1 гол сэдэв

Юу болов?

AI-ийн давлагаан дунд хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн стартапуудын нэг Humane анхны төхөөрөмжөө зарлалаа. AI суурьтай зүүдэг төхөөрөмж хөгжүүлж байсан тэд AI Pin нэртэй энгэрийн пинг танилцуулсан нь энэ юм. Humane-г Apple-ийн экс инженер, гэр бүлийн хосууд үүсгэн байгуулсан билээ.

Ямар ид шидтэй вэ?

699 долларын үнэтэй уг төхөөрөмж нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь энгэрийн төхөөрөмж, нөгөөх нь тогтоогч зориулалттай батарей. Snapdragon процессороор тоноглогдсон уг төхөөрөмжийг хэрэглэгч гарын хөдөлгөөн, дуу хоолойгоороо удирдах боломжтой. Мөн 13 мегапикселийн камер, гарын алган дээр ажиллах проектортой хосложээ. Уг төхөөрөмж нь сарын 24 долларын төлбөртэй нэмэлт үйлчилгээгээр дамжуулан дугаар, дататай ирэх учир ухаалаг гар утсыг орлох потенциалтай хэмээн үнэлэгдэж байна.

Өөр?

AI Pin-ийн нийт жин 34 грамм. Мөн батарейн тусламжтайгаар бүтэн өдрийн турш энгэрээсээ салгахгүй ашиглах боломжтойг тэд онцлов. Мөн зөвхөн хэрэглэгч хүссэн үед л идэвхжин ажиллах учир хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй гэнэ. Хэрэглэгч зөвхөн дуудлага хийх, мессеж уншихаас гадна камерыг ашиглан аливаа биетийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, шууд орчуулга хийх зэрэг олон үйлдэл гүйцэтгэх боломжтой ажээ.

2 чухал тоо

80.000.000 - LVMH тансаг зэрэглэлийн нүдний шилний брэнд Barton Perreira-г 80 сая доллараар худалдан авлаа. 2007 онд байгуулагдсан тус брэнд Жэймс Бондын шилийг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдаршсан. Сонирхуулахад, LVMH нүдний шилний зах зээлийг хамгийн өсөлт үзүүлэх боломжтой хэмээн тодорхойлж, өнгөрсөн сард Vuarnet брэндийг эгнээндээ нэгтгээд байсан билээ.

37.500 - Биткойны ханш 37.500-д хүрсэн нь сүүлийн 18 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. АНУ-ын зохицуулах байгууллагаас биткойнд төвлөрсөн ETF-ийн зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа нь ханш 8 өдөр дараалан өсөхөд нөлөөлсөн гэж хэлж болно. Крипто зах зээл сүүлийн 6 сард 36%-аар, 2023 онд 126%-аар өсөөд байна.

3 онцлох өгүүлбэр

I. OpenAI анхны хөгжүүлэгчдийн өдөрлөгөө зохиолоо.

- DevDay нэртэй явагдсан уг арга хэмжээний хамгийн том мэдээ нь хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн GPT-г бүтээх боломжтой болсон нь байлаа. GPT-Builder-ийг ашиглахын тулд та ямар ч кодын мэдлэгтэй байх шаардлагагүй хэмээн С.Алтман онцолжээ.

- Нөгөө талаас тэд AI хөгжүүлэгчдэд орлого хуваах болсноо зарласан нь салбарыг донсолгов. Тэд энэ сарын сүүлээр нээлттэй болох GPT Store-оор дамжуулан хиймэл оюуны зах үүсгэх зорилготой байгаа нь энэ юм. Энд хөгжүүлэгчид өөрсдийн бүтээсэн чатботоо зарах, борлуулах боломжтой байх гэнэ.

- Энэ үеэр тэд илүү хүчтэй, хурдтай, гэхдээ хямд үнэтэй шинэ загвар болох GPT-4 Turbo-г ил болгосон юм. ChatGPT-г одоогоор долоо хоног бүр 100 сая хүн хэрэглэж байгаа бөгөөд Fortune 500-ийн 92% нь ашиглаж байгааг тэд онцлов.


