2021 оны сүүлийн долоо хоног эхэллээ. 7 хоног бүрийг тантай хамт эхлүүлсэн тоймоороо дамжуулж өнгөрөгч буй оноо эргэн харахыг хүссэн юм. Сар бүрийн гол үйл явдал, гол дүр, гол түлхүүр үгсээр дамжуулан та 2021 оныг өөрийнхөө өнцгөөс дүгнээрэй. Мөн алдалгүй мэдэж авч, санахад илүүдэхгүй гэсэн мэдээг хавсаргав.
Долоо хоног бүр хамт байж, эх дэлхийд маань, бидний эргэн тойронд өрнөж буй хамгийн анхаарал татсан, заавал мэдвэл зохилтой үйл явдлуудыг хамтдаа тольдсон эрхэм уншигч та бүхэнд маш их баярлалаа. Ирэх жил уулзацгаая.
Нэгдүгээр сар: Трамп + Сайд + Нэгдэл
Трампын төгсгөл: АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Д.Трамп дуулиан дүүрэн ажлаа хүлээлгэн өгөв. Тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, луйвар орсон хэмээн мэдэгдсэн нь дэлхийг талцуулж, дэмжигчид нь томоохон хэмжээний жагсаал хийж, бүр Капитолын ордонд дайралт хийхэд хүрлээ. Түүний өдөөн хатгалгыг зогсоох зорилгоор Twitter, Facebook тэргүүтэй сошиал платформууд аккоунтыг нь хязгаарлаж, Конгресс хоёр дахь удаагаа "огцрох асуудлыг" хэлэлцэв. 78 настай Ж.Байден тангаргаа өргөв.
Шинэ сайд: Ард иргэдийн тэмцэл Монгол улсын Засгийн газрыг огцрох шалтгаан боллоо. Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон, дөнгөж төрсөн эхийг тээвэрлэж буй онцгой комиссын "харгис" байдал ард иргэдийн унтууцлыг ихэд төрүүлж, жагсаалд хүртэл хөтлөв. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаараа хариуцлага хүлээх улс төрийн шийдвэр гаргаж, түүний орыг 41 настай Л.Оюун-Эрдэнэ залгах болсон билээ.
Аварга нэгдэл: "Fiat Chrysler", "Peugeot" 52 тэрбум долларын үнэлгээтэй аварга нэгдлийг үүсгэлээ. Ингэснээр тэд дэлхийд 4-т бичигдэх автомашин үйлдвэрлэгч болж байгаа юм. "Stellantis" нэртэй үйл ажиллагаа явуулах нэгдлийн хувьцаа эхний өдрөө л 7.5 хувиар өсжээ
Сонирхох: Burger King логогоо солив
Турших: Samsung S21 зарлагдлаа
Гайхах: Титан дээр оршиж буй далайн гүн 300 орчим метр
Ангайх: "GameStop"-ийн арилжаа хөрөнгийн зах зээлийг донсолгов
Санах: Clubhouse 1 тэрбум долларын үнэлгээтэй боллоо

Хоёрдугаар сар: Ангараг + Бэйзос + Брэди
Ангаргийг эзлэгч: Арабын Нэгдсэн Эмират улсын долоон сарын өмнө илгээсэн "Hope" нэртэй сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрлээ. Уг хөлөг 2 жилийн турш Ангараг гарагийн уур амьсгалыг нарийвчлан судлах зорилготой. Энэ нь судлаачдад тус гарагийн агаар мандал, уур амьсгалын онцлог шинжийг ойлгох онцгой боломж гэсэн үг. 55 цаг тутамд гарагийг бүтэн тойрох уг хөлөг 9 хоног тутам дэлхий рүү иж бүрэн мэдээлэл илгээх аж. Ташрамд дурдахад, энэ сард тэднээс гадна Хятад, АНУ-ын хөлгүүд Ангараг гараг дахь ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн билээ.
Бэйзосын захидал: Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзос "Amazon"-ийг орхиж байгаагаа зарлалаа. Өдгөө 57 настай Ж.Бэйзос оны сүүлээр "Amazon"-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргав. Тэрээр 27 жилийн хугацаанд онлайн номын худалдаагаар эхлүүлсэн бизнесээ 1.6 их наяд долларын үнэлгээтэй, 1.3 сая ажилчин бүхий аварга эзэнт гүрэн болтол нь хөгжүүлсэн юм. "Amazon"-ийн 10.6 хувийг эзэмшдэг түүний хөрөнгө 185 тэрбум доллараар хэмжигддэг. Түүний орыг өдгөө 53 настай Энди Жасси залгах болно.
Агуу Брэди: Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лигүүдийн нэг NFL-ийн улирлын аваргаар Тампа Бэй тодорлоо. Домогт Т.Брэди Тампа Бэйг 2007 оноос хойш анх удаа плэйоффд хөтөлсөн. Өдгөө 43 настай Том Брэди өнгөрсөн зун 20 жилийг элээсэн төрөлх клубээ орхиж, Тампад ирэхэд олон хүн гайхаж байсан. Гэвч тэр өөрийгөө бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг холбогч гэдгээ батлах мэт тоглолтыг үзүүлсээр багаа ялалтад хүргэв. Тэрээр 10 дахь удаагаа финалдаж, 7 дахь удаагаа Супер боулыг хүртэж байгаа нь энэ. Сонирхуулахад, NFL-ийн ямар ч баг 6-аас олон удаа уг цомыг хүртэж байгаагүй юм.
