1 гол сэдэв

Юу болов?

Монголын баг Турины тусгай олимпод өнгөллөө. Италийн Турин хотноо даян дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн спортын арга хэмжээнд тооцогддог 12 дахь удаагийн өвлийн тусгай олимпын наадам явагдаж өндөрлөлөө. Энэ наадамд дэлхийн 101 улсын 3000 гаруй тамирчид 8 спортын төрөлд өрсөлдсөн.

Монголчууд ямар амжилт үзүүлэв?

“Ирээдүй энд байна” гэсэн уриатай явагдсан уг наадамд Монголоос уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцож, нийт 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

Монголын тусгай олимпын багийн тамирчдын амжилт:

Алтан медальтнууд: - А.Азжаргал (уулын цана) – 2 алт, 1 мөнгө, Т.Дэлэгжаргал (цасны гуталтай гүйлт) – 1 алт, 1 хүрэл, Т.Солонго (цасны гуталтай гүйлт), Б.Буянтогтох (цасны гуталтай гүйлт) – 1 алт, 1 хүрэл

Мөнгөн медальтнууд - Б.Бямба-Эрдэнэ (цасны гуталтай гүйлт) – 2 мөнгө, Б.Мөнх-Эрдэнэ (бүжиг), А.Идэр (гүйлтийн цана), Ө.Елмырза (цасны гуталтай гүйлт) – 1 мөнгө, 1 хүрэл, А.Алтан-Очир (снөүборд) – 1 мөнгө, 2 хүрэл, Я.Мягмарсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ (бүжиг, хос), П.Хатансайхан (цасны гуталтай гүйлт) – 1 мөнгө, 1 хүрэл, И.Амаржаргал (цасны гуталтай гүйлт), М.Энхзаяа (снөүборд) – 1 мөнгө, 1 хүрэл

Хүрэл медальтнууд: - Э.Анхзул (гүйлтийн цана), М.Амарболд (цасны гуталтай гүйлт) – 2 хүрэл

Тусгай байр эзлэгсэд: - А.Бүрэнтогтох (гүйлтийн цана) - Флорбол (цасны хоккейн эмэгтэй баг, П.Анужин, З.Баттулга, А.Бурмаа, Д.Эмүжин, У.Хулан, Б.Намуун-Эрдэнэ, Б.Цэрэнчимэг, Б.Уянгалянхуа), Г.Отгонбаяр (уулын цана)

Манай улс өвлийн тусгай олимпын наадамд хоёр дахь удаагаа оролцсон бөгөөд 2017 онд Австри улсад болсон өвлийн наадмаас 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байлаа.

2 чухал тоо

4000 - С.Көрри 4000 холын зайн шидэлт гүйцэтгэсэн анхны тоглогч боллоо. NBA-ийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг шидэгч гэдгээ тэрээр дахин баталгаажуулж, лигийн түүхэнд дахин эвдэгдэхэд бэрх амжилтын эзэн боллоо. Дөнгөж 37 нас хүрээд буй тэрээр Сакраменто Кингсийн эсрэг тоглолтонд энэ амжилтаа тогтоожээ. С.Көрри 2021 оны арванхоёрдугаар сард Р.Алленийн амжилтыг эвдэж, улмаар анхны 3000 амжилттай шидэлтийн эзэн болж байсан юм. Сонирхуулахад, түүний ард Ж. Харден (3,131 шидэлт) бичигдэж байгаа билээ.

20.000 - 2016-22 онд Филиппинийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Родриго Дутартег “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэмээн буруутгаж, нийслэл Манила хотын нисэх буудлаас баривчилжээ. Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллах үедээ “Хар тамхины эсрэг дайн”-ыг эхлүүлж, гэмт бүлэглэл, эрүүгийн хэрэгтнүүдтэй тэмцэж эхэлсэн юм. Албан тоогоор 134 мянган удаагийн ажиллагаа явагдаж, 193 мянган хүн баривчлагдан, тэрбум долларын хар тамхийг хураан авч байжээ. Гэвч энэ үеэрээ гэм зэмгүй иргэдийг хэлмэгдүүлж, 20 мянга гаруй энгийн хүний аминд хүрсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Р.Дутарте одоогоор олон улсын эрүүгийн шүүх байрладаг Хааг хотноо хоригдож байна. Тэрээр “ард түмнээ хамгаалах үүргээ л биелүүлсэн, хариуцлагаа хүлээхэд бэлэн” хэмээн баривчлагдахынхаа өмнө сошиал хуудсандаа нийтэлжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Америкийн хөрөнгийн зах зээл 5 их наяд долларыг алджээ

