1 гол сэдэв

Аргентин: Гурав дахь цом

Катар улсад явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентин улс түрүүлж, 3 дахь удаагаа алтан цомыг өргөлөө. Тэд хамгийн сүүлд 1986 онд домогт Д.Марадонагийн тэргүүлэл дор дэлхийн аварга болж байв. Харин энэ жилийн гол дүр нь Лионель Месси байв. Клубын түвшинд 30 гаруй том цомыг хүртэж, дэлхийн шилдэг тоглогчоор 6 удаа тодорсон түүний цуглуулгад зөвхөн дэлхийн аваргын цом л дутуу байсан. Энэ удаад тэрээр хасагдах шатны тоглолт бүрд гоол оруулж, тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж, карьерын хамгийн чухал ялалтаа байгуулж чадлаа. Одоо түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг хэмээн цоллоход буруудах зүйл огтхон ч үгүй.

Финал: Месси vs Мбаппе

Шигшээд тэдний эсрэг 2018 оны дэлхийн аварга Францын баг өрсөлдсөн. Нийт 6 гоол орж, торгуулийн цохилтоор ялагч нь тодорсон уг тоглолт зөвхөн хөлбөмбөгийн төдийгүй нийт спортын түүхэнд "хамгийн агуу" хэмээн тодотгон үлдэх үзүүштэй өрнөсөн юм. 68 дахь минут хүртэл хаалга руу нэг ч цохилт хийгээгүй байсан Францын баг 100 секунд хүрэхгүй хугацаанд 2 гоол оруулж, улмаар нэмэлт цагт ч тоглолт дуусгах боломжтой байсан нь чухам К.Мбаппегийн гавьяа байв. Өдгөө 23 настай К.Мбаппе финалд хет трик хийсэн анхны тоглогч болж, нийт 8 гоолтойгоор тэмцээний мэргэн буучаар тодорлоо. Ирэх цагийн хөлбөмбөгийн ертөнцийн өнгийг тодорхойлох гол тоглогч гэдгээ тэр дахин баталж чадлаа.

Катар: Дуулиан шуугиан дүүрэн тэмцээн

Эхлэхээсээ өмнө л авилгал, хүний эрхийн асуудал, хэт халалт, хуваарийн зөрүү гээд олон асуудлуудтай нүүр тулсан Катар 2022 ийнхүү хөшгөө хааж байна. ФИФА-ийн зүгээс үзэгчдийн тоо, орлогын үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоосон гэдгийг урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа. Мөн нийт 172 гоол орсон нь 1998, 2014 оны амжилтыг нэгээр ахиулсан хэрэг байлаа. Герман, Бельгийн бүтэлгүйтэл, Япон, Саудын Арабын гайхамшиг, Мороккогийн түүхэн цуврал гээд гэнэтийн үр дүн, санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн тэмцээнийг дэлхий нийт гэрчлэв. Дараагийн ДАШТ 2026 онд АНУ, Канад, Мексик улсыг дамнан явагдана.

2 чухал тоо

81.5 - Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр М.Маркл нарын түүхийг өгүүлсэн "Harry & Meghan" Netflix-ийн түүхэн дэх хамгийн амжилттай баримтат цуврал боллоо. Эхний долоо хоногтоо л 81.5 сая цагийн үзэлтийг цуглуулсан уг бүтээл 85 орны топ 10 жагсаалтад багтжээ.

60 - Instagram 60 тэмдэгтэд багтаан статус бичих боломжтой боллоо. Энэ нь зөвхөн дагагчдад л харагдана гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна тэд BeReal-тэй төстэй хоёр камер ашиглах "Candid Stories" нэмэлтийг нэвтрүүлж, группын функц буюу "Group Profiles"-ийг шинээр танилцуулжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Цөмийн нэгдэх урвалын туршилт амжилттай боллоо.

- АНУ-ын эрдэмтэд цөмийн нэгдэх урвалын туршилтыг амжилттай хийж, анх удаа зарцуулснаасаа их хэмжээний эрчим хүчийг гарган авснаа мэдэгдлээ. Энэ бол 2022 оны шинжлэх ухааны ертөнцийн хамгийн гол ололтуудын нэгт зүй ёсоор тооцогдох амжилт юм.

- Хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний эрэлд гарч, түүнийг шийдэхүйц онолын нэг гол чиглэл нь цөмийн нэгдэх урвал юм хэмээн үзэх болсон. 1 аяга уснаас бүтэн өрхийн жилийн хэрэгцээг хангах эрчим хүч гаргах боломжтой гэгдэх уг технологийг эзэмших нь цаашдын хөгжлийн гол тулгуур болох учиртай.

- Энэ удаад эрдэмтэд лазерын технологи ашиглан цөмийн нэгдэх урвалын ноцоолтыг лабораторийн орчинд үүсгэсэн нь энэ. Америк хөлбөмбөгийн гурван ч талбайг нэгтгэсэнтэй тэнцэхүйц аварга туршилтын талбарт явагдсан уг ололтын цаашдын хөгжил олон нийтийн анхаарлын төвд байна.


II. Крипто өвөл хүнд үргэлжилсээр.

- Дампуурлаа зарлаад удаагүй байгаа FTX-ийн үүсгэн байгуулагч С.Банкман-Фрайдыг Багамын арал дээрээс албан ёсоор баривчиллаа. АНУ-ын шүүхээс түүнийг хөрөнгө оруулагчдыг хууран залилсан, хуурамч мэдээллээр хангасан зэрэг нийт 8 заалтаар буруутгаж байгаа юм.

- Мөн түүнийг зугтаах эрсдэлтэй хэмээн үзэж батлан даалтад гаргах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. Түүний хэрэглэгчдэд учруулсан хохирол дор хаяж 8 тэрбум доллар хэмээн тооцогдож буй.

- Үүнтэй зэрэгцэн өөр нэг топ бирж Binance ч хүнд байдалтай нүүр тулаад байна. Хэрэглэгчдийн мөнгөө татан авах хүсэлтийн хэмжээ 24 цагийн дотор 3 тэрбум долларт хүрсэн нь тэдний санхүүгийн чадварт томоохон эрсдэл үүсгээд буй. Гэхдээ компанийн зүгээс бүх зүйл хяналтанд байгааг мэдэгдсээр байна.


III. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм нэрлэгдлээ.

- Энэ бол Францын тэрбумтан Б.Арно. Дэлхийн хамгийн топ тансаг зэрэглэлийн хувцас эдлэл, хэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн LVMH-ийг удирддаг тэрээр 171 тэрбум долларын хөрөнгөтэй гэдгээрээ жагсаалтыг анх удаа тэргүүлэх болжээ. Тэрээр өдгөө 73 настай.

- Өмнөх лидер И.Маскийн хувьд 2-р байрт 164 тэрбум доллартайгаар бичигдсэн. Twitter-ийг 44 тэрбум доллараар худалдан авсан тэрээр саяхан Tesla-ийн 3.5 тэрбум доллартай тэнцэхүйц хувьцаагаа зарсан нь ил болсон юм. Tesla-ийн хувьцааны үнэлгээ энэ онд 54%-аар унаад байгаа нь хөрөнгө оруулагчид түүнд анхаарлаа төвлөрүүлэх ёстойг сануулсаар буй.

- Жагсаалтын гуравдугаар байрт Энэтхэгийн тэрбумтан Г.Адани бичигдэв. 125 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр 100 мянган ажилтантай Adani Group-ийг эзэмшдэг. Түүний хөрөнгийн дийлэнх нь нүүрсний уурхай, боомтын үйл ажиллагаанаас бүрджээ. Харин Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзос дөрөвт жагссан байна.


4 мэдүүштэй зүйл

Робот хүргэгч: Uber-ийн хоол хүргэлтийн үйлчилгээ өөрөө явагч робот ашиглах болсноо зарлалаа. Uber Eats Миами орчимд 6 дугуйтай, цахилгаан хөдөлгүүрт роботыг ажилд оруулсан байна. Тэд энэ төслийн хүрээнд Cartken хэмээх AI суурьтай стартаптай хамтран ажиллаж байгаа юм.