Найдах: Анх удаа клоны аргаар амьтан үржүүлсэн байна.
Анхаарах: Tesla биткойн худалдан авлаа
Сонсох: Spotify Монголд нэвтэрлээ
Мэдэх: Мьянмарт төрийн эргэлт боллоо.
Өмсөх: Nike үдээсээ үддэг пүүз гаргав

Гуравдугаар сар: NFT + Globes + Grammy
NFT тэсрэлт: Алдарт Christie's-ийн дуудлага худалдаагаар борлуулагдсан анхны дижитал арт 69 сая доллароор зарагдлаа. Энэ бол амьд артистууд дундаа түүхэнд гуравт бичигдэх өндөр үнэ. Beeple нэрээрээ алдаршсан Майк Винкелманн 5000 өдрийн турш өдөр бүр нэгийг нь урласан бүтээлүүдээ нэгтгэн зарсан нь энэ юм. NFT бол блокчэйнээр баталгаажсан, дахин давтагдашгүй дижитал бүтээл. Энэ төрлийн бүтээлийн үнэ цэн огцом өсөж, бүтээх болон солилцох боломж олгож буй платформын хэрэглээ эрчимтэй нэмэгдсэн жил боллоо.
Алтан бөмбөрцөг: Энэ жилийн шалгаруулалтаас 2 зүйлийг онцолъё. Эхнийх нь Клое Жао. Түүний бүтээл Nomadland шилдэг драм киноны ангилалд тэргүүлээд зогсохгүй өөрөө шилдэг найруулагчийн шагналыг хүртснээр ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх 2 дахь эмэгтэй, мөн анхны ази эмэгтэй боллоо. Нөгөөх нь The Crown. Жүжигчдийн шагналаас ихэнхийг нь буюу гурвыг нь түүсэн уг цуврал шилдэг телевизийн цувралаар нэрлэгдэв. Тэд энэ үдэш 4 шагналтай буцсан нь хамгийн өндөр амжилт байлаа. Өнгөрсөн жилийн Эммиг хамсан "Schitt's Creek", Netflix-ийн шатрын цуврал "Queen's Gambit" тус бүр 2 шагнал хүртэв.
Грэммигийн ялагчид: Хамгийн нэр хүндтэйд тооцогдох "Оны шилдэг бичлэг"-ийн төрөлд 19 настай залуу од Билли Айлиш "Everything I Wanted" дуугаараа тэргүүлэв. Тэрээр Жэймс Бондын дуугаараа мөн Грэмми хүртжээ. Харин шилдэг цомгийн эзнээр Тэйлор Свифт "Folklore" цомгоороо нэрлэгдлээ. Ингэснээр энэ шагналыг гурав дахь удаа хүртсэн дөрөв дэх уран бүтээлч болжээ. Гэхдээ энэ үдшийн гол дүр нь Бейонсе байлаа. Тэрээр нийт дөрвөн шагналыг өөрийн болгосноор Грэммигийн түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй артист болов. Бейонсе нийт 28 Грэмми гарджээ. Хэдий телевизийн шууд дамжуулалтыг 8.8 сая хүн үзсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон ч стрийминг шууд дамжуулалт 83 хувиар өсөж, Google, Twitter-ийн трэндийн жагсаалтыг 18 цагийн турш тасралтгүй тэргүүлсэн юм.
Алмайрах: Одон орончид анх удаа сансрын шуургыг ажиглажээ
Бахархах: NASA-ийн "Perseverance" хөлөг анхны жолоодлогоо хийв
Сорих: IBM мэтгэлцдэг хиймэл оюун бүтээжээ
Гайхах: Суэцийн сувагт гацсан карго онгоц гацав
Сонирхох: "Абелийн шагнал"-ын эзэд тодорлоо

дөрөвдүгээр сар: BTS + Хорио + Лиг
BTS эзэгнэл: 2021 он BTS-ийн жил байлаа. Энтертэйнмент ертөнцийг доргиосон Солонгосын хит хамтлаг BTS-ийн толгой компани Америкийн зах зээлд хүч түрэн орж ирлээ. Тэд алдарт продюсер Скүүтер Брауны эзэмшдэг Ithaca-г 1 тэрбум орчим доллараар өөртөө нэгтгэсэн. Ингэснээр BTS, Жастин Бибер, Арианне Гранде зэрэг одод нэг менежментийн компанид харьяалагдах болж байгаа гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сард 7.6 тэрбум долларын үнэлгээтэй нээлттэй компани болсон Big Hit нэрээ сольж HYBE нэртэй болж, шинэ бүтцэд орж байгаагаа зарлаад байсан юм. HYBE зөвхөн артист менежментээс гадна шууд дамжуулалт, онлайн худалдаа, технологи нэвтрүүлэлт зэргийг бүрэн хангасан лайфстайл брэнд болох амбицтай.
Анхны давлагаа: Монгол улсад коронавирусын анхны давлагаа дөрөвдүгээр сард тохиож, 4 дэх удаагаа хөл хорио тогтоов. Өдөрт өвчилж буй хүмүүсийн тоо бүр 800 давсан нь аюулын харанга дэгдсэн хэрэг. Нийт 14 хоногийн хугацаанд 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрч, 5-аас доош хүн гэрийнхээ ойр орчимд салхилах эрхтэй үлдэв. Тухайн үед нийт 599 мянган хүн буюу зорилтот бүлгийн 29 хувь нь вакциндаа хамрагдаад байлаа.