- Энэ бол зөвхөн өнгөрсөн гурван долоо хоногийн үзүүлэлт. Тус улсын хамгийн гол индексүүд болох S&P 500, Nasdaq-ийн уналт дөрвөн долоо хоног дараалан үргэлжилж, Dow-ийн үзүүлэлт 2023 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн муу үзүүлэлтдээ хүрлээ. Технологийн хамгийн том 7 компани зөвхөн өнгөрсөн даваа гарагт л гэхэд 750 тэрбум долларыг алджээ. Nasdaq-ийн хувьд 2022 оноос хойшхи хамгийн муу өдөр нь байв.

- Хэдий АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зах зээлийн ханш түүхэн рекордоо сэтэлсэн ч түүнээс хойшхи Д.Трампын шийдвэрүүд, ялангуяа тариф, худалдааны дайны нөхцөл байдал зах зээлд тогтворгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсээр байна. Мөн засгийн газрын зардлыг эрс бууруулж байгаа нь эдийн засгийн олон салбарт шууд нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна.

- Америкийн ард иргэдийн дундах инфляцын хүлээлт ч 1993 оноос хойшхи хамгийн оргил үедээ хүрснийг судалгаа харуулж байна. Тиймээс иргэд бүсээ чангалж, том худалдан авалтуудаа хойшлуулах төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн алтны ханш түүхэндээ анх удаа 3000 долларын босгыг давжээ.


II. Цахиурын хөндийн топ компаниудын халаа, сэлгээ дүүрэн байлаа.

- Intel: Оны өмнөхөн гүйцэтгэх захирлаа гэнэт халсан тус компани шинэ CEO-оороо Малайзад төрсөн, 65 настай Лип-Бу Таныг томиллоо. Тэрээр өнгөрсөн жилийг хүртэл Intel-ийн удирдах зөвлөлд ажиллаж байсан, Softbank, HP, Schneider-ийн гүйцэтгэх зөвлөлд суудалтай салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн технологийн лидер юм. Энэ мэдээний дараа Intel-ийн хувьцааны үнэлгээ 14%-аар нэмэгджээ.

- Asana: Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Московиц үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, “гавьяаны амралтандаа” гарч байгаагаа зарлалаа. Facebook-ийн анхны үүсгэн байгуулагчдын нэг тэрээр 2008 оноос хойш ажлын харилцааны платформ хөгжүүлэгч Asana-г удирдаж байсан юм. Энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш 25%-аар унажээ.

- Relativity: Google-ийн экс гүйцэтгэх захирал Эрик Шмидт 3D принтерээр пуужин хэвлэх амбицтай Relativity Space-ийг удирдах боллоо. Тэрээр компанийн дийлэнх хувьцааг худалдан авч, CEO-оор ажиллах болжээ. Ангараг гараг луу хөөрөх анхны компани болох амбицтай тус компани NASA-аас 3 тэрбум долларын гэрээтэйгээр технологи хөгжүүлж байгаа юм.


III. ОХУ, Украйн гал зогсоох хэлэлцээрт ороход бэлэн

- АНУ-ын талын танилцуулсан 30 хоног гал зогсоох төлөвлөгөөг Украйны тал хүлээж авсныг эх сурвалжууд мэдээлж буй. Олон улсын зүгээс энэ гуч хоногт энх тайвныг тогтоох дараагийн хэлэлцээрийг явуулах саналтай байгаа юм. Харин ОХУ-ын талаас хэд хэдэн зүйлд тодруулга хэрэгтэй байгаа гэдгийг В.Путин өөрийн биеэр мэдэгджээ. Өөрөөр хэлбэл тэрээр дайныг шууд зогсоох сонирхолтой байгаа нь илт байв.

