1 гол сэдэв
Юу болов?
Warner Bros. Discovery-ийн гүйцэтгэх захирал Д.Заслав шинэ стриминг платформынхоо нэрийг албан ёсоор зарлалаа. Шинэ нэгдэл үүсэхээс өмнө бие даасан үйлчилгээ байсан HBO Max, Discovery-г нэгтгэсэн платформ цаашид "Max" гэсэн нэртэй байх юм. Эхний ээлжинд Америкийн зах зээлд нээгдэх уг үйлчилгээг 2024 оны эцэс гэхэд дэлхий даяар ашиглах боломжтой болох гэнэ.
Яагаад Max гэж?
Олон шинжээчид чанартай, хит контентуудаараа алдартай HBO-г нэрнээсээ хасаж байгаа нь эрсдэлтэй алхам гэж дүгнэж байгаа. Гэхдээ удирдлагын зүгээс шинэ брэнд нь Netflix, Disney+-тэй өрсөлдөхүйц хоногшуулалт үүсгэх потенциалтай хэмээн үзэж байгаа нь энэ. Max-ийн зар сурталчилгаатай үйлчилгээ нь сарын 9.99 доллар байх бөгөөд илүү өндөр чанартай, олон хэрэглэгч зэрэг ашиглах боломжтой хувилбар нь 19.99 доллараар үнэлэгдэх аж.
Ямар контентууд байрлах вэ?
Шинэ брэндийн танилцуулгын үеэр Д.Заслав Max Originals гэсэн нэрийн дор хэд хэдэн анхаарал татахуйц контент зарласан. Тэд Харри Поттерын шинэ цувралыг бүтээхээс гадна "Conjuring", "The Big Bang Theory"-ийн ертөнцөд өрнөх шинэ цувралууд хийгдэх гэнэ. Мөн энэ үеэр "Game of Thrones", "Looney Tunes", "Sesame Street", "Lord of The Rings" зэрэг толгой компанийн хамгийн алдартай контентуудыг "мөлжиж", шинэ түүх, цувралууд хийгдэнэ гэдэг төлөвлөгөөгөө ил болгожээ.
2 чухал тоо
15.000.000 - Дэлхийн хамгийн үнэтэй машины дугаар 15 сая долларын үнэ хүрэн дээд амжилт тогтоолоо. Дубайд явагдсан дуудлага худалдааны үеэр "P7" гэсэн нэртэй дугаар ийм үнэтэй зарагдав. Үүний өмнөх рекордыг Хонгконгийн нэгэн эрхэм "W" гэсэн дан үсэгтэй дугаарыг 3.3 сая доллараар авснаараа эзэмшиж байлаа.
35 - Бродвэйн театрт хамгийн удаан тоглогдсон тайзны жүжиг "The Phantom of the Opera" 35 жилийн дараа хаагдлаа. 1988 онд анх тавигдсан уг жүжиг Тони шагналыг 7 удаа хүртсэн, нийт 14 мянган шоуг толилуулсан домогт бүтээл билээ.
‘#P7’, the world's most expensive number plate, has been purchased by a #Dubai man, setting a world record Do you… https://t.co/IIAz82ZwnA
Tue Apr 11 08:22:04 +0000 2023
3 онцлох өгүүлбэр
I. И.Маск шинэ компани байгууллаа.
- Дэлхийн хамгийн зартай тэрбумтан Илон Маск хиймэл оюунд төвлөрөн ажиллах шинэ компани байгуулснаа зарлалаа. Шинэ компанийн нэр нь X.AI байх гэнэ.
- И.Маск бүх үйлчилгээг багтаасан супер апп бүтээж, түүнийгээ X хэмээн нэрлэх амбицтай байгаа нь эртнээс тодорхой байсан. Түүнийх нь гол суурь нь ч Twitter байх боломжтойг өмнө нь дурдаж байсан билээ. Тэрээр саяхан Twitter-ийг X Corp. гэсэн нэртэй болгосноо мэдэгдээд байсан юм.
- Сонирхуулахад, И.Маск 2015 онд өнөөгийн хит бүтээгдэхүүн ChatGPT-г бүтээгч OpenAI-г үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулж байсан. Гэхдээ бизнесийн загвар, бүтээгдэхүүний хөгжил дээр үл ойлголцсны улмаас OpenAI-ийг орхисон тэрээр сүүлийн үед ChatGPT тэргүүтэй хиймэл оюуны шинэ хөгжүүлэлтэд завсарлага авах хэрэгтэйг уриалах болсон билээ.
II. Япон улс анхны казиногоо байгуулна.
- Япон улс казино байгуулах анхны зөвшөөрлөө олголоо. Энэхүү шийдвэр нь аялал жуулчлалыг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн засгийн газар найдаж байна.
- Осака хотноо нээгдэх уг ресорт нь жилд 20 сая жуулчин хүлээн авч, 4 тэрбум долларын орлого олох төлөвлөгөөтэй. Төслийн нийт өртөг нь 13.5 тэрбум доллар байна хэмээн тооцож байна.
- Төлөвлөгөө ёсоор уг казино 2029 онд нээгдэх юм. Гэхдээ нутгийн иргэд уг шийдвэрт хуваагдсан байр суурьтай байгаа. Осака хотын иргэдийн 45% нь уг шийдвэрийг дэмжиж байгаа бол 38% нь эсэргүүцэж байгаа аж.
III. М.Жорданы пүүз 2.2 сая долларт хүрэв.
- NBA-ийн домогт тоглогч Майкл Жорданы 1998 оны финалд өмсөж байсан пүүз 2.2 сая доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй пүүз боллоо. Тэрээр энэхүү Air Jordan 13-ийг өмсөн хамгийн сүүлийн буюу 6 дахь аваргын цомоо өргөж байсан юм.
- Өмнөх рекордыг 2021 онд мөн л түүний өөр нэг пүүз 1.5 сая доллараар зарагдаж тогтоож байсан юм. Өнгөрсөн жил түүний өмсгөл 10.1 сая доллараар зарагдаж хамгийн үнэтэй спортын хэрэглэлийн рекордыг тогтоож байсан билээ.
- Sotheby-ийн зүгээс уг пүүзийг 4 сая доллар хүрнэ хэмээн тооцож байсан гэнэ.