II. Geeked Week 2023 явагдлаа.

- Netflix-ийн шинэ бүтээл, төслүүдээ танилцуулдаг уг арга хэмжээний гол од нь Avatar: Last Airbender байв. Ирэх жилийн 2-р сарын 22-нд нээлтээ хийх уг киноны анхны трэйлэр фенүүдийнх нь хүлээлтийг улам нэмэгдүүллээ гэж хэлж болно. Мөн Хятадын зохиолч Л.Цысиний зөгнөлт бүтээл "3 Body Problem"-ийн цувралын трэйлэр ч олны анхаарлыг ихээр татав.

- Үүнээс гадна "The Umbrella Academy"-ийн дөрөвдүгээр улирлын эхлэл бичлэг цацагдсаныг онцолъё. Тэрчлэн хэдийнээ үзэгчдийн танил болсон "Arcane", "Sweet Home" зэрэг цувралуудын шинэ бүлэг, Scott Pilgrim Takes Off, Devil May Cry, Leave The World Behind, Terminator-ийн анимэйшн зэрэг шинэ бүтээлүүд танилцуулагджээ.

- Netflix сүүлийн үед видео тоглоомд ихээхэн анхаарч байгаа. Энэ удаад тэд хамгийн хит цувралуудын нэг Money Heist-ийн тоглоомыг зарлав. Мөн инди тоглоомын хорхойтнуудын эртний танил Death's Door, Katana Zero зэрэг тоглоомууд Netflix-д нэмэгдэх болжээ.


III. Дэлхийн хамгийн том онгоц хөөрлөө.

- Сүүлийн арван жилийн турш Цахиурын хөндийд хөгжүүлэгдсэн дэлхийн хамгийн том гэх тодотголтой агаарын хөлөг анхны туршилтаа хийлээ. Pathfinder 1 нэртэй 124.5 метрийн урттай бөгөөд 12 цахилгаан хөдөлгүүрээр тоноглогджээ.

- 1930-аад оны үер Германчуудын хөөргөж байсан Hindeburg-ийн загвартай төстэй уг хөлөг байгальд ээлтэй сонголт болно хэмээн бүтээгчид нь үзэж буй. Тус хөлөг 200 тонн ачааг тээвэрлэх чадалтай гэдэг нь Boeing 737-аас даруй 10 дахин илүү үзүүлэлт юм. Мөн гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийг өргөн хүрээнд хүргэх боломжтой гэдгээрээ онцлог.

- Сонирхуулахад, тус хөлгийг хөгжүүлэгч LTA Research-ийн гол санхүүжүүлэгч нь Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин гэнэ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ кино: A24 алдарт энтрепренер И.Маскийн шинэ намтар номоос сэдэвлэн бүрэн хэмжээний кино бүтээх болсон байна. Энэ жилийн хамгийн эрэлттэй номонд тооцогдож буй В.Айзааксоны бичсэн зохиолыг алдарт найруулагч Д.Аронофски дэлгэцнээ амилуулах гэнэ.

Нээлттэй компани: 5000 гаруй хиймэл дагуул хөөргөж, 2 сая хэрэглэгчтэй болоод буй Starlink 2027 он гэхэд IPO хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ тухай тус компанийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг, тэрбумтан Р.Барон мэдэгдсэн юм. Тухайн үед Starlink-ийн үнэлгээ 300 тэрбум орчим доллар байх болно гэдийг тэрээр мөн дурджээ.

Дуудлага орчуулагч: Samsung ирэх жилээс ирж буй дуудлагыг шууд орчуулах чадвартай AI-ийг нэвтрүүлнэ гэдгээ зарлалаа. "Galaxy AI-ийн шинэ үе" хэмээн тодорхойлсон энэ нэмэлт ирэх жилийн эхээр гарах Galaxy S24-д нэвтрэх бололтой.