Супер лиг: Реал Мадрид, Манчестер Юнайтед, Ювентус тэргүүтэй 12 клуб нэгдэн Европын Супер Лигийг байгуулж байгаагаа зарласан ч 48 цагийн дотор төслөө зогсоож байгаагаа зарлав. Тэд JP Morgan-ий тусламжтайгаар 6 тэрбум долларын санхүүжилт босгож, улмаар клубүүдэд илүү их эрх мэдэл, хөрөнгө хуваарилах боломж үүсгэсэн нь энэ. Төлөвлөгөө ёсоор нийт 20 клуб лигийн системээр өрсөлдөх бөгөөд үүсгэн байгуулсан 15 баг нь "хэзээ ч" хасагдахгүй байх дүрмийг үүсгэжээ. Гэвч энэ нь тэр дороо л олны эсэргүүцэлтэй нүүр тулгарав. Одоогийн хөлбөмбөгийн системийг орвонгоор нь эргүүлж, уламжлал-өвийг эвдэх аюултай энэ төслийг Герман, Францын клубүүдээс гадна FIFA, UEFA ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тоглосон багийн тоглогчдыг ДАШТ, Евро зэрэг топ тэмцээнүүдэд оролцуулахгүй гэдгээ ч мэдэгдсэн билээ.
Оролдох: Сансрын технологийн компаниудад суурилсан ETF арилжаалагдаж эхэллээ.
Дурсах: Их Британийн хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө.
Гайхах: Neuralink анхны үр дүнгээсээ ил болголоо
Хөлөглөх: Mercedes Benz анхны цахилгаан машинаа танилцууллаа
Бахдах: Хумхаагийн эсрэг анхны вакциныг гарган авчээ.

тавдугаар сар: Оскар + Салалт + Тэлэлт
Оскарын шилдгүүд: 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол явагдаж, Хятад найруулагч Клое Жао "Nomadland" бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагнал хүртсэн 2 дахь эмэгтэй, 3 дахь ази гаралтай эрхэм боллоо. Гол дүрийн жүжигчин Ф.Мкдорманд гурав дахь удаагаа Оскар хүртэж, ийм амжилтад хүрсэн 7 дахь жүжигчин болжээ. Үүнээс гадна, Nomadland наадмын гол шагнал болох шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн билээ. Мөн домогт жүжигчин Э.Хопкинс 83 насандаа Оскар гардсанаар хамгийн ахмад ялагч болов. Сонирхолтой нь тэрээр ердөө 2 дахь удаагаа л уг шагналыг хүртэж буй нь энэ аж. Мөн "Minari"-д бүтээсэн дүрээрээ Юн Ёжон шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн анхны Солонгос жүжигчин болжээ. Хамгийн олон шагналд өрсөлдсөн Netflix нийт 7 төрөлд ялалт байгууллаа.
Гэйтсийн салалт: Дэлхийн хамгийн алдартай бөгөөд нөлөөтэй хос Билл Гэйтс, Мелинда Гэйтс нар 27 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлалаа. Тэд амьдралынхаа дараагийн шатанд хамтдаа хөгжих боломжгүй гэж үзсэн учир салж байгаа хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Хосууд хамтдаа дэлхийн хамгийн том хувийн санд тооцогдох "Bill & Melinda Gates" санг үүсгэн байгуулж, эрүүл мэнд, ядуурал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олон төрлийн төсөл хэрэгжүүлдэг юм. Сангийн нийт хөрөнгө 50 тэрбум доллараар хэмжигддэг. Microsoft-ийг үүсгэн байгуулагч Б.Гэйтсийн хөрөнгө 134 тэрбум доллараар үнэлэгдэж буй.
Супер нэгдэл: AT&T, WarnerMedia нэгдэж, дэлхийн хамгийн том медиа компани үүслээ. 130 тэрбум долларын үнэлгээтэй шинэ нэгдлийн 79 хувийг WarnerMedia эзэмшинэ. Харин CEO-ийн үүргийг Discovery-ийн босс Д.Заслав гүйцэтгэнэ гэнэ. Энэ хэлцлийн гол шалтгаан тэр чигээрээ стримингийн төлөөх дайн гэхэд хэлсдэхгүй. 2 компани HBOMax, Discovery+-аараа дамжуулан нийт 100 сая хэрэглэгчтэй болж байгаа бөгөөд ирэх жилүүдэд дөрөв дахин нэмэгдүүлж, Netflix, Disney+-тай өрсөлдөх зорилготой байгаа юм. Тэд жилд 20 тэрбум долларыг шинэ контентод зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Догдлох: SpaceX түүхэн туршилт гүйцэтгэлээ
Харамсах: Эллен шоугаа дуусгана
Унах: GM сансрын унаа бүтээнэ
Зочлох: Google нэрийн дэлгүүрээ нээнэ
Үзэх: "Demon Slayer" хамгийн амжилттай аниме болов

зургаадугаар сар: Ерөнхийлөгч + Биткойн + Windows 11
Шинэ ерөнхийлөгч: МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ялалт байгууллаа. Тэрээр санал хураалтад оролцсон нийт сонгогчдын 67.8%-ийн дэмжлэгийг хүлээж илт давуу ялалт байгууллаа. Бүх аймаг, дүүрэгт илт давуу ялалт байгуулсан У.Хүрэлсүх намдаа гурав дараалсан ялалтыг нь авчрав. Сонгуулийн ирц 59.33% байсан нь түүхэнд хамгийн багад тооцогдоно. Ингэснээр У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллах 6 дахь эрхэм болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дараалан ялалт байгуулаад байсан АН дотоод тэмцэл, талцалтай сонгуульд орж, нэр дэвшигч экс намын дарга С.Эрдэнэ нь ердөө 5.99%-ийн санал авсан нь дэндүү чамлалттай тоо. Харин ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сүүлийн өдрүүдэд коронавирусын халдвар авч, кампанит ажлаа дуусгаж чадаагүй ч 20.3%-ийн саналаар аман хүзүүдсэн нь олон хүнд итгэл найдвар төрүүлэв.