4 мэдүүштэй зүйл
Шинэ функц: Instagram видео эвлүүлгийн шинэ нэмэлтүүдээ танилцууллаа. Reels-д видео, зураг эсвэл стикер оруулахдаа нэг дэлгэц дээр эвлүүлэх боломж олгох энэ нэмэлт нь тэдэнд TikTok-той өрсөлдөх боломж олгоно хэмээн Instagram үзэж байгаа юм.
Гэнэтийн шийдвэр: Америкийн хамгийн их хэрэглэгчтэй, хүчирхэг медиагийн нэг NPR Твиттерийг орхиж байгаагаа албан ёсоор зарлалаа. И.Маск өнгөрсөн долоо хоногт тус медиа компанийн хуудсанд "засгийн газрын санхүүжилттэй" гэсэн шошгийг байршуулж, маргаан үүсгээд байсан юм.
Нууц баримт: АНУ-ын тусгай хүчний ОХУ-ын эсрэг баримталж буй бодлого, тагнуулын мэдээллийг агуулсан нууц баримт бичгийг интернетэд түгээсэн хүн баривчлагдлаа. Агаарын зэвсэгт хүчин алба хаадаг 21 настай эр Discord платформ дахь чат групптээ уг бичгийг тараасан нь шуугиан дэгдээгээд байсан юм.
Шинэ өрсөлдөгч: Alibaba ChatGPT-ийг өрсөлдөгч бүтээгдэхүүнээ танилцууллаа. Tongyi Qianwen нэртэй уг хиймэл оюунд суурилсан чатботоо тэд эхний ээлжинд Alibaba-ийн экосистем дэх ажлын бүтээмж нэмэгдүүлэх платформуудтай интеграц хийнэ гэнэ.
Alibaba joined the race to offer a competitor to ChatGPT, integrating its new AI model in smart speakers and office… https://t.co/7BM81WQ8Rv
Tue Apr 11 02:58:11 +0000 2023
5 сонин хачин
1. "The Super Mario Bros. Movie" 2023 оны хамгийн амжилттай кино боллоо. Тэд ердөө 2 долоо хоногийн дотор дэлхий даяар 678 сая доллар цуглуулсан нь энэ. Энэ долоо хоногийн гол бүтээлд тооцогдож байсан Н.Кэйжийн Дракулагийн дүрийг бүтээсэн "Renfield" харин дөнгөж 4-р байрт бичигджээ.
2. NFL-ийн Вашингтон Коммандерс баг 6 тэрбумын үнэ хүрч, түүхэн дэх хамгийн үнэтэй спортын клуб боллоо. Уг клубыг NBA-ийн Филадельфи 76 багийн эзэн Ж.Харрис тэргүүтэй хөрөнгө оруулагчид эзэмших болж байна. Хуучин эзэн Д.Снайдер 1999 онд уг багийг 900 сая доллараар худалдан авч байжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Денвер Бронкос 4.65 тэрбум долларт хүрч рекорд тогтоож байв.
A group led by private equity billionaire Josh Harris has agreed in principle to purchase the NFL’s Washington Comm… https://t.co/Y5Yh8B1y49
Thu Apr 13 18:35:03 +0000 2023
3. Baby Shark шинэ подкаст цувралаа танилцууллаа. Тэд Apple Podcast дээр нийт 8 шинэ цувралыг танилцуулсан байна. Сонирхолтой нь үлгэрийн адал явдалт төрлийн, нэг анги нь 2-6 минутын урттай эдгээр контентийг хэрэглэгчид сард 2.99 доллар төлснөөр сонсох боломжтой болох ажээ.

4. Sony Angry Bird-ийг бүтээгч Rovio-г эгнээндээ нэгтгэхээр зэхэж байна. Хэлцлийн үнэлгээ 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд эцэслэгдэх аж. Angry Bird-ийн хувьд 1 тэрбум таталттай болсон анхны гар утасны тоглоом болж байсан билээ.
Sega is reportedly set to acquire Angry Birds studio Rovio for $1 billion. https://t.co/Kz2U6AKQ7l https://t.co/zkzkSVf3Ut
Sat Apr 15 10:51:14 +0000 2023
5. Linkedin баталгаажуулах тэмдгийг туршиж эхэллээ. Тухайн хэрэглэгч нь өөрийн албан байгууллагын имэйлийг ашиглаж бүртгүүлсэн тохиолдолд уг тэмдгийг хэрэглэх боломжтой болох гэнэ. Одоогоор уг үйлчилгээ үнэ төлбөргүй байна хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
LinkedIn is rolling out a free verification badge that will allow users to prove where they work https://t.co/bi3GPscEp0
Thu Apr 13 19:06:25 +0000 2023

Сэтгэгдэл бичих