Анхны зураг: 10 тэрбум жилийн тэртээхийг дурандаж, хар матер, хар энергийн талаар илүү их мэдээлэл цуглуулах зорилготой "Euclid" анхны таван зургаа илгээжээ. NASA уг сансрын дуранг өнгөрсөн 7-р сард илгээсэн бөгөөд ирэх зургаан жилийн хугацаанд хамгийн том 3D сансар огторгуйн зургалалыг бүтээх зорилготой байгаа билээ.

5 сонин хачин

1. "The Marvels" нээлтийн долоо хоногтоо 55 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Гэхдээ Б.Ларсоны гол дүрийг нь бүтээсэн уг кино Marvel-ийн 32 киноны түүхэнд 2-т бичигдэх муу амжилтын эзэн болж байгаа нь энэ. Үүнээс өмнө 2008 оны "The Incredible Hulk" л үүнээс бага орлого цуглуулж байжээ.

2. Google Slides хөдөлгөөнт зураг, стикер дэмждэг боллоо. Хэрэглэгч өөрийн хүссэн GIF-ийг слайд, танилцуулгадаа нэмснээр илүү үзүүштэй, интерактив орон зай үүснэ хэмээн тэд онцолжээ.

3. The Beatles-ийн сүүлчийн дуу "Now and Then" Их Британийн чартыг тэргүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Хамгийн сүүлд 1969 онд "The Ballad of John and Yoko" дуугаара чартыг манлайлснаас хойш 54 жилийн дараа эргэн ирсэн нь хамгийн хол зайтай №1-ийг эзэмшсэн тохиолдол болов. Өнгөрсөн жил энэ амжилтыг Stranger Things-д тоглогдсон Кэйт Бушийн "Running Up That Hill" анх гарснаасаа 44 жилийн дараа №1 болж тогтоож байв. Мөн хамгийн анхны №1 болох "From Me To You"-ээсээ хойш 60 жил 6 сарын дараа дахин чартыг тэргүүлсэн нь ч рекорд болжээ.

4. Тэрбум гаруй хэрэглэгчтэй имэйл апп Gmail Андройд хэрэглэгчдэд зориулсан түргэн хариу бичих шинэ функцээ туршиж байна. Тэд ирсэн имэйлийн хамгийн дор хариу бичих цонхыг нээж өгснөөр хэрэглэгчдийн идэвх нэмэгдэж, шаардлагатай бол чаттай төстэй байдлаар ашиглах боломжтой болно хэмээн үзэж байгаа ажээ.

5. Nintendo ээлжит хит тоглоомоо дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн байна. Энэ бол "The Legend of Zelda". Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай видео тоглоомын нэг Zelda-ийн найруулагчаар В.Болл ажиллах гэнэ. Тэрээр Maze Runner, Kingdom of The Planet of The Apes-ийн найруулагчаар ажиллаж байсан юм. Super Mario Bros.-ийн амжилт тэднийг оюуны өмчөө илүү өргөн хүрээнд ашиглах сэдлийг өгсөн нь гарцаагүй.

10 унших мэдээ

Сонсох: Б.Обама AI, үг хэлэх эрх чөлөөний тухай /Decoder/

Эмээх: AI порно өсвөр үеийнхнийг "алж" байна /Washington Post/

Бахдах: Шинэ үеийн сонголт Celsius-ийг аврагчийн түүх /GQ/

Сонирхох: Epic-Google-ийн шүүх хурлын эргэн тойронд /Techcrunch/

Мэдэх: Грэммид нэр дэвшигчид /Variety/

Тайлбарлах: Европын хуваагдал /Vox/

Анхаарах: Галт уулын дэлбэрэлт Исландад онц байдал үүсгэв /CNN/

Унших: Эртний гүрний хүчирхэг эмэгтэйчүүд /BBC/

Тоглох: Арай нимгэн PS5 сонирхох уу? /The Verge/

Анзаарах: Орос-Украины дайны эргэн тойронд /The Guardian/