Биткойн улс: Сальвадор улс биткойныг албан ёсоор хэрэглээнд хүлээн зөвшөөрлөө. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Н.Бүкеле мэдэгдэж, биткойныг төрийн үйл ажиллагаанд зөвшөөрөх тухай хуулийг санаачилжээ. Үүн дотор төрийн худалдан авалт, тендерт биткойныг ашиглах, валютын нөөцөд мөн криптовалютыг зөвшөөрөх зэрэг багтаж байгаа аж. Ингэснээр Сальвадор улс биткойныг төрийн хэрэглээнд хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон. Тэд энэ төслөө Strike хэмээх компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төрийн зарим ажлыг блокчэйнд суурилсан дэд бүтэцтэй холбох зорилготой байгаа гэнэ. Мөн тэд оны сүүлээр биткойн хот байгуулах төлөвлөгөөгөө зарласан билээ.
Шинэ цонх: Microsoft хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Windows-ийн шинэ хувилбарыг олон нийтэд танилцууллаа. Компанийн CEO С.Надальягийн онцолсноор энэ бол шинэ үеийн үйлдлийн системийн эхлэл. Тэд шинэ хувилбартаа UX/UI-ийн хувьд томоохон өөрчлөлтийг хийж, меню, айконы загвар, бүтцийг сольсон нь шинэлэг мэдрэмж төрүүлэхүйц байв. Тэрчлэн Microsoft Teams-ийн интеграц хэрэглэгчдэд харилцааны нэмэлт сонголтыг олгож, Widgets ашиглан цаг агаар, мэдээ зэргээ илүү хялбараар хүлээн авах боломжтой болжээ. Сонирхуулахад, Windows 10-ийг өдгөө 1.3 тэрбум хүн ашигладаг бөгөөд зөвхөн энэ жилийн орлого нь 23 тэрбумтай тэнцүү байх төсөөлөлтэй гэнэ. Гэхдээ хамгийн чухал мэдэх ёстой зүйл нь Windows 11 үнэгүй гэдэг нь байв. Хэрвээ таны компьютерийн үзүүлэлт шаардлага хангаж байвал та энэ оны сүүлээс үйлдлийн системээ шинэчлэх боломжтой болно гэсэн үг. Мөн Windows Store андройд апп-уудыг зөвшөөрөх болсноор хэрэглэгчдийн сонголт эрс өсөөд зогсохгүй апп хөгжүүлэгчдэд ч цоо шинэ орон зай үүсэх болж байна. Тэд хөгжүүлэгчдээс авах шимтгэлийг 2 дахин бууруулж, өөрсдөө төлбөрийн системээ чөлөөтэй ашиглахыг зөвшөөрсөн нь Apple, Google зэрэг өрсөлдөгчдийнхөө гол модель руу дайрсан хэрэг болов.
Мэдэх: Хятад гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрлөө
Төсөөлөх: NASA Сугар гарагийг эзэлнэ
Сонирхох: Пулитцерийн шагналтнууд тодорлоо
Ангайх: Квант микроскопыг бүтээлээ
Аялах: Тав дахь далайг хүлээн зөвшөөрөв

долоодугаар сар: Олимп + Пегасус + Дельта
Баярлалаа, Токио: Зуны Олимпын XXXII наадам Япон улсын нийслэл Токио хотноо явагдаж өндөрлөлөө. Цар тахлын улмаас нэг жилийн хугацаатай хойшилж, орчин цагийн Олимпын хөдөлгөөний түүхэнд хойшлогдон зохиогдсон анхны наадам болсон тус наадмыг багийн дүнгээр АНУ-ын баг 39 алт, нийт 113 медальтайгаар тэргүүлэв. Тэдний араас БНХАУ, Япон, Их Британийн баг жагсжээ. Монголын баг тамирчид 10 спортын төрөлд 43 тамирчнаа илгээж, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-р байрт бичигдлээ. Нийт 93 баг ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд Катар, Бермудын арал, Филиппин улс анхны аваргуудаа, Буркина Фасо, Сан Марино, Туркменистан улс анхны медальтнуудаа өлгийдөн авчээ.