- Тэрээр гал зогсоох төлөвлөгөөг дэмжиж байгаагаа хамгийн эхэнд илэрхийлсэн ч дайны гол шалтгааныг шийдвэрлэх ёстойг мөн тодотгов. Тэрчлэн энэ гуч хоногт дайчилгаа явагдах эсэх, зэвсэг татах ажиллагаа явагдах эсэх, фронтын шугам дээр хэрхэн хяналт тогтоох ёстойг нарийвчлан тодорхойлох хэрэгтэйг сануулжээ. Трампын илгээсэн тусгай элч С.Виткоф Москвад зочилж, Путиныг 8 цаг хүлээсний эцэст төлөвлөгөөгөө танилцуулсан гэнэ.

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хувьд үүний дараагаар түр хугацаанд зогсоогоод байсан Украйнтай тагнуулын мэдээлэл солилцох, дэмжлэг илгээх ажиллагааг сэргээсэн байна. Харин ОХУ-ын талд газрын тос, байгалийн хийн чиглэлд нэмэлт хориг тавих болжээ.

4 мэдүүштэй зүйл

Нээлттэй компани: “Одоо аваад, дараа нь төл” санхүүгийн үйлчилгээний лидерүүдийн нэг Klarna Нью Йоркийн биржид IPO хийх болжээ. Шведэд төвтэй тус компани цар тахлын үеэр Softbank-аас 46 тэрбумын үнэлгээтэй хөрөнгө оруулалт татан мандаж байсан удаатай. Өнгөрсөн жил анх удаа ашигтай буюу 181 сая долларын ашигтай ажиллаж буй тус компани өдгөө 15 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Стратегийн түнш: NBCUniversal, Peacock, CNBC-ийг эгнээндээ нэгтгэсэн Comcast ОУОХ-той хийсэн шууд дамжуулалтын гэрээгээ 2036 он хүртэл сунгажээ. Шинэ гэрээний хүрээнд тэд зөвхөн шууд дамжуулалтаас гадна Америкийн нутаг дэвсгэр дээрх мерч, дижитал сурталчилгаа, дамжуулалтын дэд бүтэц зэрэг чиглэлд хамтран ажиллах “стратегийн түнш”-ийн статустай болжээ. Шинэ гэрээгээр өмнөх үнийн дүн 20%-аар нэмэгдэж, жилд 3 тэрбум долларыг төлөх болсон байна. NBCUniversal өнгөрсөн Парисын олимпын үеэр 30 сая үзэгчийг татан рекордоо эвдэж, 1.2 тэрбум долларын зар сурталчилгааны орлого олсон билээ.

Шинэ чип: Nvidia хүлээлт өндөртэй байгаа шинэ чипээ хар материйг анх нээсэн алдарт эрдэмтэн Вера Рубины нэрээр нэрлэх болсноо зарлалаа. 1998 онд анхны чипээ гаргасан цагаасаа тэд салбарын гол эрдэмтдийн нэрийг мөнхжүүлэх зорилгоор нэрийг нь ашигласаар ирсэн. AI-ийн давлагааны үеэр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсон хит чип нь л гэхэд магадлалын онолын гол төлөөлөгч Д.Блаквеллийн нэрээр нэрлэгдэж байв. Харин Рубинээс эхлэн зөвхөн эмэгтэй эрдэмтдийн нэрийг сонгож, дараа дараагийн үеийн охидод урам зориг өгнө хэмээн тэд мэдэгджээ.

Баримт шалгагч: Meta X-ийн технологийг ашиглана. Тус компани баримт шалгах үйл явцад баримтлах бодлого, технологио тэр чигт нь өөрчлөх болсноо зарлаад удаагүй байгаа. Тэгвэл ирэх сараас АНУ-д эхлэн хэрэгжих “Community Notes”-оо X-ийн хөгжүүлсэн нээлттэй эхэд суурилан нэвтрүүлнэ гэнэ. Хэрэглэгчид Instagram, Facebook, Threads-д нийтлэгдсэн постын үнэн худал, алдаатай эсэхийг өөрсдөө хянаж шалгаж, нэмэлт мэдээлэл өгөх боломжтой уг аргачлал нь комьюнитид итгэх итгэлийг нэмэгдүүлнэ хэмээн М.Цукерберг итгэж байгаа юм. Үүнээс өмнө И.Маск Twitter-ийг авсан даруйдаа баримт шалгах явцаа ийн өөрчилж байв.

