд байршуулж эхэллээ. Энэ өөрчлөлт нь хэрэглэгчдийн зүгээс ирсэн шүүмжлэлтэй шууд холбоотой. Мөн тэд илүү мөнгө төлж, сурталчилгаа үзэхгүй байх сонголттой шинэ ангилал гаргаж ирэхээр ажиллаж байгаа гэнэ.

3. Instagram хэрэглэгчдэд түр хугацаанд ямар нэгэн мэдэгдэл хүлээн авахгүй байх сонголт олгох тохиргоог нэмлээ. "Quiet Mode"-ийг идэвхжүүлсэн нь хэрэглэгчийн профайл дээр ил харагдах бөгөөд мессеж явуулахад мөн нөгөө талд сануулга хэлбэрээр харагдана. Үүнээс гадна тэд "Explore" цэснээс хэрэглэгч өөрийн үзэхийг хүсэхгүй байгаа нэг болон хэд хэдэн агуулгаа зэрэг сонгож хаах, дахиж авахгүй байхаар сонгох зэрэг сайжруулалтыг хийжээ.

4. Крипто ертөнцийн хамгийн топ медиад тооцогдох CoinDesk шинэ эзэнтэй болоход ойрхон байна. 200 сая доллараар үнэлэгдэж буй уг платформыг Cardano-ийн үүсгэн байгуулагч Ч.Хоскинсон худалдаж авахаар зэхэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. CoinDesk-ийн толгой компани Genesis саяхан дампуурах хүсэлтээ гаргасан билээ.

5. Дэлхийн хамгийн том онлайн толь бичиг Merriam-Webster үг таадаг тоглоом Quordle-ийг худалдаж авлаа. Өнгөрсөн жилийн хамгийн хит тоглоом Wordle-ийн клон хувилбар гэж хэлж болох уг тоглоом 2-р сард гарсан даруйдаа сарын дотор 1 сая хэрэглэгчтэй болж байсан билээ.

10 унших мэдээ

Сонирхох: И.Маскийн бүтээж буй Твиттер /The Verge/

Хүлээх: Samsung Galaxy S23-ийг таамаглах нь /WinFuture/

Эмээх: Цагаан сарын халдлагад 10 хүн өртөв /CNN/

Анхаарах: Их сургуулиуд TikTok-ийг хориглож эхэллээ /Techcrunch/

Анзаарах: Ж.Ардерн ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өглөө /The Guardian/

Тайлбарлах: Герман яагаад танкаа Украинд өгөхгүй байна вэ? /Vox/

Мэдэх: Азийн зарим улс орнууд цагаан сараа тэмдэглэж байна /BBC/

Үзэх: Sundance 2023-аас хүлээх 15 бүтээл /Rotten Tomatoes/

Дуулах: Vice Media зарагдана /CNBC/

Сонсох: Coachella Youtube-ээр цацагдана /Youtube/