Пегасус төсөл: The Washington Post, Le Monde, The Guardian гэсэн гурван редакцийн хамтарсан эрэн сурвалжлах баг улс орнуудын засгийн газруудын хэрэглэдэг тагнуулын апп, аргачлалын талаар мэдээлэл цацсан нь анхаарал татав. Тэдний мэдээлэлд дурдсанаар Pegasus нэртэй програмын тусламжтайгаар аливаа хэрэглэгчийн гар утсанд нэвтрэхэд ердөө ганцхан мессеж л хангалттай байдаг гэнэ. Израйлын NSO фирмийн бүтээсэн Pegasus нэртэй уг програм нэвтэрсэн 50 мянга гаруй утасны дугаарын жагсаалтыг тэд ил болгосон юм. Үүн дотор Франц, Ирак, ӨАБНУ-ын ерөнхийлөгчид, Пакистан, Египт, Мороккогийн ерөнхий сайд нар багтсан байсан юм. Мөн 2018 онд амиа алдсан сэтгүүлч Ж.Хашоггитэй ойрын харилцаатай байсан хоёр ч эмэгтэйн мэдээлэл байжээ.
Дельта хувилбар: Энэтхэгт анхлан бүртгэгдсэн коронавирусийн мутажсан хувилбар "дельта" дэлхийг ахин айдаст автуулав. Уг хувилбарын тархалт илүү хурдан бөгөөд аюултай байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа юм. Хэдий тухайн үед дэлхий даяар өдөр бүр 39 сая тун вакцин хийгдэж байгаа ч хангалттай биш байгааг анхааруулсаар байв. ЕХ-оос албан ёсоор вакцины пасспортыг нэвтрүүлсэн бөгөөд үүндээ вакцин хийлгэсэн тов, өвчлөлийн бүртгэл зэрэг нь бүртгэж эхлэв. Мөн Монгол улс баяр наадмын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулав.
Зочлох: Шинэ нисэх буудал нээгдлээ
Анхаарах: Коммунист нам 100 жилийн ойгоо тэмдэглэв
Нисэх: Анхны нисдэг машины туршилт хийгдлээ
Нэгдэх: TengerLeague Media Group байгуулагдлаа
Турших: LG ухаалаг маск бүтээлээ

наймдугаар сар: Месси + Талиб + Мөхөл
Баяртай, Месси: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр 6 удаа тодорч байсан Лионель Месси ПСЖ клубтэй 2 жилийн гэрээ байгууллаа. 21 жилийн турш хүчин зүтгэсэн Барселона клубыг орхисон тэрээр жилд 41 сая долларын цалингаас гадна урамшууллыг хүртэх бөгөөд 30 сая долларын гэрээ байгуулсны бонус авчээ. ПСЖ түүний гэрээ тэднийг дэлхийн элитүүдийн эгнээнд багтааж, топ цом авчрах үндэс болно хэмээн итгэж байна. Л.Месси 30 дугаартай талбайд гарна. Тэрээр оны төгсгөлд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний "Ballon D'Or" шагналыг 7 дахь удаагаа хүртсэн билээ. Түүнтэй зэрэгцэн Мессигийн мөнхийн өрсөлдөгч К.Роналду төрөлх клуб Манчестер Юнайтед руугаа буцаж ирсэн нь мөн онцлох үйл явдал байлаа.
Улаан код: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-аас байгуулсан хамгийн том бөгөөд нөлөөтэй ажлын хэсэг IPCC-ээс 234 судлаачийн оролцсон 3,949 хуудас тайлангаа танилцууллаа. Тэдний тайлангийн хамгийн гол дүгнэлт нь уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага нь маш ноцтой түвшинд буюу улаан гэрэл ассан байна гэдгийг онцолсон нь байв. Хүний буруутай үйлдэл, эрчим хүчний хэрэглээ нь далай, хуурай газар ялгаагүй дэлхийн дулаарлын үндэс болж байгааг тэд дурдсан байна. XIX зууны аж үйлдвэрийн хувьсгалын үетэй харьцуулахд сүүлийн арван жилийн дундаж температур 1.09 градусаар нэмэгдэж, сүүлийн 5 жил дараалан хамгийн халуун үзүүлэлт бүртгэгдэж байгаа гэнэ. Хэрвээ одоогийн байдал хадгалагдвал түймэр, ган, үер зэрэг байгалийн гамшгийн давтамж улам нэмэгдэж, тэр хэрээрээ үзүүлэх нөлөө нь эрс өсөхийг анхааруулжээ.
Талибын дайралт: "Талибан" хөдөлгөөний цэргүүд нийслэл хот Кабулд нэвтэрснээр Афганистан улсын төрийн эрхийг хяналтдаа дахин авлаа. 2001 оноос хойш эрх мэдлийг атгаж байсан холбоотнууд удтал төлөвлөсний дагуу тус улсыг орхисноос хойш ердөө гурван хоногийн дотор төр эргэж буй нь энэ. Ерөнхийлөгч А.Гани АНЭУ руу зугтааж, нийгэм тэр чигтээ айдаст автан, гадаад улсууд иргэдээ яаралтай шилжүүлж авсан. 20 жилийн турш АНУ 2.2 их наяд долларыг зарцуулж, 2500 цэргээ энэ дайнд алджээ. Терроризмын эсрэг хэмээх тунхагтай уг дайны сүүлийн жилүүдэд холбоотнууд армийн чадавхыг нэмэгдүүлж, иргэний нийгмийг хөгжүүлэх оролдлого хийж байлаа. Хэдий ядуурлын түвшин 47 хувьтай өндөр байсан ч бичиг үсэг тайлагдалт 5 дахин нэмэгдэж 43 хувьд, дундаж наслалт наймаар нэмэгдэж 64-т тус тус хүрээд байлаа. Хувийн сургуулиуд байгуулагдаж, хэвлэлийн эрх чөлөө ч эрс өсжээ. Гэсэн ч илүү бэлтгэл, зохион байгуулалттай Талибууд энэ бүхнийг хэдхэн өдөрт л эргүүлж орхив.