5 сонин хачин

1. “Novocaine” бокс оффисыг тэргүүллээ. Paramount-ийн шинэ триллер нээлтийн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 8.5 сая долларын орлого олж, чартыг тэргүүлжээ. Энэ бол 2023 оноос хойшхи хамгийн сул үзүүлэлт. Шинжээчид өнгөрч буй долоо хоногийг 2025 оны бокс оффисын хамгийн “ашиг багатай” долоо хоног боллоо хэмээн тооцоолсон нь ч буруудсангүй. Үүнд Паразитын найруулагч Б.Жон Хогийн “Mickey 17”-ийн бүтэлгүйтэл их нөлөөтэй. 380 сая долларын өртөгтэй боссон уг кино одоогоор дэлхий даяар ердөө 68 сая долларыг цуглуулаад байгаа юм.

2. Саудын Арабууд “Pokemon Go”-ийг худалдаж авчээ. 20 сая идэвхтэй тоглогчтой “Pokemon Go” 3.5 тэрбум долларын үнэ хүрч, Monopoly Go-г бүтээгч Scopely-ийн эгнээнд нэгдлээ. Scopely-ийн хувьд өнгөрсөн жил Саудын Арабын баялгийн санд 4.9 тэрбумаар зарагдаж, тоглоомын зах зээлийн хамгийн гол тоглогчдын нэгт тооцогдох болсон юм. 2016 онд анх гарсан даруйдаа хит болж, зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 1 тэрбум долларын борлуулалттай ажилласан Pokemon Go-ийг бүтээгч Niantic-ийн хувьд AR технологи хөгжүүлэгч компаниа тусад нь гаргаж, Scopely-оос нэмэлт санхүүжилт татсан байна. Тэд дэлхийн 3D газрын зургийг бодит хэрэглэгчдийн датанд суурилан бүтээх амбицтай байгаа билээ.

3. Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний дээд лигийн 2024-25 оны улирлын шилдэг тоглогчдыг танилцууллаа. Холбооны дотоод журмын дагуу лигийн топ багийн тэргүүн тоглогчийг “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” буюу MVP-ээр нэрлэдэг. Энэ удаад Хасын Хүлгүүд багийн төвийн тоглогч А.Азбаяр анх удаа энэ шагналын эзэн болов. Өдгөө 19 настай тэрээр өнгөрсөн жил “Шилдэг шинэ тоглогч”-оор нэрлэгдэж байсан билээ. Энэ үеэр тэрээр мөн "Шилдэг хамгаалан тоглогч"-оор шалгарчээ.

4. “Ted Lasso”-ийн шинэ бүлэг зарлагдлаа. Apple TV+-ийн хамгийн их үзэгчтэй цувралуудын нэг “Ted Lasso” 4-р бүлгээр үргэлжлэх болжээ. Уг бүлэгт гол дүрийн жүжигчин Ж.Судейкис оролцож, эмэгтэй хөлбөмбөгийн баг удирдана гэдгийг зарласан нь фенүүдийг улам сэргээж орхив. 2020 онд анх гарсан уг цуврал нийт 61 удаа Эммид нэр дэвшиж, 13-т нь ялалт байгуулж байсан билээ.

5. Трампын гэр бүл Binance-д хөрөнгө оруулахаар сонирхож байна. Дэлхийн хамгийн том крипто бирж Binance-ийн Америк дахь салбар мөнгө угаасан хэрэгт холбогдож, үүсгэн байгуулагч CZ буюу Чанпен Жао нь бүр ял авсан цаг саяхан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын гэр бүл тус компанид хөрөнгө оруулахаар эхний уулзалт хийж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь сүүлийн үед уналт мэдэрч буй крипто зах зээлийн хувьд сэргэлтийн мэдээний нэг болж байна. Үүнтэй зэрэгцэн АНЭУ-ын хөрөнгө оруулалтын сан MGX тус компанид 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь салбарын түүхэн дэх хамгийн том бөгөөд анхны төрийн институтын оруулсан хөрөнгө оруулалт болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд дэлхийн криптовалютын төв болох амбицтай байгаа билээ.