Усан ертөнц: NASA-ийн одон орончид дан усаар бүрхэгдсэн хоёр гарагийг илрүүлснээ зарлалаа. 218 гэрлийн жилийн алсад орших уг гарагийн уур амьсгал нь маш халуун ууранд сууж байгаатай төстэй, хүнд, нягт даралттай орчин байна хэмээн эрдэмтэд төсөөлж байна.

Шинэ нэгдэл: Microsoft Лондоны Хөрөнгийн Биржийн 4%-ийг худалдан авч байгаагаа зарлалаа. Энэ хэлцлийн хүрээнд талууд стратегийн түншлэлийг байгуулж, 3 тэрбум доллартай тэнцэхүйц үүлэн технологи, дата аналитикийн хамтын ажиллагааг үүсгэх гэнэ.

Амжилттай газардалт: NASA-ийн сарыг эзлэх төсөл Artemis-ийн эхний шат өндөрлөлөө. Сансарт 25 өдрийг өнгөрүүлэхдээ 2.4 сая км замыг туулсан Orion хөлөг номхон далайн орчимд амжилттай газардлаа. Уг капсул нь сансрын нисгэгчдийг тээвэрлэх зориулалттай, дахин ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой билээ.

5 сонин хачин

1. Түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай бүтээл "Avatar"-ийн 2-р анги нээлтээ хийж, 435 сая долларыг эхний долоо хоногтоо цуглууллаа. Энэ бол энэ жилийн хувьд "Spider-Man: No Way Home", "Doctor Stranger 2"-ийн дараа бичигдэх үзүүлэлт. 13 жилийн дараа гарч буй шинэ анги нь 192 минутын урт үргэлжилнэ гэнэ. Түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй кинонд тооцогдох уг киноны төсөв нь 460 сая доллараар хэмжигдэж байна.

2. TikTok видеогоо бүтэн дэлгэцээр дүүрэн үзэх үйлдлийг туршиж байна. Оны эхээр 10 минут хүртэлх урт видеог зөвшөөрөх болсон тэд "Full Screen" гэсэн нэмэлт товчийг видеон дээр байршуулж, хэрэглэгчдийг утсаа хэвтээ хэлбэрт ашиглах боломжийг нээж байгаа нь энэ юм. Энэ нь тэднийг зөвхөн богино хэмжээний видеогоос хальж, Youtube зэрэг платформуудтай өрсөлдөх амбицтай байгааг илтгэж байна.

3. Хятадын ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч Oppo шинэ бүтээгдэхүүн танилцуулах өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ өдрийн гол зарлал нь шинэ загварын нугардаг утас Oppo Find N2 байв. Galaxy Z Flip-тэй шууд өрсөлдөх уг утасны гаднах дэлгэц нь 3.2 инч бол бүрэн дэлгэгдсэн үедээ 6.8 инч болох боломжтой. 10 жилийн нээж, хаах эдэлгээг даана хэмээн онцолж буй уг утас нь 861 долларын эхлэлийн үнэтэй байх гэнэ.

4. Motorola удтал хүлээлгэж буй ThinkPhone-ийг ирэх оны эхний хагаст багтаан гаргах тухай мэдээлэл цацагдлаа. 2014 онд Lenovo Motorola-г худалдаж авсан цагаас эхлэн толгой компанийн гол брэнд ThinkPad-ийн гол шинжийг агуулсан ухаалаг утас гарах тухай яриа гарч эхэлсэн юм. ThinkPhone нь зөвхөн хүчирхэг үзүүлэлтээс гадна эдэлгээний бат бөх шинжээрээ зах зээлд ялгарна хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

5. 1987 онд анх гарсан цагаасаа үе үеийн тоглогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж, түүхэн дэх хамгийн шилдэг хөлөгт тоглоомын нэгт тооцогддог "Warhammer 4000" телевизийн дэлгэцнээ амилах болжээ. Телевизийн цуврал болон бусад холбогдох контентийн эрхийг Amazon Prime эзэмших бөгөөд гол дүрд нь экс-супермен Х.Кавилл тоглох аж.