Амсах: Pepsi анхны согтууруулах ундаагаа гаргалаа
Анхаарах: Apple хөгжүүлэгчдэд буулт хийлээ
Анзаарах: Mastercard туузтай картаас татгалзлаа
Айх: Өнгөө солих чадвартай робот бүтээжээ
Ажиглах: Дэлхийн хамгийн бат бөх шил бүтээгдлээ

есдүгээр сар: Аварга + Аялал + Цэнэглэгч
Дархан аварга: Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ "Токио 2020" зуны паралимпын наадмын аварга боллоо. Тэрээр пауэрлифтингийн төрөлд эрэгтэйчүүдийн 107 кг-ийн жинд хүч сорьж, 245 кг-ийн туухайг өргөснөөр паралимпийн рекордыг 2 ч удаа тогтоож түрүүлсэн нь энэ. Э.Содномпилжээ 4 жилийн өмнө Риогийн дэвжээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ бол Монгол улсын түүхэнд паралимпийн наадмаас хүртэж буй 2 дахь алтан медаль. Өмнө нь Бээжин 2008 наадмаас байт харвааны төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав анхны алтан медалийг эх орондоо авчирч байв. Сонирхуулахад, Э.Содномпилжээ дэлхийн аваргаар 2 удаа тодорч байсан бөгөөд 2019 онд 247 кг-ийн өргөлтөөрөө дэлхийн дээд амжилтыг тогтоож байв.
Сансрын аялал: SpaceX-ийн "Inspiration4" баг сансрын аяллын шинэ эринийг эхлүүлэв. Тус багийн бүрэлдэхүүн тэр чигтээ мэргэжлийн бус, энгийн иргэдээс бүрдсэн гэдгээрээ анхдагч болов. Хөлөг 575 км-ийн өндөрт хүрч, дэлхийг өдөрт 15 удаа тойрсны эцэст амжилттай газардсан нь энэ. Хөлгийн ахлагчаар онлайн худалдааны Shift4Payments компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ж.Айсакман ажилласан. Тэрээр Элон Маскийн компанид 200 сая доллар төлж, бүх 4 суудлыг худалдан авсан бөгөөд хамтрагчдаа өөрөө сонгосон юм. 6 сарын турш бэлтгэгдсэн Inspiration4-ийнхон аяллын турш нойр, цусны эргэлт, тархины ажиллагааны дата цуглуулсан нь цаашдын сансрын аялал жуулчдад чухал нөлөө үзүүлэх учиртай.
Стандарт цэнэглэгч: Европын Холбоо нийт ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчдийг ижил төрлийн цэнэглэгч ашиглах хуулийн төслийг танилцууллаа. Хэрвээ энэ төсөл батлагдвал гар утас, таблет, чихэвч, камер, видео тоглоом үйлдвэрлэгчид бүгд утастай цэнэглэгчийн оролтоо USB-C рүү шилжүүлэх шаардлагатай болох юм. Шинжээчид Европын парламентын гишүүд энэ журмыг дэмжих нь гарцаагүй хэмээн үзэж байна. Хууль тогтоогчид энэ шийдвэр нь эмх замбараагүй хэрэглээг цэгцэлж, хэрэглээг хялбарлахаас гадна электрон хог хаягдлыг үлэмж бууруулах байгаль орчны нөлөөг нь тодотгож буй. Тэд үйлдвэрлэгчдэд технологийн шилжилт хийх 24 сарын хугацаа олгох бололтой. Энэ шийдвэрийн хамгийн гол ялагдагч нь "Lightning" оролтыг ашиглаж буй Apple болох төлөвтэй байна. Европын Холбооны тооцоогоор нийт хэрэглэгчдийн 29% нь "USB-C", 21% нь "Lightning"-ийг ашиглаж үлдсэн нь "Micro-USB" оролтыг хэрэглэдэг гэнэ. Apple-ийн хувьд энэ шийдвэрийг эсэргүүцэж, "инновацыг хязгаарласан" үйлдэл боллоо хэмээн буруутгав. Зарим эх сурвалжууд тэднийг энэ шийдвэртэй холбоотойгоор уг журам үл хамаарах утасгүй цэнэглэгч технологи руу бүрэн шилжих магадлалтай хэмээн үзэж байгаа билээ.
Мэдэх: Apple vs Epic-ийн тулаан дуусав
Зүүх: Facebook ухаалаг шил гаргав
Үзэх: Emmy-ийн шилдгүүд тодорлоо
Хэрэглэх: iPhone 13 худалдаанд гарлаа
Сонирхох: Бээжин хөрөнгийн биржтэй болно

аравдугаар сар: Хакухо + Мета + Нобель
Аваргын төгсгөл: Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу амжилттай их аварга Хакухо М.Даваажаргал 36 насандаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрээр өвдөгний гэмтлийн улмаас сүүлийн үед олон башё өнжих болж, тэр хэрээрээ шүүмжлэлд өртөж, анхааруулга хүртэл авч байв. 15 насандаа Японд очсон Даваажаргал ердөө 22 насандаа буюу 2007 онд сүмогийн дээд цолонд хүрсэн нэгэн. Түүнийг мэргэжлийн сүмод хүрч болох бүх амжилтад хүрч, эвдэж болох бүх амжилтыг эвдсэн нэгэн гэхэд буруудахгүй. Тэрээр нийт 45 тэмцээнд түрүүлсэн нь ард бичигдэх Тайхо аваргаас даруй 13-аар илүү. Мөн 16 удаа нэг ч уналгүй төгс тэмцээнээ дуусгасан нь, 7 дараалж түрүүлсэн нь, 1187 удаа даваа авсан нь, нэг жилд хамгийн их буюу 86 удаа ялсан нь бүгд түүхэн дээд амжилт болон үлджээ.
Нобелийн ялагчид: 2021 оны Нобелийн шагналтнууд тодлорлоо. "Ардчилал, энх тайвны үндэс болсон үг хэлэх эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж" энэ оны "Энх тайвны шагнал"-ыг М.Ресса, Д.Муратов нарын сэтгүүлчдэд олгосон. Харин 1948 онд Занзибарт төрж, 20 насандаа Английг зорин уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн нэрт зохиолч А.Гулна утга зохиолын шагналын эзэн боллоо. Бусад шагналтнуудаас физиологи, анагаах ухааны салбарын шилдгээр нэрлэгдсэн А.Патапутян, Д.Юлиүс нарыг онцолъё. Тэд амьд организм температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан ажилдаа биохимийн урвалыг өдөөж, дулаан, хүйтэн, хүрэлцэх мэдрэмжийг үүсгэдэг рецептор молекулыг нээсэн нь өдгөө зөвхөн анагаах ухаанаас гадна роботик, VR зэрэг салбаруудад өргөнөөр ашиглагдаж байна.
Мета компани: М.Цукерберг компанийн шинэ алсын хараа, амбицыг бүрэн илэрхийлэхүйц нэрийг эрэлхийлж "Meta" болгон нэрээ өөрчиллөө. Тэд "мета-ертөнцөд" үйл ажиллагаа явуулдаг дэвшилтэт технологийн компани болох зорилгын хүрээнд уг шийдвэрийг гаргаж байгаа гэнэ. Гэхдээ энэ бол бараг 3 тэрбум хүн хэрэглэж буй Facebook гэнэтхэн нэрээ өөрчилчихнө гэсэн үг биш. Харин Facebook, Instagram, Whatsapp, Oculus зэрэг үйлчилгээг эгнээндээ нэгтгэсэн толгой компаниа тэд шинэ нэр, шинэ брэндингтэй зах зээлд байршуулна гэсэн үг. Өмнө нь ижил шийдвэрийг Google гаргаж, толгой компаниа Alphabet хэмээн нэрлэж байлаа. Үүнтэй зэрэгцэн Facebook удтал хүлээлгэсэн "Novi" нэртэй дижитал хэтэвчээ АНУ, Гветамал улсуудад туршиж эхэллээ.
Авах: Биткойны ханш 60 мянгыг давлаа
Баясах: Трамп медиа компани байгууллаа
Алмайрах: Астеройд дээр газардах хөлөг хөөрлөө
Идэх: McDonalds хиймэл махан бургер гаргалаа
Ангайх: Гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгав

арваннэгдүгээр сар: Cop26 + Омикрон + Хамгаалагч
Чухал хурал: Шотландын Глазго хотноо уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том цугларалт явагдлаа. Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 26-р чуулган буюу COP 26-д дэлхийн 200 гаруй орны лидерүүд оролцов. Энэ хурлын гол сэдэв нь нүүрс байв. БНСУ, Канад, Чили тэргүүтэй 40 гаруй улс 2040 он гэхэд нүүрсний хэрэглээнээс татгалзана гэдгээ зарласан бол АНУ, Их Британи, Итали зэрэг 25 улс 2022 оны төгсгөл гэхэд нүүрстэй холбоотой хөрөнгө оруулалтаа зогсоож, сэргээгдэх эрчим хүч рүү анхаарна гэдгээ мэдэгдэв. Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч БНХАУ-ын хувьд гадаад улс оронд нүүрсний эх үүсвэр бүхий төслүүд санхүүжүүлэхгүй гэдгээ амлажээ. Мөн Дэлхийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлэгч 105 улс 2030 он гэхэд метан хийн ялгарлыг 30 хувиар бууруулах амлалтад нэгдэв. Нүүрс төрөгчийн давхар ислээс 80 дахин хор нөлөөтэй гэгдэх тус хийн ялгарлыг хязгаарлах нь дэлхийн дулаарлыг 1.5 градуст барихад чухал нөлөөтэйг шинжээчид онцолж буй.
Омикроны аюул: Хамгийн анх ӨАБНУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн мутацийн хувилбар дэлхий дахиныг ахин хөл хорионд оруулав. Тэд шинэ мутацийг грек цагаан толгойн үсгийн дарааллын дагуу "омикрон" хэмээн нэрлэжээ. Тус хувилбар маш олон мутацитай учраас илүү хурдтайгаар халдварлах чадвартай байж магад гэдэг нь эрдэмтдийн санааг зовоож буй. Одоогоор вакцины үйлчлэл ямар байх, шинж тэмдгийн нөлөөлөл нь хэр байх бол гэдгийг хараахан эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Эрдэмтэд шинэ хувилбар вакцинжуулалт ердөө 6 хувьтай байгаа Африк тивээс шинэ хувилбар гарсныг онцолж, улс орнуудыг вакцины нийлүүлэлт, түгээлтийн тэгш байдал үүсгэхийг уриалж байна.
Дэлхийг хамгаалагч: NASA-ийн 2022 оны хамгийн чухал төслийн нэг "DART" ажиллагаагаа эхлүүлж, эх дэлхийгээс амжилттай хөөрлөө. Уг төсөл нь бодит аюул учруулж болзошгүй сансрын биетээс дэлхийг хамгаалах механизмыг турших зорилготой юм. Тэд сансрын биетийн хөдөлгөөний чигийг өөрчлөх замаар дэлхийг хамгаалах систем үүсгэх боломжтой гэж үзэж буй. Тус төслийн хүрээнд 550 кг жинтэй сансрын аппарат Дидим-Диморфос нэртэй хос астеройдыг чиглэн нисэж, 160 метрийн диаметртай Диморфосыг 24 мянган км/цагийн хурдтайгаар мөргөх учиртай. Энэ нь тус биетийн том астеройдоо тойрон эргэдэг хугацааг 73 секундээр багасгаж, улмаар хоорондын зай ойртон тойрог зам өөрчлөгдөх нөлөө үзүүлнэ. Улмаар 2024 онд Европын Сансрын Агентлаг тус астеройд руу судалгааны хөлөг илгээж, DART-ийн нөлөөллийг илүү ойроос судлахаар төлөвлөж байгаа юм.
Унших: Booker Prize-ийн ялагчид тодорлоо
Худалдах: Ганц биечүүдийн өдөр рекорд эвдэв
Гайхах: 35 таталцлын долгион шинээр нээв
Тоглох: Netflix тоглоомтой боллоо
Сонсох: ABBA ахин чартыг тэргүүлэв

арванхоёрдугаар сар: SPAC + Телескоп + Хүн аалз
SPAC тренд: Зүүн Өмнөд Азийн хамгийн их хэрэглэгчтэй супер апп Grab нээлттэй компани боллоо. Тэд 40 тэрбум доллараар үнэлэгдсэнээр түүхэн дэх хамгийн том SPAC нэгдэлд тооцогдох болж байна. Тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын копанитай нэгдэх замаар хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах боломж олгох SPAC-ийн давлагаанд энэ жил WeWork, Buzzfeed, Virgin Galactic зэрэг компаниуд нэгдсэн нь сонирхолтой тренд боллоо.
Жэймс Вебб: Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг, хамгийн том телескоп James Webb Space Telescope-ийг сансарт илгээлээ. Одон орончид уг телескопын тусламжтайгаар урд өмнө боломжгүй байсан олон үзэгдлийг тайлж, их тэсрэлтийн дараах ертөнцийг ажиж, сонирхолтой шинэ нээлтүүдийг хийнэ гэдэгтээ итгэлтэй буй. Мөн радио одон орончид шинэ аргачлалаар таталцлын долгионыг илүү үр дүнтэйгээр илрүүлж, ертөнцийн гарал үүсэл, алсын оддын тухай мэдээллийг тайлах зорилготой байгаа билээ. 1996 оноос эхтэй уг төслийн нийт зардал 10 тэрбум доллар.
Хүн Аалз - Sony, Marvel-ийн хамтарсан бүтээл нээлтийн долоо хоногтоо 253 сая долларын орлого олж, ердөө 12 хоногийн дотор 1 тэрбум долларын босгыг давав. Нийт 200 сая долларын өртөгтэй бүтсэн уг кино Марвелын ертөнцийн шинэ бүлгийн гол холбоос гогцоо болж байгаа гэдгээрээ онцлогтой. Өмнө нь "Avengers: Infinity War", "Avengers: Endgame" л үүнээс давсан амжилт үзүүлж байв. Цар тахал эхэлснээс хойш өөр ямар ч кино 1 тэрбум долларын босгыг даваагүй байв. Түүгээр ч зогсохгүй долоо хоногт 200 сая долларын орлого олсон кино түүхэнд ердөө 7 л бүтээгдсэн. Хэдий омикрон хувилбарын аюул дэлхий дахиныг болгоомжлолд автуулж байгаа цаг үетэй давхацсан ч хүн-аалзын шинэ түүх энтертайнмент зах зээлийг сэргээлээ.
Зочлох: Барбадос бүгд найрамдах улс болов
Ойлгох: Бээжин 2022-ийг дипломатаар бойкотлоно
Унах: Toyota бүрэн цахилгаан болно
Ашиглах: Хараа сайжруулагч дусал гарав
Төсөөлөх: Наранд хамгийн ойр дөхөж очив

Ковер зургийн эх сурвалж: Axios
Ашигласан зургийн эх сурвалж: NPR, The Ringer, Axios, Yahoo, TIME, Vox

Сэтгэгдэл бичих

